Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2018/00139

 

 

 

 

 

 

2018          5           30                                    103/ШШ2018/00139


 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,       

Нэхэмжлэгч: .... төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүгийн хамт ... дүгээр хороо, .дүгээр байрны .тоотод оршин суух, Бн овогт Н.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт . сумын .дүгээр баг, . гудамжны .тоотод оршин суух, У овогт Б.Дд холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Эрдэнэтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Б.Д, иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цайны газар ажиллаж байхдаа Б.Дтэй танилцаж гэр бүл болон хамтран амьдрахаар ярилцаж улмаар 2014 онд хүү Жг төрүүлсэн. Гэтэл Д   өөр   хүнтэй   сууж   хүү   бид   хоёрыг орхиж, 3 жил болоход хүүдээ нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлж байгаагүй, миний хувьд туйлбаргүй хүнд хууртагдан эцэггүй хэмээх хүүхэдтэй үлдсэндээ сэтгэл санааны асар их дарамтанд орж, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж зөвхөн хүүхэд л харах ажилтай болсондоо гомдолтой байна. Иймд цаашид хүү Жг өсгөх, тэжээн тэтгэх үүднээс эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах мөн сэтгэл санааны хохирол болох 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хүүгээ төрүүлснээс хойш 4 жил ээж, аавтайгаа хамт өсгөсөн, бөгөөд энэ хугацаанд ганцаараа хүүхдээ өсгөх чанга байсан. Дгээс сэтгэл санааны хохирол болон хүүгийнхээ цаашдын ирээдүйг бодож хүүхдийн тэтгэмжийг авдгаараа авна, сэтгэл санааны тал дээр тавхан сая төгрөгөөр үнэлэгдэх зүйл биш, хэн хэн нь цаашдаа тус тусдаа амьдраад явах нь тодорхой учраас Дгийн амьдралыг харгалзан үзээд  таван сая гэдэг үзүүлэлтийг өөрөө гаргасан. Би 2013 оны 1 сард амралтаараа аавынхаа дүүгийн хоолны газар ажиллахаар очоод Дтэй танилцсан. Би 7 сард ..сум руу очоод анх удаа тэр эмэгтэйтэй холбоотой гэдгийг мэдсэн. Надад хүн дарамталсан юм байхгүй. Эдний эхнэр анхнаасаа надтай уулздаг, мессеж бичдэг гэдгийг мэдсээр байж Дтэй танилцсан байсан. Дгийн яриад байгаа тэр дарамт гэдэг чинь өнгөрсөн 4 жилд би ганцаараа  хүүгээ өсгөхдөө жинхэнэ тэр дарамтыг мэдэрсэн гэж  хэлмээр байна. Төрчихөөд ганцаараа цонх ширтэж зогсох шиг, ганцаараа хүүхдээ өсгөх гэдгээс илүү дарамт байхгүй байх гэж бодож байна. Би Дгийн яриад байгаа дарамтыг ойлгохгүй байна. Дгээс гуйж хүүхэдтэй болоогүй. Иймд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаруулж, сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Гтай хамтран амьдраад хаяж явсан юм байхгүй. Г нь манай эгчийн гуанзанд ажилладаг байсан бид хоёр танилцаад нэг хоёр удаа уулзах төдий юм болсон тэрнээс бид хамт амьдраад, жирэмсэн болчихлоо гэхэд нь хаяад явсан юм огт байхгүй. Үнэнийг хэлэхэд 24 цаг хамтдаа байсан өдөр бараг байхгүй дээ. Би өөрөө сумынхаа их эмчтэй суусан. Тэр хүнтэй 5 сард танилцаад 8 сард хүүхэдтэй болоод одоо болтол сайхан амьдарч байгаа. Энэ хүнээс ойр ойрхон мессеж ирдэг, залуу гэр бүл бидний хувьд гэр бүлийн дундуур гэнэт орж ирээд байх нь миний сэтгэл зүйн хувьд хүнд байна. Нам гүм байж байснаа ажил төрөлтэй болохоор хэдэн төгрөг салгах гэдэг юм уу, би мэдэхгүй байна. Би бас 4 настай охинтой, гэр бүл маань ард үлдсэн очиход  гэр  бүл  салах  болох  юм уу,  би  тааж

мэдэхгүй байна. Ажил төрөл дээр хүртэл энэ асуудлаас болоод маш дарамттай байгаа. Яг цуг амьдарсан юм байхгүй, цуг амьдарч байгаад жирэмсэн болгоод хаяад явсан юм шиг яриад байгаа би бол зүйд нийцэхгүй байна гэж бодож байна. Чив чимээгүй байж байснаа гэнэт 3 сард төрчихлөө гэсэн, хэний хүүхэд нь тодорхойгүй байж байгаад ажилд орохоор гэнэт ийм юм болсон. Би эхнэртэйгээ 5  сард танилцаад 8 сард хүүхэдтэй болсон тэгээд одоо болтол сайхан амьдарч байгаа. Хүүхдэд буруу байхгүй шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд гэсэн учир тэтгэлэг төлнө, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.                                         

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Б.Дд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхэд буруугүй учир тэтгэлэг төлнө, сэтгэл санааны хохирол 5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Б.Д нар нь 2013 оны 4 сард танилцаад 2014 оны 3 дугаар сарын 17ы өдөр хүү Г.Жг төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Б.Д нар нь нэг гэрт орж хамтран амьдарч байгаагүй боловч Б.Дгийн хүү болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 1101000215 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, .. хорооны өрхийн эрүүл мэндин төвийн эмчийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 сарын 19-ний өдрийн 3789 тоот дүгнэлтээр “Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, ТPOX, FGA гэсэн 15 локусын аллелиар Б.Д нь Г.Жгийн биологийн эцэг байх боломжтой байна” зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Жг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсжээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүтэйгээ  уулзахад хориглох эрхгүй болно.

Г.Ж нь Б.Дгийн хүүхэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүхийн журмаар эцэг тогтоож Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Дгээс тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  Хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Б.Д анхаарвал зохино.  

Нэхэмжлэгч  нь сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өөрт сэтгэл санааны хохирол учирсан гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/13 тушаалаар тогтоосон 198.600 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103.348 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үед хариуцагч Д нь .... тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..... сум руу шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар хуульчилсан боловч нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь .... байсан, зохигчид хэрэг маргааныг ... .. шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байдлыг харгалзан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2014 оны 3 дугаар сарын 17ы өдөр төрсөн хүү Б овогт Ггийн Жгийн эцэг У овогт Б.Д мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Б овогт Ггийн Жг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.Дгээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар Н.Ггийн гаргасан сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103.348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гд олгосугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       

 

 

           ДАРГАЛАГЧ                                     П.ЦЭЦЭГДУЛАМ

                                     ШҮҮГЧИД                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ
                                                                                                   Д.АЛТАНТУУЛ