| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Дашням,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000550050 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, *******ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, эцэг, эмэг эх, авга ах нарын хамт ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон дүйцүүлэн сольсон,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн,
******* регистрийн дугаартай, *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдан зодож “ тархины доргилт, дээд доод уруулын язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн үстэй хэсгийн язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы цууралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 2530000550050 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ийн: Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гадуур явж байх үедээ найзуудтайгаа 2-3 шил архи уучхаад 21 цагийн үед гэртээ очоод гал тогооны өрөөндөө сандал дээр унтаж байхад авга ах ах намайг татаж чангаагаад, “архи ууж ирлээ, зайл” гэж загнаад, өдөж хоргоогоод байхаар нь би согтуугаасаа болоод босож очоод ахыг гараараа цохиж байснаа санаж байна...гэх мэдүүлэг (хэргийн 46-47 дугаар хуудас),
- Хохирогч Ц.ын: 2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад ******* тоотод гэртээ байхад манай төрсөн ахын хүүхэд ******* нь согтуу орж ирээд над руу муухай хараад байхаар нь “энэ ингээд согтуу явах юм” гэж амандаа хэлэхэд ******* нь “Юу хуцаад байгаа юм” гэж хэлээд миний нүүр, толгой, чих рүү нэлээд хэдэн удаа цохисон. Би нүүрээ гараараа хамгаалаад доошоо тонгойход миний гуя, хонго хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөх гэхэд миний гар утсыг булааж авчхаад өгөхгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд миний гар утсыг гал тогооны өрөөнд ширээн дээр тавьсан байхаар нь би цагдаа руу залгаж дуудлага өгсөн.Би *******ийн биед халдаж зодоогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад гомдол, санал байхгүй. Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаанд ямар нэг хор уршиг учраагүй болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 15-17 дугаар хуудас),
- Гэрч : Тухайн үед намайг гал тогооны өрөөндөө байхад ач хүү ******* нь согтуу орж ирж байсан. Гал тогооны өрөөнд ороод сандал дээр унтаж байхад манайд ирсэн байсан хүү Ц. нь ******* хандаж “Зайлахгүй яасан юм, идэх болохоороо ирлээ” гэх зэргээр хэлж байгаа сонсогдсон. Ц. том өрөөнд сууж байсан. Тэгээд наанаас нь ******* “та юу гээд байгаа юм” гэж хэлээд том өрөө рүү очиж байгаа харагдсан. Тэндээ хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Удалгүй Ц. цагдаа дуудсан бололтой гаднаас манай гэрт цагдаа орж ирсэн... гэх мэдүүлэг ( хэргийн 20-21 дүгээр хуудас),
- 279 дугаартай Яаралтай тусламжийн хуудас(хэргийн 27-28 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай “...1. Ц.ын биед тархины доргилт, дээд доод уруулын язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн үстэй хэсгийн язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),
- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хэргийн 5-6 дугаар хуудас),
- Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 33 дугаар хуудас),
- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 57 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 54-60 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 61-67 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 68-73 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 74-82 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 83-93 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 94-107 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 108-113 дугаар хуудас),
- сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025.02.19-ний өдрийн 1/45 тоот албан бичиг (хэргийн 116 дугаар хуудас,)
- *******ийн Иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлгүй лавлаагаа (хэргийн 118-120 дугаар хуудас) зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдан зодож “ тархины доргилт, дээд доод уруулын язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн үстэй хэсгийн язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы цууралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гадуур явж байх үедээ найзуудтайгаа 2-3 шил архи уучхаад 21 цагийн үед гэртээ очоод гал тогооны өрөөндөө сандал дээр унтаж байхад авга ах ах намайг татаж чангаагаад, “архи ууж ирлээ, зайл” гэж загнаад, намайг өдөж хоргоогоод байхаар нь би согтуугаасаа болоод босож очоод ахыг гараараа цохиж байснаа санаж байна ” гэх,
хохирогч Ц.ын “ 2025 оны 01 дүгээр сарын 11-ний 21 цаг өнгөрч байхад сумын 4 дүгээр баг, Төмөртэй хорооллын 2011 тоотод гэртээ байх үед манай төрсөн ахын хүүхэд ******* нь согтуу орж ирээд над руу муухай хараад байхаар нь “энэ ингээд согтуу явах юм” гэж амандаа хэлэхэд ******* нь “Юу хуцаад байгаа юм” гэж хэлээд миний нүүр, толгой, чих рүү нэлээд хэдэн удаа цохисон. Би нүүрээ гараараа хамгаалаад доошоо тонгойход миний гуя, хонго хэсэг рүү өшиглөөд байсан. Би цагдаад дуудлага өгөх гэхэд миний гар утсыг булааж авчхаад өгөхгүй байсан. Нэг мэдэхэд миний гар утсыг гал тогооны өрөөнд ширээн дээр тавьсан байхаар нь би цагдаа руу залгаж дуудлага өгсөн” гэх,
гэрч “Тухайн үед би гал тогооны өрөөнд байхад ач хүү ******* нь согтуу орж ирж байсан. Гал тогооны өрөөнд сандал дээр унтаж байхад нь манайд ирсэн байсан хүү Ц. нь ******* хандаж “Зайлахгүй яасан юм, идэх болохоороо ирлээ” гэх зэргээр хэлж байгаа сонсогдсон. Ц. том өрөөнд сууж байсан. Тэгээд наанаас нь ******* “та юу гээд байгаа юм” гэж хэлээд том өрөө рүү очиж байгаа харагдсан. Тэндээ хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Удалгүй Ц. цагдаа дуудсан бололтой гаднаас манай гэрт цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 85 дугаартай “1. Ц.ын биед тархины доргилт, дээд доод уруулын язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний зөөлөн эдийн цус хуралт, баруун чамархайн үстэй хэсгийн язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт,
279 дугаартай Яаралтай тусламжийн хуудас,
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл,
Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч Ц.ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч ******* дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Ц.д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 85 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Ц.ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг өшиглөж, зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
6. Шүүх шүүгдэгч ******* тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний өшиглөж, зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
7. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хоорондын таарамжгүй харьцаа, маргаанаас хохирогч Ц.ыг өшиглөж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон, прокуророос түүнд холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
1.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллийг үндэслэвэл, хохирогч Ц. нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс 2025.01.11-ний өдөр Түргэн тусламж/ойрын дуудлага/ 56,609 төгрөг, 2025.01.11-нээс 2025.01.17-ны өдөр хүртэл хэвтүүлэн эмчлах тусламж, үйлчилгээ /эмийн эмчилгээ/-нд 1,596,853 төгрөг, амбулаторийн тусламжийн үйлчилгээ/ амбулаторийн хяналтын үзлэг/-нд 2025.01.20-нд 24,312 төгрөг, 2025.01.21-нд 24,312 төгрөг, 2025.01.22-нд 24,312 төгрөг, 2025.01.23-нд 24,312 төгрөг, 2025.01.24-нд 24,312 төгрөг, 2025.01.27-нд 24,312 төгрөг, 2025.01.30-нд 24,312 төгрөг, 2025.02.03-нд 24,312 төгрөг, 2025.02.04-нд 24,312 төгрөг, 2025.02.05-нд 24,312 төгрөгийн үйлчилгээ авсан талаар тусгагджээ.
Тухайн хэрэг 2025.01.11-ний өдөр суманд үйлдэгдсэн бөгөөд дээр дурдагдсан Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс хохирогч Ц.д үзүүлсэн тусламж, үйлчилгээ нь бүхэлдээ шүүгдэгч *******ийн хохирол учруулсан үйлдэлд хамааралтай эсэх, мөн ямар байгууллага үүнийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байгааг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын байгууллага нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хохирогч Ц.ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, төлбөрийг холбогдох Эрүүл мэндийн даатгалын байгууллагаар уламжлуулж төлөөлөн, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
4. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг баталжээ.
Дээрх “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон бөгөөд хохирогч Ц. нь шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Иймд хохирогч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өөрт учирсан хохиролтой холбоотойгоор нотлох баримтыг гаргаагүй бөгөөд тэрээр түүнд учирсан хохирол, гэм хор бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Дашнямаас “ Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж, байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорыг, Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь энэ тогтоолоор хангагдаагүй эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 1,943,302 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН