Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535001690034 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О ургийн овогт Н-гийн Ц (РД: ....), 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн,... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй шүүгдэгч Н.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Ц нь Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Аагаа” гэх нэртэй газрын ойгоос 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд 1.3778 м.куб хэрэглээний шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд нийт 976’346.7 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-35 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас), мод бэлтгэх эрхийн бичиг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 39, 46-48 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), гэрч Ч.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас), гэрч Т.П-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас), шинжээчийн 14 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), шинжээчийн 01 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 125-128 дугаар хуудас), Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт (хавтаст хэргийн 123 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Н.Цг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Ц нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь ойн санд 976’346.7 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /976’346.7₮х3=/2’929’040 (хоёр сая есөн зуун хорин есөн мянга дөч) төгрөг байна. Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 3’299’703 төлсөн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 123 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь төлбөл зохих хохирол, хор уршгийн хэмжээнээс 370’663 төгрөгийг илүү төлсөн байх тул илүү төлсөн 370’663 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот данснаас буцаан гаргуулж шүүгдэгчид олгох нь зүйтэй.  

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хэрэгт битүүмжлэгдсэн хуурай 1.3778 куб шинэс мод, 5 настай халтар зүсмийн морь 1 зэргийг хураан авч улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Харин эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг аварга хөрөө нь зэвсгийн чанартай зүйл тул устгах нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, битүүмжилсэн 1.3778 м.куб шинэс мод, халтар зүсмийн, нэг тооны морь зэргийг худалдан борлуулж, олсон орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн тул тэдгээрийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ургийн овогт Н-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.3778 м.куб шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох халтар зүсмийн, нэг тооны морийг тус тус хураан авч худалдан борлуулж, олсон орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот данснаас 370’663 (гурван зуун далан мянга зургаан жаран гурав) төгрөгийг буцаан гаргуулж шүүгдэгч Н.Ц-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн 1.3778 м.куб шинэс мод, халтар зүсмийн, нэг тооны морь зэргийг худалдан борлуулж, олсон орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэх зорилгоор тус тус Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА