Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар   2025/ШЦТ/115           

 

                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням,

Насанд хүрээгүй хохирогч *******,

Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******т холбогдох 2430004510045 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* сумын 3 дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай,

.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Жавхлант” худалдааны төвийн хойд талын авто замаар маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

- Мөн дүрмийн 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

- Мөн дүрмийн 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус газарт зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй хүүхэд болох *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны цууралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би машины толинд харсан. Ард малгай шиг юм харагдахаар нь эргэж харахад хүүхэд байсан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудах гээд машин руугаа утсаа авах гээд явах хооронд цаанаас хүн ирээд аваад явчихсан, би араас нь дагаад явсан. Би нийт 700,000 төгрөг өгсөн. Би хоёр удаа очсон, утсаар ярьсан. Би цаашид гарах зардлыг нөхөн төлнө Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: сургууль руугаа өөрөө явдагагүй, би дандаа хүргэж өгдөг байсан. Тэр өдөр хоёр дүүг нь харах хүнгүй болоод би үлдсэн, тэнгэр сайхан байхаар нь өөрөө гүйж чадах уу гээд явуулчихсан. Хүүхдийг минь эргэж ирээгүй, аав нь хүүхдээ эмнэлгээр зөөдөг байсан, тэр үед нэг ирсэн. Түүнээс хойш ярихгүй байж байгаад шүүх хуралтай гэхээр ойр ойр ярьж байсан. Охин маань эмнэлэгт хэвтээгүй, шохойтой гурван сар байсан, бороолохгүй байж байгаад кальци авч уугаад бороолсон. Бид Улаанбаатар хот руу 3 удаа хүүхдээ үзүүлэх гээд явсан, эхлээд өөрийн машинтай явсан, дараа нь хөлсний унаагаар явсан.  Хот явсан, эмчилгээний зардал нэг сая гаран гарсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэнэ. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг, нийт 5 сая төгрөг нэхэмжлэнэ. Эмчилгээний зардал болон хохирлыг хоорондоо тохиролцох боломж байхгүй...гэв.

 

 

2430004510045 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

- Яллагдагч *******ийн: 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн маркийн машинтайгаа гэрээсээ гараад "Сүхбаатар" худалдааны төв орох гээд "Жавхлант" худалдааны төвийн хойгуур баруун гар тал руугаа эргэх үед миний талын толинд юм хийсэх шиг болохоор нь зогсоод буугаад хартал машины хойд талд бага насны сургуулийн эмэгтэй хүүхэд газар уначихсан дайруулсан байсан. Цаанаас нь нэг маркийн машинтай танихгүй хүн "та хүүхэд дайрчихлаа" гээд тухайн эмэгтэй хүүхдийг машиндаа суулгаад аваад явсан. Би араас нь дагаж эмнэлэг рүү явсан. Намайг замаар баруун гар тал руугаа эргэх үед надад хүүхэд харагдаагүй. Гэнэт миний талаар юм унах шиг, хийсэх шиг болохоор нь зогсоод буугаад би замаар гарч явсан бага насны жаахан хүүхдийг /М. /-ийг дайрч зам тээврийн осол гаргасан гэдгээ анх мэдсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй олон жил болж байна. Цагдаагийн алба хаагч нарт согтолт хэмжигч багажаар шалгуулсан эрүүл гэж гарсан. Би "В" ангиллын үнэмлэхтэй, жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй. Ойролцоогоор 15-20 мл-н хурдтай явж байсан. Би анх хараа сайтай байсан. 2 жилийн өмнөөс сахрын өвчний улмаас миний хараа муудаад байгаа юм. Би замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг мэднэ. Тухайн үед өөрийн буруугаас болж замаар гарч явсан явган зорчигчийг хараагүй, мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугаа ухамсарлаж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч талд эм, эмчилгээнд нь зориулж 700,000 төгрөг өгсөн. Хохирогчийн ээж болох нь данс руу 2 удаагийн гүйлгээгээр 700,000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг (хэргийн 84-86 дугаар хуудас),

 

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай охин ******* өдөр 12 цагийн орчимд сургуульдаа явлаа гээд цүнхээ үүрээд явсан. 12 цаг 30, 40 минутын орчимд аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-аас залгаад “танай охин чинь машинд мөргүүлээд хөлөө гэмтээчихсэн байна” гэж над руу ярьсан. Би эмнэлэг рүү очиход манай охины баруун хөл хугарсан гэмтэлтэй байсан. Би охиноосоо юу болсон талаар асуухад “ ороод буцаад зам хөндлөн гарч байхдаа машинд мөргүүлсэн” гэж хэлж байсан. Манай охины хичээл 13 цагаас ордог юм, сургууль руугаа явах замаараа дэлгүүрээс юм авна гэж надад хэлээд гэрээсээ эрт гарч явсан байсан юм. Манай охин ******* нь ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд “насан туршийн боловсрол”-ын ангид суралцдаг. Манай охин багаасаа унаж татдаг өвчтэй байсан. Ухаан санаа бол хэвийн. Уналт, таталтын эсрэг тогтмол эм ууж хэрэглэдэг. *******ийн зүгээс оны өмнө хот руу явахад эм, эмчилгээндээ зарцуулаарай гээд 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Охины эм, эмчилгээтэй холбоотой зардлын баримт байгаа би сайн дурын үндсэн дээр гаргаж өгнө. Гаргаж өгсөн зардлаа *******аас нэхэмжилнэ.Энэ зам тээврийн ослын улмаас болж манай охин бид хоёрын хувьд сэтгэл санааны хохиролтой байна. Охин бид хоёр сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлтэй уншиж танилцлаа. Хүснэгтэд заагдсан зэрэглэлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ зэрэглэлээрээ сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би гомдолтой байна. ******* манай охины биеийг асууж яаж байна гэж ганц удаа өөрөө залгаж ярьж байгаагүй. Манай охин энэ гэмт хэргийн улмаас болж удаан хугацаагаар гэртээ гам барьж суусан...гэх мэдүүлэг ( хэргийн 39-41, 44-4 дугаар хуудас),

 

- Насанд хүрээгүй хохирогч *******ийн:  2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг өнгөрч байхад би хичээлдээ явах гээд гараад замаараа “Жавхлант” худалдааны төв орж өнгө өнгийн үрэл аваад буцаж гараад сургууль руугаа явсан. Би 2 дугаар сургуульд сурдаг.  “Жавхлант” худалдааны төвөөс гараад хойшоо зам хөндлөн гараад явж байхад миний баруун талаас гэнэт машин мөргөсөн. Тухайн машины урд талын дугуй, бас арын дугуй нь миний баруун хөл дээгүүр гарсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн зураг дээр тэмдэглэсэн “А” үсэг байгаа газар би машинд мөргүүлсэн. Миний анх машинд мөргүүлж унасан газар мөн байна. Миний зам хөндлөн гарсан газарт явган хүний гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ юу ч байгаагүй. Би зам гарахдаа хоёр тийшээ машин харж гарсан. Ямар нэгэн ирж байгаа машин харагдаагүй...гэх мэдүүлэг ( хэргийн 32-33 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хэргийн 53-54 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай “1.*******ийн биед баруун хөлийн шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт ( хэргийн 55-56 дугаар хуудас),

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн “******* нь мэдрэлийн талаас “тархмал эпилепси” уналт таталтын өвчтэй. Сэтгэцийн талаас оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. 2. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт ( хэргийн 64-65 дугаар хуудас),

 

- Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай “…2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 18-62 СҮЭ улсын дугаартай, Адван маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Мөнх овогтой Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

Нэг. Нийлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

Гурав. Жолоочийн үүрэг 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа ( хэргийн 70-72 дугаар хуудас),

 

- 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хэргийн 1 дүгээр хуудас),

 

- 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол ( хэргийн 2 дугаар хуудас),

 

- 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн 243000115 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал ( хэргийн 3 дугаар хуудас),

 

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хэргийн 5-6 дүгээр хуудас),

 

- 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “…2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 40 минутад дуудлага хүлээн авч байгалийн гэрэлд эхлүүлэв. Үзлэгээр зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ийн хойд талын авто зам, зам нь асфальтан, тэгш, хуурай, суурины дотор, үзэгдэх орчин чөлөөтэй, тухайн үеийн цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, хашлагатай, хайсгүй зам байв. Ослын газарт очиход шүргүүлсэн гэх А. болон улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэргийн газарт байхгүй хөдөлсөн байв. Анх мөргөсөн гэх цэгийг жолооч *******аар заалган А үсгээр тэмдэглэв. Уртын метр ашиглан хэмжихэд улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн өргөн 9 метр 14 см, үл хөдлөх цэгийг Монгол даатгалын байрны зуун урд талын булангаар авч, А цэгээс В цэгийн харалдаа 9 метр 66 см В цэгээс А цэгийн харалдаа 27 метр 12см гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хэмжилтийг хийв. Уг зам тээврийн ослыг замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч маркийн утсаар 8 кадр зураг авч бэхжүүлэв.”, Хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хэргийн 8-13 дугаар хуудас),

 

- 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн 14-15 дугаар хуудас),

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хэргийн 16-17 дугаар хуудас),

 

- Стандарт, хэмжил зүйн газрын Физик-Химийн хэмжих хэрэгслийн  баталгаажуулалтын 001797 дугаарын гэрчилгээ ( хэргийн 18 дугаар хуудас),

 

- маркийн тээврийн хэрэгслийн   04431771 дугаартай тээврийн хэрэгслийн цахим лавлагаа, *******ийн В ангиллын 124811 дугаартай Жолоочийн үнэмлэх ( хэргийн 19 дүгээр хуудас),

 

- Эд зүйл (баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт)-ийг хүлээн авсан тэмдэглэл ( хэргийн 20 дугаар хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хэргийн 21дүгээр хуудас),

 

- Эрх бүхий албан тушаалтны насанд хүрээгүй хохирогч *******ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар ( хэргийн 22-23 дугаар хуудас),

 

- Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол ( хэргийн 36 дугаар хуудас),

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 89 дүгээр хуудас),

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл ( хэргийн 93-96 дугаар хуудас),

 

- Насанд хүрээгүй хохирогч *******ийн Хохирлын баримт (хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас),

 

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт танилцуулсан баримт ( хэргийн 105 дугаар хуудас),

 

- Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/44 дугаартай албан бичиг, эмчилгээний зардлын баримт (хавтаст хэргийн 113-114-р хуудас) хэрэгт цугларсан байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх  нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн орчимд ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Жавхлант” худалдааны төвийн хойд талын авто замаар маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1. “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн газарт газарт зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй хүүхэд болох *******ийг мөргөж эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны цууралт”  бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний 12 цаг өнгөрч байхад маркийн машинтайгаа "Жавхлант" худалдааны төвийн хойгуур баруун гар тал руугаа эргэх үед миний баруун талын толинд юм хийсэх шиг болохоор нь зогсоод буугаад хартал машины хойд талд бага насны сургуулийн эмэгтэй хүүхэд газар уначихсан дайруулсан байсан. Цаанаас нь  Приус-20 маркийн машинтай танихгүй хүн "та хүүхэд дайрчихлаа" гээд тухайн эмэгтэй хүүхдийг машиндаа суулгаад аваад явсан. Би тухайн машины араас нь дагаж эмнэлэг рүү явсан. Намайг замаар баруун гар тал руугаа эргэх үед надад хүүхэд харагдаагүй. Гэнэт миний талаар юм унах шиг, хийсэх шиг болохоор нь зогсоод буугаад хартал би замаар гарч явсан бага насны жаахан хүүхдийг /М. /-ийг дайрч зам тээврийн осол гаргасан гэдгээ анх мэдсэн.Тухайн үед өөрийн буруугаас болж замаар гарч явсан явган зорчигчийг хараагүй, мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугаа ухамсарлаж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай охин ******* өдөр 12 цагийн орчимд сургуульдаа явсан. 12 цаг 40 минутын орчимд аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-аас залгаад “танай охин чинь машинд мөргүүлээд хөлөө гэмтээчихсэн байна” гэж над руу ярьсан. Эмнэлэг рүү очиход манай охины баруун хөл хугарсан байсан. Би охиноосоо юу болсон талаар асуухад “ ороод буцаад зам хөндлөн гарч байхдаа машинд мөргүүлсэн” гэж хэлж байсан. Манай охин багаасаа унаж татдаг өвчтэй байсан юм. Ухаан санаа бол хэвийн. *******ийн зүгээс оны өмнө хот руу явахад эм, эмчилгээндээ зарцуулаарай гээд 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Энэ зам тээврийн ослын улмаас болж манай охин бид хоёрын хувьд сэтгэл санааны хохиролтой байна. Охин бид хоёр сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлтэй уншиж танилцлаа. Хүснэгтэд заагдсан зэрэглэлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ зэрэглэлээрээ сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Манай охин энэ гэмт хэргийн улмаас болж удаан хугацаагаар гэртээ гам барьж суусан” гэх,

 

насанд хүрээгүй хохирогч *******ийн “ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг өнгөрч байхад би гэрээсээ жаахан эрт гараад замаараа “Жавхлант” худалдааны төв орж үрэл аваад сургууль руугаа явсан. Би 2 дугаар сургуульд сурдаг. Би “Жавхлант” худалдааны төвөөс гараад хойшоо зам хөндлөн гараад явж байхад миний баруун талаас гэнэт машин мөргөсөн. Тухайн машины урд талын дугуй, бас арын дугуй нь миний баруун хөл дээгүүр гарсан. Тухайн зураг дээр тэмдэглэсэн “А” үсэг байгаа газар би машинд мөргүүлсэн. Миний анх машинд мөргүүлж унасан газар мөн байна. Миний зам хөндлөн гарсан газарт явган хүний гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ юу ч байгаагүй. Би зам гарахдаа хоёр тийшээ машин харж гарсан. Ямар нэгэн ирж байгаа машин харагдаагүй” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас,

Шинжэээчийн 20 дугаартай “1.*******ийн биед баруун хөлийн шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн “1. ******* нь мэдрэлийн талаас “тархмал эпилепси” уналт таталтын өвчтэй. Сэтгэцийн талаас оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. 2. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэх дүгнэлт,

Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар “2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 18-62 СҮЭ улсын дугаартай, Адван маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Мөнх овогтой Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Гурав. Жолоочийн үүрэг 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа,

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол,

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн 243000115 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал,

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн “…2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 40 минутад дуудлага хүлээн авч байгалийн гэрэлд эхлүүлэв. Үзлэгээр зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ийн хойд талын авто зам, зам нь асфальтан, тэгш, хуурай, суурины дотор, үзэгдэх орчин чөлөөтэй, тухайн үеийн цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, хашлагатай, хайсгүй зам байв. Ослын газарт очиход шүргүүлсэн гэх А. болон улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэргийн газарт байхгүй хөдөлсөн байв. Анх мөргөсөн гэх цэгийг жолооч *******аар заалган А үсгээр тэмдэглэв. Уртын метр ашиглан хэмжихэд улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн өргөн 9 метр 14 см, үл хөдлөх цэгийг Монгол даатгалын байрны зуун урд талын булангаар авч, А цэгээс В цэгийн харалдаа 9 метр 66 см В цэгээс А цэгийн харалдаа 27 метр 12см гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хэмжилтийг хийв. Уг зам тээврийн ослыг замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч маркийн утсаар 8 кадр зураг авч бэхжүүлэв.”  Гэх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Стандарт, хэмжил зүйн газрын Физик-Химийн хэмжих хэрэгслийн  баталгаажуулалтын 001797 дугаарын гэрчилгээ,

маркийн тээврийн хэрэгслийн   04431771 дугаартай тээврийн хэрэгслийн цахим лавлагаа, *******ийн В ангиллын 124811 дугаартай Жолоочийн үнэмлэх,

Эд зүйл (баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт)-ийг хүлээн авсан тэмдэглэл,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

Эрх бүхий албан тушаалтны насанд хүрээгүй хохирогч *******ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 22-23-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч *******ийн Хохирлын баримт,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт танилцуулсан баримт

Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/44 дугаартай албан бичиг, эмчилгээний зардлын баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтооход заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч насанд хүрээгүй хохирогч *******ийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 20 дугаартай дүгнэлтээр, түүний биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэргээр  тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ******* биед учирсан дээрх журмын 2.3.1. “ гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.

 

3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч *******ийн  холбогдсон зам тээврийн ослын талаар “ 2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 18-62 СҮЭ улсын дугаартай, Адван маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Мөнх овогтой Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх магадалгаа гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.  

 

Харин дээр дүгнэлтэнд тусгагдсан “Гурав. Жолоочийн үүрэг 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх” гэх заалт нь тухайн тухайн осол гарсан шалтгаан, нөхцөлд хамраарахгүй, харин зам тээврийн осол гаргасан жолоочийн хувьд  хүлээх үүрэг, зохицуулалт болохыг дурдъя.

 

4. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

 

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны

хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

5. Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.1-т “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй хүүхэд болох *******ийг мөргөж эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны цууралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй, нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

Иймд шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа болон шүүгдэгч ******* нараас тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасан уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шалтгаант холбоотой юм.

 

8. Шүүгдэгч *******ийн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчигдөх, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд аюул, осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр тээврийн жолоодсоны улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хүүхэд болох *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд 188,900 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс 2024.12.23-ны өдөр түүнд 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг  тус тус төлжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь Улаанбаатар хот явсан замын болон эмчилгээний зардлыг нэхэмжлэнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаагүй байна.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчөөс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийн хүснэгтийг үндэслэн насанд хүрээгүй хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл гэж үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д танилцуулжээ.

 

Гэмт хэргийн хохирогчоос сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх тохиолдолд зайлшгүй шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан ба харин мөрдөгчийн танилцуулсан маягтаар сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д нь насанд хүрээгүй хохирогч *******т учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, мөн тухайн гэмтлийн улмаас гарсан эмчилгээний болон замы зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Насанд хүрээгүй хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 63,746 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025.02.27-ны өдрийн 23/44 дугаартай албан бичиг, хавсралт (хэргийн 113-114-р хуудас)-аар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******аас 63,746 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай юм.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Дашнямаас “Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай ”  гэх,

өмгөөлөгч Д.Зулаагаас “ ******* нь анх удаа болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос эмчилгээний зардалд 200,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байсан. Шүүгдэгч сайн дураараа 700,000 төгрөгийг төлсөн, цаашид хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх юм бол өгнө гэсэн байр суурьтай байгаа. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэгт тогтоогдсон. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоож өгнө үү, хэрэг болох үед мөн хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлддэггүй, мал малладаг байсан боловч зуд болох үед малгүй болсон тул сэтгэл санааны хохирлыг 50% тогтоож өгнө үү, хурлын өмнө эмчилгээний зардлыг өгнө гэж тохиролцоод өгөх гэтэл гэнэт өөрчлөгдөөд дансаа өгөөгүй, шүүх хуралдаанаар шийдүүлнэ гэсэн. Иймд улсын яллагчийн оногдуулж байгаа зорчих эрх хязгаарлах ялаас багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч *******ийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн эмчилгээнд 500,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь мөн зүйлийн 1.1-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил  6 сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь ******* сумын 8 дугаар багт оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дүгээр зүйлийн 1761.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан  *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 63,746 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн №1248311 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 500,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН