| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2006 оны 06 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Гарден хотхон ******* тоотод оршин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар 2024 оны 11 сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны урд талд иргэн *******ийг зодож хохирогч *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн зүүн тийш мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Би найзуудаа баар хаахад очиж авсан. Тэгээд пиво уусан учраас UB cub дуудсан. Манай найз электрон тамхи татдаг юм. Тухайн үед pc-нээс тамхиа авна гэж орсон. Тэгээд тамхи татаж байгаа хохирогчтой хамт явж байсан ах нартай муудсан...гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө 03 цагийн орчимд Хэрлэн сумын 6-р баг 23 дугаар байрны урд талын цахим тоглоомын газарт таньдаг дүү нар болон 4 залуутай хамт тоглож байсан. Тэгээд бид хэд тоглоод байж байтал уг тоглоомын газрын хаалгыг хүн тогшиход за хүн орж ирж тоглох гээд нэмэгдэх юм байна, хэдүүлээ ер нь тоглоомоо дуусгаад болцгооё гээд уг тоглоомын газраас гарсан тухайн үед үүдэнд 2 залуу ирсэн байсан. Тэгээд би хамт явж байсан залуучуудтайгаа уг тоглоомын газрын үүдэнд тамхилаад зогсож байтал нөгөө 2 залуу мөрлөсөн гэх шалтгаанаар хамт явж байсан залуучуудтай маргалдаад зодолдоод байхаар нь би очоод ахын дүү нар битгий маргалдаад бай гэж хэлэхэд тухайн залуучууд дундаас хар куртиктэй эрэгтэй нь миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиход нь миний хамраас цус гарсан ба тэр үед би нүүрээ гараараа дараад хувцас цус болчих вий гээд доош тонгойход уг залуу миний гараараа дарсан байсан нүүр рүү маань 1 удаа өшиглөхөд нь би еөө гээд буцаад баруун тийш хараад тонгойгоод байж байтал дахиад өшиглөхөд би тэр газраас холдоод хашлаганы хажууд очиж зогссон. Тэгээд би цагдаагийн газар дуудлага өгөхөд дуудлагаар 2 цагдаа ирсэн. Тэгээд надыг цагдаа нар машинтайгаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах рүү хүргэж өгсөн. Тэгээд уг хүлээн авахын эмч сувилагч нар миний биеийн байдлыг үзэж, надад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ба тухайн үед миний хамраас цус гараад хамар хавдсан байсан. Тэгээд тухайн эмч сувилагч нар эмчилгээ хийгээд би гэртээ харьсан ... Миний хувьд уг хэргийн материалтай танилцаад миний хамар хэсэгт нэг удаа цохиж дараагаар нь 2 удаа өшиглөсөн гэх залуугийн нэрийг гэдгийг мэдэж авлаа. Уг залуу миний биед халдсан үйлдлийн улмаас миний хамрын таславч мурийсан гэмтэл учирсан. Ийм учраас миний хувьд Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Итгэл ивээлт эмнэлгийн эмч дээр хамрын хагалгаанд орсон бөгөөд хагалгаанд орохын өмнө 150,000 төгрөгөөр шинжилгээ өгсөн дараа нь 30,000 төгрөгөөр хамрын зураг авхуулсан, хагалгааны төлбөр 2,500,000 төгрөг болсон. 31,500 төгрөгөөр даралтны эм авсан. Мөн энэхүү гэмтлийн улмаас би нийт 8 хоног ажилдаа яваагүй бөгөөд миний нэг өдрийн цалин 154,444 төгрөгөөр цалинждаг. Ийм учраас ажилдаа яваагүй өдрийнхөө цалинг бас нэхэмжлэх болно. Миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон хүснэгтийг хүлээн зөвшөөрч байна. Би үүний дагуу хохирлоо давхар нэхэмжлэх болно. гэх залуугийн хувьд миний хохирлыг барагдуулах зорилгоор уулзаж ярилцах тухай тохирсон байгаа. Түүний хувьд миний хагалгааны мөнгө төгрөгийг бүрэн төлж барагдуулах юм бол би түүнд гомдол санал гээд байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болно. Харин уулзаад тохиролцож чадахгүй тохиолдолд энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлж хохирлоо барагдуулах болно...” гэжээ. /хх-ийн 8, 12-13, 15 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч *******ийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд эмчилгээний зардалд 148,796 төгрөгийг тус тус зарцуулсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс *******ийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 27 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11 дугаартай дүгнэлтэд:
1. *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн зүүн тийш муруйлт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал
- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны урд талд хохирогч *******ийг зодож түүний биед “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт ,хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн зүүн тийш мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжлэн судалж үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан баримтаар тогтоогдсон 1,711,500 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус шүүгдэгч *******өөс гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 66Б-18 тоотод оршин суух, ******* /РД:/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Харин иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 148,796 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 148,796 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус шүүгдэгч *******өөс эрүүл мэндэд учирсан хохиролд 1,711,500 төгрөгийн гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 66Б-18 тоотод оршин суух, ******* /РД:/-д олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 148,796 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
7. Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шяүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ