| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0914/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1057 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************ийн **************эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000230 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*********” ******-д тээвэр үйлчилгээний албаны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, Арцатын ам ******* дугаар байрны ********тоотод оршин суух хаягтай, /РД:************** /, ************** овогт **************ийн **************э.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************** 2025 оны 02 дугаар сарын 22-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “************”***********-ийн гражид “гарын үсэг зур гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан **************ын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчтой уучлалт гуйж утсаар ярьж хохиролд 2.500.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 2510000000230 дугаартай хэргээс.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ын өгсөн: Би “**************” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд харуулаар ажилладаг бөгөөд тухайн ажилд ороод 2 сар гаруй хугацаа болж байна. Өнөөдөр 2025 оны 01 дүгээр сарын 22-нд ажил дээрээ гараатай байх үед миний ажиллаж байх газрын объект хэсэг нь **************-ын тээвэр албаны үйлчилгээний гарааш байдаг. Улмаар гараашид өглөө оройдоо жолооч нар ажилд гарах болон буух үедээ цагаа бүртгүүлж гарын үсэг зурдаг. Гэтэл **************э гэх жолоочоос гарын үсгийг нь зуруулж цагийг нь бүртгэхээр очиход “чи муу байж бай” гэж хэл амаар доромжилж нааш цааш яваад байхаар нь “ах нь ажлаа хийж байна ганц гарын үсэг зураад өгөхөд юунд нь дургүйцэхэвдээ” гэхэд намайг цохиж унагаах үед би гараашны цементэн шал дээр дагзаараа савж унасан. Тэгээд босож ирэх үед **************э цаашаа яваад өгсөн байсан. Толгой хөндүүр орж, уруул сэтэрсэн, 2 шүд хөдөлсөн байсан. Би гомдолтой байгаа. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ын дахин өгсөн: “...Би зодуулсныхаа маргааш 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн, өөр эмнэлэгт үзүүлээгүй. Би Эрүүл мэндийн даатгал төлдөггүй учир эмнэлгээр яваагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн хүсэлт гомдол байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0725/2503 дугаартай “**************ын биед дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар И.**************ийн өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай хяналтын прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Энэхүү прокурорын тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт, гомдол алга. Өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Би ************** **************-д 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** **************-ийн гараашид 21 цаг өнгөрч байх үед би ажлаас буух гээд машинаа тавьсан. Тэр үед гараашийн харуул болох Үүрцайх нь надаас гараашид машин тавьсан бүртгэл дээр гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Тэгэхэд нь би өглөө би зураад гарсан, байж бай гэж хэлсэн. Тэгсэн чинь Үүрцайх нь учир зүггүй уурлаад олон юм өөдөөс яриад байсан юм. Тэгээд бүр араас дагаад орилоод байхаар нь би жоохон бухимдаад эргэж хараад зүүн гараараа уруулын хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд Үүрцайх нь надтай маргалдаад хэрүүл уруул хийгээд байсан. Тэр үед Үүрцайх нь халамцуу байсан, эрүүл бол хүний дургүй хүргэхгүй байх. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**************” **************-ийн гарааш дотор “гарын үсэг зур гэж хэллээ” гэх шалтгаанаар тус гараашийн харуул **************ын нүүрэн тус газар цохиж, дээд уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч **************ын өгсөн: “**************э гэх жолоочоос гарын үсгийг нь зуруулж цагийг нь бүртгэхээр очиход чи муу байж бай гэж хэл амаар доромжилж нааш цааш яваад байхаар нь ах нь ажлаа хийж байна ганц гарын үсэг зураад өгөхөд юунд нь дургүйцэхэвдээ гэхэд намайг цохиж унагаах үед би гараашийн цементэн шал дээр дагзаараа савж унасан. Тэгээд босож ирэх үед **************э цаашаа яваад өгсөн байсан. Толгой хөндүүр орж, уруул сэтэрсэн, 2 шүд хөдөлсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), хохирогч **************ын дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн хүсэлт, гомдол байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0725/2503 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар И.**************ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би жоохон бухимдаад эргэж хараад зүүн гараараа уруулын хэсэгт нэг удаа цохисон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч И.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хэргийн хохирогч **************ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч, хохирогч нар нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчийг цагаа бүртгүүлэхээр гарын үсэг зур гэхэд нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч **************ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч ************** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн хүсэлт, гомдол байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч И.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн” нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч И.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************** овогт **************ийн **************ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ