Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 58

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 

            Улсын яллагч: Н.Цогтбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Д.Булгантамир,

Шүүгдэгч өмгөөлөгч: Г.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигана овогт Цэрэнбадамын Эрдэнэсайханд холбогдох эрүүгийн 201703000107 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 16- ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 6-105 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хатигана овгийн Цэрэнбадамын Эрдэнэсайхан. /РД: И383061610/

Яллагдагч Ц.Эрдэнэсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон баг, Бүгдийн овоо гэх газарт 40-76 УНЧ улсын дугаартай Ниссан Санни маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а дахь хэсэгт заасан “гялбалтад орсон жолооч ослын дохионы гэрлээ асааж, эзлэж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Бадамгарав, М.Отгонжаргал нар нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад маш харамсалтай их гэмшиж байна гэв. 

 

Эрүүгийн 201603000391 дугаартай хэргээс: 

Хохирогч Б.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн нутагт явж байгаад шөнийн 02 цагийн орчимд даваан дээр 3 машин зэрэгцэж зогсоод Эрдэнэсайхан ах түрүүлээд явсан. Миний нойр хүрээд нойрмог байдалтай явж байтал нөхрийн утас дуугараад осол боллоо гэхээр нь элсэн тасархайн гуанзнаас буцаад явтал замын баруун талд Эрдэнэсайхан ахын машин онхолдчихсон байсан. Миний ээж машины хойд талд нас барчихсан, толгойдоо их гэмтэл авчихсан байсан. Эрдэнэсайхан ахын эхнэр ухаангүй байна гээд эмнэлэг рүү явсан боловч нас барчихсан. Миний аавын биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд даралт нь ихэссэн байсан. Эрдэнэсайхан ах машинаа жолоодож явсан бөгөөд бие нь эрүүл бгйсан. 3 хүүхдийнх нь биеийн байдал хэвийн байгаа, 2 ихэр хүүхэд нь ямар ч гэмтэлгүй байгаа гэсэн. Хамаатан садангаараа явж байгаад харамсалтай осолд орсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй, Эрдэнэсайхан ахаас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Хохирогч М.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний төрсөн дүү Отгонжаргал нь өөрийн нөхөр хүүхдүүдийн хамт цагаан сараар Завхан аймагт хадмынхаа ах, дүү нартай золгуут хийх гэж явсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө намайг гэртээ унтаж байхад утсаар яриад Отгонжаргал Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад замдаа осолд ороод нас барчихсан байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос машинтайгаа явсаар байгаад Булган аймгийн Рашаант сумын эмнэлэг дээр 2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө ирэхэд дүү нас барчихсан байсан. Хамт явж байсан хүмүүсээс нь юу болсон талаар сонсоход нөхөр болох Эрдэнэсайханыхаа жолоодож явсан машинд 3 хүүхэдтэйгээ хамт сууж яваад урдаас ирсэн машины гэрэлд гялбуулж, замын хажуу руу онхолдсон гэж сонссон. надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Б.Бавуусүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний өөрийн эзэмшлийн 40-76 УНЧ улсын дугаартай Санни маркийн машиныг дүү Эрдэнэсайхан жолоодож явсан юм. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед буцаж Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Бат-Эрдэнэ, Пүрэвдорж хоёр өөрсдийнхөө машинтай золгуут хийгээд Улаанбаатар хотоос Завханд оччихсон байсан бөгөөд манай 3 машин хамтдаа Улаанбаатар хот руу явахаар болсон. Архангай аймгийн төвөөс бензин аваад Хашаат сумын нутагт явж байтал 1 овооны хажууд 2 цагийн үед урд явж байсан 2 машин манай машиныг хүлээгээд зогсож байсан. Манай машин хажуугаар нь гараад явсан бөгөөд би жолоочийн хажуу талд суугаад, миний ард эхнэр Бадамгарав суусан, хажуу талд нь Эрдэнэсайханы эхнэр, 3 хүүхдийнхээ хамтаар суугаад явж байсан юм. тэгээд явж байтал урдаас нэг машин хурц гэрэл тусгаж яваад байсан бөгөөд Эрдэнэсайхан тухайн үед сандарсандаа машинаа 2 тийш нь 2 удаа дараад замын хажуу руу буюу замын баруун тал руу орчихсон. Би нэг сэртэл машин доошоо хараад онхолдож зогссон байсан. Хажуу талаас Эрдэнэсайхан миний хаалгыг онгойлгох гээд байсан бөгөөд бид 2 хаалгыг арай гэж онгойлгон машинаас гарсан. Машины ар талаас Эрдэнэсайхан 3 хүүхдээ гаргаж авсан бөгөөд миний эхнэр Бадамгарав машины багаж хэсэгт ил гарчихсан байдалтай нас барсан байсан. Бас Эрдэнэсайханы эхнэр Отгонжаргал бага зэргийн амьсгал, ухаантай байх шиг байсан. Хамт явж байсан машиныг Эрдэнэсайхан утсаар дуудаад эхнэрээ аваад эмнэлэг рүү явсан удалгүй эхнэр нь нас барчихсан гэж сонссон. урдаас ирж байсан машины хурц гэрлээс гарах гэж Эрдэнэсайхан сандраад машинаа хоёр тийш нь залаад жолоогоо алдаж, замын хажуу руу орж осол гарсан. Надад ямар ч гэмтэл учраагүй, миний машинд их л эвдрэл учирсан байсан. Гэхдээ би машины эвдрэлийн үнэлгээг гаргуулахгүй, надад Эрдэнэсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дугаар хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Завхан аймагт шинэлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэсайхан Пүрэвлорж бид гурав 3 машинтайгаа хамтдаа Улаанбаатар хот руу явахаар болсон. Эрдэнэсайханы жолоодож явсан машин дандаа ард үлдээд хүлээгдээд бид нар их удаан явж байсан. Архангай аймгийн Хашаат сумын нутагт байх, нэг даваан дээр гараад би зогстол ар талаас Пүрэвдорж ирээд араас нь Эрдэнэсайхан ирсэн. Эрдэнэсайхан ах, би түрүүлээд явж байя гээд яваад өгсөн. Би араас нь 5 минут орчмын дараа явтал Эрдэнэсайхан ахын машин урд харагдахгүй байсан. Уруу газар хүчээ аваад хурдаа нэмээд явчихсан юм байх гээд явж байтал араас Эрдэнэсайхан ах утсаар яриад буцаад хурдан хүрээд ир гэхээр нь буцаад иртэл замын баруун талд машин нь онхолдсон байсан. Буугаад очтол Бадамгарав эгч газар дээрээ нас барчихсан, Отгонжаргал ухаан алдчихсан байхаар нь өргөж машинд суулгаад Булган аймгийн Рашаант сумын эмнэлэг дээр аваачсан. Отгонжаргал эмнэлэг дээр очоод удалгүй нас барчихлаа гэж сонссон. Эрдэнэсайхан ахын 3 хүүхдийн бие болон Бавуусүрэн, Эрдэнэсайхан ахын бие гайгүй байх шиг байсан. Осол шөнийн 02 цаг 20 минутын үед гарсан. Би гар утсан дээрх цагаа харж мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч А.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэсайхан ах болон Бат-Эрдэнэ бид гурав хамтдаа Улаанбаатар хот руу явахаар болсон. Нэг нэгнээ хүлээж байгаад Завхан аймгийн Их-Уул сумаас өдрийн 15 цагийн үед замдаа гарсан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Хашаат сумын нутагт явж байгаад Бат-Эрдэнийг замын хажууд зогсохоор нь би дагаад зогссон. Араас явж байсан Эрдэнэсайхан ах ирээд зогсоогүй яваад өгсөн. Би нэг их удалгүй араас нь хөдөлсөн. Элсэн тасархайн хажууд явж байтал Бат- Эрдэнэ буцаад яваад өгсөн. Би гайхаад юу болов гэтэл осол болсон талаар хэлсэн. Тэгээд хайгаад явтал Эрдэнэсайхан ах уулын дээд хэсэгт хол явалгүйгээр замын баруун талд онхолдчихсон байсан. Бадамгарав эгч газар дээрээ нас барчихсан, Отгонжаргал ухаан алдчихсан байсан. Булан аймгийн Рашаант сумын эмнэлэг дээр ирээд нас барсан. Одоогийн байдлаар нас барсан 2 хүнээс бусад хүмүүсийнх нь биеийн байдал хэвийн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би аав, ээж, дүү нарынхаа хамтаар Завхан аймагт цагаан сар хийчхээд хот руу явж байгаад машины осолд орсон гэх мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай “...талийгаач М.Отгонжаргал нь гавал тархины ил, хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай “...талийгаач Б.Бадамгарав нь гавал тархины амьдрах боломжгүй, ил, хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Чулуунбаатарын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай “...Жолооч Ц.Эрдэнэсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а дахь хэсэгт заасан “гялбалтад орсон жолооч ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчсөний улмаас тус осол гарсан...” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон баг, Бүгдийн овоо гэх газарт 40-76 УНЧ улсын дугаартай Ниссан Санни маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а дахь хэсэгт заасан “гялбалтад орсон жолооч ослын дохионы гэрлээ асааж, эзлэж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Бадамгарав, М.Отгонжаргал нар нас барсан болох нь хохирогч Б.Баянжаргал, М.Цолмон, гэрч Б.Бавуусүрэн, Б.Бат-Эрдэнэ, А.Пүрэвдорж, насанд хүрээгүй гэрч Э.Өлзийбуян нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаарх Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр дүгнэлт, уг ослын улмаас нас барсан Б.Бадамгаравын талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт болон нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний ар гэрийн амьдралын байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх, мөн гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы эхнэр М.Отгонжаргал нь нас барж, одоо 08-13 насны охин Э.Цэрэннадмид, хүү Э.Цэрэндаш, охин Э.Өлзийбуян, хүү Э.Өлзийсайхан нарын хамт амьдарч байгаа ганц бие эцэг болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, 0023141 тоот гэрлэлтийн батлах, 0000193974 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ц.Эрдэнэсайханд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж , шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы 1042608 дугаар жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь үндэслэлтэй. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатигана овогт Цэрэнбадамын Эрдэнэсайханыг тээврийн хэрэгслийн хөлдөөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журамыг зөрчснөөс 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы 1042608 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугцаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

 

7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэсайханд бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй. 

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧИД                                 П.ГАНДОЛГОР

                                                                                                   Э.ОДХҮҮ