Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2019/00225

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2019/00225

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1989 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Багануур Ус ОНӨААТҮГ-т операторын мэргэжилтэн ажилтай, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн 15 дугаар гудамжны 08 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Боржигон овогт Болдоогийн Энхболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1995 оны 04 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 88 дугаар сургуульд газар зүйн багш ажилтай, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчины 3-44 тоотод оршин суух, Түдэв овогт Одонцэцэгийн Тамираад холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, иргэдийн төлөөлөгч Ч.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Болдоо овогтой Энхболд миний бие нь 2019 оны 1-р сарын 5-ны өдөр найз нарын хамт Баянзүрх дүүргийн 26-р хорооны хэсэг Туул гарден рестораны урд замд унасан гэрлийн шонг гагнаж байх үед Тоёото Прусс маркийн 42-91 УБЧ дугаартай машин барьж явсан О.Тамираа нь хурд хэтрүүлэн ирж, машин нь гулгаснаас болж Б.Энхболд миний биед хүнд гэмтэл учруулж эрүүл мэндээр маш их хохироосон нь шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн гарган өгсөн дүгнэлт болон БЗД-ийн шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг ба ажил хийж амьдралаа авч явдаг байсан. Тухайн үед осолд орж хэвтэрт орсон ба 2 хөл хугарч, хүзүүний сэртэнг яс хугарсан ба 40 хоног хүний асрамжинд хэвтэрт байсан. Энэ ажилгүй байх хугацаанд цалингийн зээл нэхэгдэж, эхнэр хүүхдийн хоол ундны зардал гээд маш хүнд байсан. Иймд хариуцагч О.Тамираас ажилгүй байх хугацааны 3 сарын цалин 2.090.000 төгрөгийг нэхэмжилж байна. О.Тамираас Улсын тэмдэгтийн хураамж болох 48390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би листний мөнгө авсан. Энэ хүмүүс надтай яриад листнийхээ мөнгийг бас урд нь өгсөн 740.000 төгрөгөө хасаж тооцооч гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөхгүй, надад маш их хохирол учирсан, ажилгүй байх хугацаанд цалингийн зээл нэхэгдээд, хажуугаар нь надаас өөр хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан учраас эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан. Би сард цалингийн зээлд 370.000 төгрөг төлдөг байсан.Надад өгсөн 740.000 төгрөгөөр зээлээ төлсөн, эм тариа, идэх уух хэрэгцээндээ зарцуулсан. Намайг ингэж их хохироочихоод өгсөн мөнгөө эргүүлж нэхэж болохгүй шүү дээ. Би гэртээ 3 сар хэвтэрт хүний байнгын асаргаанд байсан. Би эрүүл саруул ажлаа хийж байсан бол шагналт цалин өөр бусад нэмэгдэл авах байсан, зөвхөн цалингаа нэхэмжилсэн гэв.

 

Хариуцагч О.Тамираа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.Тамираа миний бие 2019 оны 01 сарын 05-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Энхболдын биед хохирол учруулсан хэрэгт гэм буруутайн хувьд маргах зүйлгүй. Б.Энхболд нь 2019 оны 1, 2, 3 сард ажилгүй байсан цалингаа надаас нэхэмжилж байгаа ба би Б.Энхболдод 970.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өвчтэй байх үеийн цалинг нийгмийн даатгалын сангаас зохих журмын дагуу авсан байна. Миний хувьд Б.Энхболдоос уучлалт гуйж, түүнтэй эвлэрч, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О.Тамираагийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Энхболд хохирлын талаарх баримтуудаа гаргаж өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалинд 2.700.000 төгрөг, эмчилгээний зардалд 269.300 төгрөг нэхэмжилсэн байсан. О.Тамираа нь эрүүгийн шүүх хурал болохоос өмнө 970.000 төгрөг өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад өвчтэй байсан хугацааны листний мөнгөнд 903.957 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллагаас өгсөн байна. Зөрүү нь 1.186.154 төгрөг болж байна. 970.000 төгрөгөөс 229.383 төгрөг нь баримттай байсан гээд өгсөн, 740.617 төгрөгийг ямар ч баримтгүй илүү өгсөн байгаа, 1.186.154 төгрөгөөс илүү төлсөн 740.617 төгрөгийг хасаад 445.537 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, баримтгүй өгсөн мөнгөө хасуулж тооцмоор байна, цалингийн тооцоон дээр нэмэгдэл цалинг 2 сард гаргаж өгсөн байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Энхболд нь О.Тамираагаас гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.090.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч О.Тамираа нь хохиролд 740.617 төгрөг илүү төлсөн, өвчтэй байх үеийн цалингаа нийгмийн даатгалын сангаас зохих журмын дагуу авсан байсан учраас цалин тэтгэмжийн зөрүүгээс илүү төлсөн 740.617 төгрөгийг хасаж тооцон үлдэх хэсгийг төлнө гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

 

Хариуцагч О.Тамираа нь 2019 оны 1-р сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Туул гарден рестораны урд замд Тоёото Приус маркийн 42-91 УБЧ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн шонг засварлаж байсан Б.Энхболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэгдсэн болох нь Баянзүрх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Баянзүрх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолын 5-д О.Тамираа нь хохирогч Б.Энхболдод 970.000 төгрөг нөхөн төлсөн гэж, 7-д Хохирогч Б.Энхболд нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу О.Тамираагаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй гэжээ. Шийтгэх тогтоолоос харахад шүүх хохирогч Б.Энхболдын эмчилгээний зардал 269.383 төгрөг нь баримттай гэж үзэн 970.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, , харин цалин 2.700.000 төгрөг нь нотлох баримт хангалтгүй учраас хэлэлцэхгүй орхисон байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхболд нь 1-3 сард ажиллаж байсан бол 2.090.111.68 төгрөгийн цалин авах ёстой байсан, эмнэлгийн магадлагаагаар байгууллага болон нийгмийн даатгалын байгууллагаас 903.958.13 төгрөг авсан, цалин тэтгэмжийн зөрүү 1.186.153.55 төгрөг болох нь Багануур Ус ОНӨААТҮГ-ын 2019 оны 05 сарын 01 ний өдрийн 172 дугаартай албан бичгээр ирүүлсэн цалингийн баримтууд, 1208896, 1223052, 1223155, 1223283, 1223427, 1223604 дугаартай эмнэлгийн магадлагаанууд, ХХОАТатварын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч О.Тамираа нь 2019 оны 04 сарын 11 ний өдөр болсон эрүүгийн шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Энхболдод хохиролд тооцон урьдчилан төлсөн 970.000 төгрөгөөс 269.383 төгрөгийг зөвшөөрч үлдэх 700.617 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж төлнө гэж маргасан.

 

Хариуцагч О.Тамираагийн буруутай үйлдлийн улмаас Б.Энхболдын биед хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэн, зүүн шаант ясны битүү хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч Б.Энхболдын 3 сарын хугацаанд хэвтэрт хүний асрамжид байсан, 5 ам бүлээ тэжээн тэтгэдэг, О.Тамираагаас авсан мөнгөөр зээлээ төлсөн, эм тариа, хоол ундаа авахад хэрэглэсэн гэх тайлбар үндэслэлтэй, Б.Энхболдыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдаас үндэслэлгүйгээр 700.617 төгрөг авсан гэж үзэх үндэслэлгүй, 492.2.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд болон хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэн 700.617 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч О.Тамираагаас нэхэмжлэгч Б.Энхболдын авах ёстой байсан 2.090.111.68 төгрөгийн цалингаас эмнэлгийн магадлагаагаар байгууллага болон нийгмийн даатгалын байгууллагаас авсан 903.958.13 төгрөгийг хасаж, цалин тэтгэмжийн зөрүү 1.186.154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Энхболд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.390 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч О.Тамираагаас 33.018 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Түдэв овогт Одонцэцэгийн Тамираагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.186.154 /нэг сая, нэг зуун наян зургаан мянга, нэг зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт Болдоогийн Энхболдод олгож, 903.846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.390 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Энхболдод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч О.Тамираагаас 33.018 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ