Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/2022/0906

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С***” ХХК,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,

Хариуцагч: Сангийн яам,

Гуравдагч этгээд: “Ч***” ХХК,

Маргааны төрөл: Барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаар шийдвэр зэрэг хуульд нийцсэн эсэх, тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н***, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, Ө.А***, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***,   гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.“С***” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг,  Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          2.Барилга хот, байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/202202252 дугаартай “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар сум/-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.

          Улмаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/30 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулах баримт бичгийг эцэслэн хэлэлцэж, батлуулах, тендер оролцогчид материалаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх, тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад нээхээр тус тус шийдвэрлэсэн байна.

          3.Тус тендерт “С***” ХХК,  “Ч***” ХХК,  “И***” ХХК-иуд оролцсон бөгөөд улмаар  “Ч***” ХХК нь уг тендерт шалгарсан байна.

          4.Харин “С***” ХХК нь ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн ЗТ-3.4, 3Т-3.5 шаардлагыг хангаагүй, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын туршлага дутмаг гэх үндэслэлээр татгалзсан.

          5.Нэхэмжлэгч “С***” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

          1/Манай байгууллага нь Барилга хот байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/202202252 дугаартай 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөл" /Дорнод, Дашбалбар/-ийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон юм.

          Тендерт гурван байгууллага оролцож “Ч***” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг бид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан юм.

          2/ “Т***” ХХК-иас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн тухайд.

Тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-ийн 3-д тендерт оролцогч нь БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрлийг шаардсан байна. Энэ БА-3,5 кодтой тусгай зөвшөөрөл бол Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-д тавигддаг "Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт" хийх тусгай зөвшөөрөл юм.

Харин энэ тендерт ялагчаар шалгаруулсан “Ч***” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Т***” ХХК-иас “Ч***” ХХК-ийн тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-д “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах” гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр заалтын 1.1-д "Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан зөвшөөрөл (цаашид "тусгай зөвшөөрөл” гэх) олгох, бүртгэх, хугацааг сунгах, нэмэлт ажлын төрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино” гэж заасан байна. Тодруулбал, зөвхөн Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулжээ.

Тендерийн захиалагч болон Сангийн яам үнэхээр энэ хоёр өөр хуулиар зохицуулагдаж буй тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг анзаарсангүй юу, эсвэл мэдэн будилсан уу, ямартай ч Барилгын тухай хуулиар зохицуулагдаж олгогддог тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогддог тусгай зөвшөөрөлтэй хольж хутгаж алдаатай дүгнэлт гаргасан байна.

Иймд “Т***” ХХК ТШХ-ээр шаардсан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт"-ын ажил гүйцэтгэх БА- 3.5 кодтой зөвшөөрөлгүй байх тул тендерт оролцогч “Ч***” ХХК тендерийн шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна гэж үзнэ.

Тийм учраас ялагчаар шалгаруулсан “Ч***” ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй байна.

3/Мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах ажлын зураг үйлдэх тусгай зөвшөөрлийн тухайд.

Тендерт ялагчаар шалгаруулсан “Ч***” ХХК ТШЗ 17.6.1-ийн 1-д "ЗТ- 4.10. Мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг", мөн 3T-6.3, 3T-10.2 зэрэгт заасан ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлүүд ирүүлээгүй байсан юм.

Гэтэл Сангийн яамны 03/2911 дугаартай шийдвэрт “А***” ХХК гэх компанид байсан мэтээр тэмдэглэсэн байна. Чухам хаанаас ийм нотлох баримтууд бий болсныг ойлгохгүй байна. Тендер шалгаруулалтын цахим талбарт байршуулсан “Ч***” ХХК-ийн тендерт ийм баримтууд байгаагүй болно.

Иймд “Ч***” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй байна гэж үзнэ.

3/ “К***” ХХК-ийн тухайд,

Энэ тендерт ялагчаар шалгаруулсан "Ч***” ХХК нь “К***" ХХК нар хоорондоо “Хамтран ажиллах гэрээ” байгуулж ажиллах тухай гэрээг тендертээ ирүүлжээ.

“К***” ХХК нь энэ тендерээр хийгдэх ажлын зураг, төсвийг өмнө нь тендерээр шалгарч боловсруулж, бэлтгэж гүйцэтгэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: 14.1.5. тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;" бол гэж заасан байна.

“К***” ХХК нь энэ тендерээр хийгдэх ажлын зураг, төсвийг бэлтгэсэн бөгөөд тендерт оролцогч “Ч***” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж оролцож байгаа нь нэгдмэл сонирхолтой гэдгийг баталж нотолж байгаа тул "Ч***" ХХК-ийн ирүүлсэн тендер хуульд заасан ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим ч мөн хэрэгжсэнгүй.

Бидний хүргүүлсэн тендерийг захиалагч 2 тусгай зөвшөөрөл дутуу ирүүлсэн шалтгаанаар тендерт шалгаруулаагүй атлаа тендерт шалгарсан гэх "Ч*** ХХК-ийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн маш олон баримтууд дутуу, тендерийн шаардлагад нийцэхгүй байгааг бид дээр дэлгэрэнгүй дурдсан болно.

Иймд Барилга хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаартай зөвлөмжийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот “Ч***” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Барилга хот, байгуулалтын яамнаас зарласан БХБЯ-20220252 дугаартай 4 тэрбум төгрөгийн төсөвтэй Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөлд гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тендерт гурван компани орж “Ч***” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  03/2911 дугаартай шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Бид захиалагчийн шийдвэр болоод Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэгдүгээрт, туслан гүйцэтгэгч “Т***” ХХК-иас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн тухайд тухайн тендерийн өргөдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-ийн 3-д тендерт оролцогч нь БА-3.5 цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт хийх тусгай зөвшөөрлийг шаардсан. Энэ тусгай зөвшөөрлийг олгох Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай тушаалаар батлагдсан журмын 1-р хавсралтын 2 дахь заалтаар дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажилд тавигддаг цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт хийх тусгай зөвшөөрөл юм.

Харин энэ тендерт ялагчаар шалгаруулсан “Ч***” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Т***” компаниас “Ч***” ХХК-ийн тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-т “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах;” гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн  147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр заалтын 1.1-д “Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, хугацааг сунгах, нэмэлт ажлын төрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино” хэмээн заасан байна.

Тодруулбал, зөвхөн Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулжээ. Тендерийн захиалагч болон Сангийн яам үнэхээр энэ хоёр өөр хуулиар зохицуулж буй тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг анзаарсангүй юу, эсвэл мэдэн будилсан уу, ямартай ч Барилгын тухай хуулиар зохицуулагдаж олгогддог тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогддог тусгай зөвшөөрөлтэй хольж зохицуулан алдаатай дүгнэлт гаргасан байна. Хянаж чадаагүй байна гэж бид үзсэн.

Иймд “Т***” компани нь тендер шалгаруулалтын хүснэгтэд шаардсан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт”-ын ажил гүйцэтгэх БА-3.5 кодтой зөвшөөрөлгүй байх тул тендерт оролцогч “Ч***” компани нь тендерийн шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ байгуулаагүй гэж үзнэ.

Ийм учраас ялагчаар шалгарсан “Ч***” компанийн тендер болон Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан чадварыг хангахгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Мэдээлэл холбоо, дохиоллын дамжуулах ажлын зураг үйлдэх тусгай зөвшөөрлийн тухай тендерт ялагчаар шалгаруулсан “Ч***” компани тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.1-ийн ЗТ-4.10. Мэдээлэл, холбоо дохиоллын дамжуулах болон салбар шугам сүлжээ түүнтэй холбоотой барилга байгууламжийн ажлын зураг, ЗТ-6.3, ЗТ-10.2 зэрэгт заасан ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлүүдийг ирүүлээгүй байсан юм.

 Гэтэл Сангийн яамны 03/2911 дугаартай шийдвэрт “А***” ХХК-ийг гэх байсан мэтээр тэмдэглэсэн байна. Чухам хаанаас ийм нотлох баримтууд бий болсныг сайн ойлгохгүй байна. Тендер шалгаруулалтын цахим талбарт байршуулсан “Ч***” компанийн тендерт  ийм баримтууд байгаагүй болно. ”Ч***” компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзнэ.

Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчим нь энэ тендерийн сонгон шалгаруулалтад хэрэгжиж чадсангүй. Бидний хүргүүлсэн тендерийг захиалагч хоёр тусгай зөвшөөрөл дутуу ирүүлсэн шалтгаанаар тендерт шалгаруулаагүй атлаа тендерт шалгарсан гэх “Ч***” компанийн тендерт ирүүлсэн материалууд дутуу байхад тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.

Иймд бид хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэртээ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Манай нэхэмжлэлийн шаардлага бол дараах байдлаар томьёологдоно.

Нэгдүгээрт, Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаартай зөвлөмж болон 2022 оны 04 дүгээр сарын 18–ны өдрийн 03/1820 тоот  “Ч***” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг хангаж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан.

6.Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/30 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулах баримт бичгийг эцэслэн хэлэлцэж, батлуулах, тендер оролцогчид материалаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх, тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад нээхээр тус тус шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан байна.

2/Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөл /Дорнод, Дашбалбар/"-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогчдын хэлэлцсэн байна. Уг тендер ирүүлсэн материалыг үнэлсэн үнэлгээг шалгаруулалтад “Ч***” ХХК 3,991,077,527 төгрөг, “И***” ХХК 4,372,997,005 төгрөг, “С***” ХХК 3,991,946,929 төгрөгийн үнийн санал илүүлснээс “И***” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн тул үнэлгээний хорооны гишүүд үнэлэхээс татгалзаж, үлдсэн хоёр компанийн ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Хуулийн” гэх/ 27, 28 зүйлд заасныг дагуу тус тус хянан үнэлгээ хийж, “С***” ХХК нь ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн ЗТ-3.4, 3Т-3.5 шаардлагыг хангаагүй, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын туршлага дутмаг гэх үндэслэлээр татгалзаж, “Ч***” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид үнэлгээний хорооны зөвлөмжийг хүргүүлсэн байна.

3/Захиалагч тендерийн үнэлгээний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот албан бичгээр “Ч***” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, мөн өдрийн 3/1819 тоот албан бичгээр "И***” ХХК-д, 3/1818 тоот албан бичгээр “С***” ХХК-д тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

4/Тендерт оролцогч "С***” ХХК тендер шалгаруулалтын үйл ажиллагааг шударга бус явагдсан гэх үндэслэлээр Сангийн яам гомдол гомдол гаргасантай холбоотойгоор тус яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн.

5/Сангийн яамнаас "С***” ХХК-ийн гомдлыг хянасан тухай албан мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 тоот ирүүлж гүйцэтгэгч сонгон ажиллагааг түр түдгүүлэх шийдвэрээ дуусгавар болсноор захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч “Ч***” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2022/211 дугаартай XII.1.128 “Сумын хөгжил,инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар сум/ БХБЯ/202202252 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж “С***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/30 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тендерийг цахим системээр зарлаж, шалгаруулалтыг нээсэн. Сонгон шалгаруулалтын үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээж “Ч***” ХХК 3.991.077.527 төгрөгөөр “И***” компани 4.372.997.005 төгрөгөөр “С***” компани 3.991.946.929 төгрөгөөр үнийн санал ирүүлснээс тендерийн үнэлгээний хороо үнийн саналыг нээгээд “И***” компанийн ирүүлсэн үнийн санал нь төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн гэж үзэж үнэлэхээс татгалзсан шийдвэр гаргаж, үлдсэн хоёр компанийн ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийг үндэслэн тус тус үнэлгээ хийж, “С***” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн ЗТ-3.4, ЗТ-3.5 шаардлагыг хангаагүй хэмээн барилга, байгууламжийн ажлын туршлага дутмаг гэх үндэслэлээр татгалзаж, “Ч***” ХХК-г шалгаруулж, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 3/1820 тоот албан бичгээр “Ч***” ХХК-тай гэрээ байгуулах албан бичгийг мөн өдрийн 3/1819 дугаар албан бичгээр “И***” ХХК-д, 3/1818 тоот албан бичгээр “С***” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

 Татгалзсан гол үндэслэл нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шаардлага хангаагүй шалтгаанаар татгалзсан, тендерийн хорооны шийдвэртэй холбогдуулж “С***” компаниас Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Үүнийг Сангийн яам хянан шийдвэрлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 тоот албан бичгээр тендер гүйцэтгэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх албан бичиг ирүүлсэн. Мөн оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 тоот албан бичгээр “Ч***” ХХК-г шалгаруулсан тендер үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг ирүүлсэн. Мөн Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/211 тоот дугаартай 12.1.128 Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/ БХБЯ/202202252 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “Ч***”  ХХК-тай байгуулж одоог хүртэл гэрээт ажлыг гүйцэтгүүлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тавьж буй тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд “Ч***” ХХК-тай түншлэлээр орж ирж буй компаниуд шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэлийн хувьд тендер шалгаруулалтад оролцохдоо туслан гүйцэтгэгч оролцож байгаа учраас тендер шалгаруулалтын материалын баримт бичгийн шаардлага тавигдахгүй учраас тендер үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна.

7.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/202202252 дугаартай “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар сум/- ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон “С***” ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн.

2/“С***” ХХК-иас гаргасан гомдолд гэрээ байгуулах эрх олгосон “Ч***” ХХК-ийн түншлэгч “К***” ХХК- ийн борлуулалтын орлого нь шаардлагад нийцээгүй, санхүүгийн тайлангаар 3 жил дараалан татварын өртэй, түншлэгч “Т***” ХХК нь татварын өргүй байх, харилцагч банкнуудаас хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай албан бичгүүдийг хавсаргаагүй, санхүүгийн тайланд хамаарах аудитын дүгнэлт, борлуулалтын орлогын талаарх мэдээллийг хавсаргаагүй, шаардсан тусгай зөвшөөрлүүдийг дутуу санал болгосон, түншлэгч “К***” ХХК нь тухайн ажлын зураг төсвийг боловсруулсан нь нэгдмэл сонирхолтой байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн байна.

Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Ч***” ХХК-ийн ирүүлсэн

тендерийг гомдолд дурдсан дараах үндэслэлээр хянан үзсэн байна. Үүнд:

 “Ч***” ХХК-ийн “К***” ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/08 дугаартай гэрээ нь түншлэлийн гэрээ бус холболтын зураг төсөв хийх гэрээ байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад хамаарахгүй байна. Түүнчлэн "К***" ХХК нь тухайн ажлын зураг төсвийг боловсруулсан хэдий ч "Ч***" ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан оролцоогүй байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтад заасан нэгдмэл сонирхолтой нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

3/“Ч***” ХХК-ийн “Т***” ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/09 дугаартай гэрээ нь түншлэлийн гэрээ бус туслан гүйцэтгэгчийн гэрээ байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, ТШЗ 17.3, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад хамаарахгүй байна.

4/Туслан гүйцэтгэгч “Т***” ХХК нь 584/19 дүгээр бүхий цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ төрлийн "Т3-2.2: 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан "Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмж” гэсэн шаардлагыг хангаж байна.

5/“К***” ХХК нь 584/19 дугаар бүхий хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төрлийн 3+-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, УЗБТ)" тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл” гэсэн шаардлагыг хангаж байна.

6/Туслан гүйцэтгэгч “А***" ХХК нь тендерийн баримт бичигт захиалагчийн шаардсан “3T-4.10 мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах (магистраль) болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг", "ЗТ-6.3 барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35 кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах хэмжих хэрэгсэл-автоматикийн зураг төсөл”, “ЗТ-10.2 барилга байгууламжийн ажлын зураг төсөв” тусгай зөвшөөрлийн заалтуудыг эзэмшдэг байх тул шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Ийнхүү “С***” ХХК-аас гаргасан гомдол үндэслэлгүй болохыг тус яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7-д заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн Хас банкны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122GT10220880004 дугаар бүхий тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлэхийг захиалагчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/3024 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч***” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “К***” ХХК-тай байгуулсан гэрээ нь туслан гүйцэтгэгчийн гэрээ байгаа юм. Энэхүү гэрээгээр бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1.5 дахь заалтад заасан зохицуулалтаар “К***” ХХК-д хамаарахгүй болж байгаа юм.

Хоёрдугаарт, “Ч***” ХХК-ийн “Т*** ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ нь мөн адил туслан гүйцэтгэгчийн гэрээгээр учраас тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, 17.3, 17.9-д заасан шаардлагуудад хамаарахгүй байгаа юм. Яагаад туслан гүйцэтгэгчийн гэрээ бэ гэхээр Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар тушаалаар ямар гэрээг туслан гүйцэтгэгчийн гэрээ байх вэ гэдгийг тодорхой заагаад өгсөн байдаг. Тухайн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2-т 10 хувиас дээш нь түншлэл, доошгүй нь туслан гүйцэтгэгч байна хэмээн заасан. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.3-т тухайн тендерт оролцогч нь түншлэлээр материалаа ирүүлнэ, туслан гүйцэтгэгч бол тухайн тендерт оролцогч гэж үзэхгүй гэж заасан. Туслан гүйцэтгэгч нь тендерт оролцогч болохгүй, тухайн тусгай шаардлагууд тавигдахгүй гэж үзэж байгаа юм. Тендер шалгаруулалтын зааварчлалын 17 дугаар зүйлд заасан шаардлага мөн хамаарахгүй. “А***” ХХК-ийн тендерийн баримт бичигт захиалагчийн шаардсан ЗТ-4.10, ЗТ-6.3, ЗТ-10.2-т заасан тусгай зөвшөөрлүүд нь байгаа юм. Нэхэмжлэгчийн үндэслэлдээ дурдсан хууль зүйн үндэслэлүүд нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс бид 20 сая төгрөгөөр хохироод байна гэдэг зүйл яригдсан. Тухайн тендерт оролцогч компани нь өөрөө материалтайгаа танилцаад үндэслэл бүхий тайлбараа гаргаад гомдол гаргах журмын дагуу гомдол гаргаад үндэслэлгүй гомдол гаргасан байх юм бол тендерийн баталгаа улсын орлого болохыг Сангийн сайдын баталсан тушаал журам дээр тодорхой заасан байдаг. Анхнаасаа арилжааны компаниуд дээр гаргаж байгаа тендерийн баталгааны маягтуудыг хүлээгээд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаад гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байвал 20 сая төгрөгийг буцаан олгох үүргийг банк хүлээнэ. Банк бол тендерийн баталгааг төвлөрүүлж, улсын орлогын дансанд татан төвлөрүүлж байгаа. 20 сая төгрөгөөр хохирчихлоо гэдэг асуудал нь өөрөө үндэслэлгүй зүйл юм” гэв.

8.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

1/ Барилга хот, байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 3/1820 дугаартай “Ч***" ХХК гэх албан тоотод "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл Дорнод, Дашбалбар/” БХБЯ/202202252 дугаартай тендер шалгаруулалтад 3,991,044,527 төгрөгийн үнийн санал ирүүлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тул гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж байна гэсний дагуу Барилга хот, байгуулалтын яамтай 2022 оны 05 сарын 05 өдөр2022/211 дугаартай 3,991,044,527 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан.

Уг гэрээний дагуу 2022 онд хийж гүйцэтгэхээр заагдсан ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж 1,060,000,000 төгрөгийн хүрээнд 800м дулаан ба цэвэр усны шугам халаалтын зуухны барилга барих ажлуудыг гүйцэтгэх бүрэн дуусгасан.

Гэрээгээр 2023 оны 04 сараас эхэлж 2023 оны 7 сарын 30-ны хүртэл ажлын үлдэгдэл 2,931,077,527 төгрөгийн хүрээнд халаалтын зуухны тоног төхөөрөмжийн угсралт, 1600 метр дулаан, цэвэр, бохир усны шугамын ажлыг гүйцэтгэх юм. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ санхүүжилтийн хүрээнд хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, сумын иргэдийн зүгээс талархал хүлээсэн.

2/Нэхэмжлэгч нь "Ч***" ХХК-ийн түншлэгч “К***” ХХК-ийн жил дараалан татварын өртэй түншлэгч “Т***” ХХК нь татварын өргүй байх, борлуулалтын орлого нь шаардлагад нийцээгүй санхүүгийн тайлангаар 3 харилцагч банкнуудаас хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай албан бичгүүдийг хавсаргаагүй, санхүүгийн тайланд хамаарах аудитын дүгнэлт борлуулалтын орлогын талаарх мэдээллийг хавсаргаагүй, шаардсан тусгай зөвшөөрлүүдийг дутуу санал болгосонд түншлэгч “К***” ХХК нь тухай ажлын зураг төсвийг боловсруулсан нь нэгдмэл сонирхолтой байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан гэж гомдол гарган хянуулсан Манай компаниас "К***" ХХК-тай 2022.03.29-ны өдрийн 22/08 дугаартай гэрээ нь холболтын аураг төсөв хийх болохоос түншлэлийн гэрээ биш юм. Энэхүү гэрээ нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад огт хамааралгүй. үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй Учир нь:

Манай компаниас “К***” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/08 дугаартай гэрээ нь холболтын зураг төсөв хийх болохоос түншлэлийн гэрээ биш юм. Энэхүү гэрээ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад огт хамааралгүй.

“К***” ХХК нь ажлын зураг төсвийг боловсруулсан боловч манай компанитай түншлэлийн гэрээ байгуулж оролцоогүй учир “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” гэж үзэх нөхцөл байдал үүссэн хэмээх үндэслэлгүй.

Манай компани нь “Т***” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 22/09 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсныг түншлэлийн гэрээ гэх боломжгүй тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, ТШЗ 17.3, ТШЗ 17.9 дэх хэсэгт заасан шаардлагуудад хамаарахгүй.

“Т***” ХХК-ийн хувьд 584/19 дугаартай цахилгааны дамжуулалт, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ төрлийн ТЗ-2.2:04-35кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц түүний тоног төхөөрөмж гэх шаардлагыг хангаж байсан.

“К***” ХХК 584/19 дугаартай хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төрлийн ЗГ-2.1 Архитектур, барилга, бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТҮ) тусгай зөвшөөрөлтэй тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Архитектур, барилга, бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл” гэх шаардлагыг хангасан байсан.

Мөн туслан гүйцэтгэгч “А***” ХХК нь тендерийн бичигт захиалагчаас шаардсан ЗГ-4.10 мэдээлэл холбоо дохиоллын дамжуулах магистраль болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг, ЗГ-6.3 барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем 35кв хүртэлх гадна, салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг, төсөл, орон сууц олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл, ЗГ-10.2 барилга байгууламжийн ажлын зураг төсөв” тусгай зөвшөөрлийн заалтуудыг эзэмшдэг учраас захиалагч шаардлагад нийцэн хангасан гэж үнэлсэн.

Барилга хот, байгуулалтын яамны  2022 оны 04 дүгээр сарын 18-ны 03/1818 дугаартай “С***” ХХК-д гэх албан бичигт тендерийн баримт бичгийн ТЗШ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗГ-3.4, ЗГ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй байна гэж дурдан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсанг нэхэмжлэгч “С***” ХХК нь үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн байна.Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Борлуулалтын орлого дутуу байна гэж гарч ирж байна. Гэхдээ бид тендерт орохдоо санхүүгийн тайлангаа нягталж үзээд борлуулалтын орлого хангаж байна гэж үзэж тендерт орсон байгаа. Түншлэлээр орохоор заалтуудын хувьд дутуугаа нөхөж ордог учраас “В***” ХХК-тай түншлэлээр  орсон. Хэрвээ манайх борлуулалтын орлого дутуу байсан ч гэсэн “В***” ХХК-тай түншлэсэн учраас борлуулалтын орлогыг нөхөж байгаа гэж үзэж байгаа юм. “А***” ХХК болон “К***” ХХК-тай ерөнхий зураг төсөл гүйцэтгэх гэж гэрээ байгуулсан. Манайхтай тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд заалтууд хүрэхгүй байсан учраас “А***” ХХК нь “Х***” ХХК-тай дотроо туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж ажиллаж байгаа гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эрх ашиг нь хөндөгдөж байна гэсэн үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7464 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулж байна. Үүнтэй холбоотойгоор “С***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбаруудыг гаргасан. Ингэхдээ бүх баримт материалуудыг нотлох баримтуудаар гаргаж өгсөн. Тендерт шалгарсан гүйцэтгэх ажлын талаарх Барилга хот байгуулалтын яамны захиалгатай тендерийн гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн цахим системд үнэлгээний хорооноос байршуулсантай холбоотойгоор тендерийн хүснэгтийн дагуу баримт бичгээ бүрдүүлж тендер шалгаруулалтад манай компани оролцсон байдаг. Манай “Ч***” ХХК нь хуулийн этгээдийн бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй компани байгаа юм. Тендер шалгаруулалтад 3.991.077.527 төгрөгийн санал ирүүлсэн нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан учраас гэрээ байгуулах эрх олгож мэдэгдлийг хүргүүлсний дагуу гэрээ байгуулсан.

Гэрээг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулж үйл ажиллагааг эхэлсэн. Гэрээний дагуу 2022 онд хийж гүйцэтгэхээр хийж заагдсан ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж 1 тэрбум 60 сая төгрөгийн төсвөөр 800 метр дулаан ба цэвэр усны шугам хяналтын зургийн ажлуудыг бүрэн гүйцэтгэж дуусгасан. Гэрээгээр 2023 оны 4 сараас 7 дугаар сарын 30-ныг хүртэл ажлын үлдэгдэл болох 2.931.077.527 төгрөгөөр халаалтын зуухны тоног төхөөрөмжийн угсралт, 1600 метр дулаан цэвэр, бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа бүгдийг нь хангаад холбогдох бараа материалаа татсан. Зарим газартаа гэрээ хэлцлээ хийгээд урьдчилгаа мөнгө төгрөгөө өгсөн үйл ажиллагаа явагдаж байгаа юм.

Манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээр санхүүжилтийн хүрээнд чанартай сайн гүйцэтгэсэн учраас иргэдийн зүгээс талархал хүлээж, энэ талаар холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаа өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс “Ч***” ХХК-ийн түншлэгч “К***” ХХК-ийн борлуулалтын орлого нийцээгүй, санхүүгийн тайлангаар татварын өргүй байх, харилцагч банкнуудаас хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх, албан бичгүүдийг хавсраагүй байна, тусгай зөвшөөрлүүд дутуу олгосон байгаа учраас гомдол гаргаж Сангийн яамаар хянуулсан байгаа. Үүнийг бол бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Сангийн яам хариуцагчаас түншлэл бус туслан гүйцэтгэгчийн гэрээ гэж тайлбарласан. Бид 4 тэрбум төгрөгийн ажил хийхдээ “Т***” ХХК-тай бол 20 сая төгрөгийн ажил хийсэн бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажил бүрэн гүйцэт хийгдээд санхүүжилт орсон байгаа юм. Зураг төсөл хийлгэсэн газартай манайх 60 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Үүгээр хуульд заасан туслан гүйцэтгэгчээр хийгдэх заалтыг зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. Үүнтэй холбогдуулж туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан бусад компаниудын баримт бичиг байгуулсан гэрээ холбогдох баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Иймд манай компанийн туслан гүйцэтгэгч компаниудтай холбогдсон тусгай зөвшөөрөл нь шаардлага хангахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ баримтуудыг үгүйсгэсэн няцаасан нөхцөл байдал нэхэмжлэгчийн зүгээс байхгүй байна. С*** компани нь тусгай зөвшөөрлийн 2 шаардлагыг хангаагүй байна гэдгээ мэдэгдэж татгалзсан үндэслэлүүдээ бол дурдсан байгаа юм. Энэ хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зүйл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа юм. Манай компани “К***” ХХК-иар зураг төслөө зуруулсан боловч манайхтай түншлэлийн гэрээ байгуулж оролцоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1.5 дахь заалтад заасныг зөрчөөгүй. “Т*** ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийг зөрчсөн зүйл байхгүй. Манай компани хууль бусаар тендерт шалгараагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/30 дугаар тушаалаар “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулжээ.

1.2.Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэжээ.

1.3.Нэхэмжлэгчээс захиргааны актаар тодорхойлсон тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зөвлөмж нь “тус яамны төрийн нарийн бичгийн даргад тендерт шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулахыг зөвлөсөн”, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот албан бичиг нь “гуравдагч этгээдэд гэрээ байгуулах талаар хугацааг мэдэгдсэн” мэдээллийг тус тус агуулжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.

1.4.Гэтэл тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зөвлөмж, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот албан бичиг зэрэг нь дээрх захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна.

1.5.Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар тендер сонгон шалгаруулалтыг явуулж, /захиргааны акт/ ялагчийг тодруулж, дээрх албан бичгүүдээр уг шийдвэрийг тендерт оролцогч нарт мэдэгдэж, ялагчийг захиалагчид танилцуулж, гэрээ байгуулах талаар зөвлөсөн мэдэгдэл болохыг хувьд дангаараа эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

1.6.Нөгөөтэйгүүр тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4979 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлыг дахин тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно” гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 179 тоот албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

2.2.Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд, түүний түншлэлийн тусгай зөвшөөрөл шаардлага хангаагүй, туслан гүйцэтгэгч  нь өөр туслан гүйцэтгэгч гэрээ байгуулах талаар ТШЗ-д тусгаагүй, ижил нөхцөлд ижил хандаагүй” гэж, хариуцагч Барилга хот байгуулалтын яамнаас “сонгон шалгаруулалт хуульд нийцсэн” гэж, Сангийн яамнаас “гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянасан” гэж тус тус маргажээ.

2.3.Тус тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.1-д “тендерт оролцогч нэг ба түүнээс дээш этгээдтэй туслан гүйцэтгүүлэх гэрээ байж болно. Нийт туслан гүйцэтгүүлж болох бараа, ажил, үйлчилгээний дээд хэмжээ нь тендерийн үнийн 10 хувиас хэтрэхгүй байна. 5.2-т “тендерийн дагуу ТШЗ-ны 4.2-т заасан түншлэлийн гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийн хэмжээ тендерийн үнийн 10 хувиас дээш байна” гэж тус тус заажээ.

2.4.Гуравдагч этгээд нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “В***” ХХК-тай /Барилга хот байгуулалтын яамны 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй/ түншлэлийн гэрээг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Т***” ХХК-тай /Эрчим хүчний яамны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон 03.2.3 тусгай зөвшөөрөлтэй/ туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах гэрээг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “К***” ХХК-тай /Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон ЗТ-2.1, ЗТ-3.4, ЗТ-3.5, ЗТ-6.1, ЗТ-6.2 тусгай зөвшөөрөлтэй/ зураг төсөл боловсруулах ажлын гэрээг, “К***” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “А***” ХХК-тай /Барилга хот байгуулалтын яамны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Зураг төслийн 1.2.4, 1.2.5, 1.2.6, 1.3.2, 1.3.3 тусгай зөвшөөрөлтэй/ сонгон шалгаруулалтад хамтран оролцох түншлэлийн гэрээг, “К***” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-тай /Барилга хот байгуулалтын яамны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон ЗТ-9.2 тусгай зөвшөөрөлтэй/  сонгон шалгаруулалтад хамтран оролцох түншлэлийн гэрээг тус тус байгуулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно” гээд 16.1.5-д “чанарын хяналтыг шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх чанарын хяналтын арга хэмжээ” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ......” гэж тус тус заажээ.

2.5.Дээрхээс дүгнэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тус тендер шалгаруулалтын зааварчилгаанд туслан гүйцэтгэгч нь өөр хуулийн этгээдтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоогүй бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 179 тоот албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 тоот албан бичгээр “захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзсэн нь хуульд нийцжээ.

2.6.Учир нь гомдол болон нэхэмжлэлд дурдсан тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-ийн 3-ийн БА-3.5 /цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт/, гэж заасан бөгөөд “Т***” ХХК-ийн Эрчим хүчний яамны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон 03.2.3 тусгай зөвшөөрөл нь “0.4-35 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг” эрхлэх тусгай зөвшөөрөл байх тул ТШЗ-ны 17.6.1-д заасан шаардлагыг хангасан гэх хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй.

2.7.Мөн “К***” ХХК-д Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон ЗТ-2.1 тусгай зөвшөөрөл нь “Архитектур, барилга бүтэц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл БЗБТ, АГТ, ҮЗБТ” тусгай зөвшөөрөлтэй, “А***” ХХК-д Барилга хот байгуулалтын яамны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Зураг төслийн 1.2.4, 1.2.5, 1.2.6, 1.3.2, 1.3.3 тусгай зөвшөөрлүүд нь мөн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар аргачлал батлах тухай тушаалын хавсралтад заасан /1.2.5-ЗТ-6.3, 6.4, 1.2.6-ЗТ-11.1/ дүйцэж байх тул ТШЗ 17.6.1-д заасан шаардлагыг хангасан гэх хариуцагчийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар гуравдагч этгээдийн борлуулалтын орлогын дундаж 157 сая төгрөгөөр бага байгаа талаар дурдсан хэдий ч нэхэмжлэгч уг захиргааны акттай маргаагүй, мөн Тендерийн үнэлгээний хорооноос тухайн нөхцөл байдлыг ковид-19 цар тахалтай холбож дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зөвлөмж, тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.5, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яаманд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн үлдэх Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ