Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000055 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт С-гийн Б (РД: ....), 1995 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл шүүгдэгч С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Б нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой Увс аймгийн Цагаанхайрхан сумын төв, Цэцэрлэгийн хажууд Н.М-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон, мөн дахин Цагаанхайрхан сумын 04 дүгээр баг, Байшинт хороололд хохирогч Н.М-ын нүүр, толгой руу нь олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хохирогч Н.М-ын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 8, 10 дугаар хуудас), гэрч Г.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), гэрч Ц.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), хохирогч Н.М-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 106 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч Н.М-ын “...Гэмт хэрэг үйлдсэн яллагдагч С.Б нь надаас уучлалт гуйж, хохиролд 300’000 төгрөг төлсөн тул надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), мөн хохирогчийн “...Сгийн Б нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад нэхэмжлэх зүйл цаашид санал, хүсэлт, гомдол байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэргээр нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА