2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1120

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч О.Батбилэг /томилолтоор/

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************** овогт **************ы **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508008880413 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны *** дугаар сарын ***-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын **** дүгээр багт оршин суудаг, урьд нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:***************** /, ************** овогт **************ы **************.

                                                             Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт малын зах дээр хохирогч **************ыг махны үнэ асууж, улмаар өөрийг нь хавирч унагасан үйлдэлд дургүйцэн түүний баруун гарын шууны дээд урд хэсэгт 10 см хөндлөн байрлалтай хутгаар зүссэн, мөн цээжний баруун урд хэсэгт 3 см орчим 12 см гүн хутгаар хатгасан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2508008880413 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ын өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амьд малын зах болох Эмээлтэд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад *******гийн гэх бойны газарт манай Төв аймгийн Жаргалант сумын ************** 2 тооны үхэр авч ирээд нядлаад зогсож байхаар нь би **************гаас үхрийн махны үнэ асуусан чинь чамд миний үхрийн махны үнэ ямар хамаа байна гэж намайг хөлөөрөө хавираад газарт унагасан. Тэгэхээр нь би газраас босоод **************г хавирах гэсэн чинь мах эвдэж байсан хутгаараа миний баруун гарыг зүссэн. Тэгэхээр нь би чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гэсэн чинь ************** тайвшраад уучлаарай уурандаа чамайг гэмтээчихлээ гээд яваад өгсөн. Тэгээд би 103 дуудаж үзүүлээд гарандаа оёдол тавиулаад гэр рүүгээ явсан юм. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын эхээр манай ах Б.Энхтайван над руу залгаад чи хутгалуулсан юм уу, бие чинь гайгүй юм уу, гэж асуухаар нь миний бие гайгүй ээ гэж хэлсэн чинь энэ асуудлыг цагдаагаар шалгуулна гэж хэлээд утсаа салгасан юм. Тухайн ************** нь шар жижиг хутгаар миний баруун гарын шууг зүссэн юм. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ын дахин өгсөн: “************** ах бид нар Төв аймгийн Жаргалант сумын нэг нутгийн хүмүүс байгаа юм. Бид хоёр хуурай ах дүү болсон гэхэд болон бие биеэ сайн таньж мэддэг бага байхдаа тоглож өссөн хүмүүс байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо хамаарал байхгүй. Урьд өмнө бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан тохиолдол огт гаргаж байгаагүй. Тухайн үед намайг ************** намайг хавирч газарт унагах үед би удаагүй газраас босож ирээд **************г зөрүүлээд хавирч газарт унагасан тухайн мөн гарт нь хутга байгаагүй. Тухайн үед **************тай маргалдчихаад бид хоёр бие биеэ нэг нэг удаа хавирч газарт унагасны дараа бид хоорондоо маргалдаад зогсож байсан чинь үл таних хоёр залуу та нар боль яагаад ноцолдоод маргалдаад байгаа юм бэ гэхээр нь би болиод явах гэсэн чинь ************** араас гүйж ирээд надад ойртох үед нь би ************** гартаа хутгатайг нь мэдээд баруун гараараа хамгаалсан чинь миний баруун цээжний хэсгийг баруун гарын шууг хутгаар зүссэн. Тэгэхээр нь би **************д чи намайг хутгалчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ гэсэн чинь түргэн уурнаасаа болчихлоо намайг уучлаарай гэж хэлээд намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт явах замд түргэн тусламжийн машин Хар хорин захын ард явж байхыг ************** зогсоож эмчийг нь дуудаж намайг үзүүлэн би түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт орсон юм. Ингээд би гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлэгдэж байгаад эмнэлгээс гарсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************ын дахин өгсөн: “Миний эрүүл мэндэд баруун гарын шууны дээд урд хэсэгт 10 см хөндлөн байрлалтай хутгаар зүссэн, мөн цээжний баруун урд хэсэгт 3 см орчим 12 см гүн хутгаар хатгасан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна, энэ гэмтлийг ************** нь нэг удаагийн үйлдлээр надад учруулсан юм, дээрх гэмтлүүдийг ************** надтай маргалдаж байгаад гартаа барьсан хутгаараа цээж рүү хатгах гэхээр нь би хутгыг өөрөөсөө холдуулахаар гараараа түлхэхдээ баруун гарын шуу хэсгийг зүссэн юм. Тэрнээс 2 удаагийн үйлдлээр дээрх гэмтлүүдийг надад учруулаагүй юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын гэрчээр өгсөн: “Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын их эмчээр 2019 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн оройн 19 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хар хорин захын ард зам дээр ертөнцийн зүгээр зүүн тийш, хотын төв рүү чиглэлтэй дуудлага мэдээлэл аваад түгжрээд явж байсан чинь үл таних 30 орчим насны эрэгтэй хүн түргэн тусламжийн машины цонхыг тогшоод ард машинд хүний бие муудаад байна туслаарай гэхээр нь би машинаас буусан чинь түргэн тусламжийн машины араас баруун гараа цамцаа ураад боосон 30 гаруй насны эрэгтэй халамцуухан хүн над руу ирэхээр нь түргэн тусламжийн машинд суулгаад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд дараа нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгсөн юм. Тэгээд би дараагийн дуудлага мэдээлэлд явсан юм. Тухайн үед миний түргэн тусламж үзүүлсэн **************ын биеийн баруун гарын шууны хэсэгт зүсэгдсэн, цээжний баруун хэсэгт хөхний орчимд зүсэгдсэн шарх ил харагдаж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0725/2652 дугаартай “**************ын биед баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/465 дугаартай “**************ын биед эмнэлгийн бичиг баримтаар цээж, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Өмнөх гаргасан ЕГ0725/2652 дугаартай дүгнэлтийн хохирлын зэрэгт өөрчлөлт орохгүй. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-50 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт захын малын бойны газарт намайг малын махны дотор өөхийг хутгаар аваад байж байсан чинь нутгийн дүү ************** согтуу орж ирээд махны үнэ асуухаар нь чамд хамаагүй гэж хэлсэн чинь миний урдаас өрвөлзөөд байхаар нь би хавирч газарт унагасан. Тэгтэл ************** босож ирээд намайг хавирч газарт хамт унагасан. Тэгэхээр нь би босож ирээд махны өөх авч байсан жижиг шар иштэй хутгыг аваад **************ын баруун гарын шууг хутгаар зүсчихсэн юм. Ингээд би өөрийгөө буруу үйлдэл хийснээ мэдээд шууд **************аас уучлалт гуйгаад эмнэлгийн тусламж үзүүлэхээр хүний машин гуйж суулгаад Эмээлтээс Гэмтлийн эмнэлэг руу авч явсан. Ингээд Хархорин захын хойд зам дээр машинд явж байхад **************ын гараас болон цээжнээс цус их гараад тогтохгүй байхаар нь би хажуугаар явж байсан 103-ын түргэний машиныг гар өргөж зогсоогоод **************т тусламж үйлчилгээ үзүүлсэн чинь тэр түргэний эмч үзээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан юм. Би **************тай тухайн үед маргалдсаны улмаас хутга аваад баруун цээжийг чиглүүлээд хатгасан чинь ************** баруун гараараа хаагаад баруун гарын шуу, цээжний баруун хэсэг нь хутганд зүсэгдсэн 1 удаагийн үйлдлээр дээрх гэмтлийг учруулсан. Тухайн үед би уурандаа **************ыг хутгаар биед нь гэмтэл учруулсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал)

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч **************  2024 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт малын зах дээр хохирогч **************ыг махны үнэ асуухад нь үл ялих зүйлээр шалтаглаж, цээжний баруун урд хэсэг болон баруун гарын шууны дээд урд хэсэгт хутгаар зүсэж цээж, баруун шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), хохирогч **************ын өгсөн: “...би **************гаас үхрийн махны үнэ асуусан чинь чамд миний үхрийн махны үнэ ямар хамаа байна гэж намайг хөлөөрөө хавираад газарт унагасан. Тэгэхээр нь би газраас босоод **************г хавирах гэсэн чинь мах эвдэж байсан хутгаараа миний баруун гарыг зүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), хохирогч **************ын дахин өгсөн: “...**************тай маргалдчихаад хоёр биеэ нэг нэг удаа хавирч газарт унагасны дараа бид хоорондоо маргалдаад зогсож байсан чинь үл таних хоёр залуу та нар боль яагаад ноцолдоод маргалдаад байгаа юм бэ гэхээр нь би болиод явах гэсэн чинь ************** араас гүйж ирээд надад ойртох үед нь би ************** гартаа хутгатайг нь мэдээд баруун гараараа хамгаалсан чинь миний баруун цээжний хэсгийг баруун гарын шууг хутгаар зүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), хохирогч **************ын дахин өгсөн: “Миний эрүүл мэндэд баруун гарын шууны дээд урд хэсэгт 10 см хөндлөн байрлалтай хутгаар зүссэн, мөн цээжний баруун урд хэсэгт 3 см орчим 12 см гүн хутгаар хатгасан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна, энэ гэмтлийг ************** нь нэг удаагийн үйлдлээр надад учруулсан юм, дээрх гэмтлүүдийг ************** надтай маргалдаж байгаад гартаа барьсан хутгаараа цээж рүү хатгах гэхээр нь би хутгыг өөрөөсөө холдуулахаар гараараа түлхэхдээ баруун гарын шуу хэсгийг зүссэн юм. Тэрнээс 2 удаагийн үйлдлээр дээрх гэмтлүүдийг надад учруулаагүй юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), **************ын гэрчээр өгсөн: “Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын их эмчээр 2019 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн оройн 19 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хархорин захын ард зам дээр ертөнцийн зүгээр зүүн тийш, хотын төв рүү чиглэлтэй дуудлага мэдээлэл аваад түгжрээд явж байсан чинь үйл таних 30 орчим насны эрэгтэй хүн түргэн тусламжийн машины цонхыг тогшоод ард машинд хүний бие муудаад байна туслаарай гэхээр нь би машинаас буусан чинь түргэн тусламжийн машины араас баруун гараа цамцаа ураад боосон 30 гаран насны эрэгтэй халамцуухан хүн над руу ирэхээр нь түргэн тусламжийн машинд суулгаад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд дараа нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгсөн юм. Тэгээд би дараагийн дуудлага мэдээлэлд явсан юм. Тухайн үед миний түргэн тусламж үзүүлсэн **************ын биеийн баруун гарын шууны хэсэгт зүсэгдсэн, цээжний баруун хэсэгт хөхний орчимд зүсэгдсэн шарх ил харагдаж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0725/2652 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/465 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-50 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар **************гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би босож ирээд махны өөх авч байсан жижиг шар иштэй хутгыг аваад **************ын баруун гарын шууг хутгаар зүсчихсэн...Би **************тай тухайн үед маргалдсаны улмаас хутга аваад баруун цээжийг чиглүүлээд хатгасан чинь ************** баруун гараараа хаагаад баруун гарын шуу, цээжний баруун хэсэг нь хутганд зүсэгдсэн 1 удаагийн үйлдлээр дээрх гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч **************г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэргийн хохирогч **************ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийг махны үнэ асуулаа гэснээс хоорондоо маргалдаж  улмаар цээжин тус газар руу нь зэвсгийн чанартай хутгаар хатгасан, баруун гарын шууг зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч **************ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч ************** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч **************ын яаралтай тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 406.300 төгрөгийн зардал гарсан болох нь (хавтаст хэргийн 70 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдсон.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба мөрдөгч, прокуророос иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоогоогүй байна.

Иймд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч **************т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.


Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь энэ бүлгийн  гэмт хэрэгт шүүхээс торгох ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,  “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;” нь мөн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19см урттай, шар өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар устгаж, ************** цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:     

1. ************** овогт **************ы **************г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч **************т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 19см урттай, шар өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ