Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарт холбогдох 2425000320034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ....., Ц. овогт Д.Б, регистрийн дугаар,

2. Монгол Улсын иргэн,  Б овогт Г Ц, регистрийн дугаар,

3. Монгол Улсын иргэн, Т овогт Г Б, регистрийн дугаар.

 Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Түргэний нүхэн” хэмээх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн, хуурай 3.0098 метр куб модыг бэлтгэж, ...... улсын дугаартай, ногоон өнгийн Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 594,640 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Түргэний нүхэн” хэмээх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн, хуурай 3.0098 метр куб модыг бэлтгэж, ...... улсын дугаартай, ногоон өнгийн Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 594,640 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/

- Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-13-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16-р хуудас/,

 - Иргэний нэхэмжлэгч Т.Б “...Түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж болохгүй. Хэрэв түлээний модны эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. ...Сумын Засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж байгаль учруулсан хохирлыг нэхэмжлэхээр хуульчлагдсан байгаа. Ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт хуулийн хүрээнд нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-р хуудас/,

- Гэрч Ш.Т “...Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 28-ны тогтоолоор 2025 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Тухайн модны баталсан хуваарийн дагуу байгаль хамгаалагч нар эрхийн бичиг олгож байгаа. Иргэдэд хэрэглээний модны эрхийн бичгийг олгохдоо тухайн иргэний өргөдлийг сумын Засаг дарга цохолт хийсний дараагаар байгаль хамгаалагч эрхийн бичиг олгож байгаа. Түлээний модны эрхийн бичгийг байгаль хамгаалагч нар өөрсдөө шууд бичиж олгож байгаа. 2025 он гарсаар иргэдэд түлээний модны эрхийн бичгийг байгаль хамгаалагч Г.Г, Л.Г хоёр олгож бичиж байгаа. Харин иргэдэд хэрэглээний модны эрхийн бичгийг 2025 он гарсаар би ганцхан бичиж байгаа. ...Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Нүхэн гэх газарт 2025 он гарсаар Г.Б, Ж.П гэх хүмүүст хэрэглээний ........... дугаартай 2 эрхийн бичиг, Д.Б гэх хүнд түлээний ...... дугаартай 1 эрхийн бичиг олгосон. Он гарсаар би сумын хэмжээнд 25 иргэнд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байгаа. ...Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой.  ....... дугаартай эрхийн бичгийн нэхэмжлэлийг 2025.01.21-ний өдөр. ........ дугаартай эрхийн бичгийн нэхэмжлэлийг 2025.01.28-ны өдөр, ...... дугаартай эрхийн бичгийн нэхэмжлэлийг 2025.02.14-ний өдөр тус тус үүсгэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67-р хуудас/,

- Гэрч Х.Д “...Манай “Б” ХХК нь 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Түргэний нүхний цоорхой” /Хүмүүс дээрх газрыг нэрлэхдээ гол төлөв Нүхэн гэж нэрлэдэг/ гэх газарт Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангиар 6 га талбайд цэвэрлэгээний ажил, огтлолоор талбай тусгаарлалт хийлгэж мод бэлтгэж байгаа юм. Миний зүгээс бригадын ахлагчаар ажиллаж байгаа. Би “Б” Х-ыг хариуцан үйл ажиллагааг нь явуулдаг юм. Манай компани дээрх тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэхдээ Б, Б, Э, М гэх хүмүүсээр бэлтгүүлж байгаа. Манай компани ойгоос мод бэлтгэхдээ сумын байгаль хамгаалагч Ч.Б ......дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хүрээнд зохих журмын дагуу бэлтгэж, тээвэрлэж байгаа. Манай компани 2025 оны 02 сард хэрэглээний 54.4, түлээний 98.8 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг авч талбайгаасаа модоо бэлтгэж байгаа. ...“Түргэний Нүхэн” гэх газраас мод бэлтгээд цагдаад баригдаад шалгагдаж байгаа гэдгийг сүүлд саяхан Г.Б, Д.Б нараас өөрсдөөс нь сонсож мэдсэн. Сүүлд нь сонсоход манай “Б” ХХК-ийн тусгаарлалтын талбайн ойролцоогоос мод бэлтгэсэн гэж сонссон. Манай компанийн тусгаарлалтын талбай дээрээс мод бэлтгэж байсан Б, Б, Э, М нараас асуувал надаас илүү мэдэх байх. Миний хувьд дээрх хүмүүсийг мод бэлтгэсэн асуудлын талаар мэдэх зүйл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-р хуудас/,

- Гэрч М.Б “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Түргэний Нүхэн” гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 13, 14-ний үед Б, Ц, Б нар шургааг моднуудыг бэлтгэсэн. Тэгээд тухайн шургааг моднуудаа Тосонцэнгэл сумын төв рүү Бн бор ногоон өнгийн Зил-131 маркийн /улсын дугаар мэдэхгүй/ автомашинаар тээвэрлэсэн. Б, Ц, Б нарыг шургааг моднуудыг бэлтгэх үед би тэнд , Бүд, М нарын хамт Д “Б” ХХК-ийн хөрөө рамд тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэж байсан. Угаасаа Б, Ц, Б нар тэр шургааг моднуудаа бэлтгэхдээ бид нарын мод хийж байсан газрын яг хажуугаас ойрхноос хийсэн. Б, Ц, Б нар шургааг моднуудыг бэлтгэхдээ хужаагийн 2 хөрөөг ээлжилж бариад босоо нарийхан шүүдэнг моднуудыг унагаж тайрч бэлтгэсэн. Мод бэлтгэхэд ашигласан хөрөө хэний хөрөө байсныг би мэдэхгүй. Мод бэлтгэсэн Түргэний Нүхэн гэх газар нь урд өмнө шатсан ой бөгөөд хуурай нарийхан босоо мод ихтэй бараг унанги мод гээд байх зүйлгүй ойн сан бүхий газар байгаа. Шургааг мод бэлтгэсэн газарт очоод үзэхээр хожуулууд нь аяндаа байж байгаа. ...Хуурай нарийхан /хар мод/ бүдүүн нарийнаараа жигдхэн шургааг моднуудыг бэлтгэсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-р хуудас/,

-  Гэрч Б.Эын “...Би 2025 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаантолгой багийн нутаг “Түргэний нүхний цоорхой” гэх газарт М, Б, Б нарын хамт Д “Б” ХХК-ийн хөрөө рамд тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэсэн. Бид нарыг мод бэлтгэж байх үеэр бид нарын ойролцоо яг хажуухан талаас “Түргэний Нүхэн” гэх газраас Г.Б, Г.Ц, Д.Б нар 02 дугаар сарын 13, 14, 15-ны үед ойгоос шургааг моднуудыг бэлтгээд Г.Бийн бор ногоон өнгийн Зил-131 маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ автомашинд ачиж байсан. Дээрх хүмүүс мод бэлтгэхдээ 2 зэрэг хөрөөгөөр босоо нарийхан моднуудыг унагаж тайраад модоо бэлтгээд байсан. Тухайн газарт угаасаа унанги мод алсаараа цөөхөн юм байна лээ. Миний зүгээс яг хичнээн ширхэг босоо мод тайрч бэлтгэснийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан шургааг моднууд бэлтгэж байсан. Мод бэлтгэх үед 2 хөрөө дугараад байсан. Миний зүгээс тухайн иргэдийг эрхийн бичиг гоожин авсан байсан эсэхийг мэдээгүй. Мягмарсүрэн, Б, Б бид гурав 02 сарын 15-ны өдөр байх тэд нарыг мод бэлтгэж байхад 1 удаа очиж цай ууж байсан. Харин дахиж тааралдаагүй. Г.Б, Г.Ц, Д.Б нарын ойгоос бэлтгэсэн моднууд хуурай нарийхан жигдхэн сайхан шургааг моднууд байсан. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-р хуудас/,

- Гэрч Л.Гын “...Миний зүгээс 2025 онд Улаантолгой багийг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Би 2025 оны 01, 02, 03 дугаар саруудад Нүхэн гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг хэн нэгэн хүнд олгоогүй. Сумын хэмжээнд энэ оны эхний хагас жил хүртэл иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг манай байгаль хамгаалагч Ш.Т ганцаараа бичиж байгаа. Өөр ямар нэгэн байгаль хамгаалагч иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгохгүй байгаа. ...Тухайн иргэдийн зүгээс 2025 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-р хуудас/,

-  Гэрч Б.С “...Манайх Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Цагаанхясаа” гэх газарт өвөлжиж, хаваржиж байгаа юм. Би 2025 оны 02 дугаар сарын 10-ны үеэр сумын эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлээд 02 сарын 13, 14-ний үед эмнэлгээс гараад сумын төвд 2 хоноод цагаан сарынхаа жаахан эд зүйлийг бэлдээд нөхрийгөө хөдөөгөөс дуудаад хөдөө гэр лүүгээ явж байсан. Намайг хөдөө гэртээ очиход манай нөхөр Г.Ц надад цагаан сар дөхөөд мөнгө төгрөгийн хэрэг гараад Ба, Б ах хоёр сумын төвөөс гарч ирээд би тэр хоёрын хамт “Нүхэн” гэх газраас чамайг эмнэлэгт хэвтсэн хойгуур жаахан шургааг мод бэлтгээд Ба ах сумын төв рүү ачиж явж байгаад цагдаад баригдаад тэгээд цагдаад шалгагдах болсон гэж хэлсэн. Тэгээд би тэр үед нөхрийгөө жаахан загнаад үглээд өнгөрч байсан. Тэр “Нүхэн” гээд байгаа газар нь манай өвөлжөөний дээд талд байдаг юм. Манай нөхөр Г.Ц шинэ цагаан сар дөхсөн мөнгө төгрөг олох гээд Ба, Б нарын хамт мод бэлтгэсэн гэж надад хэлсэн. Би өөрийн нөхөр Г.Цоос гоожин эрхийн бичиг байсан эсэх талаар асуухад эрхийн бичиг гоожинтой мод хийсэн гэж надад хэлсэн. Миний хувьд яг хэн нь эрхийн бичиг гоожин авсан байсныг мэдээгүй. Би тэр ойгоос бэлтгэсэн моднуудыг нүдээр үзэж хараагүй, надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-р хуудас/,

- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай “...Ойгоос бэлтгэж, тээвэрлэсэн моднууд шинэс төрлийн /хар мод/ хуурай мод байна.

...харин 2,27 метрийн урттай 38 ширхэг, 2,30 метрийн урттай 52 ширхэг, 2,35 метрийн урттай 29 ширхэг, 2,37 метрийн урттай 57 ширхэг, 2,40 метрийн урттай 8 ширхэг нийт 179 ширхэг бөөрөнхий шургааг моднууд MNS 5413:2011 стандартаар хэрэгцээний модны ангилалд хамаарч байна. Тухайн 179 ширхэг шургааг модны куб метрийг нарийн үзүүрийн голчоор нэг бүрчлэн хэмжихэд 3,0098 метр куб байна.

Ойгоос бэлтгэсэн моднууд нь 2025 оны 02 дугаар сард бэлтгэсэн байх магадлалтай, модны тайралтыг харахад шинэвтэр жигд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт “Түргэний нүхэн” гэх газар байдаг. Мод бэлтгэсэн газар нь ойн сангийн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

...Хэрэглээний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 3,0098 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 594,640 төгрөг.

...Түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж болохгүй. Ойн тухай хуулийн 35.4.1-д зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.

Тухайн иргэд ойгоос мод бэлтгэхдээ түлээний мод бэлтгэх эрхий бичигт заасан төрөл, заалтыг зөрчиж 3.0098 метр куб хэрэглээний мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35.4.1, 35.4.2-т заасныг зөрчсөн байна” гэсэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-97-р хуудас/,          

Шинжээч Ө.Он 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож байгаа. Ойгоос бэлтгэсэн моднууд нь шинэс төрлийн 520 ширхэг шургааг моднууд байсан. Тухайн 520 ширхэг шургааг моднуудыг нэг бүрчлэн хэмжиж дүгнэлтийг гаргасан. Тухайн ойгоос бэлтгэсэн шургааг моднууд нь шинж чанарын хувьд хэрэглээний болон түлээний модны ангилалд хамаарч байсан. Дээрх моднуудаас хэрэглээний модны ангилалд хамаарах 2,26 метрээс 2,40 метрийн урттай 179 ширхэг шургааг мод байсан. Харин үлдсэн 341 ширхэг шургааг мод нь түлээний модны ангилалд хамаарч байсан. Түлээний модны ангилалд хамаарах модыг сийрэг шоо метрт шилжүүлэн хэмжилт хийхэд 10,2102 куб метр болсон. Түлээний модыг сийрэг шоо метрт шилжүүлэн хэмжилт хийхэд мод тус бүрийн нарийн талын үзүүрээс хэмжих боломжгүй харин өндөр, урт, өргөнийг хэмжээд сийрэгжилтийн 0,7 тогтмол ковицонтоор үржин бодож куб метрийг тогтоодог. Харин хэрэглээний модны ангилалд хамаарах шургааг моднуудыг нарийн үзүүрээс голчийг авч хэмжилт хийхэд MNS: 5413:2011 стандартаар 3,0098 метр куб болсон. ...Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа MNS: 5413:2011 стандартаар бөөрөнхий мод, зүсмэл материалын эзлэхүүний хүрдийг баталсан байдаг. Тухайн стандартын дагуу хэмжилтийг хийсэн. ...Тухайн иргэд түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний шургааг мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1 дэх хэсэгт заасан гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн; мөн 35.4.2 дахь хэсэгт заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн заалтыг зөрчсөн байсан. Хэрэглээний шургааг мод бэлтгэхдээ хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Түүнээс хэрэглээний модыг түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэж болохгүй. Мод бэлтгэсэн иргэд түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бус үйлдэл болж байна. Ойн тухайн хуулийн 35.4.1 дэх хэсэгт гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ гээд заасан байгаа учир зөвшөөрөлгүй хэрэглээний 3,0098 метр куб модыг бэлтгэсэн байсан. Ойгоос дээрх хэрэглээний 3,0098 метр куб модыг бэлтгэхдээ босоо модыг огтолж унагаж бэлтгэсэн байсан. Иргэн хүн босоо модыг огтолж мод бэлтгэж болохгүй. Босоо модыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй Ойн мэргэжлийн байгууллага бэлтгэх ёстой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13  дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.

            Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, зөвшөөрлийн дагуу ашиглаж болно.” гэж заасан бөгөөд  Ойн тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх хэсэгт гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэгцээний мод бэлтгэж зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн байх тул хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 

            Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасныг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас ойн санд 594,640 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь 594,640 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол, хор уршиг буюу 1,783,920 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт  прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Ц, Г.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасннаар тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн 2 ширхэг моторт хөрөө, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн ....... улсын дугаартай, ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл болон 2.27 метрийн урттай 33 ширхэг, 2.30 метрийн урттай 52 ширхэг, 2.35 метрийн урттай 29 ширхэг, 2.37 метрийн урттай 57 ширхэг, 2.40 метрийн урттай 8 ширхэг, нийт 179 ширхэг бөөрөнхий шургааг мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/А, 03 дугаартай “...хууль бусаар бэлтгэсэн 2.27 метрийн урттай 33 ширхэг, 2.30 метрийн урттай 52 ширхэг, 2.35 метрийн урттай 29 ширхэг, 2.37 метрийн урттай 57 ширхэг, 2.40 метрийн урттай 8 ширхэг, нийт 179 ширхэг бөөрөнхий шургааг мод болон яллагдагч Г.Бийн эзэмшлийн ...... улсын дугаартай, ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ц овгийн Д.Б, Б.Г.Ц, Тайж овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн, ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Бод хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Ц, Г.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарт тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.  

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн 2 ширхэг моторт хөрөө 2 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн ...... улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 2.27 метрийн урттай 33 ширхэг, 2.30 метрийн урттай 52 ширхэг, 2.35 метрийн урттай 29 ширхэг, 2.37 метрийн урттай 57 ширхэг, 2.40 метрийн урттай 8 ширхэг, нийт 179 ширхэг бөөрөнхий шургааг мод зэргийг тус тус улсын орлого болгож, прокурорын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/А, 03 дугаартай “...хууль бусаар бэлтгэсэн 2.27 метрийн урттай 33 ширхэг, 2.30 метрийн урттай 52 ширхэг, 2.35 метрийн урттай 29 ширхэг, 2.37 метрийн урттай 57 ширхэг, 2.40 метрийн урттай 8 ширхэг, нийт 179 ширхэг бөөрөнхий шургааг мод болон яллагдагч Г.Бийн эзэмшлийн ...... улсын дугаартай, ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосугай.  

8. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. ,

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ