Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 2025          04           09                                           2025/ШЦТ/231

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: Б.Амармөрөн,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Өнөржаргал, Б.Алтандөш, Ч.Баяржавхлан,

шүүгдэгч: Б.*******, Д.******* нарыг оролцуулан ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2025.04.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1993.01.23-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны мэргэжилтэн ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 11 дүгээр хороо ******* дугаар байр тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:*******) ******* овогт *******гийн ******* нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлийг зориуд задруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

 

2. Шүүгдэгч: Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977.07.29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, сайтын эрхлэгч ажилтай, ам бүл-4 эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүрэг 10 дугаар хороо ******* дугаар байрны 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:*******) овогт ийн ******* нь мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл /х.х-1/,

- Цахим.мн сайтад 2025.02.19-ний өдөр тавигдсан нийтлэл /1-р х.х-3/,

- нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-9-14/,

- хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р х.х-35-81/,

 

- Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024.12.16-ны өдрийн 24....... дугаартай эрүүгийн хэргийн яллагдагч Б.т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоолын хуулбар хувь /1-р х.х135-140/,

- Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсантай холбоотой баримтуудын хуулбар хувь /1-р х.х-140-147/

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24...... дугаартай эрүүгийн хэргийн яллагдагч Б.т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийн хувь /1-р х.х-83-85/,

             - Гэрч Б.Мөнхбатын /ШШГЕГ-ын хорих ял эдлүүлэх албаны дарга/: “Манай газрын хувьд төлөөлөгч албан тушаалтай албан хаагчид бүгд хоригдогсдын бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрч орох эрхтэй байдаг. Энэ цахим системд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх албан хаагчид нэвтэрч орох боломжгүй. Тэгэхээр ******* нь хоригдогсдын бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрч шүүгчийн захирамжийг татаж хэвлэж авсан байх боломжтой” гэх мэдүүлэг /1-р х.х-104/,

- гэрч Ц.ийн /мөрдөгч/: “2024 оны 10 дугаар сард УЕПГ-ын газрын Тусгай хяналтын хэлтэст нууцын 24...... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Би хэргийг дайчлах хүртэл яг өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Их хэмжээний дата өгөгдөл, дансны өгөгдөл дээр манай хэлтсийн мөрдөгч нар хуваагдаж ажилласан. Гэхдээ манай хэсгийн мөрдөгч нар хэргийн үндсэн материалтай танилцахгүй, зөвхөн өөрт хариуцуулсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байгаа. Баримтжуулалтын ажиллагаа хийгдээд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дайчлах ажиллагаа явуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу нийт 16 орчим мөрдөгч ажилласан. Дайчлах ажиллагаа эхлэхээс өмнө бүх мөрдөгч нараас нууцын баталгаа авсан. Мэдээж энэ ажиллагаа нь мөрдөн шалгах байгууллагын даргын тогтоолоор хэд хэдэн мөрдөгч томилсон. Надтай хамт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч э явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байхад цагдаагийн албан хаагч холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Тэгээд 2025 оны 01 дүгээр сард Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байгаа. Яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15-17 цагийн хооронд явагдаж дуусаад шүүгчийн захирамжийг авах гээд 30-аад минут хүлээсэн. Тэгээд захирамж гараад мөрдөгч э бид хоёр яллагдагчаа аваад шууд Цагдан хорих 461 дүгээр анги руу явсан байгаа. Удалгүй 30 орчим минутын дараа Цагдан хорих 461 дүгээр ангид очоод шүүгчийн захирамжаа яллагдагчтайгаа хүлээлгэж өгөөд буцсан. Захирамжийн нэг хувь нь хэрэгт, нөгөө нэг хувь нь Цагдан хорих 461 дүгээр ангид, үлдсэн нэг хувийг прокурорт өгсөн. Мөрдөгч Н.э бид хоёр угаасаа хэргээ барьж байсан учраас шүүгчийн захирамжийг хоёулаа уншиж, хэргээ үдэж боосон” гэх мэдүүлэг /х.х-107/,

- гэрч Б.ийн /мөрдөгч/: “Би *******гийн ******* гэх хүнийг огт танихгүй. Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 24....... дугаартай хэрэгт ажлын хэсгийн хүрээнд оролцож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн үед нууцын баталгаа гаргаж өгсөн. Энэ хэргийн ажиллагаа маш богино хугацаанд явагдсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн цагдан хорионы захирамжийг Цагдан хорих 461 дүгээр анги руу явах замдаа хараагүй. Захирамжийг хошууч Ц. өөрөө шүүхээс хүлээж аваад Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн. Хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлэхдээ би боож үдсэн. Тухайн үед би цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэрэг боож байх үедээ уншаагүй. Харин хэргийн материалыг хошууч Ц. Нийслэлийн прокурорын газарт өөрөө хүргэсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-111/,

- нууц ажиллагааны магадлагаа,

- гэрч Д.ийн “Яг хэзээ өгсөн гэдгийг сайн мэдэхгүй байна, миний санаж байгаагаар түрүүчийн 7 хоногт Цогоо гэдэг залуу манай ажлын өрөө буюу Хэвлэлийн хүрээлэнгийн 315 тоотод орж ирсэн ба хар үүргэвч үүрсэн байсан. Тэр үүргэвчнээсээ шүүхийн шийдвэр гээд толгойтой 2-3 хуудас бичиг гаргаж ирээд Б.*******д өгөөд харуулаад байсан. Би тэр зүйлийг нь манай хүний талийгаач дүүгийнх нь материал нь юм байх гэж бодоод уншиж хараагүй. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өглөө нөхөр Б.*******аас нөгөө Цогоогийн өгсөн 2-3 хуудас шүүхийн шийдвэр гэсэн баримт нь манай нөхрийн ажиллуулдаг сайт дээр тавигдаад .мн сайтын эрхлэгч ын яриад устгуулсан мэдээлэл байсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-22-23/,

- Яллагдагч Д.*******ын: “Прокурорын тогтоолыг бүрэн уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Галбаатарыг их сургуулийн дээд ангийн залуу гэдгээр нь танина. ын хувьд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хамт ажиллаж байсан. Би энэ хоёр хүнтэй ямар нэгэн өс хонзон элдэв асуудал байхгүй. Би өөрөө цагдаагийн байгууллагад үнэнч хүн байгаа юм. Тийм болохоор авилгал авсан, хэрэг төвөгт холбогдсон албан хаагч нарт дургүй. Тэгээд л *******ын сайтыг ашиглаад Галбаатар, нартай холбоотой мэдээллийг өөрөө тавиулсан. Энэ мэдээллийг үст өөрийнхөө фэйсбүүк цахим хаягаас “ЦЕГ-н дарга Сүхболдоо чи залилан хийсэн албан хаагчдын талаар нуусаар байх уу” гэх утгатай мэдээллийг ын зургийг оруулаад нийтэлсэн байхаар нь “энэ асуудал ил болсон юм байна” гэж бодоод *******д энэ мэдээллийг өгсөн. ын цагдан хорионы захирамжийг ШШГЕГ-ын хоригдогсодын нэгдсэн цахим мэдээллийн сангаас үзээд мэдээллийг авчихсан. Надад цагдан хорионы захирамжийг өгсөн цагдаагийн албан хаагч байхгүй, энэ хэрэгт өөр хэн нэгэн хамааралгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугийн хувьд маргахгүй. Тийм болохоор үргэлжлүүлж цагдан хорихгүйгээр хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1-р х.х-173-203/,

- Яллагдагч Б.*******ын: “Прокурорын тогтоолыг бүрэн уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.2025 оны 02 дугаар сарын 15 билүү 16-ны өдрийн аль нэг өдөр нь ******* дүүргийн 10 дугаар хороо Хэвлэлийн хүрээлэнгийн 315 тоотод  байрлах манай ажил дээр 13-14 цагийн хооронд ирсэн. Тэгээд бичгийн цаасан дээр бичсэн , гэсэн нэртэй мэдээг анх надад үзүүлсэн. Тэгэхээр нь би “надад наад мэдээгээ өгчих. Би мэдээ болгоод нийтэлчихье”  гэж хэлсэн чинь ******* зөвшөөрөөд тэр мэдээг нь өөрийн компьютер дээр нэг ч үг үлдээлгүй бичиж авсан. Тэгээд би “наад хэрэг чинь шийдэгдсэн юм уу” гэсэн чинь ******* “энэ хэрэг шүүхээр шийдэгдсэн” гэж хэлээд үүрч явсан хар өнгийн үүргэвчнээсээ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг гаргаж ирээд надад үзүүлсэн. Тэгээд тэр захирамжийг манай ажил дээр үлдээгээд явсан. Би тухайн үед *******ыг “шүгэл үлээж байна” л гэж бодсон... холбогдсон цагдаагийн хоёр ажилтныг нэрээр нь "Google"-ээр хайхад нэгнийх нь зураг гарч ирээд нөгөөдөх нь гарч ирэхгүй болохоор нь фэйсбүүкээр хайж байгаад олсон... Цогоо над руу вайбераас залгаад "Нөгөөхөө гаргахгүй юм уу ах аа" гэхээр нь "за за би одоо гаргачихъя" гэж хэлээд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед тавьсан. Удалгүй .мн сайтын эрхлэгч над руу утсаар залгаад "Ах аа ийм мэдээлэл гарсан байна, та наадхаа устгаад өгөөч" гэхээр нь эхлээд би “яасан юм, чи яахаараа устгуулдаг юм” гээд асуусан чинь “ахаа хамтарч ажилладаг цагдаа маань надаас гуйсан юмаа” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн нийтэлсэн мэдээллээ 15 цаг 40 минутын үед устгасан. Нэмж хэлэхэд энэ хэргийг шүүхээр шийдэгдсэн гэж ойлгоод нэгэнт манай сайт нь хэвлэл мэдээллийн байгууллага учраас энэ мэдээллийг нийтлэх нь зөв юм байна гэдэг үүднээс нийтэлсэн байгаа. Ер нь бол цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь нийгмийг эрүүлжүүлж байх үүрэгтэй шүү дээ. Би гэмт хэргийн талаарх мэдээллийг задруулж болохгүй гэдгийг мэднэ. Миний гаргасан алдаа бол *******т итгэсэн, бас шүүгчийн захирамжийг сайн уншиж танилцаагүйд байгаа юм. Энэ асуудалд хайхрамжгүй хандаж, нягтлалгүй мэдээ нийтэлсэн байна” гэх мэдүүлэг /1-р х.х-19/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.*******, Б.******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.******* нь ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны мэргэжилтэн ажилтай ажиллаж байхдаа өөрийн урьд таних цагдаагийн алба хаагчдыг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар олж мэдсэн ба нэг алба хаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвлэж гарган уг захирамжийн хувийг мөн өөрийн танил шүүгдэгч Б.*******д өгч “.mn” сайтад нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “нэр бүхий алба хаагч нар нь зохион байгуулалттайгаар БНХАУ-ын нэр бүхий компанийг удаа дараагийн үйлдлээр хуурч, онц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нь залилан мэхлэж авсан, мөн тухайн мөнгөн хөрөнгийг угаасан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн нэг алба хаагч нь эртнээс бэлтгэж гадаад улс руу оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн байна. Тухайн хэргийн цаана томоохон албан тушаалтнууд байгаа гэж хардаж байна. Гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл нийтлүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх хувийн үйл ажиллагаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тодорхойлсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэж тус тус заажээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материал гэдгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, нэгжлэг, бусад үзлэг туршилтаар тогтоогдсон зүйл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад дуудагдсан хүний тухай болон бусад бүхий л байдлыг хамааруулан ойлгоно1.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь гарсан гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг олж тогтооход чиглэгддэг2. Иймд хэргийн материалыг задруулах нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хэргийн бодит байдлыг шуурхай олж тогтоох, гэмт этгээдийг илрүүлэх, түүний гэм буруутай эсэхийг нотлон тогтооход бэрхшээл учруулдаг. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийн материалыг нийтэд мэдээлэх, задруулахыг хориглосон нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг хөндлөнгийн хэн нэгний оролцоогүйгээр, эрх бүхий байгууллага нь нотлон тогтооход чиглэгдсэн хууль зүйн чухал баталгаа юм3.

Хуульд зааснаар хэргийн материалыг прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар задруулах нь албаны болон иргэний үүргээ гүйцэтгэж буй хүмүүс, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээд хэнийг боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зарчимд ноцтой хор уршиг учруулах нийгэм аюултай үйлдэл учраас гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тухайн үйлдлийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдсэнээр төгссөнд тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хэргийн материалаас үзэхэд 24....... дугаартай эрүүгийн хэрэгт тусгай субьект холбогдсон тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс  бүрэлдэхүүнтэй мөрдөгч томилогдож, бүх мөрдөгч нараас нууцлалын баталгаа авсны үндсэн дээр “Арвиус холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.ыг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба мөн өдрөө яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зэргээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тухайн хэргийн баримт материал нийтэд задрах үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь хоригдогсдын бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрч орох эрхтэй этгээд болох нь түүнийг ажилд авсан тушаал, ажил байдлын тодорхойлолт, гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Д.******* энэ эрхээ ашиглан яллагдагч Б.т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хэвлэн авч, “Б., нарыг цагдаагийн албан хаагч байж хэрэг төвөгт холбогдож, цагдаагийн байгууллагын нэр хүндийг гутаасанд нь дургүйцсэн” гэх хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Б.*******д тухайн шийдвэрийг аваачиж өгч, нийтэд мэдээлэхийг шахамдуулсан /вайберээр хэд хэдэн удаа асуусан/ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт мэдээллийг зориуд задруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Б.******* нь сошиал орчинд цахим.мн гэх сайтыг эрхлэн ажиллуулдаг ба Д.*******ын өгсөн баримтыг үндэслэн тухайн хэрэгт холбогдсон гэх этгээдүүдийг гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэхдээ цаана нь эрх бүхий этгээдүүдэд ял завшуулан үлдээсэн мэт ойлголт төрүүлэхүйц мэдээллийг сайтдаа тавьж, нийтэд мэдээлсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, түүний гэр, ажлын байранд нэгжлэг, үзлэг хийж хураан авсан хувийн цахим тоног төхөөрөмжид хадгалагдсан мэдээлэл, цахим техник технологийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь “Б. нарт холбогдох хэргийг шүүхээр шийдэгдсэн гэж ойлгоод нэгэнт манай сайт нь хэвлэл мэдээллийн байгууллага учраас энэ мэдээллийг нийтлэх нь зөв юм байна гэдэг үүднээс нийтэлсэн байгаа. Ер нь бол цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь нийгмийг эрүүлжүүлж байх үүрэгтэй шүү дээ” гэж мэдүүлжээ. 

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны 30 дахь удаагийн Конгресс Тунисын нийслэл Тунис хотноо 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж баталсан “Дэлхийн сэтгүүлчдийн ёс зүйн дүрэм”, Улсын ХМЗ-ийн Ёс зүйн хорооны баталсан “хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” зэрэг баримтуудад “Сэтгүүлчийн эн тэргүүний үүрэг бол олон нийтийн бодит баримтаар үнэнийг олж мэдэх эрхийг хүндэтгэх. Аливаа мэдээлийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах. Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ. Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Сэтгүүлч зөвхөн анхны эх сурвалжаас авсан баримтын дагуу мэдээлнэ. Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж санамсаргүй алдаа гаргахаас сэргийлнэ. Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж тодорхой дурдахыг эрмэлзэнэ. Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана” гэж сэтгүүлчийн үйл ажиллагаандаа баримталбал зохих зарчмуудыг тусгасан байна.

Шүүгдэгч Б.******* нь дээр дурьдсан ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, Д.*******ын өгсөн мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгавар болоогүй байгаа хэргийн баримт материалыг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг мэт ойлголт төрүүлэхүйц нийтлэл гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Өлзий-Учралыг мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.*******ыг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт мэдээллийг зориуд задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р х.х-220, 2-р х.х-22/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******, Б.******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Д.*******, Б.******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд "...оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж буй тул тэнссэн хугацаанас түүний баривчлагдаж, цагдан хоригдсон хугацааг хасах хуулийн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Д.*******оос Samsung А54 загварын хар өнгийн 351285623301464 IMEI кодтой гар утас 1 ширхэг, шүүгдэгч Б.*******аас “INTEL” загварын “DESKTOR-5JSNOA1” нэртэй хар өнгийн компьютерын процессор 1 ширхэг, “Nubia Flip 5G” загварын IMEI кодтой гар утас 1 ширхэг, Samsung загварын хар саарал өнгийн гэртэй IMEI кодтой гар утас 1 ширхэг, “Lexar Professional 1066x” гэсэн бичиглэлтэй 32 GP багтаамжтай мемори карт 1 ширхэг зэрэг эд зүйлийг түр хураан авч, холбогдох үзлэг, шинжилгээг хийсэн болох нь мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба цаашид тухайн эд зүйлийг хадгалах шаардлагагүй, мөн Б.*******аас хураан авсан эд зүйлд нэн шаардлагатай бичлэг, баримт материал хадгалагдаж буй гэх тул энэхүү шүүх хуралдаан дуусмагц, хураан авсан эд зүйлийг эгүүлэн олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ийн Өлзий-Учралыг мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт мэдээллийг зориуд задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт ийн Өлзий-Учралд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.******* нь нийт 47 /дөчин долоо/ хоногийн хугацаагаар баривчлагдаж цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч нараас түр хураан ирүүлсэн Samsung А54 загварын хар өнгийн 351285623301464 IMEI кодтой гар утас 1 ширхэгийг Д.*******т, “INTEL” загварын “DESKTOR-5JSNOA1” нэртэй хар өнгийн компьютерын процессор 1 ширхэг, “Nubia Flip 5G” загварын IMEI кодтой гар утас 1 ширхэг, Samsung загварын хар саарал өнгийн гэртэй IMEI кодтой гар утас 1 ширхэг, “Lexar Professional 1066x” гэсэн бичиглэлтэй 32 GP багтаамжтай мемори карт 1 ширхэгийг шүүгдэгч Б.*******д эгүүлэн олгож баримтыг ******* дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солих эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэдгийг шүүгдэгч Д.*******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ