2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1101

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч **************,

хохирогч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************ын **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000357 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 12-нд Архангай аймаг, Хангай суманд төрсөн 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “**************” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сумын *** дугаар баг, ************** гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Алтан-Овооны *** дугаар гудамжны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***************/, ************** овогт **************ын **************.

                                                       Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************** нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн****дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч болох хохирогч **************ийг шалтгаангүйгээр нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ “Эхнэр ************** бид хоёр хамт 9 жил амьдарч байна. Урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй. Хүүхдүүдээ харахгүй айлд согтуу хэвтэж байхаар нь уур хүрээд нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон асуудал гаргасандаа гэмшиж байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************** мэдүүлэхдээ “Тухайн үед би ажлынхантайгаа хамт сууж ууж байна гэхэд нөхөр уурлаад байсан. Тэгээд би ажлын эгчийн гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад нөхөр ************** хүрч ирээд гэртээ харьж хүүхдүүдээ харсангүй айлд архи уулаа гээд миний нүүр рүү гараараа цохисон. Өмнө нь надад гарч хүрч байгаагүй.  Бид хоёр дундаасаа 2-5 насны хоёр хүүхэдтэй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Эрүүгийн 2508000000357 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ийн өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлын газрын эгч **************ын гэрт очоод хоол цай идчихээд ногоон экс нэртэй 0,75 литрийн архи 1 шилийг хувааж уугаад хойд талынх нь байдаг өрөөнд ороод нөхрийн дүү **************ийн ************** дугаар руу би өөрийн ************** гэсэн дугаараас залгаад хоёр дүүгээ унтуулаад байж байгаарай би удахгүй очлоо гээд утсаа тасалчхаад **************ын гэрт унтаж байсан чинь манай хамтран амьдрагч ************** гаднаас орж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ийн дахин өгсөн: “Надад дээрх гэмтлийн нөхөр ************** учруулсан. 2025 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө миний нүүр рүү нөхөр ************** гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Намайг ажлын газрын хүнтэй хардсаны улмаас хэрүүл үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/3311 дугаартай “**************ийн биед баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т  зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Н.**************ын өгсөн: “...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. 2025 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр ************** гэртээ ирэхгүй, архи уугаад хүүхдүүдээ хаяад явсан байхаар нь миний уур хүрээд араас нь очиход эхнэр ************** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн миний урдаас маргалдаад хэрэлдээд хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа эхнэрийн нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон юм. Өөрөөр биед нь халдаагүй. Би уг нь эхнэртэй гар хүрээд байдаг хүн биш.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн дүгнэлт.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ. 

Шүүгдэгч ************** болон түүний хамтран амьдрагч ************** нарын гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ хэдийгээр энэ нь нэг удаагийн шинжтэй үйлдэл байж болох боловч тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг дүгнэвэл;

Шүүгдэгч ************** нь 2025 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч **************ийг “хүүхдүүдээ орхиж айлд архи уулаа” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа цохисон гэсэн субъектив санаа зорилгоор эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт авагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ************** нь өөрийн эхнэр **************ийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын амьдралын хэв маяг, тухайн нөхцөл байдалд айлд архи ууж хүүхдүүдээ харсангүй гэх шалтгааны улмаас гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Дээрх хууль зүйн үндэслэлээр хяналтын прокуророос  Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч ************** 2025 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч **************ийг “хүүхдүүдээ орхиж айлд архи уулаа” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч **************ийн өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлын газрын эгч **************ын гэрт очоод хоол цай идчихээд Ногоон Экс нэртэй 0,75 литрийн архи 1 шилийг хувааж уучхаад хойд талд байдаг өрөөнд ороод нөхрийн дүү **************ийн ************** дугаар руу би өөрийн ************** гэсэн дугаараас залгаад хоёр дүүгээ унтуулаад байж байгаарай би удахгүй очлоо гээд утсаа тасалчхаад тэдний гэрт унтаж байсан чинь манай хамтран амьдрагч ************** гаднаас орж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), хохирогч **************ийн дахин өгсөн: “Надад дээрх гэмтлийн нөхөр ************** учруулсан. 2025 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад миний нүүр рүү нөхөр ************** гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Намайг ажлын газрын хүнтэй хардсаны улмаас хэрүүл үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/3311 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.**************ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...эхнэр ************** гэртээ ирэхгүй, архи уугаад хүүхдүүдээ хаяад явсан байхаар нь миний уур хүрээд араас нь очиход эхнэр ************** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн миний урдаас маргалдаад хэрэлдээд хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа эхнэрийн нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Шүүгдэгч ************** нь хамтран амьдрагч **************ийн бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч **************ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар шүүгдэгч  нь маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч **************ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт ************** нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ” гэж мэдүүлснийг харгалзан шүүгдэгч Н.**************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч **************ийн яаралтай тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 144.762 төгрөгийн зардал гарсан болох нь (хавтаст хэргийн 42 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдсон.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба мөрдөгч, прокуророос иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоогоогүй байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч **************д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.


Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй тул шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулсан бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахаар байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн тул шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Энэ хэрэгт ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:      

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.**************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. ************** овогт **************ын **************ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

3. Шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч **************д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ