Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2020/00670

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2020/00670

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1996 онд Налайх дүүрэгт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 71 тоотод оршин суух, Багануур дүүрэгт Солонгос хоолны газар бэлтгэгч ажилтай, Боржигон овгийн Сандагдоржийн Одонгоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1991 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, ам бүл 1, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын б-6-262 тоотод оршин суух, Яргай овгийн Энхбаярын Хосбаярт /РД: УК 91070833/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Одонгоо, хариуцагч Э.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.Одонгоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Одонгоо миний бие нь 2014 онд Энхбаярын Хосбаяртай танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын 10-нд хүү Х.Чингүүн, 2018 оны 08 дугаар сарын 15-нд хүү Х.Итгэл нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болоод цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2020 оны 9 сард салж тус тусдаа амьдрах болсон, тэр үеэс хойш хоёр хүү маань миний асрамжинд амьдарч байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Х.Чингүүн, Х.Итгэл нарт маань хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хосбаяр гэр бүлдээ огт анхаарал халамж тавьдаггүй, гэртээ байсан байгаагүй адилхан байдаг, гэртээ байхаасаа байхгүй нь их, орой гарч яваад өглөө ирдэг, ирээд унтаж унтаж байгаад гараад явдаг, хүүхдүүдтэйгээ эцэг хүүхдийн халуун дулаан харилцаа байхгүй, тийм болохоор салсан гэв.

 

Хариуцагч Э.Хосбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Чингүүн, Х.Итгэл нар нь миний хүүхдүүд мөн, хүүхдүүд 2-5 настай. Би буцаад гэр бүлтэйгээ хамт амьдрахаар шийдээд оролдлого хийж байгаа боловч одоогоор бүтсэн зүйлгүй л байна. 2 хүүгээ өнчрүүлмээргүй эргэж хамт амьдрах юмсан гэсэн бодолтой байгаа, Одонгоог гуйгаад байгаа боловч дургүйцээд байна. Өөрийн ажлын онцлогоос шалтгаалаад гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг нь үнэн. Хүүхдүүдээ бодоод энэ маргаанаа тийм хурдан шийдүүлчихмээргүй л байна, гэхдээ хүүхдүүддээ тэтгэлэг төлөхгүй гэж маргах зүйлгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Боржигон овгийн Сандагдоржийн Одонгоо нь хариуцагч Яргай овгийн Энхбаярын Хосбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Одонгоо, хариуцагч Э.Хосбаяр нар нь 2014 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа 2015 онд хүү Х.Чингүүн, 2018 онд хүү Х.Итгэл

нарыг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2020 оны 9 сараас хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, хүүхдүүд эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаанууд, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хүү Чингүүний 1101000518, хүү Итгэлийн 1125630212 төрсний бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээг эцэг Хосбаяраар овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүү Чингүүн, Итгэл нарын эцэг Э.Хосбаяр болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Чингүүн, Итгэл нар төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Э.Хосбаяраас тэтгэлгийг гаргуулж хүү Чингүүн, Итгэл нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Э.Хосбаяраас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдүүдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэг.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Э.Хосбаярын хүү Чингүүн, Итгэл нартай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 230.000 төгрөгөөр тооцож, 2 хүүхдэд нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 2.760.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 74.040 төгрөгийг хариуцагч Э.Хосбаяраас гаргуулж нэхэмжлэгч С.Одонгоод олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Хосбаярын Чингүүн, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Хосбаярын Итгэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тус тус тогтоон эцэг Яргай овгийн Энхбаярын Хосбаяраас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Хариуцагч Э.Хосбаярыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах, тэдэнтэйгээ хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч С.Одонгоод анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хосбаяраас 74.040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Одонгоод олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.