| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-04-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
2025 04 02 2025/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Мөнхзул,
шүүгдэгч М.М түүний өмгөөлөгч Б.Билгүүн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ц.Ганболд,
хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Б.Э, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ариунсанаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М.М-д холбогдох .................. дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт М.М
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.М нь “Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн "Жарын даваа" гэх газарт 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дахь заалтад заасан "...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох" гэсэн заалтыг зөрчин ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөвөөн дээр зогсож байсан ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Б.О. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч М.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн "Жарын даваа" гэх газарт 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох" гэсэн заалтыг зөрчин Тоёота Кроун маркын .... .улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөвөөн дээр зогсож байсан Мицубуши Делика маркын......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээвийн осол гарсаны улмаас Тоёота Кроун маркын ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Эн-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолоодож явсан М.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Мицубуши Делика маркын ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Б.О-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүнчлэн Тоёота Кроун маркын .........., Мицубуши Делика маркын ........... улсын дугаартай болон Ямаха R мотоциклууд эвдэрч гэмтсэн үйл баримт тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-13/,
-насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн: “...би 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Зүүнхараа явахаар Улаанбаатар хотын Андууд худалдааны төвийн орчмоос цагаан өнгийн Кроун маркын машинд суусан. Би тухайн машины арын суудлын зүүн талын захын суудалд суугаад явсан. Тэгээд Баянчандмань сумын ойролцоо явж байхад би унтаж явсан. Би сэрээд харахад жолооч нүдээ анисан машин хурдтай явж байхаар нь "ах аа" гээд дуудах гэхэд тус тас болоод юм мөргөөд зогссон. Тэгээд би хэсэг зуур ухаан балартаад сэрсэн. Тэр үед манай машины жолооч машины араас мөргөсөн байсан. Би машинаас буух гээд хаалгаа онгойлгоод гишгэхэд гишгэж чадахгүй газарт унасан. Тэгээд тэнд хэвтэж байхад хүмүүс ирээд, эмнэлгийн машин ирээд надад тариа хийгээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би гэмтлийн эмнэлэгт очоод хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Би зөндөө гомдолтой байгаа. Би хичээлдээ явж чадахгүй 1 сар хэвтсэн. Одоо биеийн тамирын хичээлээ байнга тасдаж байна. Машинд суугаад явахад их хэцүү айдастай байгаа. Эмнэлгийн зардлаа төлүүлнэ, сэтгэл санааны маш их хохиролтой байгаа..." гэх мэдүүлэг /хх-17, 19/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ы өгсөн: “...би Э-н төрсөн ээж нь байгаа юм. Миний охин насанд хүрээгүй болохоор би төлөөлж оролцох гэж байна. Миний охины хичээл сургууль тасалдаж байна. Биеийн байдлын хувьд хүнд юм өргөж чадахгүй, удаан явж чадахгүй. Аягүй их цочрол айдас түгшүүртэй, сэтгэл санааны маш их хямралтай байгаа. Одоо гайгүй гэж байгаа боловч ирээдүйд яахыг мэдэхгүй, их л хор уршигтай байна...” гэх мэдүүлэг /хх-22/
-хохирогч Б.О-ы өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө Сэлэнгэ аймаг явахаар хүү Б-ын хамт Делика маркын ......... улсын дугаартай машинд Б-ын хүү Э-ийн мотоциклийг ачаад Улаанбаатар хотоос явсан. Тэгээд ачаад явж байхад мотоциклийн руль нь машины цонх руу цохиод байсан. Баянчандмань сумын хашлагатай замын тэнд замаас зогсоод дохиогоо асаагаад мотоциклийг цонх цохисон талын эсрэг тал руу нь татаж сандалтай нь уяж байсан. Тэгсэн яах ийхийн зуургүй машин маань хөмөрчихсөн. Би 3 настай зээ охин М-ыг тэврээтэй урд тал жолоочийн хажуу талын сандал дээр сууж байсан. Би бүсээ бүсэлсэн байсан. Нэг мэдсэн машин дээшээ харчихсан байсан. Тэгээд түргэн ирээд намайг насилкэн дээр аваад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт 3 хоног эмчилгээ хийлгээд 4 дэх өдрөө мэс засал хийлгэсэн. Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Миний нурууны өвчин бол эдгэхгүй байнга өвддөг, хавирга маань эдгээгүй байнга өвдөж байна. Эмчилгээний зардал, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тэр зардлыг буруутай хүнээр төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-26-27, 28-29/
-иргэний нэхэмжлэгч Б.Б-дийн өгсөн: “...Мицубуши Делика маркын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд Б.Б-д миний нэр дээр бүртгэлтэй, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би үнэлгээгээр гарсан хохирлыг буруутай жолоочоос төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-32/,
-иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Яамаха R6 маркын улсын дугааргүй мотоциклийг унаад Дархан-Уул аймагт зохиогдож байсан "Мотожипи" нэртэй мотоциклчдын эвент фестиваль руу явж байсан. Би замд явж байгаад 61-ийн гарам өнгөрөөд 5-10 километр яваад замаас гараад шороон хөвөөн дээр зогссон байсан... Тэгээд аав Б-ын жолоодож явсан машинд өөрийнхөө унаж явсан Яамаха R6 маркын улсын дугааргүй мотоциклийг ачаад бэхэлж өгөөд явуулсан... Б ах бид нар Баянчандмань сум руу яг орж байхад манай аав Б нь Б ахын гар утас руу залгаад буцаад хүрээд ир ээ, бидний араас 1 машин мөргөчихлөө гэж хэлсэн.... Бид нарыг очиход Делика маркын машин дээшээ харсан манай эмээ шороон дээр суусан хавирга нь өвдөөд байна гэчихсэн байдалтай, цагаан өнгийн Кроун маркын машин эвдрээд замаас гараад зогссон дотор байгаа хүмүүс бие нь муу гэмтсэн бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/
-гэрч Б.Б-ын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор төрсөн дүү Б.Б-ийн эзэмшлийн Делика маркын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. ...Тухайн осол хэрэг 13 цаг 28 минутын орчим болсон. Тэгээд жолооч талын хаалга 40 орчим см онгойсон байхаар нь тэр завсраар нь гараад хүүхдээ гаргаж аваад, ээжийгээ араас нь гаргаж аваад газар хэвтүүлсэн. Хөдөлгөөнгүй байлгаж байгаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн тэнд осолд орсон хүмүүсийг түргэний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. ...Миний биед учирсан гэмтэл гайгүй байна. Тухайн үед цээж хэсгээр өвдөлт өгч байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр рентген зураг авахуулсан гэмтэл байхгүй байна. Зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-48-49/
-гэрч Б.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод байх гэрээсээ ээж О, дүү М нарын хамт манай дүү Б-ийн эзэмшлийн "Делика" маркын ....... улсын дугаартай машинтай бид гурав Дархан-уул аймаг явахаар гарсан. Тэгээд бид гурав 61 гарам гэх газарт дүү нартайгаа уулзсан юм. Дүү нар маань мотоциклтой явж байсан. Тэгэхээр нь тэр мотоциклийг нь манай машинд ачаад цаашаа бид 3 явсан. Бид нарыг цаашаа явж байхад нөгөө мотоцикл нь машины зөв талын цонх руу цохиод байсан. Би зогсох газар хайгаад нэлээд явж байгаад Баянчандмань сум руу өгсөх давааны наад талд явж байгаад замаас гараад замын хажуу талд аваараа татаад түр зогсолт хийгээд зогссон... 2017 оны Ямаха мотоцикл нь манай хүү Э-ийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй мотоцикл. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэргийн дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-46-47/
-гэрч О.Ч-ын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн "...Улаанбаатар хотоос гарах түгжрээнд миний нойр хүрээд унтсан байсан. Замдаа юу болсныг мэдээгүй. Нэг сэрэх үедээ замын хажуугийн шороон дээр сэрсэн. ...цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Тагнай хэсэгт цуурал үүссэн байна. Хагалгаанд ороорой гэж эмч зөвлөсөн. Зөөлөн эдийн гэмтэл 2 гар, баруун талын аарцаг, баруун талын хөлийн тавхай, толгойны хүзүү хэсэг, нуруу нугас тэр чигээрээ зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-59-60/
-гэрч О.Ч-ын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн "... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл учраагүй. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би ахиж ирж чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-58/
-гэрч П.Н-ийн өгсөн “... Би нэрийг нь мэдэхгүй. Надтай хамт явж байсан охин зар хараад унаа оллоо. Энэ машинд суугаад Зүүнхараа явлаа гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр цагаан цайвар өнгийн машинд суугаад явсан. Жолоочийн нэрийг нь мэдэхгүй. Би жолоочийн хажууд суугаад бүсээ бүслээд зүйрмэглэж явсан. Намайг хэсэгхэн зуур зүйрмэглэх үед тас няс болоод явчихсан... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-53-54/
-М.М-ын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр холбогдогчоор өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Зүүнхараа орохоор ганцаараа явах үедээ “Зүүнхараа төв зар” гэсэн фэйсбүүк хаяг дээр Улаанбаатараас Зүүнхараа явлаа гэсэн зарыг байршуулсан. ...гурвуулаа байна. Зүүнхараа явна гэж эмэгтэй хүн холбогдсон. ...би зүүн 4 замаас очно. Та нар ТБД андуудын автобусны буудал дээр байж бай гэж хэлсэн тэгээд очиж аваад хөдөлсөн. Миний машины жолоочийн хажуу суудалд настай эгч, миний ард махлаг нүдний шилтэй эгч байсан, зүүн хойд талд жоохон охин сууцгаасан. Тэгээд Улаанбаатар хотоос гарахдаа бага зэрэг түгжирсэн, осол болохын өмнө нь би 100 орчим км цагийн хурдтай явж байсан тэгсэн миний нойр хүрээд нойрмоглоод эхэлсэн, нойр хүрч байгаа юм чинь хурдаа хасая гээд араагаа нейтралдсан тэгээд 80 орчим км цагийн хурдтай явж байгаад замын хажуу руу зогсоё гэж бодож байтал нэг мэдсэн унтсан байсан түс няс гээд явсан нэг сэрэхэд машины араас мөргөсөн байсан тухайн үед юу болсныг мэдээгүй. Би машинаас буух гэсэн миний суудлын бүс түгжигдсэн байсан хажууд байсан эгчийн суудлын бүсийг нь тайлж өгсөн замаар явж байсан хүмүүс буулгасан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлэг ирсэн” гэх мэдүүлэг /хх-66-68/,
-М.М-ын гэрчээр өгсөн: “...Би тэр гурван хүнийг аваад шууд Зүүнхараа явсан. Тэгээд Баянчандмань сум орж явахад миний нойр хүрч нүд анилдаад байсан. Тэгээд уруу явж байгаад би машиныхаа арааг Нейтрал дээр нь тавиад тормозоо гишгээд нүд анилдаад зүүрмэглэж унтсан байсан. Тэгээд түс тас хийх чимээ гараад миний машин дотор сууж явсан хүмүүс ирээд буулгаад авсан. Бас арын суудал дээр сууж явсан хоёр эмэгтэйг мөн буулгасан...би драгер багаж үлээхэд 0.00 хувьтай байсан...” гэх мэдүүлэг /хх-64-65/
-М.М-ын яллагдагчаар өгсөн: “Өмнө мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй. Тоёото кроун нь О гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би худалдаж авсан машин байгаа юм. Төлбөр тооцоо дууссан. Нотариат ороод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэр гэрээг гэрчилгээтэй хамт хурааж авсан. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-179/
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугааp сарын 07-ны өдрийн 50 дугаартай “...Б.О-ы биед сээр нурууны Th12 их биеийн хугарал, зүүн талын 4,5,6,7,8-р хавирганы хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Архаг хуучин өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 94-96/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай “...Б.Э-ийн биед бүсэлхийн L3 нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй" гэх дүгнэлт /хх-121-122/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 626 дугаартай “...М.М-ын биед зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн тархмал няцрал, зүүн плеврийн хөндийд хий хуралдалт /мэс засал: цээжний хөндийд гуурс байрлуулах 2024.09.16/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт /хх-136-138/,
-2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор Б.М-ын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэсэн ба Б.О-ы “Миний зээ охин М ямар нэгэн гэмтэл учраагүй. Би зээ охин М-ыг асран хамгаалдаг. Охин маань 3 настай, мэдүүлэг өгч чадахгүй” гэх татгалзсан тайлбар /хх-139/,
-2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор Ч.Б-ын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэсэн ба Ч.Б-ын “Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэх татгалзсан тайлбар /хх-140/,
-2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор О.Ч-ын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэсэн ба О.Ч-ын “Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх татгалзсан тайлбар /хх-162/,
-2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор П.Н-ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэсэн ба П.Н-ийн “Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй” гэх татгалзсан тайлбар /хх-163/,
-2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 52/84, 24/370 дугаартай шинжээчийн “Хэргийн материалтай танилцахад Тоёото Кроун маркын ........... улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мицубиши Делика маркын .......... улсын дугаартай автомашины жолооч Ч.Б-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёото Кроун маркын 4013УКУ улсын дугаартай автомашины эзэмшигч О.О-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мицубиши Делика маркын ........... улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Б-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Тоёото Кроун маркын .......... улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-157-159/,
-2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Б.О-ы сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоов” гэх Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-160/,
-2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Б.Э-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоов” гэх Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-161/,
-“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244660 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар "Мицубуши Делика маркын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 21,972,500 төгрөг” гэж /хх-69-75/,
-“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 24874 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар Ямаха R6 маркын ******************* арлын дугаартай тээврийн хэрэгсэлд “үнэлгээгээр тогтоогдсон дүн: 15,849,760 төгрөг” гэж /хх-81-84/,
-“Вэндо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 49403 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар Тоёото Кроун маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3,871,500 төгрөг” гэж /хх-142-147/,
-Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г: “Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.О-д 4,537,366 төгрөг, Б.Э-д 579,852 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Иймд эрүүл мэндийн даатгалын санд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна” гэх мэдүүлэг /хх-44/
-Шүүгдэгч М.М-ын жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-182-186, 193/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.2.Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсанаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг материаллаг шинжтэй юм.
Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд болгоомжгүй хандсан байдаг.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч М.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн "Жарын даваа" гэх газарт 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин Тоёота Кроун маркын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөвөөн дээр зогсож байсан Мицубуши Делика маркын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, Тоёота Кроун маркын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Мицубуши Делика маркын ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Б.О-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогч Б.О, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэм буруутай үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
1.3.Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.М-ын гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл, аюулгүй байх эрх зөрчигдөж, хохирогч Б.Э, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Б.О-ыг хохирогчоор, мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Ж.Э-ыг тогтоожээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Тоёота Кроун маркын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.М нь О.О-с 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан байх тул гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэг шүүгдэгч М.М-д үүссэн байна гэж дүгнэлээ. /хх-193/
1.3.1.Эрүүл мэндэд учирсан хохирлын тухайд:
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч Б.О-ы тухайд, “Оргил рашаан сувилал” ХХК, “Оточ” манал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1,200,114 төгрөгийн баримтыг шүүхэд өгсөн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч тухайн мөнгөн дүнгээр буюу 1,200,114 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн учир хууль зүйн дүгнэлт хийхгүй. Харин дээрх үнийн дүнд Оргил рашаан сувилалд сувилуулахтай холбоотой хохирогч Б.О-ы болон эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон хөнгөлөлт багтсан учир Б.О-ы жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхийг сэргээж, төлбөрийг төлсөн гэж үзнэ.
Хохирогч Б.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ы тухайд, мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1,853,677 төгрөгийг шаардсан боловч хэрэгт 1,803,523 төгрөгийн зардлын баримтууд авагдсан, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт талууд маргаагүй учир баримтаар нотлогдож буй хэмжээгээр буюу 1,803,523 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Э-г асрахад ажлаас чөлөө авсан учир 5 хоногийн цалинд 305,000 төгрөг, өмгөөллийн хөлс 660,000 төгрөг, замын зардал буюу бензин шатахууны зардал 317,654 төгрөгийг хохирогч талаас шаардахад шүүгдэгчийн өмгөөлөгч нь хүүхэд асрахтай холбоотой 305,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх өмгөөллийн болон шатахууны зардлыг нотлох баримтын шаардлага хангахгүй, зардлын зориулалт тодорхой бус гэж эс зөвшөөрсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч нар тус хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэрэг үндэслэлээр 317,654 төгрөгийн шатахууны зардал нь и-баримтаар нотлогдсон тул тус зардлыг тус хэрэгт хамааралтай гэж дүгнэж, шүүгчдэгчээс гаргуулж олгоно.
Харин өмгөөллийн хөлсөд 660,000 төгрөг төлсөн дансны хуулга нь хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангаагүй тул шүүх үнэлэхгүй.
Иймд хохирогч Б.О-д нийт 1,200,114 төгрөг, хохирогч Б.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д нийт 2,426,177 төгрөгийг шүүгдэгч М.М-с гаргуулж, нотлох баримтгүй 710,154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.
1.3.2.Сэтгэцэд учирсан хохирлын тухайд:
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан тул хохирогч Б.О, Б.Э нар нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 4 дэх хэсэгт “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэжээ.
Хохирогч Б.О, Б.Э нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч нар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна. /хх-160-161/
Шүүх нөхөн төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагавар мөн хохирогчийн насны байдлыг харгалзан,
улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд буюу тус гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (660,000 төгрөг х 15) хэмжээгээр тооцоход сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 9,900,000 төгрөгөөр тогтоож,
хохирогч Б.О, хохирогч Б.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нарт тус тус шүүгдэгч М.М-аас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
1.3.3.Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын талаар:
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан ба иргэний нэхэмжлэгч Б.Э 16,800,560 төгрөг, Б.Б 23,290,850 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
Шүүгдэгч М.М нь Тоёота Кроун маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөвөөн дээр зогсож байсан Мицубуши Делика маркын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас Мицубуши Делика маркын тээврийн хэрэгсэл, түүнд ачиж явсан Ямаха мотоцикл эвдэрсэн ба энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хэн аль нь маргаагүй.
1.Мицубуши Делика маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Б-ийг иргэний нэхэмжлэгчээр 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор тогтоосон. /хх-30-32, 75/
Б.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлыг 21,972,500 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, үнэлгээний ажлын хөлсөд 1,318,350 төгрөгийн зардал гарсан нь шинжээчийн дүгнэл, баримтаар нотлогдож байна. /хх-69-79, 189/
2.Мицубуши Делика маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор ачаатай байсан гэх Ямаха R-6 маркын тээврийн хэрэгслийн эзэмшигч үндэслэлээр Б.Э-ийг иргэний нэхэмжлэгчээр 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор тогтоож, хууль тайлбарлан мэдүүлэг авчээ. /хх-33-36/
Энэ тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргаагүй, тус тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ямаха R-6 маркын *************** арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, гаалийн бичиггүй байгаа тул Б.Э нэхэмжлэх эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй болно.
Ямаха R-6 маркын тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг 15,849,760 төгрөг гэж тогтоосон, тус үнэлгээний ажлын хөлсөд 950,800 төгрөгийг төлсөн байна.
Дээрх үнэлгээний тайлангууд буюу шинжээчийн дүгнэлттэй М.М нь танилцаад “үнэлгээ өндөр байна, хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргасан боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээг дахин хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байна. /хх-167/
Иймд иргэний нэхэмжлэгч Б.Б нийт 23,290,850 төгрөг, Б.Э-т нийт 16,800,560 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.А нь журмын хашааны төлбөр 754,000 төгрөг, ачилтын хөлс 350,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай, хэрэгт баримт нь авагдаагүй байна гэж тайлбарласан ба тус шаардлагаасаа шүүхийн хэлэлцүүлэгт татгалзсан учир хэлэлцээгүй болно.
1.3.4.Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын тухайд:
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв. (хх-41)
Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.О-д холбогдох 4,537,366 төгрөг, хохирогч Б.Э-д холбогдох 579,852 төгрөг, нийт 5,117,218 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилжээ. /хх-38-44/
Хохирогч Б.О нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Баянчандмань сумын эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Оргил рашаан сувиллаас тусламж үйлчилгээ, хөнгөлөлтэй эм авсны зардалд нийт 4,537,366 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байна.
Ахмад настны тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон этгээд нь жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувиллын газарт амрах, сувилуулах эрхтэй ба уг эрхээ Б.О нь эдэлсний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 400,114 төгрөг, “Лав” нэртэй эмийг худалдан авахдаа 19,320 төгрөгийн хөнгөлөлт эдэлснийг тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй тул уг дүнгээр бууруулан, 4,117,932 төгрөгөөр тооцов.
Хохирогч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Баянчандмань сумын эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, мэс заслын эмчилгээний зардалд нийт 579,852 төгрөг зарцуулсан нь тус гэмт хэрэгт шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүгдэгч М.М-аас нийт 4,697,784 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, 419,434 төгрөгийг хэрэгт хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ж.Мөнхзул: “Шүүхээс шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, зорчих эрх хязгаарлах, торгох, нийтэд тустай ажил хийлгэж ялын төрөлтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 5 сая төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,
өмгөөлөгч Ц.Ганболд: “Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээхээр шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай” гэх дүгнэлтийг,
өмгөөлөгч Б.Ариунсанаа: “Тусгайлан гаргах санал байхгүй, улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг,
өмгөөлөгч Б.Билгүүн: “Эрүүгийн хариуцлагыг бага хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү. 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж,
шүүгчдэгч М.М эцсийн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч М.М-ын хувьд болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн нас, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,
Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Гурав. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.М-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж,
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн “тухайн осол хэргийн үеийн камерын бичлэг”-ийг хуулбарласан гэх хар өнгийн “Philips USB2.0” гэх бичиглэлтэй 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж,
шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3, 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч М.М-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогч Б.О-д 11,100,114 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д 12,326,177 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Э-т 16,800,560 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 23,290,850 төгрөг төлөхийг шүүгдэгч М.М-д үүрэг болгож, нотлогдон тогтоогдоогүй 710,154 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.М-аас төрд учруулсан гэм хорын хохиролд 4,697,784 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж, хэрэгт хамааралгүй 419,434 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э нь тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн ***************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн *************** дугаартай хэрэгт “тухайн осол хэргийн үеийн камерын бичлэг”-ийг хуулбарласан 1 ширхэг флаш дискийг хавсаргасугай.
12.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
13.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний
нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
14.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
15.Иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
16.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН