2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1058

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Ц.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************** овогт **************ийн **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505000000101 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-нд Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн *********** суманд байрлах “************” ХХК-ний *********** уурхайд аврагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын  хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, Дэнжийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Хүүшийн амны ****** дугаар байрны ********** тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:***************** /, ************** овогт **************ийн **************.

                                             Холбогдсон  хэргийн талаар  яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

************** 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************** зочид буудалд байхдаа хохирогч **************н “iPhone 12 pro max” загварын гар утсаар интернэт банкны мэдээлэлд нь нэвтэрч, хувийн мэдээллийг нь ашиглан нууц үгийг нь өөрчлөн, кибер орчинд хууль бусаар халдсан, мөн хохирогчийн Хаан банкны ************** тоот дансны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, зээлийн апп-аас зээл авч 9 удаагийн гүйлгээгээр 4.061.502 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр **************, ************** хоёр намайг дуудсан. Тэгэхээр нь би  “Инээмсэглэл” нэртэй паб-д очиход  **************, ************** нар гурван охины хамт байсан бөгөөд бид зургуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн газраас гарах гэхэд тооцоо хийх мөнгөгүй байсан учир намайг утсаа ломбардад тавьчих гэсэн. Тэгэхээр нь  би 1.250.000 төгрөгөөр утсаа ломбардад тавьж пабын  тооцоогоо төлөөд тухайн газраас гараад “Castel” нэртэй шөнийн цэнгээний газар орсон. Уг шөнийн цэнгээний газраас 600.000 төгрөгийн уух зүйл авсан. Уг тооцоог би хийсэн. Тухайн шөнийн цэнгээний газраас үүрийн 04 цагийн үед гарсан бөгөөд **************, ************** бид  гурав хорооллын “Зочид” нэртэй буудалд орсон. Тухайн үед би гар утасгүй байсан учир **************н гар утсыг ашиглаж төлбөр тооцоо хийж байсан. Уг зочид буудалд бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нөгөө хоёрыг унтчихаар нь үлдсэн мөнгөөр нь утсаа эргүүлж авах зорилготойгоор мөрийтэй тоглоом тоглосон. **************н дансанд 1,100,000 төгрөг байсан бөгөөд би уг мөнгийг нь авч мөрийтэй тоглосон. Мөн апплэйкишинаас 4.000.000 гаруй төгрөгийн зээл авч мөрийтэй тоглоод алдсан. Тэгээд өглөө унтаж байсан чинь ************** манай өрөөнд орж ирсэн. Болсон бүх үйл явдлыг хэлсэн бөгөөд маргааш нь би ажилдаа явсан.” гэв.

Хоёр: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.**************ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ************** нь 10-н жилийн найз нарын хамтаар  согтууруулах ундааны зүйл хэрэглэж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**************” зочид буудалд **************, ************** нарын хамт хоносон байна. **************, ************** нарыг унтаж байхад нь 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ************** нь **************н гар утсыг авч, гар утсан дахь Хаан банкны 1.166.463 төгрөгийн үлдэгдэлтэй интернэт банк руу нь нэвтэрч, нууц үгийг өөрчилж ************** дугаарын дансыг ашиглан түүний хувийн мэдээллийг зээлийн аппликейшнд бүртгүүлж 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.307.850 төгрөгийн зээл авч, мөн ************** дугаарын дансыг ашиглан түүний хувийн мэдээллийг зээлийн аппликейшнд бүртгүүлж 4 удаагийн гүйлгээгээр 2.907.000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшлийн данс болон “1xbet” бооцоот тоглоомыг цэнэглэх данс руу тус тус шилжүүлж авч хохирогчид нийт 6.372.302  төгрөгийн  хохирол учруулсан хэргийн үйл баримт авагджээ. 

Дээрхи хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************н өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  манай гэрт 10-н жилийн найз ************** ирээд бид хоёр хоол хийж идээд 2 пиво уусан. ************** манайд ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд гэрээсээ гарахдаа нэлээд муудсан байсан. Тэгээд 10-н жилийн ангийн ************** гэх охинтой уулзаад бид гурав модны хоёрын “Инээмсэглэл” нэртэй паб дотор байж байтал араас манай ангийн ************** ирсэн. Дараа нь бид нар тус газраа нэг шил 0.75 литрийн архийг хувааж уучхаад тухайн газраас гараад бөөндөө хорооллын “Кастел” нэртэй бааранд орсон бөгөөд хэзээ гарснаа санахгүй байна. Ямар ч байсан баар хаагаад гарсан. Тэндээсээ гараад **************, ************** бид гурав хорооллын Е-мартын замын эсрэг талын “************** “нэртэй буудалд орж 2 давхарт 205 тоот өрөөнд бид гурвын араас ************** дүүгийн хамт дахиад нэг эмэгтэй найзын хамт ирсэн. Тэгээд тэр охин нь удаагүй гараад явсан. Тэгээд буудалд хоёр гурван пиво уучхаад ************** бид хоёр тасраад унтчихсан байсан ба өглөө 7 цагийн үед сэрэхэд хажууд **************, ************** нар байсан. ************** байхгүй байсан. Миний гар утас байхгүй болсон байхаар нь би ресейпшн ахаас манай өрөөнд байсан залууг харсан уу гэхэд танай найз чинь өөр өрөө аваад орсон гэж хэлсэн. Тэгээд би 201 тоот өрөөний хаалгыг тогшиход хаалгаа тайлахгүй байхаар нь буудлын мастер картаар онгойлгоод өрөөнд ороход ************** дотор нь байсан. Тэгээд би орж **************д утсаа авъя гэхэд миний гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд би утсаа аваад өрөөндөө орж ирээд Хаан банкнаасаа байрны мөнгөө шилжүүлэх гэтэл апп-ын нууц үг буруу байна гээд орохгүй байсан. Тэгээд нууц үгээ сэргээгээд Хаан банкны апп руу нэвтрэхэд миний дансанд байсан 1.100.000 төгрөг байхгүй болсон байсан. Мөн апп-аас зээл аваад миний дансанд байсан мөнгийг ************** өөрийн данс руу болон покерын данс руу шилжүүлсэн байхаар нь би **************д яаж байгаа юм бэ гэхэд ************** уучлаарай би тоглочихсон юм аа, дараа нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй. Одоо апп-ны зээлийн хугацаа нь болчихсон нэхэгдээд байгаа. Миний дансанд байсан 1.100.000 төгрөг, апп-аас 2.900.000 төгрөгийн зээл аваад апп-аа устгачихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

**************н эзэмшлийн Хаан банкны ************** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 07 дахь тал)      

**************н эзэмшлийн Хаан банкны **************, ************** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн “...2024 оны 12 дугаар сарын 10-нд 4.611.850 төгрөгийн орлого орж 6.372.302 төгрөгийн зарлага гарсан.” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-16 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.**************ийн өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 09-ний орой найз **************, ************** хоёр намайг дуудсанаа ууж байна Модны хоёрт хүрээд ир гэхээр нь би шөнө 21:30 өнгөрч байхад Модны хоёрын “Инээмсэглэл” гэх нэртэй паб-д очиж бөөнөөрөө уугаад сууж байсан. Намайг анх очиход **************, ************** нар гурван охинтой нийт тавуулаа сууж байсан намайг ирээд нэг архи аваад уугаад тооцоогоо хийх гэхэд нөгөө маань мөнгө байхгүй байна чамд юм байна уу гэж надаас асуусан. Би надад мөнгө алга тооцоо нь хэд юм бол, би утсаа тавьчихъя гээд тэр хавьд нэг ломбардад утсаа 1.250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд бэлэн мөнгө өгөхгүй гээд мөнгийг миний данс руу хийчихсэн. Надад тооцоо хийхийн тулд утас хэрэгтэй байсан. **************н утсаар нь би өөрийнхөө Хаан банк руугаа нэвтэрч орж эхний удаагаа “Инээмсэглэл” паб-ын тооцоо хийсэн. Гарч яваад бид зургуулаа хорооллын “Кастел” нэртэй бааранд ороод архи аваад нийт тооцоог нь 600.000 орчим төгрөг төлсөн. Тухайн тооцоог нь би хийсэн. Тэгээд тэндээсээ гараад шөнө 3 цагийн үед **************, ************** бид гурав хорооллын Е-мартын замын урд талд нэг буудалд 2 ортой нэг өрөө авсан. Тэрнийх нь тооцоог бас би хийсэн. Тэгээд бид гурав архи ууж сууж байгаад би тооцоо хийж байсан болохоор **************н утас нь ерөнхийдөө надад явж байсан. Би өөр өрөөнд орж байгаад утсаар нь фейсбүүк болон мессенжер ашиглаж орж байсан. Би цахим тоглоом “1xbet” тоглодог юм. Тэгээд би утсаа ломбардаас гаргаж авах санаатай үлдсэн мөнгөөрөө тоглоом тоглоод алдсан. Тэгэхээр нь **************н Хаан банканд байсан 1 сая гаруй төгрөгийг нь аваад тоглоод алдсан. Бас гурван зээлийн апп-аас **************н нэр дээр 4 орчим сая төгрөгийн зээл авсан. Тухайн үедээ согтуу байсан болохоор гурван зээлийн апп-аас нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь ************** над дээр ирж гар утсаа аваад явсан. Дараа нь данснаасаа зарлага гарснаа мэдээд над дээр ирэхээр нь би өөрт нь хэлээд ийм юм болчихлоо, согтуудаа тоглоод алдчихсан юм уучлаарай, би цалингаа буухаар мөнгийг чинь өгнө гээд тэгээд бид хоёр тохироод 2 тийшээ болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хууль тогтоогчоос кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг нь хувийн мэдээлэл агуулсан дата бааз бүхий мэдээллийн сүлжээнд компьютерын техник хэрэгсэл ашиглан, эсхүл тусгай программаар дамжуулан хууль бусаар халдаж, мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль, журмыг зөрчиж, цаашилбал төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллээ өмчлөх, халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдаж буй үйлдлийг ойлгохоор тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                  ТОГТООХ нь:

1. ************** овогт **************ийн **************д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт;

-“кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************д оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **************д оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ