Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0916

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “И*********” ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*********, Ш.О*********

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З*********

Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З*********-ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********, Ш.О*********, хариуцагч Ө.З*********, иргэдийн төлөөлөгч Х.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “И*********” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З*********-д холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З*********-ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

2. “И*********” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах Үндэсний татварын албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21180800306 дугаар томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 211900005 дугаар актаар тус компанийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 44,658,426.80 төгрөгөөр баталгаажуулжээ.

3. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З********* нь “И*********” ХХК-ийн 2016-2019 он хүртэлх санхүү, нягтлан бодох бүртгэл, гадаад худалдааны бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, тус хуулийн этгээдээс 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 31,508,552 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, 9,452,566 төгрөгийн торгууль оногдуулж, нийт 40,961,117 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахин хийлгэхийг даалгуулах тухай” дүгнэлттэй, гуравдагч этгээд “И*********” ХХК-иас шийтгэлийн хуудсыг мөн хүчингүй болгуулах бие даасан гомдлын шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэрээр Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаартай дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд И********* ХХК-ийн гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

“И*********” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03/61 дүгээр албан бичгээр тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтыг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргахад тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/6213 дугаар албан бичгээр эрх бүхий албан тушаалтан нь прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах эсэх нь түүний эрх хэмжээний асуудал гээд гүйцэтгэх хуудас олгох боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.

4. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, гомдол гаргагч “И*********” ХХК-ийн 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд  2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2102000278 дугаартай зөрчлийн хэргийг нээжээ.

“И*********” ХХК-иас дээрх зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргахад прокурорын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна.

Улмаар хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 31,508,552 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьд ногдох 9,452,566 төгрөг, нийт 40,961,118 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

5. Гомдол гаргагч “И*********” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

6. Гомдол гаргагч “И*********” ХХК-иас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ:

“1/ ... Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоол болж гарсан ба энэхүү тогтоолоос зөрчлийн хэрэг нээж, шинээр акт гаргах 3 сарын хугацаа нь тоологдож эхэлсэн болно.

Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш байцаагч Ө.З********* нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж, зөрчлийг шийдвэрлэж, дахин шинээр акт гаргалгүйгээр шийдвэрт дурдсан 3 сарын хугацаа өнгөрсөн /2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан/ бөгөөд шийдвэрт дурдсан 3 сарын хугацаа өнгөрснөөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон ба 625 дугаар шийдвэрээр энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн шийдэл нь дуусгавар болсон.

Ийнхүү хугацаандаа ажиллагаагаа хийгээгүй, шүүхийн хуулийн хүчин төгөлдер шийдвэрээр акт нь хүчингүй болж, уг асуудлаар хуулийн эцсийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсаны дараа хэрэг үүсгэж, дахин торгууль ногдуулсан нь үндэслэлгүй болно. Мөн өмнөх захиргааны хэрэг дээр маргаж байсны дагуу татварын улсын байцаагчийн хянан шалгалт хийсэн асуудал дээр давтан ийнхүү торгууль ногдуулсан. Өөрт хамааралгүй харилцаанд, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудалд "гаалийн бүрдүүлэлт дутуу хийсэн” гэж торгууль, нөхөн татвар ногдуулсан. Учир нь компанийн орлого зарлагын татварын харилцаанд хамаарах асуудлаар буюу зардал гэж тайландаа тусгасан мөнгөний хэмжээндээ тааруулж, бараа материал оруулж ирүүлээгүй гэх агуулгаар шийтгэлийн хуудас гаргасан ба шийтгээд буй зөрчилтэйгээ энэхүү буруутгал нь шалтгаант холбоогүй болно.

2/ Мөн татварын албан ёсны тайлан дээрх баталгаажсан санхүүгийн баримт дээр хяналт шалгалтыг явуулалгүй, зөвхөн манай компанийн санхүүгийн анхан шатны баримтыг үндэслээд зарлагаар гаргасан мөнгөн дүндээ тааруулсан бараа материалыг оруулж ирсэнгүй гэх үндэслэлээр торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудлууд дээр нөхөн татвар болон Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан. Мөн энэхүү маргаан бүхий акт дээрх асуудал нь өмнөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлыг огт өөрчилж, нэмж шалгалт хийлгүйгээр хэвээр нь оруулж ирсэн.

3/ 1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар нүүрэнд 2016 онд 16 гаалийн мэдүүлэг, 2017 онд 32 мэдүүлгээр, 2018 онд 60 мэдүүлгээр худал мэдүүлсэн гэж тайлбарладаг атлаа шүүх хуралдаан болон бичгээр гаргасан тайлбартаа 2016 онд 41,750,700 төгрөгийн бараа оруулж ирэхээс 20,548,088 төгрөгийн бараа оруулж ирж 21,202,700 төгрөгийн бараа оруулж ирүүлээгүй буюу дутуу бараа оруулж ирсэн гэх утгаар зөрчлөө тайлбарладаг. 2017, 2018 оны зөрчлүүд мөн ийм агуулгатай. Үүнийг дараах хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно.

  1. 2016 оны дутуу оруулж ирсэн хиймийн материалыг заавал 2016 ондоо оруулж ирэх ёстой мэтээр 2016 оноор тасалбар болгон зөрчил ногдуулсан. Гэтэл 2016 оны оруулж ирэх ёстой химийн материал 2017 онд орж ирэх боломжтой ба хариуцагч талаас үүнийг өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөө хүлээн зөвшөөрсөн ба тухайн онд шилжүүлсэн төлбөрийн бараа материалаа тухайн ондоо л хилээр оруулж ирэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй.
  2. 2016, 2017, 2018 онуудад тус тус орж ирээгүй байгаа барааг гаальд бид мэдүүлэх боломжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 нь объектив талын үйлдэл нь гаалийн зүйлийг буюу хилээр орж ирсэн аливаа зүйлийг мэдүүлэгт аливаа нэг хэлбэрээр “ХУДАЛ МЭДҮҮЛСЭН” гэсэн зөрчил болно. Гэтэл орж ирээгүй, байхгүй байгаа зүйлийг хэрхэн яаж "худал мэдүүлэх” билээ. Байхгүй зүйл дээр мэдүүлэг гаргах боломжгүй. 
  3. Мөн 2016 онд дутуу оруулж ирсэн химийн материалыг 2017, 2018 онуудад орж ирсэн эсэхийг шалгаагүй мөртлөө 2016 ондоо л орж ирээгүй гэх үндэслэлээр торгосон.
  4. Дутуу бараа материал оруулж ирсэн гэх зөрчил болон худал мэдүүлсэн гэх зөрчлийн хуулиар торгосон зөрчил хоёр огт хоорондоо хамааралгүй, шалтгаан холбоо байхгүй зөрчлүүд болно. Дутуу бараа материал оруулж ирсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд байхгүй ба хуульд байхгүй үйлдлээр зөрчил гэж үзэж торгууль ногдуулсан.
  5. Манай компанийн дансны хуулга дээр үндэслэж шалгалт явуулсан байдаг. Гэтэл дээрх бүх санхүүгийн анхан шатны баримтууд нь дүүргийн болон том татвар төлөгч нарийн хяналтаар хянагдсан байдаг ба энэхүү төрийн захиргааны татварын тайлан зэрэг дээр үндэслэж, хяналтаа бодитоор хийгээгүй.

4/ Анхан шатны шүүхээс “Шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа өнгөрснөөс хойш даруй 26 хоногийн дараа” гээд энэ нь "зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна" гэх агуулгаар тайлбарладаг бол давж заалдах шатны шүүхээс: 2020 оны 625 дугаар шийвэрт дурдсан асуудлуудыг хариуцагч албан тушаалтан хэрхэн тодруулсан, холбогдох ямар ажиллагааг явуулсан, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д нийцнэ” гэж дүгнэсэн. Үүнээс үзвэл анхан шатны шүүх нь "шүүхийн тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, дараа гаргасанг дурдаад шүүхээс тогтоосон ямар ч агуулгын хөөн хэлэлцэх хугацааг зөрчжээ” гэж нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг дэмжсэн агуулгатай бол давж заалдах шатны шүүхээс шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа өнгөрсөн нь огт хамаагүй, мөн өмнөх захиргааны акт нь хүчингүй болсон байхад дахин шинээр акт гарсан нь асуудалгүй буюу нэхэмжлэгчийн гомдлын гол үндэслэлийг огт хайхраагүй нь "дахин гаргасан актанд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэ" гэсэн шийдвэрийн агуулгаас тодорхой харагдаж байна.

Үүнээс гол зөрчил нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтын хэрэглээ, түүний үр дагаврыг хэрхэн ойлгох эсэх дээр зөрчил үүсч буй бөгөөд дараах хууль зөрчигдөх, шүүн таслах ажиллагааны баталгаа алдагдах, хууль дээдлэх, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим алдагдаж байна.

Шүүхээс ийм шийдвэр гаргах нь ач холбогдолгүй болох буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалт нь үхмэл, цаасан дээр л үлдэх заалт болох бөгөөд цаашлаад шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, дураараа асуудалд хандах хариуцагч нарын хууль бус практик жишиг тогтох аюултай.

Мөн шинэ акт хугацаандаа гаргаагүй бол шийвэрийн 2 дахь заалтаар маргаан бүхий актыг "хүчингүй болохыг" дурддаг ба энэ нь "хүчингүй болгосон шийдвэрийн үр дагавартай ижил үр дагаврыг үүсгэнэ" гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. 

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг заалтыг хэрэг маргааныг шийдвэрлэсэн статистик үзүүлэлт өндөр буюу хариуцагч захиргааны байгууллагын гаргасан шийдвэрт тогтмол хэрэглэгддэг шүүхийн шийдвэрийн төрөл болно. Ийм түгээмэл ашигладаг хуулийн заалтын үр дагаварт хариуцагч захиргааны байгууллагыг дураараа ашиглах боломж олгосон практик тогтох боломж олгосон нь цаашлаад дараах хуулийн заалтуудтай шууд зөрчилдөж байна.

12.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

54.1.6.нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;, 11 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх суурь зарчим шууд хөндөгдөж байна.

5/ Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “зөрчлийн хэрэг нээж болохгүй үндэслэлд манай тохиолдол" байхгүй тул ямар ч үед зөрчлийн хэрэг нээх эрхтэй мэтээр тайлбарласан. Хэрвээ уг агуулгаар ойлговол “улсын байцаагчийн маргаан бүхий актыг шүүхээр шийдвэрлээд хүчингүй болгосон байсан ч дахин уг асуудлаар шинэ акт гаргаж болно" гэж үзэхээр бөгөөд захиргааны шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгох шийдвэр гаргаад байх нь ямар ч ач холбогдолгүй байх үр дагаврыг үүсгэж байна. Маргаан бүхий захиргааны актыг бүхий л үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй бегеед процессын болон материаллаг эрх зүйн аль ч шаардлагыг хангаагүй акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Актууд дээр нийт 476 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 220 сая төгрөгөөр бууруулсан байгаа. Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага гараад татварт шалгуулж нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан. Тухайн гаалиар бараа орж ирэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар нь цугларчихсан байгаа. Буруутгаад байгаа 440 сая төгрөгийн бараа материалууд бууруулсан акт дотор орчихсон байгаа. Хан-Уул дүүргийн татварын байцаагч нар тухайн үед 20 сая төгрөгөөр буруу шалгасан байна. Нийслэлийн татварын байцаагч дүүргийн байцаагчийн шалгаснаар 16 сая төгрөгөөр буруу тооцсон. Би үүнийг тооцохгүй нэгэнт өөрөө гарын үсэг зурчихсан. Уг мөнгөн дүн дээр хариуцагч нэмээд 49 сая төгрөг болгосон. Ямар ч компани өөрийн тайлангаар тухайн жилийнхээ тайланг тайлагнаж байгаа. Тайлангийн хуудсан дээр урьдчилж орсон орлого 2016 онд 723 сая төгрөг гэж бичсэн байгаа. Өртэй байсан учраас надад банкны зээл олгохгүй байсан учир хятадуудаас мөнгө зээлснээ тайлагнасан байгаа. Орлогоо бууруулсан талаар тайлагнасан үүнийг татвар хоёр удаа шалгаад торгосон. 

Тайлангаараа урьдчилж олсон орлого гээд авчихсан юм чинь тайлагнаад 2017 онд Хятад компаниас ямарваа нэгэн химийн материал авах гэвэл урьдчилгаа мөнгө шилжүүлж бараа захиална. 2 дахь удаа мөн тодорхой хэмжээг шилжүүлнэ. Хилээр орж ирэхэд нь дахин шилжүүлэх ч юм уу гэрээний нөхцөлөөр мөнгөө шилжүүлж бараагаа авч байгаа. Тэр барааны мөнгө очоогүй нөхцөлд бараа орж ирэхгүй. Химийн материал гээд мөнгөө шилжүүлсэн тохиолдолд тухайн бараа мөнгө шилжүүлсэн ондоо эсхүл дараа ондоо ч орж ирж болно. Тухай бүр гаалийн бүрдүүлэлтээ хийгээд гааль дээр бүрдүүлэлтийн байцаагч, хяналтын байцаагч, бараа материалын байцаагч нар ч шалгаж байгаа. Манайх химийн материал оруулж ирдэг учир илүү онцлогтой. Давхар хяналтаар ордог.” гэв.

8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагч хариу тайлбартаа 2016 онд нийт 20,600 ам.доллар химийн материал авна гэж Хятад улс руу шилжүүлсэн байна. Гэтэл 1000 ам.доллар бүхий химийн материал орж ирсэн үлдэгдэл материал нь орж ирээгүй байна. Иймд орж ирээгүй материалд нөхөн татвар ногдуулж байна гэж тайлбарладаг. 2017-2018 оны нөхөн татвар ногдуулаад байгаа үндэслэл нь ч мөн энэ үндэслэлээр байдаг. 100 сая төгрөгөөр бараа авна гээд дансаар та нар мөнгө шилжүүлсэн байх ч гаалиар 90 сая төгрөгийн бараа орж ирсэн, 10 сая төгрөгийн бараа орж ирээгүй байна гээд 2016 онд 10 сая төгрөг дээр нөхөн татвар ногдуулаад байна. Гэтэл энэ тайлбар мэдүүлэг буруу мэдүүлсэн гэдэг тайлбартай нь ямар нэгэн байдлаар шалтгаант холбоо байдаггүй. Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.2-д “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” гэж заасан үйлдлээр 41 сая төгрөгийн торгуул оногдуулдаг. Энэ үндэслэл хуулийн зүйл заалт хоёр ямар ч шалтгаант холбоо байдаггүй. 

2016 онд 10 сая төгрөгийн бараа дутуу оруулсан бол 2017, 2018 онд дахин орж ирэх боломжтой. 2016 онд 10 сая төгрөгийн бараа оруулж ирээгүй тул 10 сая төгрөгт нөхөн татвар ногдуулна гэдэг зөрчил хавтас хэрэгт ч, Зөрчлийн тухай хуульд ч байхгүй. Хариуцагчийн зүгээс 2016 онд орж ирээгүй 10 сая төгрөгийн бараа 2017 онд орж ирсэн эсэхийг шалгаж үзээгүй. 2 дугаар хавтасны 232-242 дугаар хуудас хүртэлх импортын химийн материалын жагсаалт байгаа. Энэ бол Том татвар төлөгчийн газар болон Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтууд. 235 хуудсан дээр 2017 оноос орж ирсэн химийн материал байгаа. Дутуу оруулж ирсэн гээд байгаа 2016 оны химийн материалууд 2017 оны химийн материалд орчхоогүй юм уу. Хамгийн гол үндэслэл нь 2016 онд мөнгө шилжүүлсэн бол бараа материалаа 2016 ондоо л авах ёстой гэж үүрэг хариуцлага оногдуулсан хуулийн заалт байхгүй. 1300 ам.долларын бараагаа тухайн ондоо аваагүй тул үүн дээр нөхөн татвар ногдуулав гээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хугацааг тасалбар болгоод торгууль ногдуулж байгаа. Зөрчлийн тухай хуулиар бараа материалын тоо ширхгээ буруу мэдүүлсэн гэж зөрчил ногдуулаад байна тэгэхээр огт хамааралгүй байна. Бодит буруутгаад байгаа зөрчил, Зөрчлийн тухай хууль дахь зөрчил хоёр хоорондоо хамааралгүй байна. 

Татварын ерөнхий газраас татварын орлого, зарлага тайланг татуулахаар ажиллагааг шүүхээр хийлгүүлсэн. Гэтэл хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар дээр 2016 оны 10,300 төгрөгийн татвар нөхөн ногдуулж байгаа үйл баримтыг харахаар дансны хуулга, мэдүүлгийг үндэслэсэн гэдэг. 2016 оны дутуу орж ирсэн гэх бараа 2017 онд ямар байдлаар тусгагдсан гэдэг талаар яагаад хяналт шалгалт хийж болоогүй юм бэ. 2 дугаар хавтасны 246, 247 хуудсан дээр бүх баримтууд байгаа. Байгууллагын орлого, зарлага дээр гаалийн улсын байцаагч дүгнэлт хийгээд байна. Гэтэл анхан шатны санхүүгийн баримт дээр дүгнэлт хийхийн оронд татварын улсын байцаагч, Том татвар төлөгчийн хяналтаар орсон татварын тайлан дээр үзлэг хийж шийдэх боломжгүй байсан юм бэ хяналт хийгээд байгаа баримт бичгүүд нь гаалийн улсын байцаагчийн өөрийн хамааралтай, эрх хэмжээний асуудал нь биш. Байгууллагын орлого, зарлагын баримт дээр хяналт тавих субъект нь татварын улсын байцаагч юм. Гаалийн улсын байцаагч өөрийн хамааралгүй асуудлаар нөхөн татвар ногдуулаад байгаа нь үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулиар аливаа маргаантай асуудалтай байхад 4 жилийн хугацаа үйлчилдэг. 2016 онд эхэлсэн бол 2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Гэтэл хариуцагч 2021 оны 10 сард акт тогтоогоод байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч үүн дээр яригдаж байна. 9,432,000 төгрөг бол Зөрчлийн тухай хуулиар тогтоосон торгууль. Энэ 9 сая төгрөг дээр нэг сарын хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх болж байгаа юм. Нөхөн татвар дээр 4 жил үйлчилнэ. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ч хариуцагч зөрчсөн.” гэв. 

9. Хариуцагч татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ Зөрчлийн хэрэг бүртгэл явуулж эхэлсэн даруй “И*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О*********-д Зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, нотлох баримтуудтай танилцах, мэдүүлэг өгөх талаар утсаар мэдэгдэж, мөн 09 дүгээр сарын 14-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас илгээсэн боловч хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг өгөөгүй.

2/ 2016 оны баримтад хийсэн шалгалтын тухайд:

Тус компанийн Голомт банкны ам.долларын дансны хуулга, харилцах банкны санхүүгийн бүртгэлийг шалгахад 2016 оны 02 дугаар сарын 08-нд 10300 ам доллар, 2016 оны 04 дүгээр сарын 05-нд 8000 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 19-нд 2300 ам.доллар, нийт 20600 ам.доллар буюу 41,750,716 төгрөгийн химийн бодисын төлбөрийг БНСУ-ын H********* corporation pуу шилжүүлсэн байсан. Дээрх химийн бодисыг гаалийн байгууллагад 2016 оны 05 дугаар сарын 31-нд 10300 ам.доллар буюу 20,548,088 төгрөгөөр мэдүүлсэн байсан. Зөрчлийн дүн нь 10300 ам.доллар буюу 21,202,628 төгрөг болох нь гаалийн мэдүүлэг, банкны хуулга, санхүү бүртгэлээр нотлогдож байна. 

Тус компаний. Хаан банкны юаны дансны хуулгыг шалгахад 2016 оны 09 дүгээр сарын 8-нд 109250 юаны буюу 37,078,358 төгрөгийн химийн бодисын үнийг БНХАУ-ын S********* руу шилжүлсэн байсан. Дээрх компаниас 2016 оны 09 дүгээр сарын 27-нд 6 гаалийн мэдүүлгээр 54776 юань буюу 19,608,800 сая төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. Зөрчлийн дүн нь 54474 юань буюу 17,469,557 төгрөг болох нь гаалийн мэдүүлэг, банкны хуулга, санхүү бүртгэлээр нотлогдож байна. 

3/ 2017 оны баримтад хийсэн шалгалтын тухайд: 

Тус компани нь 2017 онд химийн бодисын төлбөрт нийт 278,577,714 төгрөгийг шилжүүлж, төлбөрийг урьдчилж төлсөн зардал дансанд бүртгэсэн байсан. Химийн бодисыг 30 гаалийн мэдүүлгээр нийт 168,213,741 төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийсэн нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байна.

Импортолсон химийн бодисыг шилжүүлсэн төлбөрийн дүнгээр орлогод бүртгэж, тайлагнасан байгаа нь бараа материалын бүртгэлээр нотлогдож байна. Мөн химийн бодисын төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагаар БНХАУ руу шилжүүлэхдээ химийн бодисын төлбөр гэж шилжүүлсэн байгаа анхан шатны баримтаар харагдаж байна. Илэрсэн зөрчлийн дүн нь 110,363,973 төгрөг болох нь гаалийн мэдүүлэг, санхүү бүртгэл, анхан шатны баримтаар нотлогдож байна.

4/ 2018 оны баримтад хийсэн шалгалтын тухайд: 

Тус компани нь 2018 онд химийн бодисын төлбөрт нийт 652,136,240 төгрөгийг шилжүүлж, төлбөрийг урьдчилж төлсөн зардал дансанд бүртгэсэн байсан. Химийн бодисыг 60 гаалийн мэдүүлгээр нийт 597,891,418 төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийсэн нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байна.

Импортолсон химийн бодисыг шилжүүлсэн төлбөрийн дүнгээр орлогод бүртгэж, тайлагнасан байгаа нь бараа материалын бүртгэлээр нотлогдож байна. Илэрсэн зөрчлийн дүн нь 54,244,821 төгрөг болох нь гаалийн мэдүүлэг, санхүү бүртгэл, анхан шатны баримтаар нотлогдож байна. 

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 31,508,552 төгрөгийг дэлгэрэнгүй байдлаар харуулбал шалгалтаар тус компани нь 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлсэн тул гаалийн албан татварт Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор 5 хувийн гаалийн татвар болох 10,164,049 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д заасны дагуу 10 хувийн татвар буюу 21,344,503 төгрөгийг ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь заадтыг үндэслэн нөхөн татварын дүнгийн 30 хувь 9,452,566 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

“И*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О********* 2017, 2018 оны зөрчилд тооцогдсон зөрүү дүнг БНХАУ-ын иргэнээс авсан урьдчилж орсон орлого дансанд бүртгэгдсэн зээлийг төлж байсан гэсэн тайлбар өгсөн. Гэвч дээрх тайлбарын дагуу шалгаж үзэхэд шилжүүлсэн төлбөрийн баримтанд химийн бодисын төлбөр гэж банк бус санхүүгийн байгууллагаар шилжүүлсэн, мөн санхүү бүртгэл, тайланг шалгаж үзэхэд зээл төлсөн санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт байхгүй байсан. 

Иймд Зөрчлийн тухай хууль зөрчсөн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим тогтоодсон тул шийтгэлийн хуудасаар нөхөн татвар, торгуулийг ногдуулсан.

“И*********” ХХК нь Зөрчлийн хэрэг бүртгэлтэй танилцаагүй, гарын үсэг зураагүй тул шуудангаар шийтгэлийн хуудас, шалгалтын үр дүн, эрх үүргийг танилцуулсан хуудсыг илгээсэн.

Эрх бүхийн албан тушаалтны хийсэн шалгалтын үр дүнд нотлох баримт, хууль зүйн үндэслэлээр зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул “И*********” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/78 дугаар албан тоотоор гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

10. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлд улсын хилээр нэвтрүүлж байгаа бараа материалд гаалийн бүрдүүлэлт хийж, зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг үнэн зөвийг нягтлан шалгах, экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулна гэж заасан. Нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулах, мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх гэх мэт санхүүгийн холбогдолтой бичиг баримтуудыг шалгах эрхийг хуулиар олгосон. Гаалийн хилээр нэвтрүүлсэн бараатай холбоотой мэдээллийг санхүүгийн бичиг баримттай тулгаж үзэж шалгалт хийсэн. Дээрх шалгалтыг хийх явцад тухайн компанийн санхүүгийн бичгийг үзэхэд он ондоо шилжүүлсэн барааг хүлээж аваад орлого тавьсан байсан. Хэдэн төгрөг шилжүүлснээрээ барааг хүлээж аваад түүнд орлого тавьсан байсан. Яагаад гэвэл нэг онд нь илүү мөнгө шилжүүлээд тэр нь он дамнаад авлага байдлаар явж болно. Тэгтэл энэ компани тэгэхгүйгээр ямар нэгэн авлага, өглөгийн бүртгэл хөтлөөгүй нийт шилжүүлсэн төлбөрөөрөө барааг бодоод авсан байсан.

Гаалийн мэдүүлэгт тусгасан тоо хэмжээ, барааны үнийг санхүүгийн бичиг баримттай тулгаж үзэхэд тоо хэмжээний асуудал гараагүй, зөвхөн барааны үнийг дутуу мэдүүлсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 1000 ам.доллар шилжүүллээ гэхэд гаалийн байгууллага 800 ам.доллар шилжүүлсэн нотлогдож байна. энэ талаар нэхэмжлэгч талаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Барааны үнийг дутуу шилжүүлсэн нь анхан шатны нотлох баримтаар тогтоогдож байгаа юм.

Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би гардаж авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гардан авсан өдрөөс эхэлж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалт байдаг. Надад 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор ажиллагаа явуулах хугацаа байсан. Энэ хугацаанд буюу 08 дугаар сарын 11-ний өдөр “И*********” ХХК-ийн захирал ирээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ажиллагаа дээр гарын үсэг зураад хүлээн зөвшөөрөөд явсан. 

3 сарын хугацаанд прокурорын байгууллагад хандаад шүүхийн шийдвэр гарсан, хэрэг бүртгэлийн хэрэг нээх гэсэн юм гээд хандахад прокурорын байгууллагаас 4 үндэслэлийг тайлбарласан. Шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгоогүй. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэсгийг хангаагүй Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт "тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол" гэж тус тус заасан нь хялбаршуулсан байдлаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж тайлбарласан. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт ажиллагаануудыг хийж, дуусгаад шүүхийн байгууллагад дахин хандаарай гэсэн чиглэлийг өгсөн. 

Нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах шалгалт гэж байгаа. Энэ шалгалт “И*********” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 06 дугаар сар хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулах шалгалт хийсэн. 2016 онд импортоор авсан барааны үнийг илүү мэдүүлсэн буюу 43 сая төгрөгийн зөрчлийн 2,8 сая төгрөг нь 2016 онд хамрагдаж байгаа. 2017, 2018 онд дутуу мэдүүлсэн гэх зөрчил илрээгүй. Энэ талаарх баримт 3 хавтасны 64 дүгээр хуудсанд байгаа. Татварын байгууллагаас шалгаад байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил гаалийн байгууллагатай ямар хамааралтай вэ гэхээр тухайн гаалийн мэдүүлгийн хүрээнд шалгалтыг хийсэн. Татвар, гаалийн байгууллага хоёр давхардуулж шалгаагүй. 

Гаалийн тухай хууль нь Татварын ерөнхий хуулийг удирдлага болгодог. Хуулийн дагуу 2016-2018 оны шалгалтыг хийсэн. Зөрчлийн тухай хуульд бусад хуульд заасан бол бусад хуулиар зохицуулагдана гэж заасан. Зөрчлийн тухай хуулийг үндэслээд торгууль ногдуулах асуудлыг зохицуулсан байдаг. Гаалийн байгууллагаас шалгалтыг хийхдээ аж ахуйн нэгжийг гаргаж өгсөн болон бүх баримтуудыг нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа. Ямар нэгэн байдлаар аж ахуйн нэгжид мэдэгдээгүй, тулгах байдлаар шийтгэлийн хуудас үйлдээгүй.” гэв.

11. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нь буруутгаж байгаа зүйлээ тодорхой болгоогүй. Хариуцагч торгууль оногдуулсан шийдвэрээ хүчингүй болгох саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд, иргэдийн төлөөлөгчийн дүггнэлт үндэслэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.”Гаалийн тухай хууль зөрчиж:”, 1.2.”гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;”, 1.5.”... бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 31,508,552 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьд ногдох 9,452,566 төгрөг, нийт 40,961,118 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй болжээ. 

Учир нь нэхэмжлэгч нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдан аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр химийн хортой, аюултай бодис импортлох, худалдах, ашиглах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримт зэргээс үзвэл “И*********” ХХК-ийн 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл химийн бодис авахаар шилжүүлсэн мөнгөн дүнгээс гаальд мэдүүлсэн барааны дүн бага бөгөөд хариуцагч барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Гаалийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.”Энэ хуулийн 78.1.1-д заасан горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.”Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно.”, 8.1.”Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана.”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.”, гэж заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч химийн бодисын төлбөрт шилжүүлсэн үнийн дүнгээс бага үнийн дүнтэй бараа орж ирсэн болохыг зөвшөөрч байгаа бөгөөд үүнийгээ “... үлдэгдэл бараа нь дараа онд орж ирсэн …” гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

  1. Гэвч тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дахин явуулж зөрчлийг шийдвэрлэн, шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тоолж эхлэх юм. 

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-д зааснаар Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дахин явуулж зөрчлийг шийдвэрлэн шийтгэл оногдуулах байжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.”шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”, 107 дугаар зүйлийн 107.6.”Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж заасан зохицуулалтаас үзвэл шүүх урьд гарсан захиргааны актыг гаргах болсон үндэслэл дутуу бөгөөд уг ажиллагааг шүүх гүйцэтгэх боломжгүй тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгэхээр дахин шинэ акт гартал маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй бол түдгэлзүүлсэн акт хүчингүй болгохоор заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтанд алдаагаа засах боломж олгож үүрэгжүүлсэн, харин нэхэмжлэгчийн тухайд захиргааны акт гаргах ажиллагаанд нотлох баримт гаргаж өгөх зэрэг Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олгосон зохицуулалт юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн107 дугаар зүйлийн 107.6-д заасан захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох зохицуулалт дээр дурдсанаар хариуцагчид үүрэг болгосон агуулгатай бөгөөд шүүхийн шийдвэрт заасан хугацаанд дахин шинэ гаргахгүй бол тухайн актыг дахин гаргах эрхээ алдах агуулгатай юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.”Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг аливаа этгээд биелүүлэх үүрэгтэй ба хариуцагч шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд захиргааны актыг буюу энэ тохиолдолд шийтгэлийн хуудсыг дахин гаргаагүй учир 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болсноор маргаан бүхий захиргааны акт гаргах эрхгүй болох бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна. 

Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

  1. Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн үндэслэлийг дэмжиж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт гаргасан бөгөөд шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар нэхэмжлэгч “И*********” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН

                                         ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

                                         ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ