Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2019/00297

 

 

 

 

 

 

 

 

 

2019 07 29 103/ШШ2019/00297

 

 

                 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 116 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмаржаргалын Анхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Ягаан толгой хороо, 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, Боржигон овогт Пайлаагийн Мөнхбаатарт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Анхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Анхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Мөнхбаатартай 2010 онд танилцсан. 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин М.Минжинсор мэндэлсэн. П.Мөнхбаатар 2014 оноос өөр хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа тул охин Минжинсордоо ааваас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Мөнхбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Охин маань 2011 оноос 2014 он хүртэл аав, эмээ, ах дүү нартайгаа хамт өссөн. Миний дагавар хүү П.Мөнхбаатартай таарамжгүй харьцаатай байсны улмаас би П.Мөнхбаатартай маргалдан, зодолдож миний биед гэмтэл учирч байсан. Түүний дараа охинтойгоо Багануур дүүрэгт ирж ээж, хүүтэйгээ цуг амьдарсан. Охин миний асрамжид 5 жил болж байна. Одоо охин минь 8 настай. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 2 дугаар ангид суралцдаг. Энэ 5 жилийн хугацаанд би охиноо аавтай нь холбоо бариулаагүй. Харин 2017 оны 12 дугаар сард аавынх нь ээж, эгч, ах дүү нар дээр нь очиж байсан. Би охин М.Минжинсороос гадна өөр эцэгтэй 13 настай хүүтэй, мөн хүнд хагалгаатай өндөр настай ээжтэйгээ хамт ахын байранд түр амьдарч байгаа, өөрийн минь бие хоёр хүнд хагалгаанд орж байсан, нуруунд яс ургалттай, төрөөс өгдөг хүүхдийн 20.000 төгрөгөөс өөр орлогогүй зэргээр амьдралын боломж муу, П.Мөнхбаатар нь ам бүл арвуулаа, миний охиныг сайн сайхан өсгөөд явах боломжтой айл учраас нэгэнт би П.Мөнхбаатартай хамт амьдрах боломжгүй болсон тул охин М.Минжинсорыг аавтайгаа элэг бүтэн амьдраасай гэж бодож байна. Иймд охин М.Минжинсорыг эцэг П.Мөнхбаатарын асрамжид өгөх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч П.Мөнхбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч М.Анхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин М.Минжинсорыг өөрийн асрамжид авахыг зөвшөөрч байна. Би Баянхонгор аймагт ажлын шаардлагаар явах болсон учир шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Боржигон овогт Мягмаржаргалын Анхжаргал нь хариуцагч Боржигон овогт Пайлаагийн Мөнхбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар охин М.Минжинсорын саналыг өмгөөлөгч байлцуулан асуухад аавынхаа асрамжинд амьдрах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна.

Хариуцагч П.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин М.Минжинсорыг өөрийн асрамжид авна гэсэн тайлбарыг ирүүлсэн, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.5 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Боржигон овогт Мягмаржаргалын Анхжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Пайлаагийн Мөнхбаатарт холбогдох иргэний хэрэгт 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Мөнхбаатарын Минжинсорыг эцэг П.Мөнхбаатарын асрамжинд өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Мөнхбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА