Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

                    

 

 

  

     2025        04            07                                          2025/ШЦТ/148

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

Улсын яллагчаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б.Э-т холбогдох эрүүгийн ************** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааснаар хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Б.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын 2 давхар руу эргэх хэсэгт 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 50 минутын орчим Toyota Crown маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1.403 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт

-Б.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

-иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн өгсөн: “...Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Хэрэгт авагдсан:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бямбасүрэнгийн илтгэх хуудас /хх-56/,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-3, 5-8/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69-70/,

-2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 05 минутад .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Э-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар хэмжихэд 1.403 хувь спиртийн агууламжтай гарсныг Quen Alcodetect Pro багажаар баталгаажуулсан баримт /хх-4/,

-Б.Э-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 579 дугаартай “Б.Э-ын биед зүүн өвдөг, баруун мөр, бугалга, алганы гадна хэсэг, шуу, доод уруул, хамрын баруун самсаанд зулгаралт, баруун бугалганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуудахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-16-17/

-Б.Э-ын яллагдагчаар өгсөн “Тухайн өдөр миний санаж байгаагаар би нисэхийн замд машин дотроо сэрсэн тэрнээс өмнө бааранд пиво ууж байснаа санаж байна. Өөр зүйл сайн санахгүй байгаа үе үе дурсамж орж ирээд байсан. Миний санаж байгаагаар хорооллоос машин аваад 01 цаг 30 минутын орчимд хөдөлсөн. …5 шарын призер дээр явж байсан цааш сонсголонгийн замаар явж байгаад хурдны замаар ороод Төв аймаг орох санаатай явсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор маш бага хурдтай нэгдүгээр эгнээгээр аваарын гэрлээ асаагаад явж байсан шинэ нисэхийн мөнгө хураах пост дээр ирэхэд цагдаа зогсож байхаар нь сандарсандаа хурдаа нэмээд хашлага даваад зогссон. Тэр үед цаг үүрийн 05 цаг болж байсан би хотоос гараад 4 цаг орчим явсан болохоор маш бага хурдтай явсан. Харин баарнаас би машин барьж хөдөлсөн санагдаж байна харин манай найз Ц машин барьсан талаар санахгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд би мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэгт Ц-ийг машин барьсан гэж мэдүүлсэн байсан сайн санахгүй байгаа зүйлээ санаж байгаа мэт мэдүүлсэн үнэнийг хэлэхэд машины түлхүүр надад байсан болохоор Ц машин барих боломжгүй байсан би л барьсан байх” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-95-96/,

эрч Г.Ц-ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 22 цаг 05 минутад найз Э-тай хамт Улаанбаатар хот руу явчхаад ирье гээд гэрээс нь очиж аваад Төв аймгаас Дундговь, шинэ нисэхийн уулзвар дээрээс ажлынхаа ахыг тосож аваад өөрийнх нь машинтай, би өөрийнхөө машинтай дагуулаад Улаанбаатар хотын долоон буудлын тэнд хүргэж өгсөн. Тэр ахынд орж цай уугаад гараад би Э-т хоёулаа ер нь бааранд орох уу? гээд 3, 4 дүгээр хорооллын тэнд байдаг Лоунж гэдэг нэртэй бааранд Э-тай хамт орсон. Тэр бааранд Э бид хоёр нэг нэг шил Сэнгүр гэдэг пиво уусан. ...гараад Гандангийн найт клуб ороод 0.5 литрийн Эйдин гэдэг архи авч уусан. Нэмээд 10 шил Сэнгүр пиво аваад бүгдийг ууж баралгүй заримыг үлдээсэн. Яг хэдийг нь уугаад хэдийг үлдээснээ санахгүй байна. Баарнаас гараад юу болсныг санахгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчид үзүүлж байхад л сэргэсэн. ...Баарнаас гараад машинаа би өөрөө жолоодож хөдөлсөн. Шүүх эмнэлэгт үзүүлнэ" гэх мэдүүлэг /хх-12-13/,

-иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн: “...Автомашины хохирлыг нэхэмжлэхгүй. Би өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодох эрхийг олгосон” гэх мэдүүлэг /хх-78/

-Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн болон жолоочийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1108 дугаартай шийтгэвэр /хх-72-75, 80, 104-110/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгчдэгч Б.Э нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24ий өдрийн 1108 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 /нэг/ жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбар, “Эрх хасах: 2024.09.27-2025.09.24, 1 жил, др.1,81, ЗШ-1108 шийдвэрийг үндэслэв” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар нотлогдож байна. /хх-105-110/

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан.

2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталгаажуулсан сериал №91102223 дугаартай Quen Alcodetect Pro багажаар автомат горимоор шалгахад 1,403 хувийн согтолттой” гэж гарсныг бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-ыг “согтуурсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Тээврийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялын саналыг зөвшөөрсөн, түүнээс гарах үр дагаврыг ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Э нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1108 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудлын 2 давхар руу эргэх хэсэгт 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 50 минутын орчим Toyota Crown маркын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.403 хувийн согтолттой байхдаа жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонгэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй болж байна гэж дүгнэлээ.  

Хохирол, төлбөрийн талаар

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн өгсөн:Би автомашины хохирлоо нэхэмжлэхгүй. миний найз Б.Э нь намайг ажилд явсан үед миний машиныг унаж дүү нарыг хичээл сургуульд нь хүргэж өгдөг. Би өөрийн автомашиныг жолоодох эрхийг олгосон" гэх мэдүүлэг /хх-78/,

Шүүх хуралдаанд Г.Ц-ийн өгсөн: “шүүгдэгч Б.Эрхэмбаяраас нэхэмжлэл зүйлгүй, эрүүл мэндэд учруулсан хохирол үгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч “Төв АЗЗА” ТӨХК-ийн төлөөлөгч  Г.М-ийн өгсөн: “...манай байгууллагын засвар үйлчилгээ хариуцсан нутаг дэвсгэрт байрлах хайс хашлагыг ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эвдэж сүйтгэсэн талаар бидэнд мэдэгдсэн. ...эвдэрсэн хайс хашлагыг үнэлүүлсэн. Хохирлын 250,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-103/,

-“Төв АЗЗА” ТӨХК-д 250,000 төгрөгийг хохирол учирсан гэх Хөрөнгийн үнэлгээний “Хас” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан /хх-44-52/,

-2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Б.Э-аас хашлагын үнэ” гэх утгатай 250,000 төгрөгийг “Төв АЗЗА” ТӨХК-ийн няравт тушаасан орлогын ордерын тасалбар /хх-119 дүгээр тал/

-хохирлын тооцоо нийлсэн баримт /хх-112/ зэргээр шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөрийг барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэж үзлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Одонтуяа: “...шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу танилцуулж, хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /нийт 18 сар/-ын хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ. 

Үндэслэл нь тус хэрэг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд шилжсэн, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн боловч Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ДШМ/19 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаар дахин хэлэлцүүлж байгаа нь шүүгдэгчээс хамаарахгүй байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэлийг 1 жил 6 сарын /18 сар/ хугацаагаар багасган тогтоолоо.

Шүүгдэгч Б.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,

Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн ................... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 5612, 5611 дугаартай дүгнэлтүүд нь шүүгчдэгч М.Э-т хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна. /хх-21, 23-24, 28-30, 28-31/  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /18 сар/-ын хугацаагаар хасах, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН