Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/283

 

Ш.Ч-ад холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Тайкун” ХХК-ийн төлөөлөгч Б.Зэсэмийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн,

шүүгдэгч Ш.Ч-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/676 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Га-ын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Ч-ад холбогдох эрүүгийн 1903014190058 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш.Ч-, 1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх,

            Ш.Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд “Toyota Harrier” загварын, *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.А-ын жолоодон явсан “Toyota Chaser” загварын, ***улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар жолооч Ч.А-, зорчигч Б.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Г.Г- нас барсан,

            мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Ш.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Ч-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 9 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 9 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сар 90 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 119 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч нар цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Ш.Ч-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Га- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний дүү талийгаач Г.Г- нь эрүүл саруул, ид хийж бүтээх насан дээрээ Ш.Ч-ын буруутай үйлдлээс болж амь нас хохирсонд гэр бүлийн маань зүгээс маш их гомдолтой байна. Талийгаач дүүгийн маань хүү Г.Ган- 2 нас 3 сартай, ЭХЭМҮТ-ийн хяналтанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй, Э.Б-гийн байнгын асаргаанд байгаа. Г.Ган- нь төрөлхийн ууц, ахар сүүлнээс ургалттай, хавдартай төрсөн бөгөөд шат дараалласан хүнд хагалгаануудад орж байсан. Талийгаач дүү маань өнгөрснөөс хойш 2 том хагалгаанд орсон. Одоогоор 2 настай мөртлөө 7 кг жинтэй, биеэ дааж алхаж явж чаддаггүй. Талийгаач дүү маань өнгөрснөөс хойш Ш.Ч- болон түүний ар гэрийн зүгээс уулзаж, холбоо бариагүй, зугтдаг байсан. Ш.Ч- болон түүний эхнэр лүү хэд хэдэн удаа залгаж, хүүгийн биеийн байдлыг хэлсний үндсэн дээр сэхээнд байхад нь 2 удаа мөнгө шилжүүлсэн. Одоо талийгаач дүүгийн маань эхнэр маш хүнд байдалтай байгаа бөгөөд түрээсийн байр, эмнэлэг бараадаж ганц тэжээгчээ алдсаны болон цалинтай ээжийн тэтгэмжийн мөнгөөр амьдарч байна. Энэ асуудлаар Ш.Ч-тай уулзахад 1 уут живх, 2 эм, 3.000.000 төгрөг өгсөн байсан. Ингэхдээ тэрээр хүү Г.Ган-ийг насанд хүртэл нь харж үзнэ гэсэн амлалтыг өгсөн. Г.Ган- нь гадаад улс руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Энэ талаар Ш.Ч-ад хэлэхэд дахин мөнгө өгч чадахгүй гэсэн хариуг хэлсэн. Бидний зүгээс маш их гомдолтой байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ш.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би ялаа эдэлж дуусаад хүүхдэд нь чадлынхаа хэрээр тусалж явна гэдгээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д хэлсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би талийгаачтай гэр бүл болоод 3 жил болсон. Дундаасаа Г.Ган- гэх хүүтэй бөгөөд одоо хүү маань 2 ой 7 сартай. Төрөхдөө ууц нуруунаас ургалттай том хэмжээний хавдартай төрсөн ба ураг байхдаа оношлогдсон. Төрснөөсөө хойш 7 удаагийн хагалгаанд давтамжтай орсон. Нөхөр маань ажил эрхэлж, би хүүхдээ асардаг, хүүхдийнхээ төлөө явдаг залуу гэр бүл байсан. Гэвч 2019 онд Ш.Ч-ын буруутай үйлдлээс болж нөхөр маань нас барсан. Хүү бид хоёрын хувьд амьдралын ганц түшиг тулгуур байсан нөхөр маань өнгөрснөөс хойш миний хүү хоёр удаа гэдэсний маш хүнд хагалгаанд орсон. Тухайн үед би осол хийсэн жолооч Ш.Ч- болон гэр бүлийнх нь хүмүүстэй холбогдож чадаагүй ба хадам эгчээрээ дамжуулж холбогдоод хэд хэдэн удаа тусламж хүсэж, яаралтай ирж уулзах хэрэгтэй байна гэж хэлүүлсэн. Гэтэл надтай ирж уулзаагүй, албан ёсоор уучлалт ч гуйгаагүй. Нөхрөө нас барсны дараа би хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлтээ мөрдөгч н.Бат-Өлзий гэх хүнд гарсан боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй, мөрдөн байцаалтын шатанд хүү бид хоёрыг хохирогчоор тогтоогоогүй. Мөн хадам эгч Г.Га- манай гэр бүлийг салаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн гэж худал мэдүүлэг өгч өөрсдийгөө хохирогчоор тогтоолгосон байсан. Би энэ талаар хавтаст хэрэгтэй танилцах үедээ л мэдсэн. Анхан шатны шүүх хуралдаан товлогдох бүрт би үг хэлэх боломж олдох болов уу гэж хүүхдээ тэврэн очдог байсан. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд хүү бид хоёрыг хохирогчоор тогтоох боломжтой байхад тогтоогоогүй. Энэ талаар би өмгөөлөгчөөрөө дамжуулж, өөрөө судалж мэдсэн. Мөн шийтгэх тогтоолд хүүгийн минь эмчилгээнд зарцуулсан нэхэмжлэл баримт тусгагдсан хэрнээ бидэнд ямар нэгэн байдлаар мөнгө, хохирол төлбөр гэж олгогдоогүй бөгөөд шийтгэх тогтоолд бид хоёрын нэр огт тусгагдаагүй. Хохирлын баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн ч иргэний журмаар явах гэхээр хүү бид хоёрын нэр шийтгэх тогтоолд тусгагдаагүй учир яаж нэхэмжилж мөнгө төгрөг гаргуулж авах учраа сайн мэдэхгүй байна. Би хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай хүүхдээ хардаг тул хүүхдээ 18 нас хүртэл Ш.Ч-ын талаас тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Мөн хүүхэд бид хоёрын нөхцөл байдал маш хүнд байна. Хүү маань гадаад улс руу эмчилгээнд явах нэн шаардлагатай байгаа бөгөөд хавдар дахин ургах эрсдэл өндөр учир Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд байнгын хяналтад байгаа. Энд бид хоёрт амьдрах орон байр байхгүй, түрээсийн байранд амьдардаг бөгөөд цар тахлын үед түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, хүүхэдтэйгээ хамт айл хэсээд явж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг бүхэлд нь авч үзэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн хүүхдийн талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Э.Б-гийн хувьд “хохирлын баримтын талаар шийтгэх тогтоолд хүү бид хоёрын нэр огт дурдагдаагүй байна” гэсэн учир өмгөөлөгчийн зүгээс “хохирогчоор тогтоогоогүй учраас та хоёрын нэрийг шийтгэх тогтоолд дурдах боломж байхгүй. Тиймээс давж заалдах гомдол гаргаж шүүх хуралдаанд энэ талаараа тайлбар гаргах боломжтой” гэж тайлбарласан. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон. Э.Б-д хэргийн талаар маргах зүйл байхгүй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндэслэлтэй ял шийтгэл оногдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан 3 жил 9 сар 90 хоногийн хорих ялыг багасгахад татгалзах зүйлгүй гэдэг. Гагцхүү Ш.Ч- ялаа эдэлж дуусаад хүүхдээ өсгөхөд тусална гэсэн гэж хэлсэн байдаг. Тийм учраас шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгөхийг хүсье. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Тайкун” ХХК-ийн төлөөлөгч Б.Зэсэмийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Гагцхүү хохиролтой холбоотой гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудаас үзэхэд шүүх шийтгэх тогтоолдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Га-д шүүгдэгч талаас 15.100.000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдаж, цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Ш.Ч- нь 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд согтуугаар *** улсын дугаартай, “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж Замын хөдөлгөөний 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.А-ын жолоодон явсан “Toyota Chaser” загварын, ***улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас жолооч Ч.А-, зорчигч Б.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, зорчигч Г.Г- нас барсан,

улмаар мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Амь хохирогч Г.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Га-аас “...талийгаач дүү Г.Г- нь зам тээврийн осолд орсон талаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед эх З.Төмөрөөс сонсож мэдсэн. ...” /1хх 26-27/ гэж,

- хохирогч Ч.А-аас “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 40 минутын үед хамт ажилладаг Б.Б- , Г.Г- нарын хамт Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Ээж хад гэх газарт оччихоод буцаж хот орохоор өөрийн эзэмшлийн “Тоyota Chaser” загварын, ***улсын дугаартай автомашиныг жолоодон хажуу талын урд суудалд Г.Г-, арын суудалд Б.Б- нар суугаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй ... явж байсан. Тэгээд зорчих хэсэг тэгшрэх үед өөдөөс маш хурц гэрэлтэй автомашин эсрэг урсгалаас сөрж орж ирээд яах ийхийн зуургүй урдаас хүчтэй мөргөсөн. … “Тоyota Harrier” загварын автомашины жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан залуугаас “та хоёр яагаад урсгал сөрж орж ирээд ийм юм болчихов оо” гэж асуухад тэр залуу “уг автомашиныг жолоодон явсан жолооч согтуу байсан, би битгий согтуу автомашин жолоод гэж хэлэхэд миний үгэнд ороогүй” гэж хэлсэн. ... тухайн зам тээврийн ослын улмаас миний баруун талын 5, 6, 7, 8 дугаар хавирга хугарч, зүүн өвдөгт шарх, цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт, бугуйнд зулгаралт гэмтэл, бэртэл учирсан байсан. ...  /1хх 34-35/ гэж,

- хохирогч Б.Б-аас “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 40 минутын үед хамт ажилладаг Ч.А-, Г.Г- нарын хамт Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Ээж хад гэх газарт оччихоод буцаж хот орохоор Ч.А-ын эзэмшлийн “Toyota Chaser” загварын, ***улсын дугаартай автомашинтай жолоочийн хажуу талын урд суудалд Г.Г-, арын суудалд би суугаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй ... явж байсан. Зорчих хэсэг тэгшрэх үед өөдөөс маш хурц гэрэлтэй автомашин эсрэг урсгалаас сөрж орж ирээд яах ийхийн зуургүй урдаас хүчтэй мөргөсөн. ... тухайн зам тээврийн ослын улмаас миний баруун хөлийн дунд чөмөг гол хэсгээрээ болон үзүүр хэсгээрээ хугарч бяцарсан, нурууны үений 3 сэртэн яс хугарсан, дээд доод, баруун араа цуурч, үүдэн дээд 2 шүд хугарсан, баруун гар шалбарсан, ахар сүүл хугарсан. ... ” /1хх 38-40/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл, өөрсдийн биед учирсан гэмтлийн талаар өгсөн мэдүүлгүүд,

- тухайн цаг хугацаанд уг замаар Ш.Ч-ын хамт зорчиж явсан гэрч Н.З-ийн “...Айцын даваа өгсөж явснаа гэнэт хурдалж эхэлсэн. Би Ш.Ч- ахаа хурдан яваад байна шүү дээ гэж хэлж амжаагүй урд явсан Hyundai Porter загварын автомашинд тулж очоод зүүн гар тал руугаа огцом дараад эсрэг урсгалаар орж,  өөдөөс ирж явсан жижиг цагаан өнгийн автомашинтай мөргөлдсөн. ... Ш.Ч- ахаас архи үнэртэж байсан. Автомашин дотор 0,5 литрийн хар “Экс нэртэй архи задалсан, дээрээс нь бага зэрэг дундарсан харагдсан. ...” /1хх 45-47/,

- өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Ш.Ч-ын “...өөрийн хувийн эзэмшлийн одоо “Тайкун” ХХК-ийн нэр дээр зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа *** улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох “Өлзийт”-ийн пост орохоор ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж яваад “Hyundai Porter” загварын автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалд ороод явж байтал гэнэт өөдөөс автомашин орж ирээд мөргөлдсөн. ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 149-151, 3хх 70/,

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Тайкун” ХХК-ийн төлөөлөгч Б.Зэсэмийн “...Ш.Ч-ын жолоодон явсан *** улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашин нь манай компанийн эзэмшилд бүртгэлтэй ба уг автомашиныг тэрээр 9.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан. ...” /1хх 41-42, 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-11/,

- жолоочийн согтуурал шалгасан /драгер үлээхэд 2,45%/ тэмдэглэл, цуснаас дээж авч согтолтын зэргийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 203 дугаартай “...Ш.Ч- гэсэн хаягтай цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” /1хх 75-76/ гэх дүгнэлт,

- амь хохирогч Г.Г-ийн цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-19/, цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 110 дугаартай “Талийгаач Г.Г-ийн цогцост элэгний баруун, зүүн дэлбэнгийн язарсан урагдал, дэлүү, их сэмжний язарсан урагдал, хэвлийн хөндийг нээж дэлүүг авч их сэмжний урагдлыг оёсон мэс ажилбар /2019.12.18/, хэвлийн хөндийд цус хуралт, 2 уушигны уг хэсгийн язарсан урагдал, цээжний гялтан, голтод цус хуралт, гол судасны язрал, цээжний хөндийд цус хуралт, өвчүү ясны хугарал, баруун хацар, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ... талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан. ...” /1хх 90-97/ гэх,

- хохирогч Ч.А-, Б.Б- нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 495 дугаартай “...Ч.А-ын биед баруун талд 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн өвдөгт шарх, цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1хх 69-70/ гэх,

- 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1305 дугаартай “...Б.Б-ын биед баруун дунд чөмөгний хугарал, бүсэлхийн 5 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, дээд, доод уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1хх 84-86/ гэх, хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 588 дугаартай “Нэмэлтээр гаргаж өгсөн баримтуудаар Б.Б-ын биед баруун дунд чөмөгний хугарал, бүсэлхийн 5 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, дээд, доод уруулын няцарсан шарх, 47 дугаар шүд, 21 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба тухайн осол хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /2хх 93-96/ гэх дүгнэлтүүд зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийн нотолгооны ач холбогдол, хамаарал, нотломжийн агуулга зэргийг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ш.Ч- нь  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин, эсрэг урсгалд зорчин явсан тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Ч.А-, Б.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Г.Г- олон тооны хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ч-ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч, 1 хүний амь нас хохирсон, мөн дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогч нарын гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын төрөл, хэмжээ, ял эдлэх хорих байгууллагын дэглэм, нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ш.Ч-ыг ийнхүү гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар “хүний амь нас хохироосон”, “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж, мөн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоохдоо “3 жил 9 сар 90 хоног” гэх зэргээр буруу бичигдсэнийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн зөвтгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “ялыг хүндрүүлэхгүй байх” зарчмыг зөрчөөгүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа … үеэс хугацааг тоолно.” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ч-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хэзээнээс эхлэн тоолох талаар шийтгэх тогтоолд тусгалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Ч.А-, Б.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Га- нарын гаргасан нэхэмжлэлийг баримтаар нотлогдсон хэмжээнд хангаж, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, амь хохирогч Г.Г-ийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Г.Га-ыг тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад түүний зүгээс “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Э.Б-г тогтоолгох тухай...” хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Э.Б-г тогтоосон. Ингэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрх үүссэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй этгээдэд түүний нэрийг болон хохирогч Ч.А-, Б.Б- нарын нэрсийг тодотгож тусгах нь зүйтэй.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Ш.Ч-ын хувийн байдлыг тодорхойлоход ач холбогдолтой мэдээлэл буюу “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-т түүнийг 1998, 2000, 2002 онуудад нийт 3 удаа ял шийтгүүлж байсан талаар тэмдэглэсэн байхад 2002 онд ял шийтгүүлсэн тухай тогтоолын хуулбар хавтаст хэрэгт авагдаагүй, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд урьд ял шийтгүүлж байсан талаарх дээрх мэдээллийг огт тусгаагүй нь дутагдалтай болжээ. 

Учир нь, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн тогтоол нь түүний хувийн байдлыг тодорхойлох нотолгооны эх сурвалж бөгөөд 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-иар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг хассан зэргээс үл хамааран шүүгдэгчийн биеийн байцаалтад зайлшгүй тусгагдсан байвал зохих мэдээлэл юм.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн Зургаадугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам”-ыг хуульчилсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байх шаардлагатай.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад, шүүгдэгч Ш.Ч-ын урьд ял шийтгүүлж байсан эсэх асуудлыг тодруулаагүй, энэ талаарх баримт хэрэгт бүрэн авагдаагүй байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт түүнийг энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн мэтээр өрөөсгөл дүгнэлт хийснийг буруутган дурдаж байна.

Нөгөөтэйгүүр, шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг орхигдуулж, тодорхойлох хэсэгт гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлуудыг өрөөсгөл дүгнэж, нэмэгдэл ялыг хэзээнээс эхлэн тоолох асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинж, эдэлбэл зохих хорих ялын хэмжээг хуульд зааснаас өөр байдлаар тусгасан зэргээр олон алдаа гаргасныг цаашид анхааруулж тэмдэглэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Га-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/676 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “...хүний амь нас хохироосон...” гэснийг “...хүний амь нас хохирсон...” гэж, “...хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэснийг “...автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэж,

- 4, 5 дахь заалтын “...3 /гурав/ жил 9 /ес/ сар 90 /ер хоногийн/...” гэснийг “...4 /жил/ гэж,

- 9 дэх заалтын “...хохирогч нар...” гэснийг “...хохирогч Ч.А-, Б.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- нар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

   3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН