Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2018/00185

 

 

 


 


2018          7            4                                       103/ШШ2018/00185


 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Л.Энхбилэг, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...... хороо, ......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух, С овогт Ц.Бнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... хороо, ... дугаар байрны ...тоотод оршин суух, М овогт О.Цд холбогдох гэм хорын хохирол 6.490.325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Эрдэнэтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, хариуцагч О.Ц, хариуцагчийн өмгөөлөгч С.Сэргэлэн, иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ц.Б нь 1993 онд Б.Бтай гэр бүл болж 8 жил хамт амьдарсан. Бидний дундаас 1994 онд охин Б.М, 1997 онд охин Б.М нар төрсөн. Шүүхээр эцэг тогтоолгон хүүхдийн тэтгэлэг гаргуулж байсан боловч нэг ч удаа тэтгэлгээ авч байгаагүй. Гэтэл талийгч О.Цгийн гуйлтаар машиныг нь засаж байгаад машинд даруулж нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож байсан боловч том охиноо Батлан Хамгаалахын Их Сургуульд ороход 3 жилийн төлбөрийг арай ядан төлсөн. Одоо 1 жил дутуу, бага охин М Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн гадаад хэлний ангид сурдаг, жилийн төлбөр нь байнга өссөөр нийт төлбөр 8.143.500 төгрөг болсон. О.Ц талийгаачийг нас барсны дараа хүүхдүүдийн чинь сургалтын төлбөрийг ах нь төлнө гэж амалсан боловч өнөөдрийг хүртэл зовлон тоочиж нэг ч төгрөг төлөөгүй, сүүлдээ уурлаж мөнгө байхгүй гээд утсаа тасалдаг болсон. Том охиныхоо төлбөрийг Хас банкнаас цалингийн зээл авах, бусад хүмүүсээс хүүтэй мөнгө зээлэх зэргээр зээлээс зээлийн хооронд арай гэж төлсөн. Одоо бага охины сургалтын төлбөр 4 жилийн хугацаанд 8.143.500 төгрөг болсон тул төлбөрийн тавин хувь 4.071.750 төгрөг, том охины төлбөрийг жилийн 1.800.000 төгрөгөөр тооцож тавин хувь 2.700.000 төгрөг нийт 7.671.750 төгрөгийг О.Цгээс гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.181.425 төгрөгөөр багасгасан нэхэмжилж байна. Хүүхдүүдийн 4 жилийн сургалтын төлбөр болох 12.980.650 төгрөгийн 50 хувь буюу 6.490.325 төгрөгийг нэхэмжилж байна. Манай хоёр хүүхдийн аав нь амьд байсан бол хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг сар бүр өгөх байсан. Би өнгөрсөн 14 жилийн хугацаанд жилд 2-3 удаа Цтэй уулзаж байсан. Талийгаачийг нас барахад би хоёр хүүхдэд чинь тусална гэж хэлсэн болохоор жил болгон хүлээсээр байгаад 14 жил өнгөрсөн байна. Тухайн үед би 6, 8 настай хоёр өнчин охинтой үлдэхэд надад нэг ч төгрөг Ц өгөөгүй. Би энэ хугацаанд амьдрахын тулд зөндөө зовлон жаргалыг туулсан. Өнөөдөр хоёр хүүхдийн маань эцэг амьд байсан бол 6 сая төгрөг байтугай амьдралд маань нэмэр болох байсан. Жил болгон мөнгө өгнө гэж хэлээд 14 жил болж байна, би хоёр хүүхдээ боловсролтой хүн болгомоор байна. Би 2016 онд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ажил ихтэй шүүх хуралдаанд ирж чадаагүй тул миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаасан байсан гэв.

  Хариуцагч О.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би өмнөх шүүх хуралдаанд тайлбартаа тодорхой ярьсан байгаа. Нэмээд хэлэхэд би энэ хүнд мөнгө ерөөсөө амлаагүй. Энэ хүн надаас мөнгө нэхэх үндэслэл байхгүй. Би энэ хүнд мөнгө өгөх боломж байхгүй. Би дөрвөн хүүхдээ сургуульд сургах гээд банкнаас зээл аваад одоо хүртэл зээлээ төлөөд явж байгаа надад гэм буруу байхгүй, энэ хүнд мөнгө өгөх ямар ч үндэслэлгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг зохигч талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                    ҮНДЭСЛЭХ нь :

  Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч О.Цгээс гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг хүүхдүүдийн эцэг Б.Б нас барсан үйлдэлд хариуцагч гэм буруутай, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж өгнө гэж амласан гэж тодорхойлсон ба анх нэхэмжилсэн 7.671.750 төгрөгөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.181.425 төгрөгөөр багасгаж 6.490.325 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч О.Ц нь Б.Бын нас барсан үйлдэлд гэм буруугүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

           Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч А.Б, талийгаач Б.Б нар 1993 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа охин М, М нарыг төрүүлсэн байна. Тэд 2003 оноос тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр М, М нарын эцгээр Б.Быг тогтоож, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 сарын дараа буюу 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эцэг болох Б.Б нь хариуцагч Цгийн тээврийн хэрэгслийг засварлаж байгаад золгүй учралаар нас барсан. Б.Быг нас барснаас хойш оршуулгын зардал бусад гэм хорын хохирлыг түүний эцэг Ц.Батсүх, эх Цэцэгээ, хамтран амьдрагч Ч.Гэрэлханд нар шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байсан бөгөөд шүүх ... шийдвэр, захирамжуудаар шийдвэрлэж байсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б нь талийгаач Бтай хамтран амьдарч байх хугацаанд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, түүнийг нас барснаас хойш өв залгамжлагчаар тогтоогдоогүй, хариуцагч Ц нь Бын нас барсан үйлдэлд гэм буруутай эсэх нь нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу шаардах эрхгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Б “хариуцагч надад хүүхдүүдийг чинь сургуульд орохоор төлбөрийг нь төлж өгнө гэж амласан” гэж мэдүүлж байгаа бөгөөд түүний амлалтын дагуу шаардах эрх нь том хүүхдийг дээд сургуульд орсон үеэс буюу 2012 онд үүссэн байх боловч хариуцагч Б.Ц нь амлалт өгсөн гэдгийг нэхэмжлэгч А.Б нь нотлож чадахгүй байх тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон, болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна. Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгийн хураамж 7.548 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх  хэсэгт зааснаар С овогт Ц.Бнийн нэхэмжлэлтэй, М овогт О.Цд холбогдох гэм хорын хохирол 6.490.325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч А.Б нь 1.181.425 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгийн хураамж 7.548 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       

  ДАРГАЛАГЧ                                П.ЦЭЦЭГДУЛАМ

                                   ШҮҮГЧИД                               Л.ЭНХБИЛЭГ

                                                                                   Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

 

 

 


                                                                                               

.