| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2005017141267 |
| Дугаар | 2021/ДШМ/353 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/353
Ж.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Ц.Э-ийн өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Ж.А-ын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэбаярын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Ж.А-д холбогдох эрүүгийн 2005 01714 1267 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө овгийн Ж-ийн А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхон, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Ж.А нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд байрлах ... дугаар байрны ... тоот 50.47 м.кв орон сууцыг “Би энэ байрыг бартераар авсан” гэж хуурч, 83.275.500 төгрөгөөр 3 жилийн хугацаанд зээлээр худалдахаар тохиролцон орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай А/21 дугаартай гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Ц.Э-ийг төөрөгдөлд оруулж, нийт 34.702.650 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газар: Ж.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Ж-ийн А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-аас 34.702.650 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д олгохоор, Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Д.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-ийн “...2017 оны 6 дугаар сарын 23-нд А нь над руу залгаж “Хөдөө ажил явдалтай байна. Бололцоогоороо мөнгө шилжүүл” гээд Хаан банкны ... гэсэн дансны дугаарыг өгч би тухайн үед данс руу 300.000 төгрөгийг өөрийн ... гэсэн данснаас шилжүүлсэн. ...” гэсэн, гэрч Х.Э-ын “...Тухайн үед А гэгч нь “А” буудлын тооцоог хийгээгүй байсан санагдаж байна. Тухайн үед А нь “Байраа зарсан хүнээс мөнгө авах ёстой” гээд миний дансыг ашиглаж мөнгө аваад “А” зочид буудлын тооцоог хийсэн. ...” гэсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан хохирогч Ц.Э-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга, С.Т-ийн Хаан банкны ..., Х.Э-ын ... дугаарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон Ж.А-ын хохирогч Ц.Э-ийг залилсан үргэлжилсэн үйлдлийн 2017 оны 6 дугаар сарын 23-нд Хаан банкны ... дугаарын дансаар 300.000 төгрөгийг ... дугаартай иргэн Ц.Э-ийн данснаас бэлэн бусаар шилжүүлж авсан үйлдлийг орхигдуулж, шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Мөн шүүхээс шүүгдэгч Ж.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, уг дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.А-ыг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Э-ээс нийт 34.702.650 төгрөгийг залилсан гэмт хэргийн үйлдэл 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төгссөн байна. Дээрх гэмт хэргийн төгссөн хугацаанаас эхэлж хэргийн хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолох бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дуусахаас өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр прокуророос Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, уг тогтоолын дагуу мөрдөгч яллагдагчаас мэдүүлэг авсан. Ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Ц.Э-ийн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолдог. Яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.А-ын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эсэргүүцэлд 2017 оны 8 дугаар сард гэмт хэрэг төгссөн, энэ үеэс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэсэн байна. Анхан шатны шүүх Ж.А-ыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн. Хохирогч Э-ийн хувьд мэдүүлэгтээ “2017 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хөх хот нэртэй рестораны гадаа уулзаад 1.620.000 төгрөгийг 8 сарын төлбөр гэж аваад надад баримтаа 8 дугаар сарын 5-ны өдөр бичиж өгсөн, мөн 2017 оны 8 дугаар сарын эхээр Гранд Плаза Их дэлгүүрийн урд уулзаад 9 дүгээр сарын төлбөр бэлнээр 1.620.000 төгрөг авсан.” гэж мэдүүлсэн. Мөнгө өгсөн хүн нь 8 дугаар сарын эхээр гэж мэдүүлсэн байхад прокурорын эсэргүүцэлд 2017 оны 8 дугаар сарын 23-нд авсан гэж байгаа нь үндэслэлгүй. 8 дугаар сарын 23-нд баримт бичиж өгсөн гэсэн мэдүүлэг байхгүй. 8 дугаар сарын эхээр гэдэг нь эхний 10 хоногт, 8 дугаар сарын 23 нь сарын сүүлд хамаарахаар байна. Хавтас хэргийн 80 дугаар хуудаст байгаа бэлэн мөнгөний орлогын баримт нь 2018 оны 8 дугаар сарын 23 гэсэн юм шиг бүдэг бичигдсэн байгаа. Ж.А-ын хувьд 2017 оны 7, 8 дугаар сард авсан мөнгөө хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь, шүүгдэгч нь хохирогч “1.620.000 төгрөгөө шилжүүлэхдээ Америкаас ахаасаа дамжуулан авдаг байсан гэж надад хэлдэг байсан, сүүлд зуслангийн байр баригдаж байгаа энэ дээр баримт бичүүлж авмаар байна гэж хоёр удаа баримт бичүүлж авч байсан, тэр мөнгийг би аваагүй” гэж мэдүүлдэг. Хохирлын төлбөрөөс 3.240.000 төгрөгийг зөвшөөрөөгүй байхад шүүх үүнийг үнэлэхгүйгээр 34.702.650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ж.А-ын хувьд эрүүл мэндийн хувьд хүнд, элэгний циррозтой, эцсийн шатандаа орсон, төлбөрийн чадвар муу, эмчилгээндээ бүх мөнгөө зарцуулж байгаагаас гадна ажилгүй, авдаг хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр битүүмжлэгдсэн учраас хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал байгаа. Хохирлыг төлөх болно.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас Ж.А-ыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд байрлах ... дугаар байрны ... тоот 50.47 м.кв орон сууцыг “Би энэ байрыг бартераар авсан” гэж хуурч, 83.275.500 төгрөгөөр 3 жилийн хугацаанд зээлээр худалдахаар тохиролцон, орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Ц.Э-ийг төөрөгдөлд оруулж, нийт 34.702.650 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хохирогч шүүгдэгч Ж.А-ыг “хохирогч Ц.Э-т “Байр худалдана” гэж залилсан гэм буруутай” гэж, мөн прокуророос түүнийг ялласан хохирлын хэмжээгээр “34.702.650 төгрөгийн хохирол учруулсан” гэж тус тус дүгнэсэн атлаа яллах дүгнэлтэд бичигдсэн “...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1.620.000 төгрөгийг бэлэн бусаар, ...2017 оны 6 сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн авсан” үйлдлүүдийг орхигдуулан бичсэн,
мөн “шүүгдэгч Ж.А нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогчоос нийт 34.702.650 төгрөгийг залилсан...” гэж дүнэсэн атлаа “гэмт хэрэг хэрэг үйлдэгдснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хэргийн 1 дүгээр хавтасны 98 дахь талд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн үйлдсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2005017141267 дугаартай прокурорын тогтоол авагдсан бөгөөд энэхүү тогтоолоор Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн эрх зүйн онол, практикт хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, сүүлийн үйлдэл төгссөн үеэс тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар тогтоосон.
Өөрөөр хэлбэл, тус гэмт хэрэг төгссөн үеэс хойш хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Иймд “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн прокурор Д.Эрдэнэбаярын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ