Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2019/00288

 

 

 

 




2019 07 22 103/ШШ2019/00288

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамжид байрлах, Багануур-Ус ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 74 дүгээр байрны 6 тоотод оршин суух Боржигон овогт Дүүдээгийн Давагт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.082.893.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцацрал, Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн 1-р хорооны 74 дүгээр байрны 6 тоотын хэрэглэгч Д.Даваг нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 747.145.24 төгрөг, тухайн төлбөрөөс бодогдсон алданги 335.748.73 төгрөг, нийт 1.082.893.97 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн 1-р хорооны 74 дүгээр байрны 6 тоотын хэрэглэгч Д.Даваг нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 747.145.24 төгрөг, тухайн төлбөрөөс бодогдсон алданги 335.748.73 төгрөг, нийт 1.082.893.97 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. Манай байгууллага 2016 оны 11 сараас хойш энэ хүний биеийн эрүүл мэндийг харгалзан үзэж аль болох энэ хүнийг чирэгдүүлэхгүй байхыг бодсон. Гэвч энэ хүн гэрээнд зааснаар цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсөө төлөөгүй. Манай байгууллагын хувьд хүйтэн, халуун усаа хаах арга хэмжээг авч байгаагүй. Урьд нь нэг удаа алдангаас нь чөлөөлж байсан. Төлбөрөө төлөх мэдэгдэх хуудсыг удаа дараа өгсний дараа шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Энэ байр миний хадам ээжийн байр бөгөөд одоогийн байдлаар манайх амьдардаг. Миний бие муу, би байнгын эмчийн хяналтанд байдаг, ажил хийх боломжгүй байгаа тул үндсэн төлбөр 747,145 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги 335,748 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын хувьд миний биеийн байдлыг харж үзвэл зүгээр байна, би архи уугаад төлбөрөө төлөөгүй юм биш, байнга эмчилгээ хийлгэдэг, ажил хийх боломжгүй учраас төлбөрөө төлж чадаагүй, найз нөхөд, хамаатан садангаасаа тусламж дэмжлэг авдаг ч эмчилгээндээ хэрэглээд илүү гардаггүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ нь хариуцагч Боржигон овогт Дүүдээгийн Давагт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.082.893.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1.082.893.97 төгрөгөөс үндсэн төлбөр 747,145 төгрөгийг зөвшөөрч, алданги 335,748 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

хариуцагч Д.Даваг нь 2016 оны 11 сараас 2019 оны 5 сар дуусталх хугацааны цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 747.145.24 төгрөг, алданги 335.748.73 төгрөг, нийт 1.082.893.97 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч Д.Давагтай 2018 оны 06 сарын 28-ны өдөр Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан болох нь шүүхэд ирүүлсэн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Уг гэрээг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд ус сувгийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно гэж тохиролцсон байх тул 2016 оны 11 дүгээр сараас эхлэн гүйцэтгээгүй үүргийн дүнгээр алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

Харин хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэхүүрэгтэй гэж зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэглэсэн усныхаа үндсэн төлбөрийг 2018 оны 07 дугаар сараас эхлэн алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч Д.Давагаас айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний дагуу цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний үндсэн төлбөр болох 747.145.24 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи алданги 135.728.6 төгрөг нийт 882.873.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 200.020.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 882.873.874 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25.739 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Дүүдээгийн Давагаас цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний үндсэн төлбөр 747.145.24 төгрөг, алданги 135.728.6 төгрөг нийт 882.873.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 200.020.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ нь 30.539 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Давагаас улсын тэмдэгтийн хураамжид 25.739 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ТУЯА