2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/710

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Г.Баярмаа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Х.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402006050329 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л овогт Б-ийн Х, Монгол Улсын иргэн, 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар

- Шүүгдэгч Б.Х нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Э.Бын гар утсыг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Б.Х бусадтай бүлэглэн нэр бүхий 5 хохирогчийн 7 ширхэг гар утсыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Х-д холбогдох хэсгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Х.Хандармаа нар хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “4-chloromethcathinone”-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд цэвэр жингээр 0.0411 граммыг *** тоотод буюу гэртээ өөрийн үүргэвчиндээ хууль бусаар хадгалсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 7-9 дэх тал),

- Хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “...хар өнгийн бэлтгэлийн өмдний баруун урд халааснаас зиплок түгжээтэй цагаан өнгийн нунтаг зүйл, 1 мл-ийн хэмжээтэй хэрэглэсэн, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, цаасан ууттай төмөр притка 1 ширхэг зэргийг гаргаж өгснийг гэрэл зургаар бэхжүүлэн...хураан авав...”  гэх (1-р хавтаст хэргийн 10-14 дэх тал),

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал (1-р хавтаст хэргийн 16 дахь тал),

- 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 310 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- “...зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, 1 мл-ийн зүүтэй тариур, “спутник” гэх бичиглэлтэй притка...” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Гэрч Э.Б-ын “...Б.Х нь миний охин байгаа юм. Сүүлийн үед Х гэрт хонохгүй байгаа. Аав, ээжийнхээ үгэнд ерөөсөө орохгүй, нөхөр бид хоёр Х-д үг хэлэхээр сонсохгүй дандаа үхнэ, амиа хорлоно, би угаасаа амьдарч чадахгүй, өөрийгөө боогоод үхнэ гэж бид хоёрыг айлгадаг. Ялангуяа намайг хүн гэж үзэхгүй. Би хар тамхигүй бол амьдарч чадахгүй гэж хэлдэг. Эцэг эхээс айдаг зүйл байхгүй. Тэр шоронд чинь орвол оръё, яадаг юм гэж хэлдэг. Х-г гэрээс гаргахгүйн тулд би заримдаа нойргүй хонодог. Хаалгаа түгжээд хэвтэхээр цонхоор гараад зугтаачихдаг. Нэг гэрээс явахаараа сар гаруй ирэхгүй алга Бог. Нөхөр бид хоёрын утсыг блоклодог. Нөхөр бид хоёр гаргахгүй гэж хэлэхээр харц нь ширүүн болж уйлаад орилоод сонин болчихдог. Урдаас юм л хэлэх юм бол би үхээд өгье, зайлаад өгье, ахиж нүдэнд чинь харагдахгүй болгоод өгье гэж хэлдэг. Энэнээс болоод шөнө миний нойр ч хүрэхгүй, энд тэнд очоод үхчих вий гэж айгаад сэтгэлийн шаналгаатай явж байна. Миний үгийг ерөөсөө авахгүй байна, надад хэцүү байна. Хуулийн байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч. Хорьж шалгавал надад бас амар байна. Энд тэнд очиж үхчих вий гэж санаа зовоод байна. Миний хажууд ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Хааяа цүнх биеийг нэгжээд үзэхэд хоосон тариур зүү болон тарианы уусмалын шилнүүд гарч ирдэг. Энэ юу вэ гэж асуухад би амиа хорлох гээд байсан болохоор өөртөө хийж тайвшруулсан гэж хариулдаг. ...Миний охин Х 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш гэртээ ирээгүй. Надтай холбоо бариагүй. Ямар дугаар барьж байгааг нь мэдэхгүй байна. Хаана юу хийж явааг нь хүртэл мэдэхгүй санаа зовоод явж байна. Дээр манай ахын насанд хүрээгүй охинд Х чат бичсэн байсан. Чи манай гэрт ороод миний хувцас хунар болон нүүрний будгуудыг аваад гараад ирэх юм бол би чамд “өвс” өгье гэж хэлсэн байна. Тэгээд маргааш нь Х 14 цагийн үед залгаад аниагийн дүү гараад ир, чамд “өвс” соруулъя гэж хэлсэн байна. Тэгээд дүү үгүй, би тийм юм хэрэглэхгүй гэж салгасан. Тэгээд хувцсыг нь гаргаж өгөөгүй. Тэрнээс хойш чат бичээгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 22-23, 26-27 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5268 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Б.Х биедээ хадгалсан ...нунтаг, тариур, притка х/ч Н.М 2024.09.13” гэж хаягласан зиплок уутанд хийж ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлээс 4-chloromethcathinone гэх бодисын агууламж илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 1 мл-ийн зүүтэй тариур мэт зүйл, “Спутник” гэх бичиглэлтэй притка тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0.0411 грамм байна...” гэх (1-р хавтаст хэргийн 32-34 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5269 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.2. Ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “2024.09.13 *** Б.Х” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх (1-р хавтаст хэргийн 37-39 дэх тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 973 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Б.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Х нь одоо олон төрлийн сэтгэцэд идэвхт эм бодисыг хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 3.Б.Х-ийн дээрх эмгэг нь олдмол болно. 4. Б.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.7.Б.Х нь олон төрлийн сэтгэцэд идэвхт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна...” гэх (1-р хавтаст хэргийн 48-50 дахь тал),

- Шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө нь О, Б хоёртой Шар хаданд О-ийн найзынд очоод бид хэд согтууруулах ундааны  зүйл уусан. Тэгээд уугаад сууж байсан чинь Б гэрийн эзэн хоёр маргалдсан. Би гэрийн эзнийг нь сайн танихгүй зүгээр хамт архи уусан. Тэгсэн чинь гэрийн эзэн эмэгтэй цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаагийн алба хаагч нар ирээд бид хэдийн регистрийн дугаараар шалгаад намайг Хар тамхитай тэмцэх газраас эрэн сурвалжилж байгаа юм байна гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст авчирч намайг саатуулсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрийн гадаа явж байсан чинь энгийн хувцастай 2 цагдаагийн албан хаагч ирээд таныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байгаа юм байна гэж хэлээд Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү аваад ирсэн. Тухайн цагдаагийн албан хаагч миний биед үзлэг хийгээд миний биед байсан зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан нунтаг зүйлийг хурааж авсан. Ингээд намайг тухайн албан хаагч нар Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нарт хүлээлгэн өгсөн. Би тухайн цагаан нунтаг зүйлийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би гадуур явж байхдаа зүс таних танилтайгаа таарсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд юм яриад сууж байсан чинь хармаанаасаа цагаан нунтаг зүйл гаргаж ирээд 2-лаа энийг хэрэглэх үү гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тарианы уусмалд тухайн цагаан нунтаг зүйлийг хольж хийгээд тариагаар судсандаа тарьж хэрэглэсэн. Хэрэглэсний дараа надад тайван мэдрэмж өгсөн, өөр ямар нэгэн мэдрэмж төрүүлээгүй. Тэгээд тэр надаас салахдаа тухайн цагаан нунтаг зүйлийг үлдээгээд явсан. Би тухайн хүний хувийн мэдээлэл болон утасны дугаар, гэрийн хаягийг нь мэдэхгүй. Зүгээр л зүс таних хүн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Залилах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, *** тоотод Э.Б-ын 725,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 загварын гар утсыг өгч байгаач хүнтэй ярьчхаад ороод ирье гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 215 дахь тал),

- “...гар утсаа алдчихлаа...” гэх дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 216 дахь тал),

- Хохирогч Э.Б-ын “...Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэртээ байж байхад манай хажуу өрөөг 2 сарын өмнө түрээсэлдэг байсан “Ма гэх хочтой нэрийг нь сайн мэдэхгүй, Х гэж найзууд нь хэлж байсан, тэрнээс өөр зүйл мэдэхгүй” эмэгтэй манайд орж ирээд хоёр найзаа хайж байсан. Тэр 2 найз нь сарын өмнө манай байрнаас гарсан байсан. Тэгээд намайг утсаа өгч байгаач, хүнтэй яриад өгье гэхээр нь утсаа өгтөл энд болохгүй байна, гадаа гараад ярьчхаад ирье гээд гарсан. Тэгээд эргэж орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан чинь алга болсон байсан. Би өөрийнхөө утас руу залгасан чинь дуудаж байгаад унтраасан. Үүний дараа би цагдаагийн байгууллагад хандсан. Би Х гэх охиныг 2 сар гаруйн өмнөөс таньдаг болсон. Манай хажуу өрөөг түрээсэлж байсан юм. Нэрийг нь бол сайн мэдэхгүй өөрийгөө Ма гэдэг байсан. Миний утас IPhone 11 байсан. Одоогийн зах зээлийн үнэ нь 900,000 төгрөг байгаа. Би алдсан гар утсаа олж авах хүсэлтэй байна. ...Б.Х 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу 850,000 төгрөг шилжүүлсэн. Миний гар утасны хохирлыг төлж барагдуулсан тул надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 219 дэх тал),

- Гэрч Т.О-ийн “...Би Х-г танина. Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр сургуулийн 5 дугаар ангиасаа найзалж эхэлсэн. Хамт нэг ангид сурдаг байсан. Намайг байр түрээсэлдэг байхад ирж очин байдаг байсан. Хааяа хоноод явдаг. Түүнээс надтай хамт байр түрээсэлдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 226 дахь тал),

- Дамно үнэлгээ ХХК-ийн №БЗД2-24-1392 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: Шинжилгээний объектын 2024.06.11-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 725,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх (1-р хавтаст хэргийн 232-237 дахь тал),

- Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, *** дүгээр орц шатаар гараад хамгийн эхний хар ногоон өнгийн хаалга тоотыг нь сайн мэдэхгүй байна. Би найз О-тэй уулзахаар очтол О байрнаасаа гараад нүүсэн байсан. Тэгээд хажуу өрөөг нь түрээсэлдэг Б-оогоос айфоне 11 про загварын гар утсыг нь гуйж, өөрийнхөө фейсбүүк хаягийг нь оруулж Т.О гэсэн фейсбүүкээр нь чатаар залгаж найзтайгаа утсаар нь яриад аваад гарсан. Би тухайн хүний хохирлыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *** данснаас Б-ын данс руу 850,000 төгрөг шилжүүлж хохирол барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Б.Х нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” амралтын газрын гэрт амарч байсан Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч Е-гийн эзэмшлийн 275,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-8” загварын гар утсыг, 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч Е-ийн эзэмшлийн 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, хохирогч Г.П-ын эзэмшлийн 235,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-50" загварын гар утсыг, хохирогч Д.Л-ийн эзэмшлийн 125,000 төгрөгийн үнэ бүхий “LG-G6” загварын гар утсыг, 350,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-А7” загварын гар утсыг, хохирогч Д.С-ийн эзэмшлийн 1,169,910 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А35” загвар гар тусыг буюу нийт 4,904,910 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 97 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 99-105 дахь тал),

- Хохирогч Е S-ын “...Би нөхрийн хамт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чех улсаас ирсэн. Өчигдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ө амралтын газарт хамаатны хүмүүсийн хамтаар амарч байсан юм. Бид нар өчигдөр хамтдаа агаар салхинд сууж байгаад 00 цаг болж байх үед унтахаар хэвтсэн. Намайг өглөө унтаж байх үед хамаатны хүмүүс гар утсаа хулгайд алдсан талаар хэлэхээр нь өөрийн утсыг шалгахад утас байхгүй байсан. Миний гар утас нь хар өнгийн IPhone 8 маркийн гар утас, саарал өнгийн кейстэй, цэнхэр өнгийн IPhone 13 маркийн гар утас тус тус алга болсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 109 дэх тал),

- Хохирогч Е-ын “...Би эхнэрийн хамт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чех улсаас ирсэн юм. Өчигдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ө амралтын газарт эхнэрийн хамаатны хүмүүсийн хамтаар амарч байсан. ...Намайг өглөө унтаж байх үед эхнэрийн хамаатны хүмүүс гар утсаа хулгайд алдсан талаар хэлэхээр нь өөрийн утсыг шалгахад утас байхгүй байсан. Миний гар утас цэнхэр өнгийн кейстэй, цэнхэр өнгийн Iphone 13 маркийн гар утсаа алдсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 114 дэх тал),

- Хохирогч Г.П-ын “...Намайг өглөө унтаж байх үед эхнэр Л утас байхгүй байгаа талаар хэлэхээр нь өөрийн утсыг байхгүй байгааг мэдсэн. Тэгээд ойр орчимд хайж байсан чинь хамаатны дүү Э “Манай гэрт хоёр охин орж ирээд мөлхөж байсан” талаар хэлсэн. Миний гар утас нь ямар нэгэн кейсгүй, цагаан өнгийн Samsung A50 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 118 дахь тал),

- Хохирогч Д.Л-ийн “...Би өглөө 6 цагийн орчимд босоод утсаа хайгаад олоогүй юм. Тэгээд ойр орчимд хайж байсан чинь хамаатны дүү Э “Манай гэрт 2 охин орж ирээд мөлхөж байсан” талаар хэлсэн. Миний гар утас нь цэцгэн хээтэй кейстэй, хар өнгийн камер нь хагарчихсан гар утас байгаа, LG G6 маркийн гар утас болон цэцгэн хээтэй кейстэй, шаргал өнгийн ар талын шил нь хагарчихсан гар утас, Samsung маркийн гар утас байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 122 дахь тал),

- Хохирогч Д.С-ийн “...Би өглөө 05 цаг 40 минут орчмын үед босоод утасны цагаа харчхаад унтаж байгаад 06 цаг орчмын үед босож бие засахад гар утас алга болчихсон байсан. Миний гар утас нь хар өнгийн кейстэй, цэнхэр өнгийн Samsung A35 маркийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2024 оны 05 дугаар сард манай хүүхэд 1,950,000 төгрөгөөр авч өгч байсан юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 126 дахь тал),

- Гэрч О.М-ын “...2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн найз охин Ц, өөрийн найз нар болох Т, А, Э, Н, Т, А нарын хамт хотоос гараад Тэрэлжид ирсэн. Тэрэлжид ирээд Ө гэсэн амралтын газарт ирээд нэг гэр авч орцгоосон. Хоол унд хийж идээд архи пиво ууцгаасан. Миний найз охин Ц өөрийн найз Х-г шөнө дуудаад Х нь нэг найз охинтойБирээд шөнө бид нар хөзөр тоглож архи пиво уусан. Зарим найзууд маань унтсаны дараа өглөө үүр цайж байхад Ц, Х, Т бид дөрөв уул руу гарч пиво уусан. Уулнаас буугаад явж байхад Х, Ц хоёр алга болчихсон. Би нойр хүрч байсан учир Т бид хоёр гэр рүү ороод унтаад өгсөн. Намайг унтаж байхад Ц орж ирээд надтай хамт унтсан. Ингээд өглөө 08 цаг өнгөрч байхад гэрийн гадаа баахан хүмүүс ирчихсэн гар утаснууд хулгай хийсэн гэж хэрүүл хийгээд байсан. Үнэндээ бид нарын хэн нь ч хулгай хийгээгүй болохоор тэр хүмүүстэй хэрэлдсэн. Төд удалгүй цагдаа нар ирээд миний машин дотроос гялгар ууттай 7 ширхэг гар утсыг гаргаад ирсэн. Тэгтэл тэр утаснуудыг Х, Ц хоёр хулгай хийж авсан байсан. Үүнийг би болон манай найзууд бүгд мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 129-130 дахь тал),

- Гэрч Н.Т-ий “...Бид нар 04 цаг хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад эхнээсээ тасраад унтацгаасан. Маргааш өглөө нь нэг эгч хэрүүл хийгээд намайг сэрээсэн. Би босоод юу болоод байгааг нь ойлгоогүй байж байсан чинь А-н таньдаг гэж байсан Г, М гэх хоёр охин хажууд байсан амрагч нараас хулгай хийсэн гэж байсан. Бид нар мэдээж хамт явсан тул мэдэхгүй өмөөрөөд маргалдаж байсан чинь цагдаа хүрч ирээд хулгайлсан гар утсыг нь гаргаад ирсэн. ...Г, М хоёр шөнө тэр амралтын газар амарч байсан хүмүүсийн гэрт нь орж гар утаснуудыг нь хулгай хийгээд гялгар уутанд хийж М-ын машины доогуур хийчихсэн байсныг нь цагдаа нар гаргаад ирсэн. Тэр хоёрыг утас хулгай хийснийг бид нар мэдээгүй тэр хүмүүстэй нь хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг бараг танихгүй. Тэр өдөр л анх удаа харсан. Тэр хоёрын хулгайлсан утсыг би машин доогуур хийгээгүй. Тэр хоёр намайг хийсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Яагаад намайг тэгж хэлснийг гайхаж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 132, 134-135 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...Би 2024.07.05-ны өдөр өөрийн найз Б-той уулзахаар ээжээсээ зөвшөөрөл аваад гэрт нь очиж хоносон. Маргааш нь Б-оос салаад Х гэх найзтайгаа очиж уулзаад хамтдаа Playtime  фестиваль очиж үзэхээр явж байгаад Х-ийн найзуудтай амралтад явахаар болоод Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Ө гэх нэртэй амралтын газарт очсон. Очоод Х болон түүний найзуудтай хамт 2-3 ширхэг 2 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво хувааж уучхаад унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь эмээ орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би гайхаад бостол “утас хулгайд алдагдсан. Та нар авсан” гэж хэлээд дайраад байсан. Тухайн орой би шууд унтаад өгсөн тул манайхныг авсан аваагүйг мэдэхгүй хэрэлдэж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 137 дахь тал),

- Гэрч П.М-ийн “...Өчигдөр миний төрсөн өдөр болоод найзууд болох А, Э, Т нартай уулзаж агаар салхинд гарахаар болж Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ө гэх нэртэй амралтын газарт ирж амарцгаасан. Тэгсэн чинь А “хэдэн таньдаг охин дуудчихъя” гээд дуудсан чинь эхлээд 3 охин ирээд Б гэх охин үргэлжлүүлээд 2 охин дуудаж авчирсан. Бид нар авсан архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж байгаад 04 цаг орчмын үед унтсан. Өглөө 09 цаг орчмын үед хүмүүс хаалгаар орж ирээд утсаа нэхээд байсан. Би юу болоод байгааг нь мэдээгүй тул өөдөөс нь хэрэлдсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд шалгасан чинь манай машины доороос гар утас гарч ирсэн. Уг гар утсыг А-н дуудсан охин болох Г, Г-ийн дуудсан охин болох М хоёр авчихсан байсан юм билээ. Тэгээд бид нар тухайн хүмүүсээс нь уучлал гуйсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139 дэх тал),

- Гэрч Ц.А-н “...Тэрэлжид авсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Ц 2 охин дуудаж авчирсан. Бид нар ойр зуурын юм яриад би хоол хийж дуусаад идчихээд тасраад уначихсан. Намайг сэрэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 141 дэх тал),

- Гэрч А.Э-ын “...2024 оны 07 дугаар сарын 06-ны  өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо,  Мэлхий хадны ойр орчимд байх П гэх хүний гэрт ирж уулзангаа амарч байгаад өнөөдөр өглөө 05 цаг 50 минутын орчимд гэр лүү  хүн орж ирсэн байдалтай сандал дээр байсан гялгар уут дуугарахаар нь дээш хагас өндийн хартал хаалганы хажуу талын сандал дээр хар хувцастай нэг охин сууж байсан. Харин нэг охин нь миний орны урд талд дөрвөн хөллөсөн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би гайхаж юун хүмүүс вэ гэж асуутал цаана сандал дээр сууж байсан охин гэнэт босож ирээд айл андуурсан байна гэж хэлэх үед нь нөгөө охин нь мөн босож ирээд айл андуурчээ гэж хэлээд цааш гараад гүйсэн. Тэгээд би нээрээ л андуурсан байх гэж бодоод эргээд хэвтэх гэтэл гэнэт сэжиг төрөн гар утсаа хайтал байхаар нь санаа амраад унтаад өгсөн. Тэгтэл удалгүй цаад талд байшинд амарч байсан манай ах, дүү нар ирээд гар утаснуудаа алдчихлаа гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Хаалганы хажууд сууж байсан эмэгтэй нь хар цамцтай, хар өмдтэй, далаараа татсан хар өнгийн үстэй. 160 см орчим өндөртэй. 20-30 орчим настай харагдсан. Миний урд дөрвөн хөллөөд байж байсан эмэгтэй нь цагаан өнгийн цамцтай, цайвар өнгийн өмдтэй, бор өнгийн тайрмал үстэй, 150 см орчим өндөртэй, 20-30 орчим насны эмэгтэй байсан. Гадаа гэгээ орчихсон байсан тул  би тухайн хоёр эмэгтэйн царайг сайн харсан тул одоо харвал танина...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 143-144 дэх тал),

- Дамно ХХК-ийн НД-24-175 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: Шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4,904,910 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх (1-р хавтаст хэргийн 153-159 дэх тал),

- Шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад манай найз Ц утсаар яриад Тэрэлжид амралтын газарт байна, хүрээд ир гэхээр нь би өөрийн найз М-г дагуулаад найз залуугаар нь машинаар Тэрэлжид амралтын газарт очсон. Ингээд тэнд байсан найзуудтай нь танилцаад архи, пиво ууцгааж хөзөр тоглосон. Зарим нь унтаад Т, М, Ц бид дөрөв үүр цайж байхад уул руу гарч пиво уусан. Т, М хоёр унтлаа гээд амралтын гэр рүүгээ явсан. Ц бид хоёр үлдээд пивоо ууж дуусгаад уулнаас бууж амралтын газар дээрээ очоод нэг гэрт ороход огт танихгүй хүмүүс унтаж байхаар нь хажууд нь байсан утаснуудыг нь аваад гарсан. Хажуугийн гэрт нь орж бас унтаж байсан хүмүүсийн гар утсыг авсан. Нийтдээ 4-5 гэрт орж унтаж байсан хүмүүсийн гар утсыг аваад өөрсдийн гэрийн гадаа очиход нийтдээ 7 ширхэг гар утас авсан байсан. Тэгэхээр нь гар утаснуудаа гялгар уутанд хийгээд М-ын машины доогуур хийгээд Ц бид хоёр гэрт ороод унтсан. Өдөр 11 цагийн үед унтаж байхад хүмүүс чанга чанга ярьж шуугиад байхаар нь сэрсэн чинь гар утсаа алдсан хүмүүс ирчихсэн манай  найзуудтай хэрүүл хийж байсан. Ц бид хоёр эхэндээ айгаад юу ч хэлээгүй, тэгтэл цагдаа ирээд М-ын машины доогуур нуусан байсан гар утсыг гаргаж ирсэн. Тэгээд Ц бид хоёр хэргээ хүлээгээд Налайхын цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Бид хоёрын орж гар утас авсан бүх гэрүүд онгорхой цоожгүй байсан. Ц бид хоёр согтуу, тэгээд бас яарч байсан болохоор аль аль гэрээс ямар гар утас авсныг одоо санахгүй байна. Бид хоёр тэр гэрүүдээс яг 7 ширхэг гар утас хулгай хийж авсан. Цагдаа нар ирээд тоо ёсоор нь машины доороос олж аваад хохирогч нарт тэр өдөр нь хүлээлгэж өгсөн. Бид хоёрт одоо төлөх хохирол байхгүй.  7 ширхэг гар утсыг үнэлсэн үнэлгээтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 178-180 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,

мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т[1] зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5268 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Х-аас хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан зиплок уут бүхий цагаан өнгийн нунтаг зүйлээс “4-chloromethcathinone” гэх бодисын агууламж илэрсэн ба уг бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна.

Иймд  шүүгдэгч Б.Х-

ийн олж авсан, хадгалсан “4-chloromethcathinone”-ийн  агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис юм.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “4-chloromethcathinone”-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд цэвэр жингээр 0.0411 граммыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод буюу гэртээ өөрийн үүргэвчиндээ хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Залилах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөнд тооцогдоно.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Х нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо *** тоотод урьд хажуу өрөөг нь түрээслэн амьдарч байсан байрныхаа эзэн болох Э.Б-той уулзаж “найз нараа хайж байна, хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөл орлуулж гар утсыг өөртөө авч, улмаар энд утсаар ярьж болохгүй гэж гэрээс нь гараад гар утсыг буцаан өгөлгүй авч явсан үйлдэл нь залилах гэмт хэргийг нь шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Х-ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, залилан мэхэлж авч байгаа үйлдэл нь идэвхтэй, хууль бус болох илэрхий байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Э.Б-ын өмчлөлийн  Айфоне 11 загварын гар утсыг Дамно үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 725,000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас Э.Б-д бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Х-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөл оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдлийг хамааруулан ойлгодог.

Тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.

Хууль тогтоогчоос “Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Шүүгдэгч Б.Х нь бусадтай бүлэглэн тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нэр бүхий хүмүүстэй хамт 2024 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” амралтын газарт амарч байхдаа тухай амралтын газраар үйлчлүүлж байсан хохирогч нарын монгол гэрт шөнийн цагаар хууль бусаар нэвтэрч, Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч Е-гийн эзэмшлийн 275,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-8” загварын гар утсыг, 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, Бүгд Найрамдах Чех Улсын иргэн хохирогч Е-ийн эзэмшлийн 1,375,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг, хохирогч Г.П-ын эзэмшлийн 235,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-50" загварын гар утсыг, хохирогч Д.Л-ийн эзэмшлийн 125,000 төгрөгийн үнэ бүхий “LG-G6” загварын гар утсыг, 350,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-А7” загварын гар утсыг, хохирогч Д.С-ийн эзэмшлийн 1,169,910 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А35” загвар гар тусыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэх бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заасан.

Шүүгдэгч Б.Х бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй хэдий боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч нарын амарч байсан монгол гэрт орж гар утсыг хулгайлан авч гэрч Б.М-ын тээврийн хэрэгсэл доор нууж, тухайн гар утсыг захиран зарцуулах бодит боломжийг бий болгосон байх тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Х-г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан шууд хохирол төлбөргүй болно.

Хохирогч Э.Б-д гар утасны үнэ болох 725,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний дахин өгсөн мэдүүлгээр (1-р хавтаст хэргийн 223 дахь тал) тогтоогдож байна.

Мөн нэр бүхий 5 хохирогчийн 7 ширхэг гар утсыг биет байдлаар хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Х-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд  шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар  зүйлд зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 11 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 31 хоног, шүүхийн шатанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 43 хоног, нийт 74 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байгаа 0,0411 грамм цагаан өнгийн нунтаг зүйл, 1 мл-ийн зүүтэй тариур мэт зүйл, “Спутник” гэх бичиглэлтэй притка гэх зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харахад дөнгөж насанд хүрсэн үедээ дээрх 3 гэмт хэргийг үйлдсэн байдаг. 3 сарын хугацаанд л болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ял шийтгэх нь сонгох санкцтай. Улсын яллагчийн зүгээс 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Б.Х-ийн хувьд дөнгөж насанд хүрч байгаа, цаашид сурч боловсрох, амьдралд хөл тавих зэргийг нь анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн тухайн нөхцөл байдалд өөрийнхөө үр дагаврыг ухамсарлаагүй, өсвөр насны сонирхлын үндсэн дээр үйлдсэн байж магадгүй шинж тэмдэг харагдаж байгаа. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Тиймээс 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүндэдсэн байх тул хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сар, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, нийт 4 жил 11 сарын хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор хохирлын хувьд хүндэдсэн гэж үзэж байна. Иймд Б.Х-ийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг 50 хувиар бууруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялын хугацааг 1 жил болгож багасгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Х: “...Ялыг маань багасгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэх бодол байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Х-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 67, 193, 240 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 77, 190, 243 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 78, 191, 244 дэх тал), хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 188 дахь тал),  асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 194-199, 247-250 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 242 дахь тал), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 245 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 246 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.

Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Б.Х нь анх удаа хорих ялаар шийтгүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзсан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах боломжгүй юм.

Харин түүний насны байдал, 18 насанд хүрээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийн хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзсэн болно.

2.3.  Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “1” гэж дугаарласан зип лок ууттай, цэвэр жин 0,0411 грамм цагаан өнгийн нунтаг зүйл, 1 мл-ийн зүүтэй тариур мэт зүйл, “Спутник” гэх бичиглэлтэй притка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х-ийн  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Б-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “1” гэж дугаарласан зип лок ууттай, цэвэр жин 0,0411 грамм цагаан өнгийн нутаг зүйл, 1 мл-ийн зүүтэй тариур мэт зүйл, “Спутник” гэх бичиглэлтэй притка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Х-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР

 

 

[1] Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль

4 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх

/Дээрх 4 дүгээр зүйлийн гарчигт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:

4.1.1.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2.лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;

4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;

/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.

/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.2. Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.