Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ****  хөтөлж,

улсын яллагч *****

шүүгдэгч  ******,

шүүгдэгчийн өмгөөлөгч **** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** холбогдох эрүүгийн **** дугаартай ****** индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)

Яллагдагч ***** нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хьюндай робекс-3000 загварын экскаватор, техник, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ***** гэх нэршилтэй газар гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0,008 га буюу 76,8м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,542,404 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 316,767 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

1.Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Техник нь ***** гэдэг хүний өмчлөлийнх юм, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөөд худалдаж авахаар тохиролцсон. Зил-131 миний эзэмшлийнх юм” гэжээ[1],

2.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг Сэлэнгэ аймгийн ***** гээд дүү маань утсаар яриад ажил байна гээд ирж уулзсан. Тэгээд **** дээр ажиллах санаа байна. Та хамт ажиллах уу? би таньд “цалин мөнгийг нь өгье” гэхээр нь зөвшөөрөөд экскаватор барих болсон. Тэрнээс хойш 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр над руу яриад “өнөөдөр явъя ахаа та орой 17-18 цаг гээд гэрт  хүрээд ирээрэй” гэхээр нь би тухайн өдрийн орой 18 цагийн үед гэрт нь очиход надаас гадна ***** хамт байсан. Тэгээд **** гэрээс шууд *****маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр очоод тухайн өдрөө амарсан. Тэрнээс хойш хэд хоног засвар хийгээд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны орой нэг экскаватор нь арай гайгүй болоод ***** өөрөө бариад 1-2 цаг голын эрэг дээр ажиллаад угаалга хийж үзээд олигтой юм гарахгүй юм байна гэсэн юм яриад байх шиг байсан. Тэгээд өглөө нь сумын төв рүү буух гээд явж байгаад замдаа цагдаа нартай таарсан. **** ухсан гэх талбайн байршил нь **** эрэг дагуу хэсэг байсан. Тэр газрыг ***** өөрөө экскаватороо бариад ажилласан. Ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Бид нар **** маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Мөн нэг экскаватор, нэг гитаран буу, помп, шланк зэрэг эд зүйлс байсан тухайн эд зүйлсийг хэнийх болохыг мэдэхгүй байна. **** өөрөө мэдэж байгаа, ***** байсан хүмүүс ихэнхи нь эхний хэдэн өдөр засвар үйлчилгээ хийсэн. Орой яг ажиллахдаа **** өөрөө экскаватораа барьсан. Гитаран дээр хэн байсныг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би **** таньдаг, миний хуурай дүү, ямар нэгэн хамаатан, садан төрлийн холбоо хамааралгүй. Би Сэлэнгэ аймгийн **** гэх газар руу *****гэх хүмүүсийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд **** тосгоноос **** маркийн тээврийн хэрэгслээр **** гэх газарт алт ухах зорилготойгоор явсан. **** нь надтай утсаар холбогдож явах талаар ярьж цалин өгөхөөр тохиролцож хамт ажиллахаар болсон. Би гагнуурчин, туслах ажилчин хийхээр тохирсон. 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 2024 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл техник хэрэгсэлүүдтэй засвар үйлчилгээ хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** гэх газрын голын эрэг дээрээс экскаватороор алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Ойролцоогоор гэрийн буйрын дайны талбай байсан, гүнийг нь устай байсан учраас хэлж мэдэхгүй байна. Тухайн талбайд 3000Lc7 маркийн экскаватороор ажилласан, мөн 1 экскаватор байсан бөгөөд тухайн экскаватор нь эвдэрсэн байсан учир ажиллаагүй, мөн 1 ширхэг эвдэрхий усан буу байсан ба тухайн буу нь бид нарыг очих үед байсан. Тухайн 2 экскаваторыг ***** авч ирсэн бөгөөд хэний нэр дээр байдгийг мэдэхгүй байна.***** ерөнхийд нь хариуцаж явсан өөрөө экскаватороо жолоодсон, ***** гэх хүмүүс тогоочоор бусад хүмүүс нь туслах ажилтнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг[3],

    4.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...**** нэг нутгийн хүн учир мэддэг, найз нөхдийн холбоотой. Би Сэлэнгэ аймгийн **** гэх газар руу ***** гэх хүмүүсийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд **** маркийн тээврийн хэрэгслээр ***** гэх газарт алт ухах зорилготойгоор явсан. Тухайн талбайд алт олборлох тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй байна. Тухайн үед **** нь надтай утсаар холбогдож явах талаар ярьж цалин өгөхөөр тохиролцож хамт ажиллахаар болсон. Би оператор хийх, засварчин хийхээр тохиролцож очсон.  2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 2024 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл техник хэрэгслүүдтэй засвар үйлчилгээ хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** гэх газрын голын эрэг дээрээс экскаватороор алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Ойролцоогоор гэрийн буйрны дайны талбай байсан, гүнийг нь устай байсан учраас хэлж мэдэхгүй байна. Тухайн талбайд 3000Lc7 маркийн экскаватороор ажилласан, мөн 1 экскаватор байсан бөгөөд тухайн экскаватор нь эвдэрсэн байсан учир ажлаагүй, 1 усан буу ажилласан. Тухайн техник хэрэгслүүдийг **** авч ирсэн, өөрийнх нь нэр дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед ****ерөнхийд нь хариуцаж явсан өөрөө экскаватороо жолоодсон, **** гэх хүмүүс тогоочоор бусад хүмүүс нь туслах ажилтнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би **** нэг нутгийн хүмүүс учир таньдаг, хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс юм. Би Сэлэнгэ аймгийн ***** гэх газар руу ****гэх хүмүүсийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд  **** **** маркийн тээврийн хэрэгслээр **** гэх газарт алт ухах зорилготойгоор явсан. Тухайн үед тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй байсан. **** надтай устаар холбогдох явах талаар ярьж цалин өгөхөөр тохиролцож хамт ажиллахаар болсон. Би туслах ажилчин хийхээр тохиролцож очсон. 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 2024 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл техник хэрэгслүүдтэй засвар үйлчилгээ хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** гэх газрын голын эрэг дээрээс экскаватороор алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Ойролцоогоор гэрийн буйрын гадна талбай байсан, гүнийг нь ойролцоогоор 2 метр орчим байсан байх. Устай байсан учир тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн талбайд 3000Lc7 маркийн экскаватороор ажилласан, мөн маркийн 1 экскаватор байсан бөгөөд тухайн экскаватор нь эвдэрсэн байсан учир ажиллаагүй, 1 усан буу ажилласан. Тухайн техник хэрэгсэлүүдийг **** авч ирсэн, өөрийнх нь нэр дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед ***** ерөнхийд нь хариуцаж явсан өөрөө экскаватороо жолоодсон, ***** гэх хүмүүс тогоочоор бусад хүмүүс нь туслах ажилтнаар ажиллаж байсан “ гэх мэдүүлэг[5],

6.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би **** нэг нутгийн хүмүүс учраас хуурай ах дүүгийн холбоотой байдаг. Би Сэлэнгэ аймгийн **** гэх газар руу **** гэх хүмүүсийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд **** газарт алт ухах зорилготойгоор явсан. Тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг би мэдэхгүй байна. **** надтай утсаар холбогдож явах талаар ярьж цалин өгөхөөр тохиролцож хамт ажиллахаар болсон. Би туслах ажилчин хийхээр тохиролцож очсон. 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 2024 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл техник, хэрэгсэлүүдтэй засвар үйлчилгээ хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** гэх газрын голын эрэг дээрээс экскаватороор алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Ойролцоогоор гэрийн буйрын дайны талбай байсан, гүнийг нь ойролцоогоор 4 метр орчим байсан байх, устай байсан учир тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн талбайд 3000Lc7 маркийг экскаватороор ажилласан, мөн 1 экскаватор байсан бөгөөд тухайн экскаватор нь эвдэрсэн байсан учир ажиллаагүй, 1 усан буу ажилласан. Тухайн техник хэрэгсэлүүдийг **** авч ирсэн, өөрийнх нь нэр дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. **** нь ерөнхийд нь хариуцаж явсан өөрөө экскаватороо жолоодсон, **** гэх хүмүүс тогоочоор бусад хүмүүс нь туслах ажилтанаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ***** нэг нутгийн учир хүн учир хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс юм. Би Сэлэнгэ аймгийн ***** гэх газар руу ****** гэх хүмүүсийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн  орчимд **** маркийн тээврийн хэрэгслээр *** гэх газарт алт ухах зорилготойгоор явсан. **** нь надтай утсаар холбогдож явах талаар ярьж цалин өгөхөөр тохиролцож хамт ажиллахаар болсон. Би тогоочийн туслах хийхээр тохиролцож очсон. 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 2024 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл техник, хэрэгсэлүүдтэй засвар үйлчилгээ хийсэн. ...**** хариуцаж явсан өөрөө экскаватороо жолоодсон, ***** бид хоёр 2 тогоочоор бусад хүмүүс нь туслах ажилтнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би **** нэг нутгийн хүн учир хуурай ах дүүгийн холбоотой байдаг. Би Сэлэнгэ аймгийн *** гэх газар руу ***** гэх хүмүүсийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд **** маркийн тээврийн хэрэгслээр ****  гэх газарт алт ухах зорилготойгоор явсан. Би тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй байна. **** надтай утсаар холбогдож явах талаар ярьж цалин өгөхөөр тохиролцож хамт ажиллахаар болсон. Би тогооч хийхээр тохиролцож очсон. 2024 оны 09 дүгээр сарын 17-ноос 2024 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл техник, хэрэгслүүдтэй засвар үйлчилгээ хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** гэх газрын голын эрэг дээрээс экскаватороор алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Би тогооч хийж байсан учир очиж хараагүй. 2 экскаватор байснаас 1 экскаватор нь эвдэрчихсэн байсан учир 1 экскаватороор ажилласан. Өөр ямар техник хэрэгсэл ажилласан талаар мэдэхгүй байна. Бид нарыг хүргэж өгсөн “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Өөр техник байсан эсэх талаар мэдэхгүй байна. **** нь ерөнхийд нь хариуцаж явсан. Би болон **** бид 2 тогооч хийсэн, бусад хүмүүс нь туслах ажилтнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч ****  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг **** ачаа хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ***** гэрт очиж Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг нь бариад **** гэх газарт очсон. Тухайн газарт надаас гадна ***** явсан. Бид нар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр очиж засвар үйлчилгээ юм хийж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө **** буцаж байгаад цагдаа нартай таарсан. Бид нар очоод эхний хэд хоног дан засвар үйлчилгээ хийсэн, тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны орой нэг экскаватор нь ажиллах боломжтой болоод ажиллаж эхэлсэн. Хэн барьж байсныг нь бол мэдэхгүй. Би “Зил-131” маркийн тэврийн хэрэгсэл дотроо унтаж байсан тэгэхэд голын эрэг дээр экскаватор нь ажиллаад байгаа чимээ сонсогдсон. Хэн барьж ажилласныг мэдэхгүй байна. Бид нар **** гарам гараад  зүүн урагшаа гол дагаж явж байгаад голын эрэг дээр үйл ажиллагаа явуулсан. Яг ажиллаж байсан газар Ерөө голын эрэг дээр байсан. Надад ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. **** намайг “машин бариад засвар үйлчилгээ хийгээд өгөөч тодорхой хэмжээний хөлсийг нь өгье” гэхээр нь хамт явж байсан юм. Тухайн газарт 2 экскаватор байсан гэхдээ нэг нь ажиллахгүй байсан нэгийг нь засвар үйлчилгээ хийж байгаад асаасан, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, голын эрэг дээр байсан, эзэнгүй гитаран буу, усан помп, 2 ширхэг, шлак зэрэг зүйл байсан хэнийх болохыг мэдэхгүй байна. ****  надад цалин хөлс өгнө гэсэн боловч аваагүй. Би “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг нь барих ****** ах хоёр гал тогоон дээр байх шиг харагдсан бусад нь засвар үйлчилгээ хийж байсан” гэх мэдүүлэг[9],

10.“Байгаль орчны зөвлөх **** 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №1/69 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Сэлэнгэ аймгийн ****** газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв. 2.Тус газар нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Голын гольдрол өөрчлөөгүй байна.3.Тухайн эвдэгдсэн талбай нь ашигт малтмалын хайгуулан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцалгүй байна. 4.Дээрх үйл ажиллагааны улмаас нийт 76.8м2 буюу 0.008га талбай эвдрэлд өртсөн байна. 5.Эвдэгдсэн талбай нь голын усан дотор байгаа учраас урьд өмнө хайгуул, ашиглалт, олборолтын үйл ажиллагаа явагдаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 6.Тухайн талбайн байгаль орчинд 2,542,404 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 316,767 төгрөг болж байна. 7.Тухайн талбай нь өмнө эвдрэлтэй газар байсан бөгөөд ухагдсан нүх урьд өмнө эвдэгдсэн байсан газарт нэмж ухсан байдалтай байна. 8.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт[10],

11.**** шинжилгээний дүгнэлтийн ажлын хөлс нэхэмжлэх баримт[11], 12.****боловсруулсан ”Сэлэнгэ аймгийн **** гэх газарт эвдэж орхисон 0.008 га талбайн байгаль орчин учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо”[12], 13.***** 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгийн үнэлгээний товч тайлан[13], 14.**** шинжилгээний дүн[14], 15.Иргэний үнэмлэхийн лавлагаа[15], 16.Иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[16], 17.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/[17], 18.Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын байцаагчийн акт[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Төрсний бүртгэлийн лавлагаа[20], 21.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[21], 22.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[22], 23.Жолоочийн лавлагаа, мэдээлэл[23], 24.Шүүхийн шийдвэрээр бусад төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/[24], 25.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[25], 26.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[26],  27.Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт[27], 28.Хаан банкны шилжүүлгийн баримт[28], 29.Өмгөөлөгчийн хүсэлт[29],  30.Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт[30], 31.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[31] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,

хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон **** нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.6, 4.4, 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч **** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 130,214 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,412,189 төгрөг, нийт 2,542,404 төгрөг, хор уршигт 7,496,995 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 316,767 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч **** нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[32]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 3000” маркийн экскаваторыг шүүгдэгч нь урьдчилгаа 10,000,000 төгрөг **** өгч худалдаж авсан, тухайн хүн нь өөрөө сэлбэж босгосон талаар мэдүүлдэг бөгөөд техник нь арлын дугааргүй, улсын бүртгэлийн дугааргүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч ****нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 3000” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, “Хьюндай робекс 3000” экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, улсын орлогод оруулах, Зил-131 маркийн техникийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй гэж үзэж шүүгдэгчид буцаан олгох, помп, шаланк устгах” гэсэн саналыг гаргажээ[33].

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Хохирол, хор уршгийг бүрэн арилгасан тул эдгээр хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ял шийтгэлийн доогуур хэмжээгээр оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. “Зил-131” автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэхгүй байх тул буцаан олгож өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан[34].

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ***** анхааруулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгч **** гаргуулан **** олгохоор тогтоов.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн ус татах помп 1 ширхэг, шланк мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 19,8 грамм хар өнгийн ууттай шороо зэргийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэсэн улсын яллагчийн саналыг үндэслэн “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч ***** буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ****анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,  2.4, 2.6, 4.4, 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч **** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 130,214 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,412,189 төгрөг, нийт 2,542,404 төгрөг, хор уршигт 7,496,995 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 316,767 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ***** нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, арлын дугааргүй, гар аргаар угсарсан гэх “Хьюндай робекс 3000” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 3000” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгч ***** гаргуулан **** олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн ус татах помп 1 ширхэг, шланк мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 19,8 грамм хар өнгийн ууттай шороо зэргийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч ***** буцаан олгосугай.

10.Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас

[9] Хавтавс хэргийн 59 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас

[11] хавтаст хэргийн 64 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 65-82 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 89-95 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 108 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 109 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 127 дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 129 дүгээр хуудас

[21] Хавтаст хэргийн 130 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 131 дүгээр хуудас

[23] Хавтаст хэргийн 132 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 133 дугаар хуудас

[25] Хавтаст хэргийн 134 дүгээр хуудас

[26] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас

[27] Хавтаст хэргийн 136 дугаар хуудас

[28] Хавтаст хэргийн 157 дугаар хуудас

[29] Хавтаст хэргийн 160 дугаар хуудас,

[30] Хавтаст хэргийн 161 дүгээр хуудас

[31] Хавтаст хэргийн 153 дугаар хуудас

[33] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[34]Шүүх хуралдааны тэмдэглэлээс