Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг Баян-Овоо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 04 дүгээр баг Зангиат ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /*******/
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дугаар баг Зангиат ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний бие, эрх чөлөөнд нь халдаж зүүн суга, баруун сарвуу руу хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дугаар баг Зангиат ******* тоотод согтуурсан үедээ хохирогч үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний бие, эрх чөлөөнд нь халдаж зүүн суга, баруун сарвуу руу хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Миний хувьд одоогоор Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд амьдардаг. Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг Хэрлэн сум найз *******ын гэрт ирсэн. Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг зангитын 7-96 тоотод байх найз *******ын гэрээс гараад дэлгүүр ганцаараа 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи гудамжинд уусан. Тэгээд би 09 цагийн орчим найз *******ын гэр рүү очсон юм. Тэгээд намайг байшинд орох үед найз ******* нь манай хуурай ах нар болох , нартай 2 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би цуг суугаад тухайн архинаас хамт ууцгаасан. Тэгээд архи дуусаад , нар нь *******ын гэрт унтаад өгсөн. Тухайн үед би архи их хэмжээгээр уусан байсан болохоор ямар шалтгаанаас болж *******ай муудалцсанаа санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь манай найз ******* нь хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би "Чи яах гээд байгаа юм" гээд хоорондоо маргалдаад хутгыг нь барьж авах үедээ баруун гарын хуруугаа зүсүүлсэн. Тэгээд би хуруугаа зүсүүлсний дараа зүүн суга хэсэгтээ бас зүсүүлсэн байхыг мэдсэн. Тухайн үед архи их хэмжээгээр уусан байсан болохоор зүүн суга хэсэгтээ зүсүүлсэн талаараа санахгүй байна. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцахаа больсон. Дараа нь би *******ын гэрээс хашаан дотор цусаа тогтоох гээд цамцандаа ороогоод байж байх үед цагдаа нар ирсэн. Тухайн үед хэн цагдаа дуудсаныг би мэдэхгүй байна. Тэгээд би 103 яаралтай тусламж дээр очоод зүүн суга, баруун гарын 2 хуруундаа оёдол тавиулсан. Дараа нь цагдаа дээр очиж уулзаад *******ын гэр рүү явсан... Ямар шалтгаанаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна. Архи уусандаа болоод хоорондоо маргалдаад ******* нь намайг хутгаар зүссэн байх ... ******* бид хоёр хоорондоо учраа олсон. ******* нь надад шинжилгээний зардал гэж 300.000 мянган төгрөг өгсөн. Би *******аас нэмж эмчилгээний мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Тийм болохоор би найз ******* ямар нэгэн санал гомдол байхгүй... ******* нь надад эмчилгээний мөнгө 300.000 мянган төгрөг өгч надаас уучлалт гуйсан. Тийм болохоор би *******аас эмчилгээний зардлын мөнгө, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй... Надад гаргах гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 14-15 хуудас/
Иргэний нэхэмжлэгч “...Би Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай. Энэ албан тушаал дээр 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна… Иргэн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд  2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн эмчилгээний зардалд 187.111 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн биед гэмтэл учруулсан буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-19 хуудас/
Гэрч : “...Өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад манай гэрт , орж ирсэн. Орж ирээд манай хүү *******ай хамт архи уусан. Архи ууж байхдаа ******* найз дуудсан юм шиг байна лээ гэнэт л Наранхүү ороод ирсэн. Тэгээд гэрт тэд нар архи уугаад байхаар нь би гараад хойд байшин руу ээжийнхээ гэр рүү хоол хийхээр орсон. Ээжийн гэрт ороод хоол хийгээд байж байхдаа цонхоор харсан чинь хашаан дотор Наранхүү хутга бариад гүйж байсан. Тэгэхээр нь ээжийн байшингаас гараад очиход Наранхүү заазуур, хутга бариад хашаанаас гарах явж байхад нь гүйж очоод хутга, заазуур хоёрыг нь булааж аваад юу болов оо гэж асуухад Наранхүү ******* намайг хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд гар нь цус болчихсон байхаар яасан юм бэ гэж асуухад Наранхүү хутгаа булаацалдсан юм шиг байгаа юм гар нь зүсэгдчихсэн цус гоожсон байсан. Тэгэхээр нь ******* чамайг хаана чинь хатгасан юм бэ гэж асуухад цээжнийхээ зүүн хэсэг рүү заасан. Тэгсэн гэрээс манай хүү ******* гарч ирээд Наранхүүтэй барьцалдаж аваад зодолдох гээд газар өнхрөөд байсан. Тэгээд тэр хоёрыг болиулаад эмнэлэг дуудах гэсэн чинь эд нар хэрэггүй, бид нар хоорондоо өөрсдөө зохицно гээд байсан. Тэгээд ,, Наранхүү, ******* 4 буудал явна гээд гараад явсан. Тэгээд 14 цаг өнгөрөөгөөд буудал олдохгүй байна гээд буцаад ирсэн. Буцаад ирэхэд ийн цус нь гоожоод байгаад байхаар нь Улаанбаатар хот руу байдаг охин руугаа болсон асуудлын талаар хэлэхэд цагдаа дууд дууд Наранхүү чинь цус нь гоожоод үхчих юм бол яах юм гэж хэлээд манай охин нь Улаанбаатар дуудлага өгсөн. Би тухайн үед утасгүй байсан болохооргийн утсаар яриад байсан юм. Тэгээд цагдаа дуудаад эмнэлэг дуудаад эмнэлэг ирэхэд Наранхүү явахгүй гэсээр үлдсэн. Харин цагдаа нар ирээд авч явсан... Би хараагүй. Ээжийн байшингийн цонхоор хальт харсан чинь л Наранхүү гартаа хутга, заазуур барьчихсан цусаа гоожуулаад явж байсан. Тэгээд гараад юу болсныг нь сонсоод гэр лүгээ ороод харсан чинь манай гэрт бол ямар ч цус болсон зүйл байхгүй байсан. Тэгэхээр байшингийн гадаа л болсон болов уу гэж бодож байна... Ямар шалтгаанаар маргалдсан эсэхийг нь мэдэхгүй. Гэр дотор байхад л архи уугаад маргалдацгаагаад байсан. Тухайн үед нь би битгий маргалдаад байх наад архиа ууцгаагаад эвтэйхэн байж байгаад явцгаа гэж хэлээд гарсан. Наранхүү нь жаахан олиггүй, хүний дургүй хүргэсэн, хүнийг өдөж хатгасан тиймэрхүү яриатай хүн байна лээ. Хүний дургүй хүргээд л тийм зүйл болсон болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 хуудас/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч Н.Уянгын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Дор0725/144 дугаартай  “... биед зүүн суга, баруун сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо... Тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна... Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  
  
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.

Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 
Мөн шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 187,111 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны 5422696455 тоот дансанд төлж барагдуулсан болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300,000 төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300,000 төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ