Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/248

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Саруул,   

улсын яллагч Г.Манилцэцэг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409004800266 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын сүүлээр ашиг олох зорилгоор 400 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэснийг мэдсээр байж худалдан авч, өөртөө хадгалж, 2023 оны 12 дугаар сарын сүүлээс 2024 оны 03 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд 300 ширхгийг нь “***" ХХК-ний үйлдвэрлэдэг “Хийморь” нэртэй архи согтууруулах ундааны зүйл дээр хуурамч онцгой албан татварын тэмдэгтээ нааж, бусдад худалдан борлуулж, ашигласан, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ашиг олох зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” хүнсний дэлгүүрт “***” ХХК-ний үйлдвэрлэдэг “Хийморь” нэртэй архи согтууруулах ундааны зүйл дээр хуурамч онцгой албан татварын тэмдэгт гэдгээ мэдсээр байж нааж, худалдан борлуулсан, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ашиг олох зорилгоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 44 тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний хүнсний дэлгүүрт “***” ХХК-ний үйлдвэрлэдэг “Хийморь" нэртэй архи согтууруулах ундааны зүйл дээр хуурамч онцгой албан татварын тэмдэгт гэдгээ мэдсээр байж нааж, худалдан борлуулсан, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ашиг олох зорилгоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 44 тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний хүнсний дэлгүүрт “***” ХХК-ний үйлдвэрлэдэг “Хийморь” нэртэй архи согтууруулах ундааны зүйл дээр хуурамч онцгой албан татварын тэмдэгт гэдгээ мэдсээр байж нааж, худалдан борлуулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэх үндсэн шинжийг тусгажээ.

 

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ” гэж, Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Онцгой албан татварын тэмдэг олгох журмын 2 дахь хэсгийн 2.1-т Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх болон импортлох, чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж (цаашид "тэмдэг наах үүрэг бүхий этгээд" гэх) нь тэмдгийг өөрийн үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхи, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундаа тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна.” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *** нь онцгой албан татварын тэмдэгтийг дээрх хуульд заасан үйлдвэрлэх эрхгүй этгээд үйлдвэрлэснийг мэдсээр байж ашиг олох зорилгоор өөрийн ажиллаж байсан “***” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Хийморь” нэртэй архи согтууруулах ундааны зүйл дээр нааж, тарааж, худалдан борлуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/, гэрч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 31, 42-43 дахь тал/, гэрч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 187-188 дахь тал/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-36, 40-41 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн Ж.Пүрэвсүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 529 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 54-59 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5930 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 65-68 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Баттулгын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 798 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 185-190 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ж.Пүрэвсүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1262 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 51-56 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2293 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 208-210 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Булагмаагийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1377 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 213-219 дэх тал/, “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БЗД2-25-75 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 213-219 дэх тал/, Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1-2/22 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 71-76 дахь тал/, Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1-2/20 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 156-159 дэх тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 164-174 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

                Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

  Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанОнцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, тараасан” үйлдэлд гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1.  
  2. Хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Энэ хэргийн улмаас Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу худалдан борлуулсан нийт архинд ноогдох онцгой албан татварын хэмжээ болох 1,631,250 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого болох 2,166,000 төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

   Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого болох 2,166,000 төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлаар:

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72 ширхэг архийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

                 Шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, тараасангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс гэмт хэрэг үйлдэж олсон 2,166,000 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72 ширхэг архийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            6.Хэрэгт шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг ***д сануулсугай.       

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР