Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2019/0005

 

Ц.Т,  “М” ХХК

нарын нэхэмжлэлтэй хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэртэй Ц.Т, “М” ХХК нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох төрийн албан хаагч албан үүргээ зөрчсний улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 276 817 997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын норм, дүрмийн дагуу өөрийн өмчлөлийн газар дээрээ хамаатан, садан, найз нөхдийнхөө орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр 16 айлын орон сууц барихаар болсон. Уг орон сууцнаас 4 айлын орон сууцыг зарж борлуулна гэж тооцоод “К М” ББСБ-аас 51 000 ам/доллар, “Д Х С” ХХК-иас 40 000 000 төгрөгийн зээл авч энэ барилгаа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгыг дуусаагүй барилга гэж 2013 онд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрчилгээ авсан. Барилгын гэрчилгээг барьцаалан “К М” ББСБ-тай 51 000 ам/долларын зээл авч 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан байсан. Манай барилга сар гаруй хугацааны өмнө ашиглалтанд орсон. Энэ хугацааг амжуулаад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст очихоос өмнө манай байрыг худалдаж авсан хүмүүстэй Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу газар эзэмшүүлж, ашиглах гэрээ байгуулаад Улсын бүртгэлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгүүлнэ гэж очсон. Тэгэхэд манай мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаж, газраа нийтийн өмч болгоод хүрээд ир гэж Улсын бүртгэгч Г хууль бус шаардлага тавьсан. Хууль бус шаардлага тавихад нь хэлтсийн дарга От гомдлоо гаргахад мөн адил хууль бус шаардлага тавьсан. Тэгээд хэлтсийн дарга О гэдэг хүнд өргөдлөө өгөхөд мөн л адил өмчлөлийн газраа нийтийн өмч болгоод ир гэсэн хариу өгсөн. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгэхээс татгалзаж байсан болохоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Хариуг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр авсан. Энэ хариундаа газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг байгуулаад Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3.5, 19.4.10-т заасны дагуу бүртгүүлж болох юм байна гэсэн хариу өгсөн боловч аймгийн Улсын бүртгэлийн газар өргөдөл авахгүй бүртгээгүй. Тийм учраас энэ хэргийн талаар Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 07 сард манайхаас байр худалдаж авч байгаа хүмүүсээр нэхэмжлэл гаргаж би өөрөө гуравдагч этгээдээр оролцож шүүх хуралдаан болж Улсын бүртгэлийн газар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгэж гэрчилгээг гаргаж өгөх нь зүйтэй юм байна гээд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамж гарсан. 2014 оны 12 дугаар сард миний газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхээ бүртгүүлэх ёстой байсан боловч Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэхгүй явсаар 2018 онд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг гаргаж эхэлсэн байдаг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээг гаргаагүй улмаас надад болон “М” ХХКомпанид нийт 269 817 997 төгрөгийн хохирол учраад байна. Энэ бүртгэлийг 2018 оны 7 сард биш, хуулийн хугацаанд буюу 2014 оны 12 сард бүртгэсэн бол миний зээлийн хугацаа хэтрэхгүй, хүү торгууль алдангид орохгүй, зээлийн мэдээллийн хар жагсаалтанд орохгүй байх байлаа. Улсын бүртгэлийн хэлтэс газар өмчлөх эрхийг маань зөрчснөөс “К М” ББСБ-ийн зээлийн хүү 128 898 133 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 305 987 төгрөг, үндсэн зээлийн төлбөрийн ам долларын ханшийн зөрүүгээс үүссэн хохирол 45 313 877 төгрөг, “Д Х С” ХХК-ийн зээлийн хүү 8 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, 74 байрны 4. 7. 12 тоот хоёр өрөө орон сууцнуудыг захиалагч нарт худалдан борлуулах ипотекийн зээлийг санаатай зогсоосноос анхны гэрээлсэн үнээс доогуур үнээр барьцаа хөрөнгөөр өр төлбөр барагдуулснаас учирсан хохирол 42 300 000 төгрөг, “М” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар 7 000 000 төгрөг нийлээд 276 817 997 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс ”К М” ББСБ-д 227 517 997 төгрөгөөс 213 800 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага бусдын газар дээр барьсан орон сууцыг газар эзэмшигчийн зөвшөөрлийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Нэхэмжлэгч барилгаа улсын комисст хүлээлгэж өгсний дараа манай байгууллага дээр ирээд орон сууцаа хэсэгчилэн худалдана гэсэн хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс хэрвээ та орон сууцаа хэсэгчилэн ноймер, ноймероор гэрчилгээ гаргах гэж байгаа бол газар өмчлөлийн асуудлаа нийтийн эзэмшилд шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Захиргааны хэргийн шүүх дээр эвлэрэхдээ тодорхой нөхцөл зааж эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд гуравдагч этгээд болох иргэн Т, “К М” ББСБ-ын хоорондох өрийн асуудал шийдэгдэх, уг Банк бус санхүүгийн байгууллагын тодорхой зөвшөөрөл гарсны үндсэнд нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд нийцүүлэн бичиж олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Зарим нэг айл нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулаад газар эзэмших, ашиглуулах эрхийн гэрчилгээгээ гаргуулаад авч байгаа. Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дээрх гаргасан нэхэмжлэлээс харахад бусад этгээдээс авсан зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт өөрийн үйл ажиллагаатай холбоотой байх тул манай байгууллага хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Т, “М” ХХКомпанийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсний улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 276 817 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Тгоос 1 507 040 төгрөг, “М” ХХК-иас 126 950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Т давж заалдах гомдолдоо: “Би ...өөрийн өмчлөлийн газар дээрээ өөртөө болон найз нөхөд, хамаатан садандаа зориулан тэдэнтэй мөнгө санхүү, хөдөлмөр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө нийлүүлэн 16 айлын орон сууцны барилга барьж 2014 оны 12 сарын 4-нд ашиглалтад оруулсан. Энэ барилгын дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаалж “К М” ББСБ-аас 51125 ам/долларын зээл авч зориулалтын дагуу энэ барилгад ашигласан. Энэ зээл, зээлийн хүүг 7, 12, 6, 4 тоот хаалганы дугаартай орон сууцны худалдан авагчдийн лизингийн төлбөрөөр барагдуулах байсан.

...Газар эзэмшүүлэх эрхээ бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 12 сарын 10-ны үед хандахад “газар өмчлөх эрхээсээ татгалзаад өөрийн өмчлөлийн газраа хураалгаж ирээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч болно” гээд миний газар эзэмшүүлэх эрхийн бүртгэлийг ...бүртгэхгүй чирэгдүүлсэн. ...Ингээд орон сууц худалдан авагч нар болон орон сууц барьсан хүмүүсийн төлөөлөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ба ...улсын бүртгэлд бүртгэх байснаа хүлээн зөвшөөрсөн тул эвлэрэл байгуулсан. Улмаар 2018 оны 07 сард анхны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр авсан.

Энэ хугацаанд надад учирсан хохирол 276 817 997 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс:

1. “М” ХХК-ийн 7 000 000 төгрөгийн тухай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.

2. “Д Х С” ХХК-ийн зээлтэй холбогдох 28 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж шийдлээ.

3. Ам.долларын тухайн өдрийн ханшийг буруу тооцсоноос зээлийн хүүд хамаарах мөнгөн дүнгээс 11 350 755,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд хамаарах 1 796 511,85 төгрөг, үндсэн зээлийн ханшийн зөрүүд хамаарах 17 159 128,50 төгрөг нийт 30 306 396,05 илүү нэхэмжилжээ.

Ийм учраас анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлээс 65 306 396 төгрөг 05 мөнгийг нэхэмжлэхгүй.

Гэвч анхан шатны шүүх шийдвэрлэхдээ:

Бусад этгээдтэй байгуулсан гэрээг бүртгэх хугацааг хэтрүүлсэн үйлдэл, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

Учруулсан хохирол нь бүртгэгчийн ямар үйлдэлтэй шалтгаант холбоотойг нотолж чадаагүй байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүх орон сууц худалдан авагч нарын газар эзэмших гэрээг бүртгэхгүй байсан үйлдэл нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх үндсэн нөхцөл болж байсныг авч үзсэнгүй. Газар эзэмших гэрээг бүртгэх, үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтыг бүртгэх газар нь нэг байгууллагын нэг тасгийн ажил байсан. Намайг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд дээрх бүртгэлүүд чухал ач холбогдолтой. Би орлого олох уу, үгүй юу гэдэг нь энэ бүртгэлээс 100 хувь хамаарсан.

Худалдан авагч нар нь байрандаа орчихоод зөвхөн бүртгэлийг хүлээж байсан. Надад худалдан авагч эрэх, зар сурталчилгаа шаардлага байгаагүй.

2014 оны 12 сарын 04-нд барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авсан. Эндээс гарсан акт нь тус барилгын хувьд цаашид гарах зардал дууссан, учирч болох эрсдэл дууссаныг нотолж бодит бэлэн бараа болсныг нотолж байгаа.

...Бүртгэлийн байгууллага манай бүртгэлтэй холбоотой харилцаанд 5 хоногт бүртгэх үүрэгтэй, хожимдуулж бүртгэвэл учирсан хохирлыг нөхөн төлөхөөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15.7-д зааж өмчлөгчийн эрхийг хамгаалсан байна. ...Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1, Иргэний хуулийн 93.1, Үндсэн хуулийн 3 дугаар зүйл, 17.2, 16.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.2 дахь заалтуудыг зөрчсний улмаас 2 жил 6 сарын дараа бүртгэсэн нь надад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, ам долларын ханшийн зөрүү, үнийн зөрүү нийлээд 211 511 601,3 төгрөгийн хохирол учруулсан үр дагаварт хүргэсэн.

...Энэ хугацаанд би худалдан авагчдаас авлагаа шаардах эрхгүй, тэдний өмнө газар эзэмшүүлэх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг дутуу байсан. Анхан шатны шүүх миний газрыг эзэмших эрхийг олж авч байгаа орон сууц худалдан авагч нарыг “бусад этгээд” гэсэн нь гадна хэн нэгэн гэж ойлгогдохоор байна. Би газрын эрхээ хэн нэгэнд биш зайлшгүй өгөх ёстой худалдан авагч нарт тэдний эрхийг хангах гэж холбогдох хууль тогтоомжийн дагуу өгч төлбөрөө авах гэсэн. Орон сууц худалдан авагч нар газрын эрхгүй бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй, гэрчилгээгүй бол байрны төлбөрөө төлж чадахгүй, улмаар намайг зээлээ төлж чадахгүй гэдгийг бүх бүртгэлийг хянаж байгаагийн хувьд мэдэхгүй байх үндэсгүй. Шүүхээр эрхээ хамгаалуулах гэсний учир энэ юм.

...Хэрэв хуулийн дагуу газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн хэлтэс 5 хоногийн хуулийн хугацаанд бүртгэсэн бол:

           1. Газар эзэмшүүлэх гэрээг бүртгүүлсэн л бол орон сууц худалдан авагчийн өмнө хүлээх биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууц өгөх миний үүрэг дуусгавар болж тэднээс урьдчилгаанаас бусад төлбөрөө шаардах эрх үүсэх байсан, надаас нэмж зардал гарахгүй юм. Банкны зээлээр орон сууц авах худалдан авагч нар газрын гэрээний бүртгэлийн дараа байрны төлбөрийн хугацаагаа хэтрүүлбэл худалдан авагчид хариуцах байсан.

           2. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөд саадгүй байсан, гаргаж өгөх ч хуультай.

           3. Би худалдан авагчдаас авах авлагаар зээлийн өрийг сольж болох байсан.

           4. Хэрэв өр төлбөр дутуу үлдвэл 4 ширхэг орон сууцнаас өрийн авлагаар солихоор зээлдүүлэгч нарт өгч болох байсан.

           5. Барьцаа хөрөнгөөр өрийг барагдуулах боломж байсан.

           6. Миний төлөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт энэ үед тухайн өдрийн ханшаар 17 878 546 төгрөг, үндсэн зээл 89 392 608,95 байсан. Энэ нь хоёр байрны үнэ байсан.

Ийм учраас надад учруулсан 211 511 601,3 төгрөгийн хохирлыг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...төрийн байгууллагын хууль бус шаардлагаас болж гэрчилгээ гарахгүй, зээл төлөгдөх боломж алдагдсан шалтгаант холбоо байна. Одоо Улсын бүртгэлийн хэлтсээс газрыг эзэмших, ашиглах гэрээний дагуу бүртгээд, барьцаалагчийн зөвшөөрлийн дагуу гэрчилгээ олгогдоод, гэрчилгээ гарахаар зээл төлөгдөөд ирсэн. Энэ бол бодит үйл баримт нотолгоо юм. Улсын бүртгэлийн хэлтэс буюу хариуцагч тал тайлбарлахдаа, барилга барьцаанд байгаа учир гэрчилгээ гарах боломжгүй гэдэг. Барьцаанд байгаа хөрөнгийг барьцаанд тавьж болдог /Иргэний хуулийн 171/. Ялангуяа “К М” ББСБ зээлийн үүргээ биелүүлэх шаардлагыг 2017 онд шүүхэд гаргаж, шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгэгдэх хүртэл /өрийн асуудал шийдэгдэх хүртэл/ гэдэг ойлголт байхгүй байсан. Шүүхийн шийдвэр /”К М” ББСБ-д холбогдох/ гарснаас хойш уг өрийг шийдвэрлэгдэж, барьцаалагч зөвшөөрснөөс орон сууц худалдан авагчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр Улсын бүртгэлийн хэлтэс газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг бүртгэхгүй, хуульд байхгүй шаардлага тавьж удаашруулсан нь хохирол амсах үндэс болсон гэж үзэж нэхэмжлэгчийн тавьж байгаа тодорхой шаардлага үндэслэлтэй тул хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М” ХХК, Ц.Т нар нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөний улмаас учруулсан гэм хорын хохиролд 276 817 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК, Ц.Т нар нь 2013 онд Хэрлэн сумын 10 дугаар багт 16 айлын орон сууцны барилга барьж, 2014 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн  байна. /хх-ийн 40-41 дэх талууд/

Нэхэмжлэгч Ц.Т нь 2013 оны 06 сарын 27-ны өдөр Хэрлэн сумын 10 дугаар баг, 74 дүгээр байр 16 айлын орон сууцны зориулалттай 860 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн /орон сууцны/ хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-0614006820 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авчээ. /хх-ийн 129 дэх тал/

Нэхэмжлэгч нь дээрх 16 айлын орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 4 байрыг бусдын өмчлөлд шилжүүлж бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасныг хариуцагч бүртгэхээс татгалзсан болох нь зохигчдын тайлбар,  Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 12 сарын 16-ны өдрийн 1554 дугаар албан бичгээр нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх эсэх нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс болон түүний улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн барьсан 16 айлын орон сууцны тодорхой хэсэг буюу 4 орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: Захиргааны ажилтны буюу улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоосон шүүхийн  шийдвэр гараагүй, Захиргааны хэргийн шүүх дээр зохигчид эвлэрч шийдвэрлэгдсэнийг улсын бүртгэгчийн татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэдгийг тогтоосон шийдвэр гэж дүгнэх боломжгүй юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйлийн 12.2, 441 дүгээр зүйлийн зохицуулалтуудын агуулгаас үзвэл хуулиар “Нийтийн орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарах, уг газар нь төрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэн Сууц өмчлөгчдийн холбоо, газрын албаны хооронд байгуулсан гэрээний дагуу СӨХолбооны ашиглалтад байх”-аар тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, валютын ханшийн зөрүү, барьцаа хөрөнгийн үнэ хямдрал гэх нэхэмжлэлийн шаардлагууд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө” гэсэн ойлголтуудын алинд ч хамаарахгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 215 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 215 508 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ