Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.Мөнх-Оргилд холбогдох 201707000079 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Чандмань сумын Эрдэнэ-Уул багт оршин суух бүртгэлтэй, 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, ээж, аав, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Өнцөг цахир толгой гэх газарт амьдардаг, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өршөөл үзүүлэх тухай хуулиар хүчингүй болсон, төрөөс авсан гавьяа шагналгүй, малчин, ДО94062613 регистрийн дугаартай, Хөхдан овогт Гэндэнжамцын Мөнх-Оргил гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-3 тоот хашаанаас иргэн Ч.Цэрэннадмидын мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-3 тоот хашаанаас 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 16 цагийн үед иргэн Ч.Цэрэннадмидын мотоцикль алдагдаж  1.500.000 төгрөгний хохирол учирсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Г.Мөнх-Оргил үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Г.Мөнх-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хавар 05 дугаар сарын 17-нд хөдөөнөөс орж ирсэн чинь миний мотоцикль эвдэрчихсэн. Тэгээд Хүрлээ ахынд такси барьж очоод мотоцикль нь байвал аваад хөдөө байсан адуугаа тэжээчихээд ирье гэж бодсон. Тэгээд Хүрлээ ахруу ярихад гэртээ байна гэсэн. Гэрт нь яваад очиход Хүрлээ ахынх цоожтой, үүдэнд нь нэг мотоцикль, дээд талын Гүррагчаа гэх айлд авгай нь охинтойгоо хамт байсан. Тэгээд би эргэж гарч ирээд өөрийнхөө мотоциклийнхоо түлхүүрийг Хүрлээ ахын гэрийн үүдэнд байсан мотоциклруу хийхэд таарч байхаар нь унаад хойшоо Хүдрийн дэлгүүррүү явж байсан чинь надтай хамт морь уядаг ах таараад мотоциклоо Хүдрийн хашаанд тавьчихаад тэрний машинтай явж байгаад 8-9 цагийн үед ирсэн. Тэгсэн араас Повор нэг цагдаатай орж ирээд намайг хулгай хийсэн байна гээд аваад явсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө мал ахуйтай учраас нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын цагийг багасгаж хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,  

Хохирогч Я.Цэрэннадмидын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед хөдөө явах гэж байтал манай найз хамт морь үсэргээд ирэх үү гэхээр нь унаж явсан мотоциклоо Индэрт 9-3 тоот хашаанд Хүрлээгийн хашаанд оруулж гэрийн нь үүдэн дээр орхиод явж байгаад орой 17 цаг өнгөрч байхад ирсэн. Гэтэл миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан...Миний мотоцикль унасны улмаас зарим зүйл нь гэмтсэн байна. Энэ хохирлоо төлүүлмээр байна...би нийт 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 31-рт/,

Гэрч Д.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 14-нд манай нөхөр Цэрэннадмид гэдэг хүнтэй хамт морь үсэргээд иргэн гээд явсан. Тэгээд би унтаж байтал 15 цагийн үед үүдэн дээр юм дугарсан. Хартал Оргио гэх залуу манай үүдний амбаарт зогсож байсан. Манай нөхрийг асуугаад морь үсэргэх гээд явсан гэхэд гараад явсан. Гэтэл хашааны хаалга дугарсан. Хартал тэр залуу манай үүдэн дээр байсан цэнхэр өнгийн мотоциклийг хашааны үүдэн дээр гаргаад асааж унаад явж харагдсан...би бүтэн нэрийг нь мэдэхгүй Оргио гэдгээр нь таньж байсан сүүлд манай нөхөр ирээд нэрийг нь Мөнх-Оргил гэдэг бид нар Оргио гэж дууддаг юм гэсэн...” гэх мэдүүлэг /хх 34-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах тал болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Я.Цэрэннадмидын мэдүүлэг/хх 31-рт/, гэрч Х.Батболдын мэдүүлэг/хх 32-рт/, гэрч П.Баасанхүүгийн мэдүүлэг/хх 33-рт/, гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг/хх 34-рт/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт/хх 11-рт/, зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн хүсэлтээр:  Ял шалгах хуудас/хх 42-рт/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт/хх 52-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Мөнх-Оргилыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь ....өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож өөрийгөө өмгөөлнө...гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд талуудаас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан бусад асуудлаар хүсэлт, гомдол гаргаагүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд  шүүхээс шүүгдэгч Г.Мөнх-Оргилыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  Шүүгдэгч Г.Мөнх-Оргилын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ. 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Мөнх-Оргилын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь цагдан хоригдоогүй, хохирогч Цэрэннадмидад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин түүний иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Г.Мөнх-Оргилд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Хөхдан овогт Гэндэнжамцын Мөнх-Оргилыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Оргилыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Ялтан Г.Мөнх-Оргил нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор бодож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин  иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мөнх-Оргилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА