Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2020/01233/И |
Дугаар | 130/ШШ2020/01267 |
Огноо | 2020-12-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2020/01267
Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Р Уы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б аймгийн А сумын Засаг дарга / дарга А.А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.У, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Р.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дээд боловсролтой, хүний их эмчийн мэргэжилтэй, одоогоор 37 дахь жилдээ мэргэжлийн дагуу эрүүл мэндийн салбарт их эмч, эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан билээ.Тус А сумын Засаг дарга А.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хөдөлмөрийн харилцаанд ...үзэл бодлоор нь ялгаварлан,хязгаарлах,давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн үндсэн зарчмыг зөрчиж, Ардчилсан намын гишүүнчлэлтэй Р.У намайг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртүүлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай А/187 дугаартай захирамж гаргаж эрхэлж байсан албан тушаалаас үндэслэлгүй халж чөлөөлсөн нь Б аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00042 дугаартай магадлалаар нотлогдон тогтоогдсон юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх ажлын үр дүнгээр шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн үйлдэл хийж Б аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох тухай Б/114 тоот дугаартай захирамжаар урьдах ажилд маань эгүүлэн тогтоосон боловч,шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, томилсноос хойш нэг сар арван хоногийн дараа өмнөх ажлаас чөлөөлсөн үндэслэлийг дахин зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1,40.1.3-д заасан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж Р.У миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж байна. Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргэ ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамж нь холбогдох хуулийн дараах заалт,шаардлагыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Үүнд:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Даатгуулагч нь нийтдээ20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй.Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч болно гэж заасныг зөрчиж, 65 нас хүрээгүй, дөнгөж 60 нас өнгөрч байгаа Р.У намайг өөрөө хүсэлт гаргаагүй байхад нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэмжээн ажлаас чөлөөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.
2.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41-р зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэснийг зөрчсөн. Гомдол гаргагч Р.У би 1959 оны 11-р сарын 26-ны өдөр төрсөн 60 нас 11 сартай болох нь Иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны Хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж,байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил ологчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг давхар зөрчиж байна.Иймд шүүхээс хүсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10-р сарын 19-ний өдрийн Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Р.У намайг Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Уы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р.У нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 60 нас 6 сартайд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 60 нас 10 сартай болж насан хэтэрсэн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг,Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт, хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл,тус эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
1.Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон эрхийн актад үндэслэсэн бусад хуулиудад нийцсэн гэж үзэж байна.
2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 60 нас 6 сартайд үүсэх ба Р.У нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тусгайлан зохицуулсан хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Ийм нэхэмжлэгч Р.Уы Б аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож,Р.У намайг урьд эрхэлж байсан Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч аймгийн Алтай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмнөх асуудал энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй. 2020 оны 06 дугаар сард давж заалдах шатны шүүхээс магадлал гарч байсан. Бид уг магадлалыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гараагүй байсан. Дараа нь гүйцэтгэх хуудас бичигдээд шийдвэр биелэгдсэн. Ажил олгогч 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Р.Уыг өмнөх ажилд нь эргүүлэн тогтоож, өмнө ажилгүй байсан цалин хөлсийг нь бүрэн олгож шийдвэрлэсэн. Өмнөх шийдвэр өнөөдрийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Өмнөх шийдвэрийг ярих нь илүүц гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх 1959 онд төрсөн бол 60 нас 6 сартайд үүсэхээр хуульчилсан. 1960 онд төрсөн бол 60 нас 9 сартайд байхаар байгаа. Р.У 2020 оны 05 дугаар сард 60 нас 6 сард хүрсэн. Мөн өөрөө ч гэсэн төрсөн он сар өдрөө нэхэмжлэл дээрээ бичсэн. Тийм учраас төрсөн он сарын талаар маргаангүй байгаа. Р.У өөрөө төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Хөдөлмөрийн тухай хуулиар бол 60 наснаас чөлөөлөгдөх ёстой. Харин Төрийн албаны тухай хуулийн 65 нас гэдэг бол хэрэв ажил олгогч зөвшөөрсөн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах асуудал яригдана. Өөрөө 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Алтай сумын Засаг даргад 65 нас хүртэл ажиллуулахаар талаар хүсэлт гаргаж байсан. Үүний дагуу Алтай сумын Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 195 тоот албан бичгээр 65 нас хүртэл ажиллуулах боломжгүй талаар мэдэгдсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрөөс нэг удаа буцалтгүй тусламж олгодог журмаар Р.Уд буцалтгүй тусламжийг олгохыг дээд шатны байгууллагад олгохыг мэдэгдсэн. Тийм учраас энэ нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал тул 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Р.Уыг ажлаас чөлөөлөх тухай Б/134 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа. Мөнхийн амьдрал, албан тушаал гэж байхгүй. Энэ хүн тус албан тушаалыг 37 жил эрхэлсэн. Тийм учраас аргагүй эрхэнд Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулсан заалтын дагуу ажлаас чөлөөлсөн байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эргүүлэн томилж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэсэн байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газрын тасгийн даргын хууль журмын дагуу өмнөх шүүхийн шийдвэр биелэгдсэн тухай бичиг хавтаст хэрэгт авагдсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжлэгч Р.Уы Б аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.Уыг А сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Б аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00042 дугаартай магадлалаар Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд магадлалыг дүр эсгэн биелүүлсэн үйлдэл хийж Б аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Р.Уыг А сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох тухай Б/114 тоот дугаартай захирамжаар урьдах ажилд эгүүлэн тогтоосон боловч,шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, томилсноос хойш нэг сар арван хоногийн дараа өмнөх ажлаас нь чөлөөлсөн үндэслэлийг дахин зааж мөн хүсэлт гаргаагүй байхад тус тус ажлаас чөлөөлсөн,Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41-р зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэснийг зөрчсөн. Би 1959 оны 11-р сарын 26-ны өдөр төрсөн 60 нас 11 сартай байна гэж маргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон эрхийн актад үндэслэсэн бусад хуулиудад нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд Р.У нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж тайлбарлажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:
1.1 Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга А.Аээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаар захирамжаар нэхэмжлэгч Р.Уыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн ба түүнийг эс зөвшөөрч Р.У нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2020/00371 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Р.Уаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2020/00042 дугаар магадлалаар[1] Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00371 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Р.Уыг Б аймгийн алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өөрчлөлт оруулсан байна.
Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч Р.Уыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б/114 дугаартай захирамжаар[2] аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажил эгүүлэн томилж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б/134 дугаар захирамжаар[3] өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байжээ.
Нэхэмжлэгчээс ажил олгогч шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж 01 /нэг/ сар 10 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Алтай сумын Эрүүл мэндийн даргын ажлаас чөлөөлсөн өдрөөс, ажилд эгүүлэн томилсон 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх цалингаа авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа.
Хэдийгээр шүүхийн шийдвэрт 2020 оны 07-р сарын 03-ны өдрийн 315 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж ажил олгогчоос нэхэмжлэгч Р.Уыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б/114 дугаартай захирамжаар аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажил эгүүлэн томилсон байгаа хэдий боловч нэхэмжлэгч Р.У нь 2020 оны 06 дугаар сараас тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р.Уаас тус сумын Засаг даргад А.А-д 16 дугаар албан бичгээр[4] ... цаашид буюу 65 нас хүртэл ажиллуулахыг хүссэн тухай гаргасан хүсэлтээр үгүйсгэгдэж байх тул хариуцагч буюу ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй болно.
2.2 Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б/134 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р.У нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, тус Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р.Уыг А сумын Эрүүл мэндийн даргын үүрэг ажлаас нь чөлөөлсөн байжээ.
Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлд Төрийн үйлчилгээний албан тушаалтанд ямар албан тушаалтан хамаарах эсэхийг заасан ба 14.1.2-д боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар Б аймгийн А сумын Эрүүл мэндийн даргын албан тушаалтан нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 7 үндэслэлийг заасан бөгөөд 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он 1959, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 нас, 6 сар байхаар тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Р.У нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбараар[5] нотлогдож байгаа тул маргаан бүхий эрхийн акт гарах үед 60 нас, 10 сар, 23 хоногтой байсныг нь тэтгэвэр тогтоолгох дээрх хуульд заасан насанд хүрсэн гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасныг зөрчсөн гэж маргасан.
Гэвч Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол ... төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж хуульд хуульчилсан байх тул ажил олгогчоос нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч Р.У нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил олгогч аймгийн Алтай сумын Засаг даргад Хүсэлт гаргах тухай гэсэн 16 дугаар албан бичгээр тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 65 нас хүртэл ажиллуулах тухай хүсэлт гаргасан ба ажил олгогчоос 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар албан бичгээр цаашид тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллуулах боломжгүй талаар мэдэгдсэн нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байна.
Ажил олгогчийн ажилтныг ажлаас нь чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах нь түүнд хуулиар олгосон эрх, үүрэг бөгөөд хариуцагч Алтай сумын Засаг даргаас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар албан бичгээр цаашид тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллуулах боломжгүй талаар мэдэгдсэн байх тул шүүхээс нэхэмжлэгч Р.У нь төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах ёстой гэж ажил олгогчийн хуулиар олгосон эрх, үүрэгт халдах эрхийг хуулиар олгоогүй буюу хуульчлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудаар төрийн үйлчилгээний албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан, эдгээр зохицуулалтуудыг баримтлан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Р.Уыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг нь хууль бус гэж үзэх боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Уы Б аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.Уыг А сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
[1] Хэргийн 8-13 дугаар хуудас
[2] Хэргийн 6 дугаар хуудас
[3] Хэргийн 5 дугаар хуудас
[4] Хэргийн 61 дүгээр хуудас
[5] Хэргийн 14 дүгээр хуудас