Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

Өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн 2530000780103 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, С******* ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* регистрийн дугаартай,

*******.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дугаар өрөөнөөс иргэн эзэмшлийн брэндийн хар өнгөтэй, шар өнгийн дотортой нурууны бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өглөө 07.00 цагаас 23.00 цаг хүртэл ажилласан юм. Тухайн өдөр үдийн хойш хүүхдийн тасгийн 06 номерын өрөө рүү цэвэрлэгээ хийхээр 2 хувин бариад орсон. Миний нэг хувин устай, нөгөө хувин усгүй хоосон байсан. Тухайн өрөөг цэвэрлэхээр орох үед өрөөнд хүн байгаагүй. Би цэвэрлэгээ хийж дуусаад гарахдаа ягаан өнгийн буйдан дээр байсан хар өнгийн нурууны бүсийг усгүй хувиндаа хийгээд аваад гарсан. Уг нурууны бүсийг би ажил тараад гэр рүүгээ авч явсан. Хэд хоногийн дараа цагдаагийн алба хаагч намайг дуудаж надад хууль сануулж, нурууны бүс хулгайд алдагдсан талаар асуухаар нь эхлээд айж сандраад мэдэхгүй гэж хэлээд дараа нь бодож байгаад өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож мэдээд би цагдаагийн алба хаагчид тухайн бүсийг би авсан гэдгээ үнэнээр нь хэлсэн ” гэх мэдүүлэг ( хэргийн 70-72 дугаар хуудас),

 

хохирогч “ Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ноос 15-ны өдрийн хооронд хамт хэвтэн эмчлүүлсэн юм. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүүхдийн тасгийн 6 номерын тусгай өрөөний хойд талын өрөөнд шилжин орсон. Миний нуруу өвдөөд байсан тул манай хадам ээж нь 01 дүгээр сарын 09-ний өдөр энергийн бүс авчирч өгсөн. Би бүсийг авчирсан өдөр нь зүүж байгаад маргааш орой нь 06 номерын өрөөнд шилжин орсон оройноо тайлж өрөөний буйдан дээр байх цүнхэн дээрээ тавьснаа санаж байгаа юм. Эмнэлгээс гараад хадам ээжид “ бүсээ, эд зүйлтэйгээ цуг өгч явуулсан байгаа талаар” асуухад “өгч явуулаагүй” гэсэн. Би бодохдоо бүс байхгүй болохоор нь юмтайгаа цуг хамаад өгч явуулсан байх гэж бодож байсан юм. энергийн чулуутай, хар өнгийн даавуун гадартай, шар өнгийн дотортой нурууны бүс байгаа ,хуучин хэрэглэж байсан. Би ижилхэн зарагдаж байгаа бүсний зургийг сайн дураараа мөрдөгчид хуулбарлаж өгсөн. Би бүсээ 2024 оны 06 дугаар сараас эхэлж зүүж хэрэглэж байсан. Хэрэглээд 6 сар гаруй болж байгаа бүс. Шинээр нь 1,483,000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Одоо зах зээлийн ханшаар нь үнэлнэ....Манай өрөөнд камерын хяналт байхгүй. Хүүхдийн тасгийн нэгдсэн хаалганы үүд болон тарианы өрөөнд камерын хяналт байдаг. Хувь хүмүүсийн өрөө болон коридорт камерын хяналт байхгүй.

Намайг хамгийн сүүлд бүсээ өрөөнийхөө буйдан дээр байсан цүнхэн дээрээ тавихад нүдний шилтэй асрагч эмэгтэй орж ирээд надад ор засаж өгөх, бусад зүйлд тусалсан. Ер нь манай өрөөнд 3 асрагч эмэгтэйгээс өөр хүн орж ирдэггүй.

Би өөрийн нурууны бүсээ XXL размер болон брэндээр таньж байна. Хэрэглэж байсан болохоор бага зэрэг эдэлгээнд орсон байгаа. Би алдагдсан нурууны бүсээ авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй ” гэх мэдүүлэг (хэргийн 13-15, 20-21 дугаар хуудас),

 

гэрч М.гийн “ Манай бэр нь 2025 оны 01 дүгээр сарын 07-15-ны өдрийн хооронд хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлсэн юм. Бэр миний нуруу өвдөөд байна гэхээр нь би 01 дүгээр сарын 09-ний өдөр нурууны бүс авчирч өгсөн. 01 дүгээр сарын 15-ны өдөр эмнэлгээс гарахаар нь бүсээ яасан талаар асуухад “бүс байхгүй байхаар нь юмтайгаа цуг танд өгөөд явуулсан гэж бодсон” гэж хэлсэн. Надад нурууны бүсээ буцааж өгч явуулаагүй. Манай бэрийн ярьж байгаагаар нь 01 дүгээр сарын 10-ны өдөр өрөөгөө солиод төлбөртэй өрөөнд ордог өдрөө өрөөнийхөө буйдан дээр тавьж орхисон гэж яриад байгаа юм. Тухайн өдөр нь нүдний шилтэй асрагч эмэгтэй л охины өрөөгөөр орж гарсан гэсэн. Төлбөртэй өрөө болохоор гаднаас эмч, сувилагч, эргэлтийн хүмүүс ордоггүй. Асрагч нь цэвэрлэгээ хийхээр ордог гэсэн. энергийн чулуутай, хар даавуун гадартай, шар өнгийн даавуун дотортой нурууны бүс байгаа. Би бэр д өөрийн өмнө хэрэглэж байсан нурууныхаа бүсийг өгсөн. Тухайн бүсийг нь ашиглах, захиран зарцуулах эрхтэй. бүс байгаа юм ” гэх мэдүүлэг ( хэргийн 24-25, 28-29 дугаар хуудас),

 

гэрч “ Би 2025 оны 01 дүгээр сарын 12, 15-ны өдрүүдэд ээлжийн асрагчаар өглөө 07 цагаас 22 цаг хүртэл ажилласан. Асрагч , бид гурав ээлжилж гардаг. Би гардаг ээлжин дээрээ өрөөнүүдийг 3-4 удаа цэвэрлэдэг. Би гэх эмэгтэйг танихгүй. Манай хүүхдийн тасгийн 06 номерын тусгай өрөөн нь дотроо 2 өрөөтэй бөгөөд хойд талын өрөөнд нь хэвтэж байсан эмэгтэй байх. Тусгай өрөөнд гаднаас эмч, сувилагч нар барагтай ордоггүй төлбөртэй өрөө юм. Эм, тариагаа хийлгэхдээ тарианы өрөөнд хийлгэдэг. Тусгай өрөөнд ээлжийн асрагч цэвэрлэгээ хийхээр ордог. Олон өрөө цэвэрлэж явдаг болохоор хаана хэний юм байгааг мэдэх боломжгүй байдаг. Иймээс би хар өнгийн гадартай, шар өнгийн дотортой нурууны бүс харсан талаараа мэдэхгүй байна. Мөрдөгчийн харуулсан бүсний зургийг харахад өмнө харж байгаагүй бүс байна” гэх мэдүүлэг ( хэргийн 32-33 дугаар хуудас),

 

гэрч “ Би 2025 оны 01 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд асрагчаар ээлжинд гарсан. Манай хүүхдийн тасаг нь төлбөртэй өрөөтэй, тухайн ороонд гаднаас эргэлтийн хүн болон эмч нар ордоггүй. Шаардлагатай тохиолдолд эмч, сувилагч нар ордог. Харин асрагч нар өдөрт 2 удаа өглөө, орой цэвэрлэгээ хийхээр тухайн өрөөнд ордог. Манай хүүхдийн тасагт , асрагч бид гурав ээлжилж гардаг. Би тухайн үед төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан гэх эмэгтэйг танихгүй. Тусгай өрөөнд цэвэрлэгээ хийж байхдаа хар өнгийн гадартай, шар өнгийн дотортой нурууны бүс байсан талаар мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг ( хэргийн 36-37 дугаар хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2502024 дугаартай “ 1. Шинжилгээний обьект брендын нурууны бүсний зах зээлийн үнэ 1,185,600 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ( хэргийн 52-56 дугаар хуудас),

 

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 05-06 дугаар хуудас),

 

Эд зүйл (баримт бичиг, бусад баримт)-ыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 07 дугаар хуудас),

 

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хэргийн 79-85 дугаар хуудас),

 

*******ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хэргийн 90 дугаар хуудас),

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.04-15-ны өдрийн 16 дугаартай тогтоол  (хэргийн 91-93 дугаар хуудас),

2025.04.-15-ны өдрийн Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” санал (хэргийн 94-95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2502024 дугаартай “ Шинжилгээний обьект брэндийн нурууны бүсний зах зээлийн үнэ 1,185,600 төгрөг” гэх шинжээчийн шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Фохов брэндийн нурууны бүсийг хулгайлж 1,185,600 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг байрлах Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 06 дугаарын өрөөг цэвэрлэх явцдаа тухайн өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн эзэмшлийн брэндийн хар өнгөтэй, шар өнгийн дотортой нурууны бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,600 төгрөгийн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч *******ын, хохирогч Фохов брэндийн нурууны бүсийг хулгайлж учруулсан 1,185,600 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан авсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хохирогч 1охов брэндийн нурууны бүсийг хулгайлж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д 1,185,600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирлыг биет байдлаар нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “Надад сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” (хх 21 хуудас ) гэх мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суугаа газар, ажил,  сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн үндсэн харьяат иргэн тул түүнд оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил,  сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтооно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.             

  

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

6.  Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч д учирсан 1,185,600 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН