| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/149 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/149
2025 04 15 2025/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Уянга,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э.Н-д холбогдох *************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Э.Н,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-тай маргалдаж хутга авч далайхад түүний ах Б.Б нь тэднийг салгахаар дундуур нь орох үед түүний хүзүүн тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь "...хүзүүнд шарх гэмтэл..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:
“Шүүгдэгч Э.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-тай маргалдаж хутга авч далайхад түүний ах Б.Б нь тэднийг салгахаар дундуур нь орох үед түүний хүзүүн тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь "...хүзүүнд шарх гэмтэл..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Э.Н-ийн өгсөн: “Дахин ингэхгүй. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
-хохирогч Б.Б-ийн: “...Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт дүү Н болон түүний нөхөр Б-ын хамт амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү Н, нөхөр Б-тай маргалдаад байсан. Би дундуур нь ороод салгах гэтэл барьж байсан хутгаараа миний хүзүү хэсэгт нэг удаа зүссэн. Тэгээд эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. Манай дүү Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Н миний хүзүү хэсэг рүү нэг удаа хутгаар зүссэн” гэх мэдүүлэг /хх-11/,
-хохирогч Б.Б-ийн дахин өгсөн: “...Б, Н нар манай төрсөн дүү. Бид гурав хамт амьдардаг. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13/,
-Э.Н-ийн гэрчээр өгсөн: “...Би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар багийн нутагт ах Б, ах Б нарын хамт амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ах Б, ах Б нарын хамт 0,75 литрийн Х нэртэй архи хувааж уугаад Б ахийг ажил хийсэнгүй архи уулаа гэтэл чамд ямар хамаатай юм гээд байсан тэгэхээр нь төмс арилгаж байсан хутга аваад өөдөөс нь хутга далайтал Б ах намайг шиднэ гэсэн бодолтой урдуур ортол би санаандгүй байдлаар хүзүү хэсэгт нь нэг удаа хутгаар зүссэн байсан. Тэгээд Баян сумын Эрүүл мэндийн төвд хандсан” гэх мэдүүлэг /хх-15/,
-насанд хүрээгүй гэрч Б.Б-ын: “Би Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн эгч Х-нд амьдардаг. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хичээл амраад Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт оршин суух ээж Н дээр ирээд 2 хонож байтал манай ээж Н, ээжийн төрсөн ах Б, манай ээжтэй хамтран амьдрагч Б нар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Удалгүй ээж Н, Б ахтай маргалдаад урдаас нь юм авч шидээд байсан тэгсэн Б ах ээжийг боль гээд салгах гэтэл Б ахийн хүзүү хэсэгт ээж Н хутгаар хүрэх шиг болсон тэгтэл Б ахын хүзүүнээс цус гараад унасан би цаад өрөөнөөс гарч ирээд хартал гал тогооны өрөө нил цус болсон байсан. Айсандаа Баян сумын Эрүүл мэндийн төв рүү залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-18/,
-гэрч Э.Б-ын: “Би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар багийн нутагт дүү Н, ах Б нарын хамт амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бид гурав 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. Тэгтэл Н намайг ажил төрлөө хийхгүй байна гэж өөдөөс хашхирч загнаад төмс арилгаж байсан хутгийг аваад над руу шидэх гэтэл Б ах болиулах гэж миний урдуур ортол Б ахын хүзүү хэсэгт Н барьж байсан хутгаараа нэг удаа санаандгүй байдлаар зүссэн байсан. Тэр даруйд нь эрүүл мэндийн төвд хандсан. Тухайн өдөр Н, Б нар нь хоорондоо маргалдаагүй. Манай Б ах юм ярьж чаддаггүй болохоор хүнтэй нээх муудаад байдаггүй. Тухайн өдөр намайг Н-ээс өмөөрч байгаад л ийм зүйл боллоо. Тухайн өдөр манай охин Б хичээл нь амраад Багануур дүүргээс ирсэн байсан. Бид гурав 1997 оноос хойш хамт амьдарч байна. Би уурхайд ажилладаг болохоор ирэн очин байдаг уурхайн ажил зогсоод түр гэртээ байгаа. Н тухайн үед нэлээд хэмжээний согтолттой өөрийгөө хянах чадваргүй байсан. Н, Б-ийн хүзүү хэсэг рүү нэг удаа хутгаар зүссэн. Б-г зүссэн хутгийг угааж цэвэрлээд одоо гэртээ хэрэглэж байгаа. Бор өнгийн модон иштэй жижиг хутга байгаа” гэх мэдүүлэг /хх-20/,
-гэрч Ц.У-ийн: “Би Төв аймгийн Баян сумын эрүүл мэндийн төвд сувилагч хийдэг. Б гэх хүн зүүн талын гүрээ хоолой цус гойжсон шархтай биеийн байдал тогтвортой байсан. Уртаашаа 5 см орчим гүн нь 2 см орчим шарх байсан” гэх мэдүүлэг /хх-22/,
-Э.Н-ийн яллагдагчаар өгсөн: “Би урьд өмнө нь болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, миний хувьд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би өөрийн төрсөн ах Б-ийн хүзүүг санаатай гэмтээгээгүй, төрсөн ах Б-тай муудалцаад айлгах гэж байхад, урдуур орж ирээд л тийм зүйл болчихсон тэрнээс надад хүнийг хэзээ ч гэмтээх гэсэн бодол байгаагүй” гэх мэдүүлэг /хх-34/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай “Б.Б-гийн биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх мэдүүлэг /хх-24-25/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/,
-“Төв аймгийн Баян сумын эрүүл мэндийн төвд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Б нь хүзүү хэсэгтээ хутгалуулсан байдалтай ирсэн гэх хэрэгт ач холбогдол бүхий модон иштэй 22 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см хутгыг эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдэв” гэх эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-3/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/,
-Шүүгдэгч Э.Н-ийн оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36-39/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Э.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Э.Н-ийг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Н-ийн “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-тай маргалдаж хутга авч далайхад түүний ах Б.Б нь тэднийг салгахаар дундуур нь орох үед түүний хүзүүн тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь "...хүзүүнд шарх гэмтэл..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус хэрэгт хохирогчоор Б овогт Б.Б-г тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Н миний хүзүү хэсэг рүү нэг удаа хутгаар зүссэн. Б, Н нар манай төрсөн дүү. Бид гурав хамт амьдардаг. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Э.Н-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Уянга: “...шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 22 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар: “...шүүгдэгч Э.Н гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,
эд мөрийн баримтаар модон иштэй 22 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см 1 ширхэг хутга хураагдан ирснийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Э.Н-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон иштэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Саран-Учрал/-д үүрэг болгосугай.
9.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН