Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 146/ШТ2017/00031

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Я овгийн М-н Цэд холбогдох эрүүгийн 201715010077 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... суманд төрсөн, 40 настай, .........й, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ........... сумын 5 дугаар баг, Их Монгол 138 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Я овгийн М-н Ц /РД: .........../

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.Ц  нь ялтай  байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Л.Д-г байнга зодсон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч М.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр надаас микро автомашин авах гэж манайд хоёр хүн ирсэн. Тэр хүн миний машиныг унаж үзээд авахаар болсон. Бид хоёр наймаагаа хийчихээд машинд сууж байтал манай эхнэр гурван найзтайгаа хамт манай гэрийн арын өрөөнд орсон. Намайг машинд сууж байтал эхнэр намайг дуудахаар нь яваад очтол 20 000 төгрөг өгөөд намайг дэлгүүр ороод нэг том пиво, хоёр ширхэг лаазтай пиво, бэлэн хоол, жижиг хиам олоод ир гэсэн. Би дэлгүүр яваад эхнэрийн захисан зүйлүүдийг олж ирж өгчихөөд өрөөнөөс гарах гэтэл намайг нэг уучихаад гар гэхээр нь би нэг аяга пиво уучихаад гарсан. Би нөгөө машин авах гээд ирсэн  хоёр хүнтэй гадаа машин тэрэг үзээд байж байтал эхнэр намайг дуудаад дахиад дэлгүүр яваад нэг пиво аваад ир гэхээр нь би машин авах гэж ирсэн нэг хүнийг дэлгүүр лүү пивонд явуулсан. Надаас машин авсан хүн надад нэг пиво авч өгсөн тэр пивийг гадаа машинд сууж байгаад уусан. Тэгээд машин авсан хоёр хүн, эхнэр бид дөрөв нэг пиво аваад “Хүрэн толгой” орж уучихаад гэртээ ирсэн. Гэртээ ирсэн хойно манай эхнэр намайг найзтайгаа хардаад уурлаад байсан. Тэрнээс болж бид хоёрын дунд маргаан гарсан. Маргалдаж байтал манай эхнэр миний толгойтой үснээс барьж аваад намайг хоёр, гурван удаа цохиж авсан. Тэгэхээр нь би эхнэрийг чанга дуугарахаар унтах болов уу гээд чанга дуугартал тоохгүй өөдөөс хэрэлдээд нулимаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрээ хоёр удаа алгадсан. Тэгээд эхнэр гараад явсан цагдаа дуудсан байсан. Тэгээд би цагдаад баригдсан гэв.

Хохирогч 19 онд төрсөн Лхасүрэнгийн Д хэрэг бүртгэлтэнд 2017-06-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манайд Алтан-Эрдэнэ, Энхцэцэг, Цэвэлмаа 3 манайд пивотой орж ирээд манайд 2 том пиво уусан. Тэр пивноос манай нөхөр Цэнд ганц нэг л аягыг уусан. Би ч гэсэн сүүлийн пивийг ууж байхад хүнд эм өгөх гэж гарчихаад орж ирсэн. Би ч гэсэн нэг их уугаагүй. Тэгээд тэд нар пиво уучихаад манайхаас явсан. Тэгэхэд өдөр 15 цаг болж байсан. Тэд нарыг явснаас хойш манай нөхөр М.Ц микро машинаа зарсан Баасан гэдэг хүнтэй гэртээ пиво уусан байсан. Намайг нэг ороход тэр хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд оройхон Баасан гэдэг хүнээ гаргаж өгөх гээд би өөрийн жижиг машинаа унаад М.Ц микрогоо унаад явсан. Тэгээд сумын төвийн ойролцоогоос гаргаж өгчихөөд би өөрөө машинаа унаад эргээд ирсэн. Ирж явах замд М.Ц уурлаад машины үрүүл булаагаад л байсан. Тухайн үед нь нэг их хэрүүл маргаан хийлгүй ирсэн. Би түрүүлж машинаасаа буугаад гэртээ орсон. Араас Цэнд орж ирсэн. Би цаад өрөөндөө ороод байж байтал ард юм пижигнэх чимээ гарахаар нь хартал ширээ өшиглөсөн байсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм аятайхан унт гээд цаад өрөө рүүгээ ортол араас сандал шидсэн. Тэр нь оноогүй. Би чи яагаад байгаа юм бэ зүгээр унтаач гэсэн чинь юу юугүй л гүйж ирээд үсдэж аваад шанаа руу алгадаад толгой руу цохиод байхаар нь хойшоо хараад хэвтсэн чинь бөгс рүү өшиглөөд байсан. Тэгээд өөрийг нь гараад явахаар араас нь гараад цагдаа руу гүйж очоод дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж М.Цийг аваад явсан. Урд өмнө хэд хэдэн удаа нүдэж зодож байсан. 2015 оны 04 дүгээр сар, 05 дугаар сарын үед яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. М.Ц пиво уугаад өдөржингөө байхгүй болж байгаад оройхон хүрээд ирэхээр нь чи одоо өдөржингөө пиводоод алга болчих юм гэсэн чинь уурлаад миний зүүн талын хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэрнээс нь болоод хөлний мах тасарсан хөл доголоод байсан. Тэгэхэд аймгийн төв эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Уг нь үзүүлсэн карт байсан. Тэрийгээ олохгүй байна. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манайд хүмүүс ирчихсэн. Бид нар ирсэн хүмүүстэйгээ архи пиво уусан. Тэгээд хөгжмийн ая солих гээд тонгойтол зурагтны удирдлага шидэж толгой хагалсан. Тэгээд Бүрд сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Түүний дараа сая зодож бэртэл учруулсан. 2015 онд М.Цэд зодуулж хөлний мах тасарсан талаар манай ээж мэднэ. Би аймгийн төв орж ээжтэйгээ хамт эмнэлэгт үзүүлсэн. Зодуулсан шөнө би Бүрд сумын эмнэлэгт хэвтэж байсан. Тэгэхэд сувилагчаар нь Хандаа эгч гарч байсан. Хандаа эгч тэр талаар мэднэ. 2016 оны 12 дугаар сард толгой хагарсныг тухайн үед хамт байсан Охинтогтох, түүний эхнэр нь тэгээд бас Хонгороо гэдэг хүмүүс мэднэ. Эрдэнэбаатар эмч тухайн үед оёдол тавьсан. М.Ц миний толгойг хагалсны дараа би М.Цийн эгч Цэвээндоржийг дуудсан. Тэгээд аймгаас ээжийг дуудтал ээж өөрийн дүү Отгон гэх хүнтэй хамт ирсэн. Манай ээжийг аймгаас иртэл М.Ц гэрээс гараад явчихсан. Тэгээд ээжийг ирэхээр нь би болсон явдлын талаар яриад бүгдээрээ яах уу гээд яриад байж байтал М.Ц орж ирэхгүй байсан. Тэгээд эгч нь М.Цийг дуудаж оруулж ирээд яагаад зодсон юм гэсэн чинь Л.Д намайг хардаад тэгээд би зодсон гэсэн. Тэгэхээр нь би тэгээгүй гээд бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгтэл М.Ц гал тогооны өрөө рүү орчихсон. Гэнэт л заазуур барьчихсан гарч ирээд би өөрийгөө цавчлаа гэсэн. Тэгэхээр нь манай эгч бид хоёр гүйж очоод бариад авсан чинь дийлдэхгүй шууд өөрийнхөө толгойг 2-3 удаа иртэй хэсгээр нь цохьсон. Эгч бид хоёр арай хийж заазуурыг нь автал толгойноос нь цус урсаад байсан. Тэгэхээр нь би эгчийг нь дуудаж М.Ц толгойгоо хагалчихлаа гэсэн чинь эгч нь наадах чинь заазуур барьчихсан гарч ирсэн би авч чадаагүй юм гэж ярьж байсан. Тэгээд эмч дуудаж оёдол тавиулаад эмнэлэгт хэвтүүлсэн. Цэндийг заазуур бариад орж ирэхэд эгч нь гадаа байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/

Гэрч 1992 онд төрсөн Чадраабалын Цэвэлмаа хэрэг бүртгэлтэнд 2017-06-03-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмийн сан дээр очиж Л.Д эгчтэй уулзсан. Тэр өдөр тог тасарсан байсан болохоор тэднийд хоол унд идсэн. Тэгээд тэндээ хэдэн пиво уусан. Энхцэцэгтэй хамт очсон. Бид нарыг очоод байж байхад манай сургуулийн үйлчлэгч эмийн мөнгө өгөх гэж байгаа гээд ирсэн. Бид нарыг очиход нөхөр нь машинаа зарах гэж байгаа гээд янзлаад байж байсан. М.Ц бид нарыг пиво уугаад сууж байхад гаднаас орж ирээд ганц нэг л аяга пиво уусан. М.Ц ах архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Дөрвүүлээ 2 том пиво хоёр жижиг лаазтай пиво уусан. Согтсон хүн байгаагүй. Гайгүй байсан. Тэр хоёр хоорондоо байнга л хэрэлдэж маргалдаж байдаг. Байнга муудалцсан гээд л эмнэлэгээр яваад байдаг. Намайг 2016 онд байранд байдаг байхад Л.Д эгч нөхөртэйгөө маргалдсан гээд ирж байсан. Хэд хэдэн удаа хэрэлдэж маргалдсан гэж ярьж байсан. Яг чухам юунаас болдогийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 25/ 

Гэрч 1984 онд төрсөн Цогтгэрэлийн Энхцэцэг хэрэг бүртгэлтэнд 2017-05-27-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Д, М.Ц нарыг танина. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сургуулийн номын санч Цэвэлмаатай уулзаад хамт эмийн сан орьё гээд явсан. Тэгээд эмийн сан дээр очтол цоожтой байхаар нь гэрт нь ортол Л.Д гэртээ нөхөр болох Цэндтэй хамт байсан. Цэнд гадаа машинаа арчаад байж байсан. Машинаа зарах гэж байгаа хүн ирж авна гээд байж байсан. Тухайн үед тог тасарсан байсан болохоор тэднийд цайгаа уучихаад явья гэж ярилцсан. Тэгтэл Л.Д, Цэвэлмаа хоёр мөнгө гаргаад дэлгүүр лүү Цэндийг явуулсан. Цэнд дэлгүүрээс бэлэн хоол өндөг тэгээд нэг том пиво авч ирсэн. Тэр пивоноос нь М.Ц нэг аягыг уучихаад одоо хүн ирнэ гээд гараад явсан. Тэгээд бид гурав хоолоо идээд пиво уугаад сууж байхад Алтан-Эрдэнэ гэдэг хүн эмийн мөнгө өгөх гэж байгаа гээд гаднаас орж ирсэн. Тэгээд хэсэг сууж байгаад би гэр лүүгээ явсан. Намайг гэрээс нь гарахад хашаанд нь хүмүүс ирчихсэн машиныг нь үзээд байж байсан. Тэгээд намайг гэртээ очоод байж байтал Цэвэлмаа утсаар залгаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь нилээн удаж байгаад очтол Алтан-Эрдэнэ, Цэвэлмаа, Д гурав нэг пиво уугаад дуусаж байна гээд надад хийж өгсөн. Тэгээд нөгөө пиво нь ч дууссан. Тэгээд бүгдээрээ тэднийхээс гараад ажил руугаа явцгаасан. Л.Д гэртээ үлдсэн. Намайг эргэж ирэхэд М.Ц хашаан дотроо машинаа үзүүлээд байж байсан. Архи дарс уугаагүй л байх шиг байсан. Намайг очиход гаднаас нь харахад гайгүй л байх шиг байсан. Өөрөө болохоор би жоохон халчихаж улайгаад гээд байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Юунаас болдогийг нь сайн мэдэхгүй юм. Хоорондоо ер нь муудалцаад байдаг. М.Ц зодсон гэнэ л гэж л сонсогддог. Би бол сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/

Гэрч 1983 онд төрсөн З.Оюунчимэг хэрэг бүртгэлтэнд 2017-06-04-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 сар гарчихсан байсан. Яг хэдэн гэдгийг санахгүй байна. М.Цийнх намар шинэ байшинд орсон орж цай уугаарай гээд байсан. Нөхөр бид хоёр орж чадахгүй яваад л байсан. Тэгээд ор гээд байхаар нь нэг шил дарс, нэг шил архи аваад орсон. Тэгээд хоол унд идээд архи дарсаа уусан. Би архи уудаггүй болохоор архи дарснаас нь хэд уугаад л согтчихсон байсан. Тэгээд дотор муухайраад эвгүйтээд бөөлжих гээд байхаар нь нөхөрөө дуудаад бөөлжсөн. Тэгээд юу болсныг бүү мэд тасарчихсан байсан. Нэг мэдсэн өглөө болчихсон байсан. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа эм авах гээд эмийн сан ортол Л.Д дээр М.Ц миний толгой руу юм шидээд хагалчихсан гэсэн. Тэгэхээр нь тийм үү тэгээд зүгээр үү гэсэн чинь зүгээрээ хэдэн оёдол тавиулаад одоо зүгээр гэж байсан. Би тэгэж л М.Ц Л.Дийн толгойг хагалсан талаар мэдсэн. Тухайн үед нь юу ч мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 30/

Гэрч 1985 онд төрсөн Д.Охинтогтох хэрэг бүртгэлтэнд 2017-06-04-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны намар М.Ц шинэ байсанд ороод манайхыг ороорой гэж байсан юм. Тэгээд би орж чадахгүй явсаар байгаад өвөл эхнэртэйгээ тэгээд саахалт айлын Хонгороо гэдэг хүүхэнтэй хамт гурвуулаа орсон. Тэгээд тэнд хоол унд  идээд архи дарс ууцгаасан. Тэгээд бүгдээрээ нилээн халцгаагаад тэдний гэрийн хойд өрөөнд нь караокед орж дуулцгаасан юм. Тэгээд дуулаад сууж байтал манай эхнэр дотор нь муухайраад байна бөөлжих гээд байна гэхээр нь нэг хувинд бөөлжүүлээд байж байтал Хонгороо араас гарч ирсэн. Тэгээд бид хэд ууж чадахгүй юм чинь явья гэж яриад байж байтал М.Ц караокены өрөөнөөс Л.Дийг өшиглөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэтэл Д мэдэхгүй Цэнд намайг зодоод байна гэхээр нь би чи одоо яаж байгаа юм бэ гээд дундуур орж салгаад суулгасан чинь Цэнд над руу уурлахаар юм шиг болохоор нь яагаад байгаа юм гээд суулгаад жоохон тайвшруулах аядаж байтал Цэнд ширээн дээрээс нэг юм аваад Д рүү шидсэн. Д Цэндийн өөдөөс хараад сууж байсан. Д босоод шууд хойд өрөөрүүгээ ороод чи толгой хагалчихлаа ш дээ гэсэн.  Тэгээд Дийн толгойноос цус гараад байна эмч дуудаж үзүүлмээр байна гэсэн. Тэгтэл Цэнд би өөрөө мэдэж байна та нар одоо яв гээд байсан. Тэгэхээр нь би явья гээд эхнэрээ Хонгороотой хамт аваад гарсан. Тэгээд машиндаа суугаад хөдлөөд явж байгаад Хонгороогийн нөхөртэй таарсан. Тэгээд Хонгороог нөхөрт нь үлдээсэн. Тэгтэл манай эхнэр машинаас буугаад алга болчихоор нь аягүй бол буцаад Цэндийнд оччихсон байх гэж буцаад очсон. Намайг очиход Цэнд гэрийнхээ хаалгыг тайлж өгөхгүй байсан. Би нэлээн удаан нүдэж байж арай хийж хаалгыг нь онгойлгуулаад ортол манай эхнэр байхгүй байсан. Тэгэхээр нь би Цэндээс та хоёр зүгээр үү гэтэл хойд өрөөнөөс Д наадах чинь толгой хагалчихсан эмнэлэгт үзүүлмээр байна гэсэн. Тэгтэл Цэнд зүгээрээ би өөрөө мэдэж байна чи яв зүгээрээ гэсэн. Тэгээд би гараад явсан. Юунаас болж маргалдсныг мэдээгүй. Хойд өрөөнөөс л маргалдаад гараад ирсэн. Тэгээд би яагаад байгаа юм бэ гэтэл Д мэдэхгүй наадах чинь зодоод байна гэсэн. Цэнд надруу уурлах гэхээр нь чи одоо яагаад байгаа юм гэсэн чинь зүгээрээ гэж байсан. Юу шидсэнийг нь хараагүй. Юу юугүй л нэг юм аваад шидсэн. Ширээн дээр байсан удирдлага л шидсэн байх. Бид нарыг гараад машинд суух гэж байхад гэрийн гаднаас Дийг Цэнд өргөөд гэртээ оруулсан. Толгой нь хагарсан байсан байх. Толгой хагалчихлаа үзүүлмээр байна гээд явах гээд байсан. Тэгтэл Цэнд зүгээр та нар яв би эхнэртэйгээ учраа олчихно гээд байсан. Яг хагараад цус гарсан байсан эсэхийг нь хараагүй. Гадаа харанхуй ч байсан. Уг нь хоорондоо хэрэлдэж маргалдахгүй зүгээр л байсан. Гэнэт л караокены өрөөнөөс хэрэлдээд Цэнд намайг зодоод байна гээд л гараад ирсэн. Бид нар согтох нь согтсон байсан. Манай эхнэр л нэлээн согтсон байсан. Д, Цэнд нар гайгүй байсан. Бид нар 2 шил дарс, 0,5 литрийн 2 шил архи уусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Халтархүүгийн  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар дүгнэлтэнд: “1.Л.Дийн биед тархины доргилт, зүүн зовхи, эрүү, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гуя, баруун бугалганы цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархай баруун чихний ар хэсэг, баруун бугалга, зүүн гуя, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий шинэ гэмтэл, зулай зүүн хэсгийн язарсан шархны сорви бүхий хуучин гэмтэл тогтоогдож байна. 2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шинэ гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд, язарсан шархны сорви нь 2017 оны 01 дүгээр сард үүссэн байх магадлалтай. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5. Шинэ гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Язарсан шархны сорви нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх 35 /

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Амгалангийн  2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 206 дугаар дүгнэлтэнд: “1. Л.Дийн биед, тухайн үед толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Бүрд сумын №466 тоот өвчний түүх нь агуулга болон он сар өдрөөрөө тогтоолд дурдагдсан цаг хугацаа, болсон хэрэгтэй таарч байгаа тул гэмтэл хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдохгүй байна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 54/

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

- 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол,

Шүүгдэгч М.Цийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр /хх 63-65/, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх 68/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/ зэрэг болно.

М.Ц нь ялтай  байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Л.Дийн: “...Намайг нэг ороход тэр хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд оройхон Баасан гэдэг хүнээ гаргаж өгөх гээд би өөрийн жижиг машинаа унаад М.Ц микрогоо унаад явсан. Тэгээд сумын төвийн ойролцоогоос гаргаж өгчихөөд би өөрөө машинаа унаад эргээд ирсэн. Ирж явах замд М.Ц уурлаад машины үрүүл булаагаад л байсан. Тухайн үед нь нэг их хэрүүл маргаан хийлгүй ирсэн. Би түрүүлж машинаасаа буугаад гэртээ орсон. Араас Цэнд орж ирсэн. Би цаад өрөөндөө ороод байж байтал ард юм пижигнэх чимээ гарахаар нь хартал ширээ өшиглөсөн байсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм аятайхан унт гээд цаад өрөө рүүгээ ортол араас сандал шидсэн. Тэр нь оноогүй. Би чи яагаад байгаа юм бэ зүгээр унтаач гэсэн чинь юу юугүй л гүйж ирээд үсдэж аваад шанаа руу алгадаад толгой руу цохиод байхаар нь хойшоо хараад хэвтсэн чинь бөгс рүү өшиглөөд байсан. Тэгээд өөрийг нь гараад явахаар араас нь гараад цагдаа руу гүйж очоод дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж М.Цийг аваад явсан. Урд өмнө хэд хэдэн удаа нүдэж зодож байсан. 2015 оны 04 дүгээр сар, 05 дугаар сарын үед яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. М.Ц пиво уугаад өдөржингөө байхгүй болж байгаад оройхон хүрээд ирэхээр нь чи одоо өдөржингөө пиводоод алга болчих юм гэсэн чинь уурлаад миний зүүн талын хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэрнээс нь болоод хөлний мах тасарсан хөл доголоод байсан. Тэгэхэд аймгийн төв эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Уг нь үзүүлсэн карт байсан. Тэрийгээ олохгүй байна. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манайд хүмүүс ирчихсэн. Бид нар ирсэн хүмүүстэйгээ архи пиво уусан. Тэгээд хөгжмийн ая солих гээд тонгойтол зурагтны удирдлага шидэж толгой хагалсан. Тэгээд Бүрд сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Түүний дараа сая зодож бэртэл учруулсан. 2015 онд М.Цэд зодуулж хөлний мах тасарсан талаар манай ээж мэднэ. Би аймгийн төв орж ээжтэйгээ хамт эмнэлэгт үзүүлсэн. Зодуулсан шөнө би Бүрд сумын эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 22/, гэрч Ч.Цэвэлмаагийн: “...М.Ц бид нарыг пиво уугаад сууж байхад гаднаас орж ирээд ганц нэг л аяга пиво уусан. М.Ц ах архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Дөрвүүлээ 2 том пиво хоёр жижиг лаазтай пиво уусан. Согтсон хүн байгаагүй. Гайгүй байсан. Тэр хоёр хоорондоо байнга л хэрэлдэж маргалдаж байдаг. Байнга муудалцсан гээд л эмнэлэгээр яваад байдаг. Намайг 2016 онд байранд байдаг байхад Л.Д эгч нөхөртэйгөө маргалдсан гээд ирж байсан. Хэд хэдэн удаа хэрэлдэж маргалдсан гэж ярьж байсан. Яг чухам юунаас болдогийг нь мэдэхгүй байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 22/, гэрч Ц.Энхцэцэгийн “...Цэнд дэлгүүрээс бэлэн хоол өндөг тэгээд нэг том пиво авч ирсэн. Тэр пивоноос нь М.Ц нэг аягыг уучихаад одоо хүн ирнэ гээд гараад явсан. Тэгээд бид гурав хоолоо идээд пиво уугаад сууж байхад Алтан-Эрдэнэ гэдэг хүн эмийн мөнгө өгөх гэж байгаа гээд гаднаас орж ирсэн. Тэгээд хэсэг сууж байгаад би гэр лүүгээ явсан. Намайг гэрээс нь гарахад хашаанд нь хүмүүс ирчихсэн машиныг нь үзээд байж байсан. Тэгээд намайг гэртээ очоод байж байтал Цэвэлмаа утсаар залгаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь нилээн удаж байгаад очтол Алтан-Эрдэнэ, Цэвэлмаа, Д гурав нэг пиво уугаад дуусаж байна гээд надад хийж өгсөн. Тэгээд нөгөө пиво нь ч дууссан. Тэгээд бүгдээрээ тэднийхээс гараад ажил руугаа явцгаасан. Л.Д гэртээ үлдсэн. Намайг эргэж ирэхэд М.Ц хашаан дотроо машинаа үзүүлээд байж байсан. Архи дарс уугаагүй л байх шиг байсан. Намайг очиход гаднаас нь харахад гайгүй л байх шиг байсан. Өөрөө болохоор би жоохон халчихаж улайгаад гээд байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Юунаас болдогийг нь сайн мэдэхгүй юм. Хоорондоо ер нь муудалцаад байдаг. М.Ц зодсон гэнэ л гэж л сонсогддог. Би бол сайн мэдэхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 26/, гэрч З.Оюунчимэгийн “...Тэгээд юу болсныг бүү мэд тасарчихсан байсан. Нэг мэдсэн өглөө болчихсон байсан. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа эм авах гээд эмийн сан ортол Л.Д дээр М.Ц миний толгой руу юм шидээд хагалчихсан гэсэн. Тэгэхээр нь тийм үү тэгээд зүгээр үү гэсэн чинь зүгээрээ хэдэн оёдол тавиулаад одоо зүгээр гэж байсан. Би тэгэж л М.Ц Л.Дийн толгойг хагалсан талаар мэдсэн. Тухайн үед нь юу ч мэдээгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 30/, гэрч Д.Охинтогтохын “...Тэгээд бид хэд ууж чадахгүй юм чинь явья гэж яриад байж байтал М.Ц караокены өрөөнөөс Л.Дийг өшиглөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэтэл Д мэдэхгүй Цэнд намайг зодоод байна гэхээр нь би чи одоо яаж байгаа юм бэ гээд дундуур орж салгаад суулгасан чинь Цэнд над руу уурлахаар юм шиг болохоор нь яагаад байгаа юм гээд суулгаад жоохон тайвшруулах аядаж байтал Цэнд ширээн дээрээс нэг юм аваад Д рүү шидсэн. Д Цэндийн өөдөөс хараад сууж байсан. Д босоод шууд хойд өрөөрүүгээ ороод чи толгой хагалчихлаа ш дээ гэсэн. Тэгээд Дийн толгойноос цус гараад байна эмч дуудаж үзүүлмээр байна гэсэн. Тэгтэл Цэнд би өөрөө мэдэж байна та нар одоо яв гээд байсан. Тэгэхээр нь би явья гээд эхнэрээ Хонгороотой хамт аваад гарсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Халтархүүгийн  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар дүгнэлтэнд: “1.Л.Дийн биед тархины доргилт, зүүн зовхи, эрүү, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гуя, баруун бугалганы цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархай баруун чихний ар хэсэг, баруун бугалга, зүүн гуя, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий шинэ гэмтэл, зулай зүүн хэсгийн язарсан шархны сорви бүхий хуучин гэмтэл тогтоогдож байна. 2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шинэ гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд, язарсан шархны сорви нь 2017 оны 01 дүгээр сард үүссэн байх магадлалтай. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5. Шинэ гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Язарсан шархны сорви нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх 35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Амгалангийн  2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 206 дугаар дүгнэлтэнд: “1. Л.Дийн биед, тухайн үед толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Бүрд сумын №466 тоот өвчний түүх нь агуулга болон он сар өдрөөрөө тогтоолд дурдагдсан цаг хугацаа, болсон хэрэгтэй таарч байгаа тул гэмтэл хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Хуучин бэртэл гэмтэл тогтоогдохгүй байна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 54/,  эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч М.Цийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс М.Цийг ялтай байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч М.Цийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Хохирогч Л.Дд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овгийн М-н Цийг ялтай байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я овгийн М-н Цийг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цэд оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цэд авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан М.Цэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН