| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00684/И |
| Дугаар | 103/ШШ2020/00680 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2020/00680
2020 12 22 103/ШШ2020/00680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур Холбооны газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Суман тэрх ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 81.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Сарангэрэл, хариуцагч Суман тэрх ХХК-ийн захирал Д.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Суман тэрх ХХК-ийн захирал Д.Одгэрэл нь 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарыг дуустал дараа төлбөрт үйлчилгээний утасны төлбөр 79.113 төгрөгийн өр төлбөрөө барагдуулахгүй, 165273 дугаартай гэрээний үүргээ зөрчиж байна. 2016 оноос хойш манай байгууллагад нягтлан, нярав солигдсонтой холбоотой авлагатай аж ахуй нэгжүүд их болсон. Би 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажилд орж, дээд байгууллагаас авлагатай аж ахуй нэгж байгууллагуудын төлбөрийг барагдуул гэж үүрэг даалгавар өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандахаасаа өмнө Сумант тэрх ХХК-ийн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур Холбооны газартай байгуулсан гэрээн дээр бичигдсэн утасны дугаар руу удаа дараа залгасан. Иймд төлбөр 79.113 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 81.613 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Суман тэрх ХХК-ийн захирал Д.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага холбооны газарт түрээслэгч байхдаа 70210220 гэсэн дугаарыг ашигладаг байсан бөгөөд манайх холбооны газраас 2014 оны 11 дүгээр сард гарсан. Энэ гэрээн дээр бичигдсэн 2 дугаар нь 2013 онд хаагдсан, түүнээс хойш энэ дугаарыг би дахиж ашиглаагүй, тэр дугаарууд одоо хаана байгааг мэдэхгүй, нэхэмжлэгч нар яаж холбогдсоныг мэдэхгүй байна. Манай компанийн түрээсийн хугацаа дуусаад гарснаас хойш дараа дараагийн түрээслэгч нар орсон, тэдний утас ашигласны төлбөрийг нэхэмжлээд байна гэж бодож байна. Манай байгууллага 2013 оноос хойш дампуурлын байдалтай байсан болохоор дандаа шүүхээр үйлчлүүлж байсан. Би 88117778 дугаарыг барьж байсан. Гэтэл энэ дугаар руу маань нэг ч удаа залгаагүй, дампуурлын байдалтай байсан болохоор манайх үйл ажиллагаа явуулаагүй, гэрээг манай эхнэр байгуулсан, эхнэр маань 2015 онд хүүхэд төрүүлээд юун ажил хийх манатай байсан. Би суурь хураамж юм болов уу гэж бодтол 3 сарын хэрэглээний төлбөр гэж хэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур Холбооны газар нь хариуцагч Суман тэрх ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 79.113 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 81.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2011 онд Монголын цахилгаан холбоо ХК-ийн суурин утасны хэрэглэгчийн 165273 дугаартай гэрээ байгуулагдсан, хэрэглэгч нь 2015 оны 6 сараас 8 сар хүртэл хугацаанд хэрэглэсэн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй гэж тайлбар гаргасан бөгөөд шаардах эрх 2015 оны 9 сараас эхэлж үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар хугацааг тоолж үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 9 сард дуусжээ.
Хэргийн үйл баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр ярианы төлбөр болон нотариатын зардал 81.613 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Суман тэрх ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 81.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ