| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2021/0007/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 16
С.Ж-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2021/0007/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Т.Дэлгэрмэнд
Хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолтой, С-ы Ж-т холбогдох, 2018000000456 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт С-ы Ж-.
Шүүгдэгч С.Ж- нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны 3-11 тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн С.А-ийг зодож эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт С-ы Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх ийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар агдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Хохирогч С.А- нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх а хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн атлаа хохирогчийн мэдүүлгүүдэд дурдагдсан А.А- гараас нь зодооны туршид зуурсан гэх мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж үнэлэх хуулийн шаардлагын зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл дээрх байдлаар шүүгдэгч С.Ж-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэрч А.А- ямар нэгэн хэлбэрээр бүлэглэн оролцсон байх боломжтой эсэхийг хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шалган тогтоосон тохиолдолд уг гэмт хэргийн зүйлчлэл мөн өөрчлөгдөх байсан.
Өөрөөр хэлбэл Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатайгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргүүдийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;” гэж тодорхойлсон ба А.А-, С.Ж-ийн үйлдсэн гэм хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Ингэснээр А.А- гэх этгээд ямар нэгэн байдлаар хийсэн гэм буруутай үйлдлийнхээ хүлээх эрүүгийн хариуцлагаас мултрахгүй, ял завшихгүй, зохих хариуцлагыг хүлээх учиртай байсан.
Мөн хохирогч С.А-ийн эрүүл мэндийн байдал хүнд, тус гэмт хэргийн улмаас авсан гэмтлийн улмаас ажил амьдралаа хэвийн түвшинд үргэлжлүүлэх боломжгүй, хүнд байдалтай байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Цаашдаа түүний биед эмчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардал санхүүгийн байдал нь мөн хүндрэлтэй байна.
Шүүгдэгч С.Ж-ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч хохирогчоос албан ёсоор уучлалт хүссэн зүйл байхгүйн зэрэгцээ хохирогчийг тохуурхан доромжилсон хандлага гаргаж анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс хойш хэд хэдэн удаа хэл амаар доромжилж харилцсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
Гэрч гэх А.А-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг явагдсан, прокурорын хяналт сул байсан, анхан шатны шүүхээс мөрдөгч, прокурор нь гэмт хэргийг зүйчлэхдээ хэргийн үйл баримтыг бүх талаас нь бүрэн бодиттойгоор дүгнэж, шүүгдэгчийн үйлдэлд тухайн зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг зайлшгүй шалган тогтоох ёстой байсан боловч анхаарч үзээгүй, цаашлаад үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйн улмаас хохирогчийг бүлэглэн зодож гэмтээсэн А.А- нь ял завшиж байгаад гомдолтой байна.
Иймд давж заалдах гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт буцааж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд тайлбартаа: Энэ хэргийг бүхэлд нь уншихад хохирогчийг бүлэглэж зодсон нөхцөл байдал тогтоогддог. Гэрчүүд хоорондоо үгсэн тохиролцсон байх магадлалтай. н.Аменбек гэх этгээд ял завшиж байна. Мөрдөн байцаагч прокурор нар мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ: Зодоон болох үед байсан гэрчүүдийн мэдүүлэгт зөрүү байхгүй. С.Ж- нь хохирогчийн гэдэс рүү хоёр удаа өшиглөж толгой хэсэгт цохисныг гэрч нар мэдүүлдэг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
- Шүүгдэгч С.Ж- нь архи ууж согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны 3-11 тоотын хашаанд иргэн С.А-тэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.Ж-ийн мэдүүлэг “… 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр найз Э.С-ы гэрт байж байхад С.А-, М. Ж-ийн хамт халамцуу орж ирсэн. Орж ирээд над руу тэнд байсан А.А- рүү зодох гээд дайраад байсан. Тэгээд гарч зодолдъё гээд гарцгаасан. С.А- миний нүд рүү цохихоор нь Би зөрүүлээд 1-2 удаа цохсон.” /хх-н 35 хуудас/,
Гэрч А.А- “… 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Э.С-ы гэрт С.Ж-, Э.С-, Б.Ц- нартай пиво уугаад сууж байхдаа Э.С-ы гар утсаар оролдоод сууж байхад С.А- гэх залуу чатаар залгаад Э.С-ыг асуухаар нь -Байхгүй байна. гэхэд Утас нь байгаа юм чинь байж л байгаа яриул гээд хэрүүл өдөж байснаа -Наанаа байж бай. Очиж уулзана. гээд утсаа тасалдсан.
Удалгүй М. Ж-ийн хамт орж ирээд шууд над руу дайрахаар нь 2 гарыг нь бариад автал хажуугаас С.Ж- болиоч гэсэн чинь Ж- рүү дайраад эхэлсэн. С.А- гарч үзэх үү гээд байшингаас гарсан. Тэр 2 хашаанд зодолдоод эхлэхээр нь Ж- бид 2 дундуур нь орж салгасан. /хх-н 12 хуудас/,
Гэрч Э.С- “…С.А-, С.Ж- хоёр манай хашаанд зодолдсон. М.Ж-, А.А- хоёр зодоонд оролцоогүй, тамхи татаад зогсож байсан. Би тэд нарт наад хоёроо салгаач гэж хэлээд гэртээ орсон. Удалгүй С.Ж-, А.А- хоёр араас орж ирсэн. /хх-н 16 хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 766 дугаартай шинжээчийн “ ...С.А-ийн биед хэвлийн битүү гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь ... хүндэвтэр гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх 22 тал/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо: “... гэрч гэх А.А- зодооны туршид хохирогчийн гараас зуурч С.Ж-эд зодуулсан гэж миний өмгөөлөлд байгаа С.А- мэдүүлж байгаа тул А.А- ямар нэгэн хэлбэрээр зодоонд бүлэглэн оролцсон байх боломжтой эсэхийг хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шалган тогтоох шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатайгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргүүдийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;” гэж тодорхойлсон ба А.А-, С.Ж-ийн үйлдсэн гэм хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Гэрч гэх А.А-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг явагдсан, прокурорын хяналт сул байсан, анхан шатны шүүхээс мөрдөгч, прокурор нь гэмт хэргийг зүйчлэхдээ хэргийн үйл баримтыг бүх талаас нь бүрэн бодиттойгоор дүгнэж, шүүгдэгчийн үйлдэлд тухайн зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг зайлшгүй шалган тогтоох ёстой байсан боловч анхаарч үзээгүй, цаашлаад үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйн улмаас хохирогчийг бүлэглэн зодож гэмтээсэн А.А- нь ял завшиж байгаад гомдолтой байна.
Мөн хохирогч С.А-ийн эрүүл мэндийн байдал хүнд, тус гэмт хэргийн улмаас авсан гэмтлийн улмаас ажил амьдралаа хэвийн түвшинд үргэлжлүүлэх боломжгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Цаашдаа түүний биед эмчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардал санхүүгийн байдал нь мөн хүндрэлтэй байна.
Иймд давж заалдах гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт буцааж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй.
Учир нь давж заалдсан гомдолд “гэрч А.А- хохирогчийн гарын барьж С.Ж-эд зодуулсан” талаар дурдсан боловч гэрч Б.Ц- “ цонхоор харахад А-, Ж- 2 зууралдаад зогсож байсан. Бусад нь хол зайтай зогсож байсан.” /хх-17 хуудас/ гэх, гэрч Э.С-ы “ ...М. Ж-, А.А- хоёр зодоонд оролцоогүй, тамхи татаад зогсож байсан. Би тэд нарт -Наад хоёроо салгаач гэж хэлсэн.” /хх-н 16 хуудас/ гэх, гэрч М.Ж-ийн “ ...Ж-, А- хоёр зодолдсон. Удалгүй А- очиж салгасан. Би хажуугаас нь хэдэн үг хэлж тэд нарыг салгасан.” /хх-13 хуудас/ гэх мэдүүлгүүдээс А.А- хохирогчийн гарын барьж С.Ж-эд зодуулсан байж болох нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Хохирогч С.А- “...А.А- миний гараас зодооны турш зуурч С.Ж-эд зодуулсан.” гэх мэдүүлгийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт байхгүй тул “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.”, “ Энэ хуульд заасны дагуу оролцогчдоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн ... мэдээлэл, мэдүүлэг ... эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаар нотлох баримт болохгүй.” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (16 дугаар бүлэг. Нотлох баримт.) 16.1 дүгээр зүйлийн 9, 11 дэх хэсгүүдэд тодорхойлсон байх тул өмгөөлөгч Б. Содболдын давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр иргэн Э.С-ы хашаанд болсон зодооныг харсан бүх гэрчүүдийн мэдүүлгийг Давж заалдах шатны шүүх тал бүрээс нь харьцуулан, бодит байдлаар нь хянаж үзэхэд Хохирогч С.А- “...А.А- миний гараас нь зодооны туршид зуурч С.Ж-эд зодуулсан.” гэж мэдүүлэг тогтоогдохгүйгээс гадна гэрчүүдээс дахин мэдүүлэг авснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул хэргийн прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч С.Ж-эд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр ноцтой зөрчил гараагүй байна.
Мөн шүүгдэгчид анхан шатны шүүхийн оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч С.Ж-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзээд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Хохирогч С.А- бусдад зодуулж хүндэвтэр гэмтэл авсны улмаас Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаныг тэтгэмж 1 705 689 төгрөг авжээ. /хх 122-126 дугаар тал/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байдаг.
Хохирогч С.А- Шарын гол хувьцаат компанийн Техник бодлогын хэлтсийн механик засварын хэсэгт 812 000 төгрөгийн цалинтайгаар гагнуурчин хийдэг болох нь тус компанийн хүний нөөц хэлтсийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаныг тэтгэмж олгосон баримт, эмнэлгийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-42,116, 122-126 дугаар тал/
Иймд хохирогч С.А- 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл /хх-116 тал/ хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг шүүгдэгч С.Ж-ээс гаргуулах, шаардлагатай бол нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР