Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2019/0004

 

Ж.Сгийн нэхэмжлэлтэй,

“А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00106 дугаар шийдвэртэй Ж.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

“А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, “А” ХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А” ХК, “М а” М ХХК-ийн хооронд байгуулсан №154-0218 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахаар ТУЗ-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б, Д.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б, Д.Г, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХК нь 1999 онд бүрэн хувьчлагдсан. “А” ХК нь 1000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Үүнээс 51 хувийг Б.Ш, 18.15 хувийг Ц.Ш, 18.04 хувийг Ж.С, бусад 18.12 хувийг 1000 гаруй хувьцаа эзэмшигч нар эзэмшдэг. Бид 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д даалгахаар нэхэмжлэл гаргасан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан бол гэж заасан байна. Хуулийн энэ заалтын дагуу Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б би 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр “А” ХК-д санал шаардлагаа хүргүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөл санал шаардлагыг хүлээн аваад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаад ТУЗ-ийн 05 тоот тогтоолыг гаргасан байдаг. Уг тогтоол нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг болон “А” ХК-ийн дүрмийн холбогдох заалтыг үндэслэн компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй гэж үзсүгэй гэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 62.1.2-т нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах гэж заасан байдаг. Мөн надад тайлбар ирүүлсэн байдаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.3-т хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 59.4-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, 59.11-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ, 62.1.9-д компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах гэж тус тус заасан байдаг. Гэтэл “А” ХК-ийн ТУЗ-ийн дарга компанийн тухай хуулийн эдгээр заалтуудыг баримтлахгүйгээр надад татгалзсан хариу өгсөн байна. Компани хуваах асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал мөн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх асуудлыг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ, 61.5.1-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй, 61.5.2-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй гэж заасан байна. Иймд хуульд заасан хоёр үндэслэлээр ТУЗ нь төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах ёстой. ТУЗ гаргасан тогтоолдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг үндэслэсэн байдаг. Хэрэв татгалзаж байгаа бол 61 дүгээр зүйлийн 61.5.1, 61.5.2-г үндэслэж татгалзах ёстой байсан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэсний дагуу бид гомдлоо хуулийн дагуу гаргаж байна. ТУЗ-ийн хараат бус гишүүн “А” ХК-г төлөөлж төлөөлөгчөөр оролцож байгаа явдал нь зохисгүй юм. Хараат бус гишүүн нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, ногдол ашиг хуваарилах, компанийг алдагдалд оруулахаас хамгаалах үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

                Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гурван нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд:

Нэгдүгээрт: “А” ХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцуулж, түүнээс гаргасан тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах.

Хоёрдугаарт: 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А” ХК болон “Мын а” М компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах.

Гуравдугаарт: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахыг ТУЗ-д даалгах шаардлагуудыг гаргасан.

“А” ХК-ийн удирдлагууд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “МАК”-тай хамтран ажиллах гэрээ болон нүүрс худалдах худалдан авах гэрээг хийсэн. Энэ гэрээг ТУЗ-н дарга Ш, гүйцэтгэх захирал Б нар хийсэн. “А” ХК-ийг нь зөвхөн өөрийн хувийн компани мэтээр үзэж дураараа тус гэрээг байгуулсан. Тус нүүрс худалдах худалдан авах гэрээ нь “А” ХК-ийн гол орлогыг бүрдүүлж байгаа их хэмжээний хэлцэлд тооцогдох гэрээ юм. Иргэний хуулийн 83 дугаар зүйл зүйл 83.1-т “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно”, 84.4-т “энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан байгаагаас үзэхэд М-ийн худалдан авч байгаа нүүрс нь эд хөрөнгө юм. Компанийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт их хэмжээний хэлцлийн талаар зохицуулсан байдаг. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно, 87.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл, 88.1-т их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заасан байдаг. Гэтэл нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэлд их хэмжээний хэлцэл байгуулахыг зөвшөөрсөн нэг ч баримт байхгүй байна. Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг нэг ч удаа зарлан хуралдуулаагүй байгаа. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. “А” ХК-ийн 2017 оны жилийн эцсийн тайланд нийт актив 10 тэрбум төгрөг гэж тайлагнасан байдаг. М-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.6-д нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу тээвэрлэлт болон бусад зардлыг 60, 40 хувиар тооцохоор тохиролцсон байдаг. Гэрээний хавсралтад 2018 онд 156 000 тн нүүрс, 2019 онд 258 000 тн нүүрс нийтдээ 414 000 тн нүүрсийг кг-ийг нь 12 600 төгрөгөөр тооцож 5 216 400 000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Энэ нь “А” ХК-ийн активийн 51 хувьтай тэнцэж байна. Үүнээс харахад тухайн хэлцэл нь их хэмжээний хэлцэл болох нь харагдаж байна. Иймд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Үүнд: хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болон дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хамаарахаар заасан байна. Их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн зөвшөөрөл аваагүй байгаа нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байна 56.1.3-т зааснаар ямар нэгэн хэлцэлийг халхавчилж хийсэн хэлцэл гэсэн заалтад хамаарч байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдох ёстой. Мөн уг гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-т бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, 11.1.2-т зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл М болон ”А” ХК нь үүнийг зөрчин гэрээ байгуулсан байна. Мөн гэрээг байгуулахад оролцсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компанийн гүйцэтгэх захирал Бг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгосон гэдэг боловч гүйцэтгэх удирдлагатай гэрээ огт байгуулаагүй байдаг. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ТУЗ-ийг хууль бусаар хуралдуулж Бтай гэрээ байгуулсан мэт болгосон байдаг. ТУЗ нь дүрэмдээ заасны дагуу сар бүр хуралдахгүй байгаагаас болж Компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгаа байгаа бөгөөд зөвлөлдөх асуудал байгаа талаар 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ТУЗ-ийн гишүүн Бямбасүрэн нь санал гаргасан байдаг. Гэтэл бид 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хуралдчихсан гэсэн хариу өгсөн.

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ТУЗ хуралдахдаа ТУЗ-ийн гишүүдэд зар хүргэхгүйгээр зөвхөн өөрсдийн хамаарал бүхий гишүүдийн хүрээнд хуралдсан байдаг. Энэ нь 2018 оны оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан хурлаас хойш 4 сарын дараа гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулсан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хурал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байдаг. Энэ нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасан төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчсөн. Уг хурлаас гүйцэтгэх удирдлагатай нөхөн гэрээ байгуулсан шийдвэр гаргасан. Энэ нь Компанийн үйл ажиллагааг хууль бусаар удирдаж байсныг нотолно. М-тай байгуулсан гэрээнд гүйцэтгэх захирал нь байгуулаагүй байхдаа хэлцэл хийсэн байдал харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаад 05 тоот албан бичгээр хариуг хүлээн авсан. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо хуульд заасан шаардлагыг илтэд зөрчиж өөрийн ажилтанг хараат бус гишүүнээр сонгосон нь ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэж байна гэсэн байдаг. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9/3406 тоот албан бичгээр “А” ХК-д мэдэгдсэн байдаг. Мөн энэ тухай хувьцаа эзэмшигч Сд албан бичгээр мэдэгдсэн байдаг. А бол хараат бус гишүүн байсан. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл 79.1-д энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шалгуурыг хангасан хүний нэрийг дэвшүүлнэ, 79.1.1-д өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй, 79.1.2-т өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх ёстой гэсэн байдаг. Гэтэл Б.А нь ”А” ХК-ийн цалингийн нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл 15 дахь жилдээ ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж хуульд заасан шаардлагыг зөрчсөн болохыг тогтоосон. Компанийн бүтцийг Компанийн тухай хуульд заасан байдаг. Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэсэн. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.Хуулийн 75.4-т хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна, 75.6-д хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас энэ хуулийн 75.4-т заасан тооны хараат бус гишүүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгож чадаагүй тохиолдолд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно, 75.7-д энэ хуулийн 75.6-д заасан тохиолдолд компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг тогтоож, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг дахин хэлэлцүүлнэ гэж заасан байгааг тус тус зөрчсөн байна. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооноос хууль зөрчсөн үйлдлээ зөвтгө гэсэн албан тоот ирүүлсэн байдаг. 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар үндсэндээ 8 хүнийг ТУЗ-ийн гишүүнээр сонгосон байна. Энэ нь ТУЗ нь байгуулагдсан цагаасаа эхлээд бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүйд тооцогдох ёстой. Нэгэнт эрх зүйн чадамжгүй ТУЗ, түүнээс гарсан шийдвэрүүд эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. ТУЗ-ийн томилсон гүйцэтгэх захирал нь мөн адил эрх зүйн чадамжгүй юм. ТУЗ-ийн гишүүн Б нь ТУЗ-ийн хурлыг шаардлага тавьж хийлгүүлсэн байдаг. Гэтэл мөн л хууль зөрчөөд А гэдэг хүнийг хараат бус гишүүнээр шууд сонгоод баталсан байдаг. Уг хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 62.1-д зааснаар дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн. 62.1.7-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал хамаарахаар байна. Үүнээс үзэхэд хувьцаа эзэмшигчдийг сонгох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гэтэл ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхэд халдаж А гэдэг хүнийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр түр томилсон байдаг. Түр томилсон тогтоолын үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн 77.5, 77.6, 79.1, 80.2-т заасан заалтуудыг заасан байдаг. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно, 77.6-д энэ хуулийн 77.5-д заасны дагуу томилогдсон этгээд нь хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан байх ба төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрхийг эдэлнэ гэж заасан байна. Анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй А гэх хүн нь ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсонд тооцогдохгүй. А нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ТУЗ-ийн гишүүн биш юм. 77.5 дахь хэсэгт заасан чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдэг ойлголт нь хуулийн дагуу сонгогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ТУЗ-ийн гишүүнд хамаарах асуудал юм. “А” ХК нь анхнаасаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдсон байгаа тул энэ байдлаа ээлжит бус хурал хуралдуулж зөвтгөх шаардлагатай байна. Иймд ТУЗ-ийг анхнаасаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж хувь эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарах ТУЗ-ийн гишүүдийг сонгох, үндсэн шаардлага болох компанийг хуваах асуудлыг шийдвэрлэж, М-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн шаардлагаас ээлжит бус хурлыг хуралдуулах гэсэн шаардлага нь нэмэгдүүлсэн шаардлагын ээлжит бус хурлыг хуралдуулъя гэсэн шаардлагатай үндсэндээ давхцаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гол зорилго компанийг хуваах явдал юм. С нь “А” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч юм. Хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө оролцох хэсгийг нотлохоос биш тусгайлан өмчлөх эрхийг эдлэхгүй юм. Бид хурал хийхийг эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Харин хурлаар юу хэлэлцэх гээд байгаа компани хуваах асуудал нь тухайн ээлжит бус хурлаар шийдвэрлэх боломжгүй асуудал юм. М-тай байгуулсан гэрээг цуцлах асуудал нь Дорнод аймгийн эрчим хүчийг алдагдуулахад нөлөөлөх ноцтой асуудал юм. 1998 онд “А” уурхайг хөгжүүлэх гэж хувьчилсан байдаг. Компанийг хуваана гэдэг бол Компанийн үйл ажиллагааг зогсооно гэсэн үг юм. Энэ асуудлын ард 1000 гаруй хувьцаа эзэмшигч, 100 гаруй ажилчдын эрх ашиг яригдаж байна. Бид энэ асуудлаас болж бүтэн жил шүүхээр явж байна. Иймд энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТУЗ-ийн хурлаар санхүүгийн жилийн тайлан, түүнтэй холбогдох үр дүнгийн талаар хэлэлцдэг. “А” ХК-г хуваах асуудал яригдаж байгаа тул Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ” гэж заасан байдаг. Энэ нөхцөл байдал үүсэхээр байгаа тулсанхүүгийн нөхцөл байдал, эд хөрөнгийн тооцоолол, бусад этгээдийн өмнө гүйцэтгэх үүргүүд, өр авлагыг тооцох, нэгж хугацааны үр ашгийг дахин тооцох зэргээр богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй олон асуудал байна. Өөрөөр хэлбэл тодорхой судалгаа, үр дүнгийн ажил хийгдэх шаардлагатай байдаг тул ээлжит бус хурал зарлаад нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл 62.1-д дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байна.Үүнээс зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар гэсэн байна. Ээлжит бус хурлаар гэсэн үг өгүүлбэр байхгүй байгааг анхаарах ёстой. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т “нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах” асуудлыг шийдвэрлэхээр заасан байна.Ээлжит бус хурлаар гэдэг үг мөн л байхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г хэлэхдээ нэхэмжлэлийн үндсэн шаардлага нэмэгдүүлсэн шаардлага хоёр үндсэн нэг гэж хэлж байна. Иймээс аль нэг нэгээс нь татгалзах ёстой юм. Аль шаардлагаасаа татгалзаж байгаа нь тодорхойгүй байна.

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ асуудлаар хэргийг хянан хэлэлцсэн. Тухайн шүүх хурлаас шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ захирамжид нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж байгаагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан байдаг. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 154/0218 тоот гэрээний талаар маргаж байна гэж ойлгож байна. Тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж нэхэмжлэгч тал ярьж байгаа яг аль заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Тэгвэл Б нь хувь хүнийхээ хувьд эрх зүйн чадамжгүй юм уу, “А” ХК нь хуулийн этгээдийнхээ хувьд эрх зүйн чадамжгүй юм уу эсхүл М-ийн захирал нь эрх зүйн чадамжгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч хэлэхдээ 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Бг гүйцэтгэх захирлаар томилсон гэж хэлсэн. Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол Б гүйцэтгэх захирлын эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болно гэсэн хуулийн заалт одоогоор байхгүй байна. Нэгэнт Бг гүйцэтгэх захирлаар томилсон нь үнэн юм. Гэрээ хийх асуудлыг Б бие дааж гүйцэтгэсэн болохоос биш ТУЗ-ийн удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлсэн юм. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно, 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг тооцохоор заасан байна. Үүнээс харахад балансын активын 25 хувиас болохоос биш хэлцлийн үнийн дүнгийн 25 хувиас дээш гэсэн ойлголт биш юм. Иймд их хэмжээний хэлцэл биш байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 5 тэрбум гаруй төгрөгийн хэлцлийг хүчингүй болгуулахаар маргаж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлогдох ёстой байдаг. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэсэн үндэслэлээр шүүх хэргийг хүлээж авах ёсгүй байсан юм. Гэрээний үнийн дүнг талууд тодорхойлцон байдаг. Тус гэрээнд борлуулалтын орлогыг санхүүгийн тайланд тусгагдсанаар 2.5 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг М-д төлнө гэж заасан байна. Гэрээний талууд нь “А” ХК болон “М” гэж гэрээнд заачихсан байгаа. Иймд тус хоёр хуулийн этгээдийн удирдлагуудын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Өнөөдрийн шүүх хуралд ТУЗ-ийг хариуцагчаар татсан тул Б гүйцэтгэх захирлын талаар ярих нь ач холбогдолгүй юм. Алтанцэцэгт холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Ат холбогдох асуудлыг зөвтгө гэсэн албан бичиг ирсэн нь үнэн. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүн А нь Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Анх Аг бүгд санал нэгтэйгээр сонгосон байдаг. Тухайн үед яагаад А сонгогдож болохгүй талаар хэн ч санал гаргаагүй вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тухайн үед бүгд алдаа гаргасан гэдгээ ойлгож энэ асуудлыг зөвтгөсөн юм. Ингэхдээ Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйл 77.5-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно гэсэн заалтыг баримтлан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзсэн. Мөн тус заалтад ТУЗ түр томилж болно гэсэн заалт байна. Энэ нь сонгох биш түр томилж болно гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ бид наймуулаа хурлыг эхлүүлсэн боловч санал нийлэхгүй байсан тул бид хурлыг орхиж гарсан гэж мэдүүлсэн. Хуралдаан 50 хувь дээр нэмэх нь 1 хүн гэсэн ирцтэйгээр хүчин төгөлдөр болох ёстой. Иймд хурлын ирц хангагдаж ТУЗ-ийн хурал Компанийн тухай хуулийг зөрчөөгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Ат холбогдох асуудлыг шийдвэрлэхгүй бол танай ТУЗ-ийн эрх зүйн чадамжгүй болох гэж байна шүү гэдэг анхааруулгыг Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн байдаг. Энэ анхааруулга болохоос биш эрх зүйн чадамжгүйд тооцсон зүйл биш юм. Нэхэмжлэгч тал Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж хэлж байна. Бид нэг зорилгын төлөө явж байгаа тул Өрсөлдөөний тухай асуудал яригдах ёсгүй. Өрсөлдөөний тухай хуульд өнөөдрийн энэ асуудлыг шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал ТУЗ нь сардаа нэг хуралдахгүй байна гэж хэлж байна. Гэтэл үнэндээ ТУЗ сар тутам хуралдаж байгаа. Хурлыг хаяж явсан асуудал нь эсрэг байр суурьтай байсныг илэрхийлнэ. Тус ТУЗ-ийн хурал нь найман гишүүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн бөгөөд долоон гишүүн нь саналын эрхтэй байсан юм. Хурлыг хаяж явсан дөрвөн гишүүний гурав нь саналын эрхтэй байсан юм. Иймд үлдсэн дөрвөн гишүүн саналаа өгснөөр хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-тай байгуулсан гэрээний асуудал хөндөгдсөн тул манай байгууллага шүүгчийн захирамжийн дагуу гуравдагч этгээдээр оролцож байна. Хэргийн материалтай танилцах явцад Бгийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдгийг нягтлах хэрэгтэй. Тухайн итгэмжлэл нь өөрөө дэндүү өргөн агуулгатай байна. Манай байгууллага энэ хэрэг дээр гуравдагч этгээдээр оролцох болсон. Манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж хариуцагч тал санал гаргаж үүний дагуу шүүх захирамж гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэсэн заалтын дагуу шүүх хуулийн дагуу ажиллагаагаа хийж байгаа. Манай байгууллага өнөөдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа нь эвлэрэх эрхгүй, хязгаарлагдмал байдлыг үүсгэж байна. Манай байгууллагатай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлт гаргасан байгаа тул М-ийг давхар хариуцагчаар татах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгох ёстой байдаг болохоор манай компани гуравдагч этгээдээр оролцож байна. Манай компанитай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудал яригдаж байгаа тул манай компани хариуцагчаар татагдаж маргах хүсэлтэй байна. М болон “А” ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр М нь “А” ХК-ийн борлуулалтын нийт орлогын 2.5 хувийг л авахаар байгаа юм. Энэ нь их хэмжээний хэлцэл мөн үү гэдгийг тодруулах ёстой. Манай компанитай байгуулсан гэрээний хавсралтад гүйцэтгэх захирал Б, ТУЗ-ийн дарга Ш нарын ТУЗ-өөс томилсон тогтоол нь байдаг. Хавтаст хэрэгт байгаа гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй үнэн юм. Манай байгууллага гэрээний нэг хувь нь “А” ХК-д байгаа гэж бодоод гэрээгээ авчраагүй юм. Гэтэл одоо нотариатаар гэрчлүүлээгүй гэрээтэй өнөөдрийн шүүх хуралд орж байна. Гэсэн хэдий ч гэрээ байгуулсан эсэх тал дээр хэн ч маргахгүй байна. Иймээс процессийн алдаа болохгүй байх гэж бодож байна. Манай компани ТУЗ-тай холбоотой асуудал дээр тайлбар хэлэх шаардлагагүй. Харин манай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож бид “А” ХК-тай цуг хариуцагчаар татагдан оролцох хүсэлтэй байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00106 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Компаний тухай 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бийн нэхэмжлэлтэй “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, “А” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А” ХК, “Мн а” М-ХХК-ийн хооронд байгуулсан №154-0218 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахаар ТУЗ-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Д.Г нар давж заалдах гомдолдоо: “...Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хуульд байхгүй заалтыг бий болгож, түүнийгээ баримталсан, нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн Нэгт: “Нэхэмжлэгч Ж.С нь “А” ХКомпанийн хувьцааны 568,572 ширхэг буюу 18,04 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд ...Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу өөрийн санал шаардлагаа тус компанийн ТУЗ-д гаргасан нь үндэслэлтэй байна.” гэж үзсэн мөртлөө “Хувьцаа эзэмшигч Ж.С нь өөрийн төлөөлөгч Ш.Бгээр дамжуулан гаргасан дээрх шаардлагад хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулж төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, компани хуваах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргасан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааралтай асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал, шаардлага гаргаж буй нь дээрх хуулийг зөрчсөн байна.” гэжээ. Шүүх дээрх хуулийг зөрчсөн гэж яг ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг тодорхойлоогүй. Хуулийг зөрчсөн гэж ерөнхийлөн тайлбарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна.

“Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийг хуваах, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн ба мөн хуулийн 62.1.2 “...хуваах...”, 62.1.7 “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох...” хэлэлцүүлэхээр тус тус зохицуулсан байна.” гэж хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэх мөртлөө нэхэмжлэлийн шаардлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шийдсэн нь мэргэжлийн бус, хариуцагчийн талд илтэд үйлчилсэн, нэг талыг барьсан шийдвэр болжээ. Учир нь Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлууд гэж тусгайлан заасан, нэрлэсэн асуудлууд байхгүй харин 61-р зүйлд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах зохицуулалт байгаа билээ. Нэхэмжлэгчийн санал шаардлага болгож байгаа асуудал гарцаагүй хууль ёсных, шийдвэрлэхэд эргэлзээгүй зохицуулалттай байхад шүүх илтэд хариуцагч талд үйлчлээд байгаа ба Компанийн тухай хуульд байхгүй зүйл заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцдэг бүрэн эрхийн асуудал нь нэг л ойлголт бөгөөд ээлжит болон ээлжит бус хурлаар хэлэлцдэг асуудлууд гэж тусдаа зохицуулсан зохицуулалт байхгүй билээ. Шүүх үүнийг илтэд гуйвууллаа.

Үндэслэх хэсгийн Хоёрт: “ “А” ХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон ...шаардлага гаргажээ. “А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж уг хуралдаанаас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг ес ...сонгогдож тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байжээ.” Шүүх чухам яагаад хэвийн явагдсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. ТУЗ болон түүнээс сонгогдсон гэх гүйцэтгэх захирал нь хууль ёсны биш хууль зөрчсөн, компанийн үйл ажиллагаа 4-р сарын 1-нээс эхлэн доголдсон, Дорнод аймгийн станцад нүүрс нийлүүлэлт зогссон, маргаантай асуудлууд шил дараалан үссэн тухай хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, зохигчдийн тайлбараар нотлогдсоор байтал компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байжээ гэж үзсэн нь буруу юм.

...Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгч маш тодорхой хуулийн заалтыг зөрчсөн тухай гомдол гаргасан ба уг зөрчлөөс болж компанийн үйл ажиллагаа доголдож, олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ч мөн адил уг хууль зөрчсөн үйлдлийг яаралтай залруулах албан бичгийг “А” ХК-ийн ТУЗ-д хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх, хуулиар маш тодорхой заагдсан байгаа заалтыг нэрлэхгүйгээр бусад гишүүдийг нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн эсрэг дүгнэлт гаргалаа. Хэдийгээр нягтлан бодогч Б.А нь тухайн үед хараат бус гишүүнээр сонгогдсон боловч хуульд зааснаар сонгогдоогүйд тооцогдох хараат бус гишүүн юм. ...

Шүүх хавтаст хэрэгт авагдсан “А” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан, түүнээс гаргасан шийдвэр, тогтоолуудыг үзсээр, харсаар, мэдсээр байж нэхэмжлэгч ямар тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байх тул хангах боломжгүй гэсэн нь нэхэмжлэгчийг илтэд басамжилсан эсхүл шүүхийн нэр хүндийг уландаа дэвссэн явдал боллоо. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “А” ХК-ийн 03 сарын 30-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас сонгогдсон гэх ТУЗ-ийн гаргасан тогтоол, шийдвэрүүдийг бүгдийг нь хүчингүйд тооцож өгнө үү л гэсэн шаардлага гаргасан. Илэрхий ойлгомжтой шаардлага байхад ойлгомжгүй байна гэж үзэж хангах боломжгүй гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид бид ойлгохгүй байна. Шүүх хууль ёсны бус, үндэслэл бус бүхий татгалзал гаргажээ.

Үндэслэх хэсгийн Гуравт: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “А” ХК, “М а” М ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ ...шаардлага гаргасан. Гэтэл дээрх гэрээ нь ...хоёр хуулийн этгээдүүд байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаа зөв тодорхойлоогүй, компаний ТУЗ-ийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ. Хоёр хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ нь ойлгомжтой бөгөөд ялгаатай тал нь нэг нь нээлттэй ХК гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Компанийн тухай хуульд ХК-ийн талаарх зохицуулалт нь илүү нарийвчилсан байдаг ба уг зохицуулалтын хүрээнд ХК-ийн ТУЗ-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас эрх авч хийдэг хэлцлийг эрх авахгүйгээр ТУЗ-ийн дарга нь дур мэдэн хийсэн байхад өөр хэнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргах юм бэ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гын гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг зөвхөн нэг тайлбарыг иш болгосон нь хариуцагч талд илтэд үйлчилснийг нотолж байна. Д.Г шүүхэд дээрх хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан тодорхой заалтуудыг зөрчсөн талаар тайлбарыг нотлох баримтын хамтаар гаргасан байдаг. Шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээс харж болно. ...Их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрлийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүй нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2 дахь заалтуудыг зөрчсөн /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байгаа/ тул уг гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Мөн уг гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн. Уг хуулийн 11 дүгээр зүйлд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулахыг хориглох ...гэсэн байхад бусад аж ахуйн нэгжийг зах зээлээс шахах зорилгоор 40:60 харьцаатайгаар хуваарилалт хийж түүнийгээ гэрээндээ тусгаж ажилласан байгаа юм. Энэ нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна гэж тайлбарлаж нотолсон байхад уг гэрээг хууль бус хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгт авч оруулсан нь зохион байгуулалттай санаатай үйлдэл байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа энэ хамтран ажиллах гэрээний дор дахин нүүрс худалдах худалдан авах гэрээ байгаа гэдгийг дурдсан бөгөөд уг гэрээ нь хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон тохиолдолд мөн хүчин төгөлдөр бус болно гэж тайлбарласан. Харин уг гэрээний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад хамааралгүй асуудлыг авч шийдвэрлэсэн нь шүүх хууль зөрчсөн байна.

Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бд олгогдсон итгэмжлэл нотлох баримтаар авагдсан байхад илтэд хариуцагчийн үгээр нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үүсгэсэн хэргээ үгүйсгэсэн хэрэг боллоо.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нар нь хариуцагч “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “А” ХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргахыг ТУЗ-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 08 сарын 08-ны өдөр шүүхэд гаргажээ. /хх-ийн 1 дэх хавтас, 1 дэх тал/

Мөн нэхэмжлэгч Ж.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нар нь “А” ХК-ийн 2018 оны 03 сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцох, дээрх ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, “А” ХК, “Мын а” /М/ ХХК-ийн хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан №145-0218 дугаар бүхий “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах зэрэг асуудлаар хуралдаан зарлан хуралдуулахыг ТУЗ-д даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг 2018 оны 09 сарын 03-ны өдөр гаргасан байна. /хх-ийн 1 дэх хавтас, 12-13 дахь тал/  

Хариуцагч “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь нэхэмжлэгч талын дээрх шаардлагуудыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан “Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх”-ийг зөвхөн ээлжит хурлын бүрэн эрхэд хамаатуулан тайлбарласан нь буруу бөгөөд энэ зохицуулалт нь ээлжит болон ээлжит бус хурлын бүрэн эрхийн аль алинд нь хамааралтай.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын ялгаа нь хурлын бүрэн эрх ба хэлэлцэх асуудалтай хамааралгүй, харин хуралдах цаг хугацаанаас хамааралтай юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан тогтоосон хугацаанд хуралдах хурлыг “ээлжит” гэх бол үүнээс бусад цагт явагдах хурлыг “ээлжит бус” гэж ойлговол зохино.

“А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол нь Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж гарсан үндэслэл муутай тогтоол байх боловч “компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргахыг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах” шаардлага хангагдах үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд шаардлагатай хэргийн үйл баримт тодорхойгүй байна.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаас татгалзах хоёр үндэслэлийг тусгайлан заасан боловч өөр бусад шалтгаан, үндэслэлээр татгалзах эрхийг хориглосон хориглолт хуульд тусгагдаагүй байна.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана” гэж заасан, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д “Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзвэл шүүх “ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан юу болох, энэ нь бодитой, үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн  61.3 дахь хэсгийн шаардлагыг хангасан эсэх” үйл баримтыг тодруулсны эцэст дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий зарим үйл баримт тодорхойгүйн улмаас шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

            Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ