Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2019/00524

 

 

 

 

 

2019 12 06 103/ШШ2019/00524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1950 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, эмэгтэй, урианхай, тусгай дунд боловсролтой, нарийн боовны технологич мэргэжилтэй, ам бүл 7, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 4 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, Арван овогт Вандангийн Бумцэндийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин, өөрийн байранд байрлах, Алтай Хангай Конкерет ХХК,

Хариуцагч: 1967 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо 41 дүгээр байрны 32 тоотод оршин суух, Алтай Хангай Конкерет ХХК-ийн захирал ажилтай, Боржигон Даваасамбуугийн Ганболд,

Хариуцагч: 1971 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, эмэгтэй, урианхай, дээд боловсролтой, эдийн засагч мэрэгжилтэй, ам бүл 3, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо 41 дүгээр байрны 32 тоотод оршин суух, Алтай Хангай бүрд ХХК-д эдийн засагч ажилтай Хотгойд овогтой Пүрэвжавын Бямбацэцэг нарт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Бумцэнд, хариуцагч Д.Ганболд, П.Бямбацэцэг, гэрч Н.Гансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Бумцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Нацагдоржтой 1973 онд гэрлэж, ханийгаа насан өөд болтол буюу 2017 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Бид 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл Алтай Хангай Конкерет ХХК-ийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин хэсэгт байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн хөрөнгийг манаж, энэ компанийн манаачаар ажилласан. Хань бид хоёрыг ажиллаж байхад компанийн захирал Д.Ганболд та нар бол манай компанийн ууган ажилчид гэдэг байсан. Бид хамтдаа сарын 350.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Нийт ажилласан хугацааны цалингаас 17 сарын цалин буюу 5.950.000 төгрөгийг аваагүй. Цалин өгөхгүй хугацаа хоцроогоод байхаар нь өвгөн бид хоёр захиралд гомдол мэдүүлэхэд захирал Д.Ганболд, түүний эхнэр П.Бямбацэцэг нар хамт байж байгаад бидэнд санаа зоволтгүй ажлаа хийцгээж бай, бид Багануурт барих гэж байгаа орон сууцнаас дор хаяж 1 өрөө байрыг та нарт цалинд чинь тооцож өгнө гэж хэлж байсан. Бид энэ үгэнд нь итгээд удаан хугацаагаар цалингүй ажилласан. Барилга баригдахгүй байхаар нь бид цалингаа нэхэхэд бага багаар мөнгө өгөөд, үлдэгдэл цалинг чинь өгнөө л гээд байдаг. Өвгөн маань 2017 оны 04 сард нас барсан. Үүнээс хойш би бие тааруу учир манаачаар ажиллахаа больсон. Алтай Хангай Конкерет ХХК-ийн ажилтан П.Бямбацэцэгийн эцэг эхтэй бид нутаг нэгтэй, бие биенээ сайн мэдэх хүмүүс учир энэ хүүхдүүдэд итгээд цалин хөлсгүй удаан хугацаагаар ажилласан. Гэтэл аав ээжтэйгээ адил биднийг ингэж хохироож байгаад гомдож байна. Би бусдаас авсан мөнгөө нэхэхгүй гар дээр авсан цалингаа хасаад аваагүй цалин хөлс буюу 17 сарын цалин 5.950.000 төгрөгийг Алтай Хангай Конкерет ХХК, Даваасамбуугийн Ганболд, Пүрэвжавын Бямбацэцэг нараас гаргуулж өгнө үү. Өмнө шүүхэд 2018 оны 09 сард энэ талаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй хэмээн нэхэмжлэлийг буцаасан. Шүүхэд хандаж 2018 оны 10 сарын 29-ний өдөр хариуцагч Ганболдыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрийн дагуу 2019 оны 10 сарын 08-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны хэсгийн мөрдөгч, Д.Ганболдын хаягийг тогтоосон тухай албан тоотоор мэдэгдсэн гэжээ.

Нэхэмжлэгч В.Бумцэнд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай өвгөнийг манаачаар ажиллаж байх эхний үед цалингаа тогтмол өгч байсан, сард 350.000 төгрөгөөр цалинждаг байсан. Цалингаа бэлнээр авчирч өгдөг байсан. 2014 он гараад цалингаа тогтмол өгөхөө больсон, баяр ёслолоор өгдөг болсон, манай өвгөн дэвтэр дээрээ авсан цалингаа тэмдэглэдэг байсан боловч одоо дэвтэр нь олдохгүй байна. Аваагүй цалин хөлсөө нэхэхэд өгнө гэдэг байсан. 2015 оны 08 сарын 27-нд манай өвгөн Ганболдоос 3.500.000 төгрөг зээлж охиндоо өгсөн. 2016 оны 07 сарын 9-нд 500.000 төгрөг өгсөн, тэрнээс хойш 2017 оны 03 сард Бямбацэцэг манайд ирсэн, цалин мөнгөний талаар ярьсан, удалгүй манай өвгөн нас барсан. Бямбацэцэг ажил явдалдаа хэрэглээрэй гээд 100.000 төгрөг надад өгөөд та үргэлжлүүлээд манаачаар ажиллаж болно гээд явсан. 2017 оны 09 сард Бямбацэцэгтэй отгон хүүгээ дагуулаад очиж уулзсан, цалин мөнгө орж ирэхээр тооцоогоо дуусгана гэж хэлсэн боловч өгөөгүй он гарсан. 2018 онд энэ хүмүүс ямар ч холбоогүй болсон, мөнгө төгрөгөө өгөх байлгүй гэж харсан. Манай өвгөн эдний байгууллагад манаачаар ажиллаж байсан, би хашааны хог цэвэрлэх хааяа хоол хийж өгөх ажлуудыг өөрөө сайн дураараа хийдэг байсан, тэрнээс миний хувьд манаач хийдэггүй байсан гэв.

Хариуцагч Д.Ганболд, П.Бямбацэцэг нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд В.Бумцэндийн хань н.Нацагдоржийг Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах бетон зуурмагийн үйлдвэрт манаачаар түр ажиллуулсан. Ажиллуулах хугацаандаа Алтай Хангай Конкерет ХХК албан ёсны гэрээ хийж ажиллуулаагүй, түүнтэй тохиролцож цалинг тухай бүрт нь өгч байсан. Манай зуурмагийн үйлдвэр 2017 оны 07 сараас 09 сар хүртэл, 2018 оны 07 сараас 09 сар дуустал түр хугацаагаар ажиллаж байх үед манай үйлдвэр дээр ирж ус авдаг, манай хүмүүстэй уулздаг байсан гэдэг. Энэ үед бидэнд хандаж цалин тооцоо байгаа талаар хэлж уулзаагүй юм. Харин бидний хаяг, утасны дугаар түүнд байсан байтал Д.Ганболд намайг цагдаагаар эрэн сурвалжлуулж, нэр хүндэд халдаж гутаасанд гомдолтой байна. Үүнээс болж Д.Ганболд миний биед тархинд харвалт өгөх шахаж эмчилгээ хийлгэсэн тул зардлаа нэхэмжлэх болно. Анх зуурмагийн үйлдвэр байгуулж байхад манай тогооч байсан Дархисүрэнтэй удаа дараа уулзаж, тэтгэврийн хөгшин биднийг ажилд авч туслаач гээд байхад нь нэг нутгийн хүмүүс юм байна гээд тэдэнд тусалж нөхрийг нь сахиул болгож авсан. Сахиул хийж байх үед нь нүүрс, цахилгаанаар хангаж байсан. Гэтэл В.Бумцэнд нь манай зуурмагийн үйлдвэр Багануур дүүргийн Татварын хэлтэст, газрын албанд бүртгэлтэй, бидний хаяг, утас тэнд байдаг байтал цагдаагаар эрэн сурвалжлуулж худлаа хэлж яваад нь гомдол гаргана. Үнэхээр цалин хөлсний тооцоо байсан бол бид уулзаж түүнд цалингийн тооцоо хийж болох байсан гэжээ.

Хариуцагч Д.Ганболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намайг гэртээ хаяг дээрээ байсаар байтал шүүхэд хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулсан, миний бие өвдөөд ажлаа хийхгүй байсан ч гэртээ байж л байсан. Би энэ хүний нөхөр Нацагдоржтой Ганболд гэдэг хувь хүнийхээ хувьд ярилцаж тохиролцоод манаачаар ажиллуулж цалин хөлсийг тогтмол өгч байсан, бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй, харин өвгөн гуйгаад байхаар нь охин Болормаад нь 3.500.000 төгрөг хүүтэй зээлдүүлсэн, баримт нь байгаа, тэр мөнгийг цалингаас нь суутгана гэж тохиролцсон байсан боловч суутгаагүй, өвгөн гэнэт нас барсан. Би Бумцэнд гэдэг хүнийг ажилд аваагүй, энэ хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, манай компанид ажиллаж байгаагүй, тийм болохоор энэ нэхэмжлэлийн хувьд манай компани, би, манай эхнэр хариуцагч биш. Урд нь надад цалин хөлсний талаар нэг ч удаа ярьж байгаагүй, гэнэт намайг цагдаагаар эрэн сурвалжлуулаад машинтайгаа явж байсан чинь зогсоогоод монгол даяар эрэн сурвалжилсан гээд барьж авсан, энэ байдлаас болоод миний бие муудсан, ийм тооцоо байгаа гэдгийг энэ намар л мэдэж байна. Надад их хүндрэлтэй байна, юу ч хэлэхгүй байснаа гэнэт тооцоо гээд гаргаад ирэхээр гайхаж байна. Эдний охины ааваараа авахуулсан 3.500.000 төгрөг хүүтэйгээ нийлээд 5 сая гаран болсон, охин маань Солонгос гарах гээд мөнгө хэрэг болоод байна ахдаа туслаач гэхээр нь 3.500.000 төгрөг өгсөн, энэ мөнгөө олж авч чадаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бид хоёрын хооронд тооцоо байхгүй хөлсийг тухай бүр өвгөнд өгч байсан. 2017 он гараад би өөрөө урагшаа эмчилгээнд явсан учраас зарим үед сар сард нь өгөөгүй байж болно, гэхдээ тооцоо байхгүй, харин би зээлдүүлсэн 3.500.000 төгрөгөө хүүтэй нь охиноос нь нэхэмжилж шүүхэд хандана гэж бодож байгаа. Намайг өвчтэй үед манай компани эзэнгүй байгаагүй, манай дүү нар ажиллуулж байсан, би эмчилгээ хийлгээд тэр бүр ирдэггүй дүү нараа байлгадаг байсан, надад орлогоо нуугаад өгөхгүй гээд байх шалтгаан байхгүй гэв.

Хариуцагч П.Бямбацэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ үйлдвэр 2013 онд байгуулагдсан, Нацагдорж гуайг манаачаар ороход би байгаагүй. 2015 онд манай нөхөр осолд ороод бие нь өвдөөд ирж чадахгүй болоод би хааяа ирдэг байсан. 2017 оноос манай дүү, 2018 онд Ганболдын төрсөн дүү ирж хариуцан ажиллуулж байсан. Надад энэ асуудал огт хамааралгүй, нутгийн хүмүүс өөрсдөө гуйгаад байхад нь анх ажилд авсан, цалин хөлсний талаар би мэдэхгүй, би бол хариуцагч биш, компани дээр хүмүүс байсаар байхад ирж уулзаагүй байж манай нөхрийг эрэн сурвалжлуулаад, шүүхэд нэхэмжлэл гаргаж, намайг хариуцагчаар татсанд гомдолтой байна гэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Бумцэнд нь хариуцагч Алтай Хангай Конкерет ХХК, Д.Ганболд, П.Бямбацэцэг нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь В.Бумцэнд нь Алтай Хангай Конкерет ХХК болон Ганболд, Бямбацэцэг нартай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, түүний нөхөр Нацагдоржийг компани биш Ганболд гэж иргэний хувьд амаар тохиролцож манаачаар ажиллуулан цалинг тухай бүр бэлнээр өгч байсан, ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилсан. Нэхэмжлэгч В.Бумцэнд нь нэхэмжлэлээ 3 хариуцагчид холбогдуулан гаргасан бөгөөд нэг хариуцагч буюу Алтай Хангай Конкерет ХХК нь Багануур дүүрэгт байрладаг, 2 хариуцагч нь Улаанбаатар хот Баянгол дүүрэгт оршин суух албан ёсны хаягтай боловч нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн байрлан, үйл ажиллагаагаа явуулдаг газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн хэргийн харьяалал зөрчөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч В.Бумцэндийн гэр бүл талийгч н.Нацагдорж, Д.Ганболд нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд н.Нацагдорж манаачаар ажиллаж байсан, сард 350.000 төгрөгийн цалин авч байсан үйл баримтад талууд маргаагүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө., 360.2-д Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно. гэж заасан.

Хариуцагч Д.Ганболд нь хөлсийг сард 350.000 төгрөгөөр тохиролцож, хөлсөөр ажиллагч н.Нацагдоржид сар бүр бэлнээр олгодог, цалин хөлс олгосон талаар ямар нэгэн эрхийн акт үйлддэггүй байсан талаар тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин гэдэг ойлголт нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, тухайн ажилтны хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-д Үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заажээ.

Манаачийн үүрэгт ажлыг гүйцэтгэж түүндээ тохирсон цалин хөлс авах эрх нь тухайн хөлсөөр ажиллагчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх ба хөлсөөр ажиллагч, ажиллуулагч хоёрын хооронд үүссэн үүргийн харилцаа нь үүрэг гүйцэтгүүлэгч н.Нацагдорж нас барснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 240.1.3 т заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлал хийгдэхгүй юм.

Нэхэмжлэгч В.Бумцэнд, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй, түүнчлэн н.Нацагдорж нь хөлсөөр ажиллах хугацаандаа хэдэн төгрөгийн цалин хөлс авах ёстойгоос хэдэн төгрөгийг авсан, хэдэн төгрөгийг аваагүй эсэх талаар бичгийн болон бусад ямар ч нотлох баримтгүй, нэхэмжлэгч В.Бумцэнд нь н.Нацагдоржийн өмнөөс түүний ажиллаж байхдаа аваагүй цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй эсэхээ баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 110.150 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Арван овогт Вандангийн Бумцэндийн нэхэмжлэлтэй, Алтай Хангай Конкерет ХХК, Даваасамбуугийн Ганболд, Пүрэвжавын Бямбацэцэг нарт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 110.150 төгрөг төлөхөөс Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 103/ШЗ2019/01601 захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ