Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч С.Г, Э.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000312 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ийн Т (РД: ....), 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт С-ын Г (РД: ....), 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын .. дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н шүүгдэгч С.Г, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Т, С.Г нар бүлэглэж Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Шонтой хотгор гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 16 тооны буюу олон тооны үхрийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мустанг-5 загварын, улсын дугааргүй мотоцикл ашиглаж хулгайлсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 163, 166 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас), үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас), мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас), хохирогч С.Б-ийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 20-23, 25 дугаар хуудас), гэрч С.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас), гэрч Ч.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас), гэрч Б.С-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас), гэрч Ю.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас), гэрч Г.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас), гэрч Л.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас),  хөрөнгийн үнэлгээний 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 251 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч С.Г, Э.Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Г, Э.Т нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Г, Э.Т нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч Б.Б-ийн “...С.Г, Э.Т нарын тууж явсан үхрүүдийг бүрэн бүтэн, тоо толгойгоор нь буцаагаад авчихсан учир миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)-ээр нотлогджээ. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шүүгдэгч тус бүрд оногдуулах, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклыг улсын орлого болгох гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Э-ийн Т, Ш ургийн овогт С-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Гыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т, С.Г нарт оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Тын эзэмшлийн “Мустанг-5” загварын, улсын дугааргүй мотоциклыг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын, улсын дугааргүй мотоциклыг битүүмжилснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА