Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2020/00681

 

2020 12 22 103/ШШ2020/00681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* ******* ******* ХК-ийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 25.435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн захирал Ч.******* нь 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сарыг дуустал дараа төлбөрт үйлчилгээний утасны төлбөр 22.935 төгрөгийн өр төлбөрөө барагдуулахгүй, суурин утас таслуулах албан тоотоо манай байгууллагад ирүүлж, программаас таслалт хийлгээгүй тиймээс 3 сарын суурь хураамжийг л нэхэмжилсэн. Иймд төлбөр 22.935 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 25.435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2014 оноос ******* газар өрөө түрээслэж, түрээс болон суурин утасны төлбөрийг цаг тухайд нь төлдөг байсан. Компаний санхүүгийн байдал хүндэрч 2015 оны 01 сараас түрээсээ төлж чадахгүй хэмжээнд хүрч *******ны газар түрээсээ төлөхөөс нааш оруулахгүй гэж өрөөгөө цоожлоод бид орох боломжгүй болсон ба 4 сараас 6 сарыг дуустал суурин утас ашиглаагүй. Иймд 5-6 жилийн өмнөх хэрэглээгүй утасны өр төлбөр хариуцахгүй болно гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Ч.******* миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг намайг эзгүйд миний хариу тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн ******* ******* газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 22.935 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 25.435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2014 онд ******* ******* ******* ХК-ийн суурин утасны хэрэглэгчийн 164958 дугаартай гэрээ байгуулагдсан, хэрэглэгч нь 2015 оны 4 сараас 6 сар хүртэл хугацаанд хэрэглэсэн үйлчилгээний суурь хураамжаа төлөөгүй гэж тайлбар гаргасан бөгөөд шаардах эрх 2015 оны 7 сараас эхэлж үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар хугацааг тоолж үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 7 сард дуусжээ.

Хэргийн үйл баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй *******той шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй *******той баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр ярианы суурь хураамж болон нотариатын зардал 25.435 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

******* ******* ХХК-ийн захирал Ч.******* өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар ******* Цахилгаан Холбоо ХК-ийн ******* дүүргийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 25.435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ