Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2021/00140

 

2021          4           29                                       103/ШШ2021/00140

 

                                       МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,  М овогт ПГ.Н-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж дэслэгч Г.Гэ,  гуравдагч этгээд П.Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 4-14 тоотод оршин суух, ПГ.Н нь удаа дараа гэртээ архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэн гудамж талбайд биеэ зүй бусаар авч явах, бие засах, хог хаях зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, орчин тойрондоо байнга түгшүүр төрүүлж байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. П.Г.Н нь архинд донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлд зааснаар архины албадан эмчилгээнд хамруулах шаардлага үүссэн болно  гэжээ.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж дэслэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай 5 дугаар хорооны оршин суугч П.Г.Н нь маш олон удаа эрүүлжүүлэхэд орсон. Энэ хүн гарандаа спираль тавиулчихсан байгаа, үнэхээр архинаас гаръя гэж бодож байгаа бол ингэж архи уухгүй байх байсан. Би яагаад спираль тавиулчихаад архи уугаад байгаа юм бэ? гээд асуухаар архи уухаар иракц өгдөг гэсэн болохоор яадгийг нь үзье гэж бодоод уучихсан  гэж хэлдэг. Архи уух бүрт  эхнэр нь над руу залгаад энэ хүнээ аваач  гэдэг, би иргэн хүнийг яах ч аргагүй.  2021 оны 3 дугаар сард “Тэс” дэлгүүрийн гадаа шал согтуу явж байгаад надтай таарсан, гэр рүүгээ яв гээд түүнийг явуулж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Наран зоогийн газрын өмнөх авто машины төв зам дээр согтуу унтаж байсан. Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга энэ хэний хорооны хүн бэ,  зам тээврийн осол болвол яана, өвлийн хүйтэнд осгож нас барах өндөр эрсдэлтэй байна шүү гээд асуухад манай хорооны Г.Н гуай байсан, ийм учраас манай байгууллагын зүгээс энэ хүнийг албадан эмчилгээнд явуулах шаардлагыг тавьсан. П.Г.Н нь архи уухаараа гудамжинд унаад өгдөг, үнэхээр архинаас гаръя гээд 500.000 төгрөгөөр спираль тавиулсан юм бол архиа уухгүй байгаач ээ гэж олон удаа хэлсэн. Багануур дүүргийн 5 дугаар хороонд мухар гудам маш их байдаг, согтуу явж байгаад мухар гудамжинд ухаан алдаад өгвөл хэцүү шүү дээ. Миний хувьд олон удаа шаардлага тавьж байсан, үүнийгээ  баталгаажуулсан бөгөөд сая шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд энэ хүнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм гэв.

 П.Г.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би  сардаа нэг, хоёр удаа архи уучихаад байдаг юм. Архи уухгүй байхыг их хичээдэг, тэтгэвэр буугаад найз нөхөд таарахаар тэсэхгүй уучих юм. Энэ жилийн цагаан сарын өмнө Улаанбаатар хотод байдаг Наркологийн төвд 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн, одоо 6 дугаар сард дахин очиж эмчилгээгээ хийлгүүлнэ, архины албадан эмчилгээнд явбал одоо хийлгүүлж байгаа архины эмчилгээтэй давхардах юм болов уу, энэ талаар бичилт миний картанд бичигдсэн байгаа. Архинаас гарахыг их хүсэж байна. Иймд үүнийг харгалзаж үзээч  гэв.

 

            Шүүхээс Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, /хх-ийн 4-р хуудас/, гуравдагч этгээд П.Г.Наас асууж авсан тайлбар /хх-ийн 5-р хуудас/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэл, /хх-ийн 7-12-р хуудас/,  Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст гуравдагч этгээд П.Г.Нын “дахин ямар нэг зөрчил гаргахгүй талаарх гаргасан баталгаа” /хх-ийн 13-14-р хуудас/, Цагдаагийн дэслэгч Г.Г илтгэх хуудас, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ЗШ/114 дугаар шийтгэвэр,/хх-ийн 17,18-р хуудас/, зөрчлийн талаар аман болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчил шалгах эрх бүхий албан хаагчийн тэмдэглэлүүд, /хх-ийн 20,21-р хуудас/, П.Г.Нын амбулаториор эмчлүүлэгчийн карт зэрэг баримтыг шинжлэн судалж хэлэлцүүлэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь П.Г.Ныг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь П.Г.Ныг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байна.

П.Г.Н нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон буюу архинаас хамааралтай болсон болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, зөрчлийн талаар аман болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Тухайн  этгээд

            -Согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх

            - Нийгмийн хэв журмыг зөрчсөн байх

-Сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн, эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх гэсэн үндэслэлүүд нэг дор бүрдсэн тохиолдолд тухайн этгээдийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэл бүрдэнэ.

П.Г.Н нь 2021 оны 03 дугаар сард архины спираль тавиулсан, 2021.01.21-ний өдөр Наркологийн тасагт үзүүлж 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн болох нь өвчтөний амбулаториор эмчлүүлэгчийн карт болон П.Г.Нын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал болон П.Г.Н нь 2021 оны 06 дугаар сард Наркологийн тасагт эмчилгээ хийлгүүлэх хүсэлттэй байгаа нь архинд согтуурах өвчнөө сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул архины албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                                           

          Харин удаа дараа архидан согтуурах, нийгмийн хэв журмыг зөрчих, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, сайн дураараа эмчилгээгээ хийлгэхгүй байх зэрэг үндэслэл бүрдсэн тохиолдолд дахин албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргах эрх нь Цагдаагийн байгууллагад нээлттэй байгааг П.Г.Нд анхааруулах нь зүйтэй  байна.

 

Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэл, болон бусад бичгийн нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж  дүгнэлээ.

Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

       1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр  зүйлийн  9.1 дэх  хэсэгт зааснаар М овогт ПГ.Н-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.  

       2.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ТУЯА