Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2022/00209

 

                                               


 

    2022           5            18                                       103/ШШ2022/00209

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ....... дугаар хороо, ...... дугаар байрны ....... тоотод оршин суух, Б овогт Н.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... дугаар хороо, ........ дугаар гудамжны ...... тоотод оршин суух, Х овогт Н.Бд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Э,

Хариуцагч: Н.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Н.Бд 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээл болон зээлийн хүүг Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тухайн үед өөрийн гараар бодож тооцсон дүн нь 5,000,000 төгрөг дээр 12 сарын хүү 5,120,000 төгрөг нийлээд 10,120,000 төгрөг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Н.Б надаас 5,000,000 төгрөг авсан задаргааг тайлбарлавал анх 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг нэмж аваад нийт 2,000,000 төгрөг болгосон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр 3,000,000 төгрөг авсан. Ингээд нийт 5,000,000 төгрөг надаас авсан. Иймд зээлийн төлбөр 10,120,000 төгрөгийг Н.Баас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Н.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Бид нэхэмжлэгчтэй хурлын өмнө уулзаж ярилцаж тооцоо нийлсэн. Өнөөдөр нэхэмжлэгч маань баримтуудаа цэгцлээд тооцоогоо хэлж байх шиг байна. Харин баримтуудынхаа оныг өөрөө баримжаагаараа хэлж байх шиг байна. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийн хувьд тооцоо нийлж харилцан тохиролцож, талууд хүлээн зөвшөөрсөн. Энэ тал дээр хариуцагч талаас маргах зүйлгүй, үндсэн мөнгөний хүү 5,120,000 төгрөгийн асуудлыг ярьж байна. Үндсэн зээлийн 5,000,000 төгрөг дээр хүү 5,120,000 төгрөгийг нэмээд 10,120,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна. Хариуцагч нь хүү 5,120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны өмнө хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нар суугаад нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгсөн тасархай, уранхай цаас, дэвтэр, зарим нь гарын үсэгтэй цаас, зарим нь гарын үсэггүй баримтуудыг тулгаж үзээд, мөн давхар бодогдсон хүүг хасаад эцсийн дүнг хамтдаа гаргасан. Энэ тооцоо нийлсэн баримтыг 2 хувь үйлдэж нэгийг нь нэхэмжлэгч, нэгийг нь хариуцагч авсан байгаа. Ингээд тооцоод үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид хүүнд 4,582,000 төгрөг өгсөн байсан. Энэ тооцоог гаргахад нэхэмжлэгч өөрөө огноог нь хэлж, хариуцагч өөрийн гарын үсэг мөн эсэхийг таньж тулгасан. Энэ хүү төлөгдсөн эсэх дээр талуудын хэн аль нь маргаагүй, энэ хүү бол төлөгдсөн. Нэхэмжлэгчийн тухайд өөрөө хэлэхдээ өмнөх зээлийг бүр дууссан, хаасан гэж хэлсэн. Харин манай талаас нэхэмжлэгчид хүү төлнө гэж тохиролцоогүй тул үндэслэлгүйгээр төлөгдсөн хүүг сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжлэгчээс нэхэмжилсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудыг талуудын хэн аль нь хангалттай судалсан учраас дахин дахин судлах шаардлагагүй гэж үзэж байна. 2 дугаарт хариуцагч нөхрөөрөө дамжуулан өгсөн гэх 700,000 төгрөгийн асуудал байна. Энэ мөнгийг нэхэмжлэгч өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн энэ мөнгийг өгсөн гэх баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа энэ мөнгийг хасаагүй гэж бодож байна. Өмнө нь авч байсан хувцасны тооцоо бол энд огт ороогүй, эдгээр жижиг тооцоонууд энд хамаагүй гэж үзэж байна. Манай талаас нэхэмжлэгчид өгсөн гэх 1,500,000 төгрөгийг гэрчийн мэдүүлгээр нотолж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл бол хариуцагч нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр маш их хүү төлсөн, 1,500,000 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэгчийн 330100076767 гэх дансаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,100,000 төгрөгийг хийсэн байхад эдгээр мөнгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа оруулж тооцоогүй байгаа юм. Энэ дансаар өгсөн гэх 1,100,000 төгрөгийг хариуцагч талаас үндсэн зээлээ хаахаар өгсөн байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Би сая 1,100,000 төгрөгийн талаар үндсэн зээл болон дансны хуулган дээр давхар тайлбар яваад байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн дэвтэр дээр бичигдсэн 1,100,000 төгрөгийн огноо нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж байна. Дансны хуулганы огноо бол 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэж байгаа. Нэхэмжлэгчийн дэвтэр дээр бичигдсэн 1,100,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс бэлнээр өгсөн гэж нэхэмжлэгч хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан баримтуудад авагдсан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч өөрөө сайн санахгүй, таагаад байна гэж харж байна. Нэгэнтээ талууд тооцоо нийлж 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа гэдгийг харилцан тохирсон тул өмнөх жижиг зээлүүдийг дурдах шаардлагагүй гэж бодож байна гэв.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.Э, Н.Б нарын дунд 2015-2018 оны хооронд үүссэн зээлийн харилцаанд Н.Э нь үндэслэлгүйгээр хүү тооцож Н.Баас 7,022,000 төгрөгийг зээлийн хүүд авсан. Мөн Б болон нөхөр Гаас дамжуулж өгсөн 2,200,000 төгрөгийг Н.Э нь зээлийн тооцоололд оруулаагүй байна. Иймд дээр дурдсан нийт 9,222,000 төгрөгийг Н.Эээс гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг үлдсэн гэж яриад байна. Уг нь бидний хооронд 2015 оноос 2018 онуудын хооронд болсон зээлийн гэрээнүүдийн хүү, зээлийн үндсэн мөнгөний талаар маргаан гараад байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 2015 оноос өмнөх зээлээ дуусгаагүй өнөөдрийг хүртэл үргэлжлүүлээд яваад байгаа гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн хувьд 2015 оноос 2018 оны хооронд болсон зээлийн харилцаанд үндэслэлгүйгээр хүүнд төлсөн 7,022,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энд дансаар шилжүүлсэн хүү 340,000 төгрөг, тооцоо нийлэх үед тооцсон 4,582,000 төгрөгийн хүү, 2,100,000 төгрөгийн хүү зэргийг багтаасан байгаа бөгөөд үүн дээр хариуцагчийн нөхрийн өгсөн гэх 700,000  төгрөг, 1,500,000 төгрөг буюу нийт 2,200,000 төгрөгийг нэмж тооцоод нэхэмжилсэн. Энэ мөнгийг тэгш эрх шударга ёсыг сахиулахын тулд нэхэмжилж байна. Хариуцагчийг өөрөө зөвшөөрөөд өгсөн хүү гэж тайлбарлаад байгаа, өмнө нь өгөөд тооцоо дууссан асуудал юм уу гэхээр үгүй юм шиг, хэрэгт авагдсан баримтуудыг харахад нэхэмжлэгчийн дэвтэр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл 1,000,000 төгрөгийн зээл байна гэж бичсэн байгаа. Одоо нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгийн үндэслэл нь тэр өмнөх зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд өмнөх зээлийн гэрээний асуудал дуусаагүй, үргэлжлээд явж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ тооцоо нийлэх үеийн хүүний мөнгөн дүн 4,582,000 төгрөг бол 2015 оноос өмнөх зээлийн үеийн хүү үргэлжилж нэмэгдэж бодогдож яваад байгаа гэсэн үг юм. Бид хүүн дээр маргаж байгаа. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг байсан гэж хэлээд байна. Тэгээд хариуцагч энэ үлдэгдэл дээр нэмж аваад 2,000,000 төгрөгийн зээлтэй болсон. Хүүний тухайд нэхэмжлэгч хэдийгээр би өөрөө хохирсон гээд байгаа боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн дэвтэр дээр бичигдсэнээс өөрөөр маш их хэмжээний хүүг төлсөн. Би хууль зүйн үүднээс тайлбарлаж хэлэхэд уг зээлийн гэрээг талууд нэгэнт бичгээр үйлдээгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр хүү төлсөн гэх хуульд заасан үндэслэл гарч ирж байгаа юм. Ийм учраас хариуцагч хууль бусаар надаас авсан хүүнүүдийг эргүүлэн гаргуулж, бүх зүйлийг хуульд нийцүүлье гэсэн үүднээс ийм нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2015 оноос өмнө анх мөнгө зээлж авдаг байсан үеийн хариуцагчийн төлсөн хүүг надаас нэхэмжилж байна гэж ойлгож байна. Би нөхрийнх нь өгсөн гэх 1,500,000 төгрөгийг аваагүй. Миний нэхэмжилж байгаа мөнгө бол хариуцагчийн өөрийнх нь гараар бичиж өгсөн мөнгөн дүн, түүнээс биш би энэ мөнгөн дүнг өөрөө тооцоолоод гаргаж байгаа юм биш. Би хүн юм чинь өгсөн мөнгөө хүүтэй нь бодож авах ёстой. Хариуцагч өөрөө энэ хүүг бодоод надад бичиж өгсөн гэв.

           Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 2015-2018 оны хооронд үүссэн зээлийн харилцаанд нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хүүнд авсан 7,022,000 төгрөг, Б болон нөхөр Д.Гын өгсөн 2,200,000 төгрөг нийт 9,222,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан болно.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Н.Б нарын хооронд 2015-2018 оны 11 дүгээр сар хүртэл амаар тохирч, 10 хувийн хүүтэй зээл авч зээлийн харилцаа үүссэн ба зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг үлдсэн болох нь дөрвөлжин дэвтрийн цаасан дээр бичсэн тооцоо нийлсэн баримт, мөн 2015 оноос хойш Н.Бд мөнгө өгсөн гэх зээлийн тэмдэглэл, нэхэмжлэгч Н.Эийн дансанд мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-4, 18-20, 22-86 хуудас)

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,  тоо чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч талууд 2015 оноос хойш мөнгө авсан, өгсөн талаар болон үлдэгдэл 5,000,000 төгрөгт маргаагүй тул үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хариуцагчаас хүүг хуульд зааснаар шаардах эрхгүй юм.

  Харин хариуцагч Н.Б нь 2017.2.10-ны өдөр 1,100,000 төгрөг, 2018.2.20-ны өдөр 170,000 төгрөг, 2018.5.25-ны өдөр 40,000 төгрөг, 2019.7.2-ны өдөр 30,000 төгрөг, 2020.2.21-ний өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн зээл өгсөн, авсан талаарх тэмдэглэлд 2.20-ны өдрийн 170,000 төгрөгөөс бусад дансаар шилжүүлсэн мөнгө тэмдэглэгдээгүй байх тул үндсэн зээл 5,000,000 төгрөгөөс 1,100,000+40,000+30,000+100,000=1,270,000 төгрөг, нөхрийнх өгсөн 700.000 төгрөг нийт 1,970,000 төгрөгийг хасч 3,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,090,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч 2015 оноос 2018 оны 11 сар хүртэл хүүнд 7,022,000 төгрөгийг төлсөн. Уг зээлийг авахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул үндэслэлгүйгээр авсан 7,022,000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт өгсөн 2,200,000 төгрөг нийт 9,222,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Э нь 2015-2018 оны 11 сар хүртэл хариуцагчид амаар тохирч, 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байсан, авсан мөнгөө төлж дуусгасан гэх бөгөөд Н.Б нь уг зээлийг тохирсон хүүгийн хамт төлөхөөр хүлээн зөвшөөрч төлсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ёстой ба энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг. Энэ зохицуулалтын хүү шаардах эрх нь зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан болохоос бус хүүг хүлээн зөвшөөрч төлсөн зээлдэгчийн эрхэд хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Б бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүнд нэхэмжлэгчид  7,022,000 төгрөг төлсөн байх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг зөрчихгүй болно.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “.., хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж зааснаар хариуцагчийн нөхөр Гын нэхэмжлэгчид өгсөн 700,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндсэн нэхэмжлэлээс хасч харилцан тооцов.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг өгсөн гэдгийг нотлохоор хариуцагч Н.Бы нөхөр Д.Гыг гэрчээр асуулгасан. Гэрч “2020 оны 4 дүгээр сард 1,500,000 төгрөгийг Н.Эт өгсөн, худалдан авагч их байна гарахаар нь бичилт хийнэ гэж хэлсэн” талаар мэдүүлсэн боловч Д.Гын мэдүүлгийг хөндлөнгийн гэж үзэх боломжгүй. Учир нь дээрх гэрч нь хариуцагчийн гэр бүлийн хамааралтай хүн байна. Мөн  гэрчийн мэдүүлэг давхар баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг өгсөн гэж үзэх боломжгүй юм.

     Иймд Н.Баас зээлийн төлбөр 3.030.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх зээл, хүү 7,090,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 9,222,000-700,000=8,522,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 176,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 3,030,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 162.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х овогт Н.Баас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,030,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Н.Эт олгож, үлдэх зээл, хүү 7,090,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,522,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  176,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас 3,030,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 162,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн хар, шар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан өгөхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ