Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/326

 

Ж.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2011 00199 0987 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ийн М, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын ... дугаар баг, ...  дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 15000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 10 жил 3 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 10 хоногийн хорих ялын нэмж нэгтгэн 8 жил 7 сар 10 хоногийн хорих ялаар биечлэн эдлэх ялыг тогтоосон, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

Ж.М нь 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ...  тоотод оршин суух Р.Р-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ...  дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Р.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Монел” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...  тоотод оршин суух Э.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч 620.720 төгрөгийн үнэлгээ бүхий “Би Эс Би” загварын 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж-ийн М-ыг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон нийт 102 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Ж.М-оос нийт 760.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Р-д 280.000 төгрөг, хохирогч Р.О-д 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.С-д 280.000 төгрөгийг тус тус олгохоор, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 3 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Би 72 настай ээж, эхнэр, хоёр охины хамтаар амьдардаг. Иймд гэр бүлийн минь байдлыг харгалзах үзэж дэглэмийг сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 3 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дахин нэг үйлдэл байна гэсэн учир дээд шатны прокурорын дүгнэлтээр яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг хянах хугацааг сунгаж, тэр хугацаандаа Ж.М-д холбогдох хэргийг нэгтгэж дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.М нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух Р.Р-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” загварын 32 инчийн зурагтыг,

2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Р.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Монел” загварын 32 инчийн зурагтыг,

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух Э.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч 620.720 төгрөгийн үнэлгээ бүхий “Би Эс Би” загварын 50 инчийн зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Р.О-ийн: “...Манай гэрээс 32 инчийн Монел брэндийн зурагт алдагдсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй...” /1 хх 21/,

хохирогч Р.Р-ын: “...2019 оны 11 дүгээр сарын үеэр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байх манай монгол гэрээс 32 инчийн зурагт алдагдсан байсан. ...” /1 хх 127/,

хохирогч Э.Б-ын: “...Гэрт орох гэтэл монгол гэрийн хаалга гадна талаасаа цоожтой юм шиг харагдаж байсан. Түлхүүрээ цоож руу хийгээд онгойлгох гэтэл хаалга онгорхой, цоожийг нь гадна талын цүүнд нь хийгээд тавьсан байсан. Гэрт ороод хартал гэрийн хойморт байсан зурагт байхгүй байсан. ...” /1хх 191-192/,

иргэний нэхэмжлэгч Д.С-ын: “...хар бараан хувцастай хүн орж ирээд “Зурагт авах уу” гэхээр нь би “Авна” гэж хэлсэн. ...Хар өнгөтэй “Би Эс Би” загварын 50 инчийн зурагт байсан. ...Би “Зурагтыг чинь 250.000 төгрөгөөр авъя” гэсэн чинь “Зээлээ төлөх гэсэн чинь мөнгө дутаад байна 280.000 төгрөгөөр авчих тэгэх үү” гэхээр нь 50 инчийн зурагт юм чинь авчихъя гэж бодоод авсан. Тэр хүн Энэбишийн Энхбаттөр гэсэн хүний жолооны үнэмлэхээр барьцаалуулсан. ...Тэгээд 280.000 төгрөг өгөөд явуулсан чинь хэд хоногийн дараа цагдаа орж ирээд “Хулгайн зурагт байна” гэж хэлээд хураагаад авч явсан. ...” /1хх 189/,

яллагдагч Э.Э-ийн: “...2020 оны 9 дүгээр сард хүү Ч-тэй гэр рүүгээ харих гээд явж байтал 2012, 2013 онд дамжин өнгөрүүлэх хорих ангид хамт хоригдож байсан М-той таарсан. М саарал өнгийн Соната-6 загварын машинаас бууж ирээд “Дүүд нь мөнгөний хэрэг гараад зурагтаа ломбардад тавих гэсэн чинь бичиг баримтаа гээчихсэн. Та бичиг баримтаараа ломбардад тавиад өгөөч” гэсэн. ...М-ын явж байсан машинд суугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн санд байдаг ломбардны гадаа очсон. Би ганцаараа бууж ломбард руу орсон. Тэгсэн чинь араас миний хүүхэд зурагтын удирдлага бариад ороод ирсэн. Зурагтыг талийгаач ах Э овогтой Э-ийн жолооны үнэмлэхээр 280.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /1 хх 247/,

шүүгдэгч Ж.М-ын: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хамаатны эгч О-ийн Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот гэрт очиж хоносон юм. Тэгээд би маргааш нь О эгчийн гэрээс яваад, маргааш нь дахиж очиж хонохоор очиход О эгч гэртээ байхгүй, гэр нь цоожтой байхаар нь гэрийн хаалгыг нь эвдэж ороод гэрт нь байсан 32 инчийн зурагтыг аваад явсан. Уг зурагтаа таксигаар зөөгөөд Баянзүрх дүүрэг, Сансарт байрлах ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар 130.000 төгрөгөөр тавьсан. ...2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоот айлын хажуугаар явж байхад тухайн айлын монгол гэрийн хаалга гаднаасаа цоожтой байхаар нь би уг айлын цоожийг эвдэж, гэрийн хойморт байсан 32 инчийн зурагтыг авсан. Тэгээд уг зурагтаа авч явж байгаад замаас такси бариад явж байхдаа таксины жолоочид өөрийнхөө эд зүйл гэж хэлээд 120.000 төгрөгөөр зарсан юм. ...Би энэ хэргийг хийсэн нь үнэн. ...Уг хэргийг ганцаараа үйлдсэн, маргах зүйлгүй. Би өөрөө хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...” /1 хх 114, 148, 2хх 3/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06/065 дугаартай: “...Гарын мөрүүдийг папилон санд 2020-036-ЧД гэж дугаарлан кодлон оруулж, харьцуулан шинжилж үзэхэд санд MN0000ӨРШ02770 дугаараар Ж овогтой Т, MN0000ШШГ01625 дугаараар М овогтой Э, MN003320005816 дугаараар М овогтой Ж, MN004910000424 дугаараар Ж овогтой М, MN005210007443 дугаараар Ж овогтой М нэрээр бүртгэгдсэн сэжигтний баруун гарын эрхий хуруу, баруун гарын алга, зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” /1 хх 32-37/ гэсэн дүгнэлт,

эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 46-47, 135-136, 209-210/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан /1хх 130-133/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-14, 180-186/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 28-29/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1 хх 227-229, 2хх 26/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа бусдын орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилдэг.

Шүүгдэгч Ж.М-ын 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд гурван удаагийн үйлдлээр хохирогч Р.Р, Р.О, Э.Б нарын монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.М-ын гаргасан “...хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн ялын зорилгод тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Шүүхийн аливаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтууд нь хоорондоо зөрүүгүй, зөрчилгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Иймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тухайн 2.2 дугаар зүйлийн чухам аль хэсгийг хэрэглэсэн болох нь тодорхойгүй, утга, найруулгын алдаатай бичигдсэнийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагад нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ