Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0280

 
 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “Алтан нумт катринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Алтан нумт катринг” ХХК-ийн  захирал А.Лхагва шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Манай компанийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн гаргасан хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас манай компанийн газрын байршлыг шилжүүлэхээр тохиролцсон тул " Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээ байгуулж , гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна . Иймд манай компанийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үүгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Алтан нумт катринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “...Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж гэрээ олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч “Алтан нумт катринг” ХХК-ийн  захирал А.Лхагва нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн “Алтан нумт катринг” ХХК-ийн  захирал А.Лхагвад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

            Иймд нэхэмжлэгч “Алтан нумт катринг” ХХК  нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Алтан нумт катринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж гэрээ олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ