Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: М.Батзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал,

Шүүгдэгч өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хиад-Боржигон овогт Ганболдын Хишигбатад холбогдох эрүүгийн 201703000157 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 34 дүгээр байрны 203 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хиад-Боржигон овгийн Ганболдын Хишигбат. /РД: АЮ87111795/

 

Яллагдагч Г.Хишигбат нь 2013 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-уулын 30-08 тоотод өөрийн эхнэр Э.Анхбаярыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний хэвлий хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тус аймаг дахь Барилга хот байгуулалт, газрын харилцааны газрын баруун талд байрлах гүүрэн дээр өөрийн эхнэр Э.Анхбаярыг ажлаасаа орой тарлаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиж, үснээс нь зулгаан газар унагааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсний улмаас Э.Анхбаярын баруун талын нүд, хацрыг тухайн үед гэмтээсэн, 

2016 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр 34-р байрны 203 тоотод өөрийн гэртээ эхнэр Э.Анхбаярыг архи уулаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиж, зүүн талын гуяа хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, хэвлийн тус газарт 2-3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 

2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр 34-р байрны 203 тоотод өөрийн гэртээ эхнэр Э.Анхбаярыг гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу гэртээ хоол хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж, улмаар уруулын дээд доод хэсгийг тухайн үед гэмтээсэн, 

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн манаачийн өрөөнд өөрийн эхнэр Э.Анхбаяртай эр эмийн хардалтын  улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, газар унагааж түүний зүүн талын хавирга болон тогойн хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 201703000157 дугаартай хэргээс: 

Хохирогч Э.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би Г.Хишигбаттай 2008 онд оюутан байхдаа танилцаж хадам аавындаа хамт амьдардаг байсан юм. Энэ хооронд Г.Хишигбат бид хоёрын хооронд маргалдах асуудлууд их гардаг байсан. 2013 оны 09 дүгээр сарын яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 20-08 тоотод хадам аав Ганболдын гэрт байхад Хишигбатын утас руу эмэгтэй хүн мессеж бичсэнээс болж Хишигбаттай маргалдаж түүний улмаас Хишигбат миний 6 сартай ураг руу нэг удаа өшиглөж нэг удаа зүүн хацар луу алгадаж байсан юм. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ний орой 21.00 цагийн үед Хишигбат миний ажиллаж байсан 13 дугаар хүүхдийн цэцэрлэг дээр очиж ажил тарахад намайг  аваад гэрлүүгээ хүүхэдтэйгээ гурвуулаа явж байх замдаа ажлаасаа орой тарлаа намайг гадаа их хүлээлгэлээ гэж надтай маргалдаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Барилга хот байгуулалтын газрын харилцааны баруун талын гүүрэн дээр гараараа баруун талын хацарлуу 5-6 удаа цохиод үснээс зулгааж газар унагаагаад нүүрлүү дөрөв, таван удаа өшиглөчихсөн юм. Тэр үед миний баруун нүд хавдаж хөхөрчихсөн юм. Маргааш нь би арга зүйч Батцэцэгт хэлж хавдаж хөхөрсөн нүдээ үзүүлж байсан. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр сонгуулийн ажилд явж байгаад гэртээ иртэл Хишигбат гэртээ оройтож ирлээ гэж хардаад баруун зүүн хацарлуу алгадаж гараа атгаж байгаад 2 нүдрүү цохьсон. Энэ тухай өргөдөл дээр бичээгүй юм. Энэ тухай ээж Амаржаргалд Увс аймагт очихдоо хэлсэн юм. 2016 оны 08 дугаар сарын 10-ны үед орой 23.00 цагийн үед би ажлынхаа газрын хүнийд оччихоод гэртээ иртэл Хишигбат уулнаас самарнаас ирчихсэн намайг архи уугаагүй байхад уулаа, намайг байхгүй хойгуур айл хэсэж гэртээ орой ирлээ гэж хэрүүл өдөж гараа атгаж байгаад баруун, зүүн хацарлуу 5-6 цохиж, баруун гуя руу өшиглөж элэг рүү 2-3 удаа элэгдэж муужруулж унагааж байсан. 2016 оны 12 дугаар сарын 20-ний үеэр орой 23.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 34-р байрны 203 тоот гэртээ Хишигбат намайг эрт ирж хоол ундаа хийж өгсөнгүй гэж хэрүүл хийж хацар хавдуулж, уруул дээд доод хэсэг дотор талдаа язартал 4-5 удаа цохиж зодож байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хишигбатаас салж тусдаа амьдарна гэж хэлээд гэрээсээ гараад 5 хоног хариагүй юм. Тэгтэл Хишигбат 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг миний ажилладаг 13 дугаар цэцэрлэг дээр ирж намайг дуудаж гэрийнхээ түлхүүрийг авъя гэж хэлэхээр нь би Хишигбатад гэрийнхээ түлхүүрийг өгөх гээд цэцэрлэгийн манаач нарын өрөөнд орж куртикнээсээ гэрийн түлхүүр гаргаж өгтөл Хишигбат чи надаас салах гэлээ, гэрийн түлхүүр авч ирж өгсөнгүй гэж хэлээд гараа атгаж байгаад нүүрлүү 6-7 удаа цохиж үснээс зулгааж, газар унагааж зүү талын хавирга руу 2-3 удаа өшиглөж, толгойн зүүн талын дагзруу 1 удаа өшиглөхөд нь гаднаас манай цэцэрлэгийн багш нар орж ирж салгасан юм. Тэгээд би Хишигбатын надад 2013 оноос хойш гаргасан үйлдэл болгонд гомдож явдаг учраас цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 27-30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний охин Э.Анхбаяр Хишигбаттай 2013 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Миний мэдэхээр 2013 оны 09 дүгээр сарын дундуур нэг орой Хишигбатын ээж надруу утсаар яриад Хишигбат Анхбаяр хоёр хэрэлдэж маргалдаад Э.Анхбаяр гэрээсээ гарч яваад утсаа авахгүй байна чи асууж хаана байгааг нь мэдээд өгөөч гэхээр нь би охин Э.Анхбаярлуу утсаар яриад юу болсон талаар асуухад охин Э.Анхбаяр ээжээ Хишигбат 6 сартай ураглуу өшиглөөд алгадаад намайг зодоод байна. Би гудамжинд сууж байна, айгаад гэртээ очиж чадахгүй байна гэж хэлэхээр нь би хадам ээж рүү нь залгаж энэ талаар хэлээд Э.Анхбаярын сууж байсан газраас нь очиж авахуулж байсан. Тэрнээс хойш 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Э.Анхбаяр нөхөр Хишигбатын хамт дүүгийнхээ хуриманд Увс аймагт очихдоо хоёр нүд нь хөхрөөд эдгэж байгаа бололтой шарлаж ногоорсон байхаар нь би Э.Анхбаяраас яасан гэж асуутал Э.Анхбаяр Хишигбат зодчихсон юм гэж надад хэлж байсан. Тухайн үед хурим найрны ажил ихтэй байсан болохоор би тэгээд орхисон. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э.Анхбаяр Улаанбаатар хотод гэртээ дахиад нөхөр Хишигбатад зодуулчихсан гээд бие нь муу ирэхээр нь би эмнэлэгт үзүүлтэл хавирга нь цуурсан, зөөлөн эдийн гэмтэл ихтэй толгой нь хаван их гэсэн онош гарахаар нь Сижи-Эс хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлж эмчлүүлсэн. Э.Анхбаярыг зодсон тухайгаа хүргэн Хишигбат 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 12.00 цагийн үед надруу утсаар яриад хэлсэн юм. Миний хувьд Хишигбат, Анхбаяр хоёрын амьдралд их оролцоод байдаггүй учир надад охин Анхбаяр зарим Хишигбатад зодуулсан үйлдлүүдээ хэлээгүй юм гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Э.Анхбаяр бид хоёр урд өмнө бие биенээ таньдаггүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 13 дугаар хүүхдийн цэцэрлэгт хамт ажиллаж эхэлсэн юм. Тэрнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. Э.Анхбаяр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний үед байх ажил дээрээ ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн нөхөр Г.Хишигбатад зодуулсан гэж яриад ирсэн. Дараа нь цэцэрлэг амарч байсан үе 2016 оны 08 дугаар сарын 15-ны үед байх Э.Анхбаяр надад ярихдаа хэд хоногийн өмнө нөхөр Г.Хишигбат самарт явчихсан байж байгаад ирээд намайг айл хэслээ гэж зодсон гээд баруун зүүн хацар нь хөхөрчихсөн хавдсан байдалтай ирж байсан. 2016 оны 06 дугаар сарын 20-ний үед манай ажилчид бүгдээрэй Цэцэгмаа гэдэг багшийгаа төрөхөд нь эргэчихээд орой тарцгаасан, маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө ажил дээрээ надад Э.Анхбаяр нөхөр Г.Хишигбат бас дахиад зодсон гээд нүүр нь хөхөрчихсөн толгой өвдөөд байна тархи хөдөлчихсөн байж магадгүй гэж ярьж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөө 11.00 цагийн үед намайг ангидаа байж байтал гадаа коридорт манаачийн өрөөнд эмэгтэй хүн орилоод байхаар нь гараад хартал Э.Анхбаярын нөхөр ирчихсэн Э.Анхбаярыг манаачийн өрөөнд оруулчихсан зодож байсан. Тэгээд багш ажилчид салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч Ё.Мандухайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Э.Анхбаярын нөхөр Г.Хишигбат Э.Анхбаярыг жаахан оройтож гэртээ очихлоор оройтож ирлээ гэж маргалдаад зоддог юм шиг санагдсан. Тэрнээс Э.Анхбаяр хувьд гадуур дотуур яваад байнга архи дарс уугаад байдаг зүйл байхгүй. Манай ажилчид хаяа баяр ёслол тэмдэглэдэг. Тийм арга хэмжээн дээр бүгд ууж идээд явдаг. Э.Анхбаяр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөртөө зодуулсан гэж ирэхдээ баруун талын нүд хацар хөхөрч хавдсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 20-ний орой Цэцэгмаа багш бид хоёр Э.Анхбаярыг нөхөр зодоод байна ирээд аваадах гэж хэлэхэд нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 34-р байрны 203 тоотод гэрт нь ортол Э.Анхбаяр гэрийнхээ үүдэнд нүүр нь жийдээ хөхрөөд хавдсан, уруул нь хавдчихсан толгой руу өшиглөсөн тархи хөдөлчихсөн байж магадгүй өвдөөд байна гээд уйлчихсан зогсож байсан. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ажил дээрээ зодуулж байхад нь би өрөөнд нь ортол Э.Анхбаярын үс нь арзайчихсан уруул, цээж, хавирга өвдөөд болохгүй байна гээд уйлчихсан их айсан шинжтэй зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч Т.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу өөрийн хүү Г.Хишигбатын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 37 дугаар хуудас/    

 

Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би Э.Анхбаяртай 2015 оны 09 дүгээр сараас эхлэн хамт ажиллаж байгаа. Миний мэдэж байгаагаар 2015 оны 11 дүгээр сарын 10-н дөнгөж гарчихсан байсан үе Э.Анхбаяр нэг өглөө ажил дээрээ ирэхдээ нүдний шил зүүчихсэн аль талынх нь нүд билээ би санахгүй байна, хөхрөөд цус хурчихсан баруун хацар нь хавдчихсан хүн харахад жаахан эвгүй болчихсон байсан. Тэр өдөр манай ажилчид Э.Анхбаярыг нөхөр нь зодчихсон гэж хоорондоо ярилцаж байсан. Би Э.Анхбаяраас ямар асуудал болсон талаар асуугаагүй. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарл жирэмснийхээ амралтыг авч төрчихөөд гэртээ байж байтал 2016 оны 12 дугаар сарын 20-д гаргаад манай ажилчид намайг эргэж ирэхэд Э.Анхбаяр хамт ирсэн. Э.Анхбаяр манай гэрээс 23.00 цагт яараад гэрлүүгээ явсан. Манай гэрт Мандухай багш үлдээд бид хоёр юм яриад сууж байтал удаагүй Э.Анхбаяр утсаар яриад Г.Хишигбат намайг зодчихлоо манай гэрт хүрч ирээд намайг аваадахаач гээд уйлаад байхаар нь Мандухай бид хоёр Э.Анхбаярын гэрт нь очтол Э.Анхбаяр уйлчихсан уруул нь хавдчихсан нүүр нь хавдаад хөхөрчихсөн толгойных нь зүүн хажуу талд нь овойгоод хавчихсан байсныг тухайн үед Мандухай бид хоёр Э.Анхбаярын үсийг ярж үзэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ 

 

Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний мэдэж байгаагаар 2015 оны 11 дүгээр сарын 10-н дөнгөж гарсан байсан. Би яг өдрийг нь санахгүй байна. Анхбаяр ажил дээрээ ирэхдээ хацар, нүүр нь хөхөрчихсөн байдалтай ирэхээр нь би Анхбаяраас яагаад нүүр, хацар чинь хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад манай нөхөр Хишигбат зодсон гэж ярьж байсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 20-ний үед байх манай цэцэрлэгийн шинэ жилийн баяр болох гэж байтал Анхбаяр ажил дээрээ дахиад нүд нүүр, уруул нь хавдчихсан ирэхээр нь юу болов гэж асуухад нөхөр Хишигбат өчигдөр зодсон гэж ярьж байсан. Манай ажилчид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Буян” ресторанд орж хоол идсэн. Тэрний маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11.00 цагийн үед намайг ажил дээрээ өрөөндөө сууж байхад хүүхэд уйлж байгаа юм шиг чимээ сонсогдохоор  нь өрөөнөөсөө гартал миний урдаас туслах багш Цэндсүрэн сандарчихсан гүйж ирээд хурдлаарай Анхбаярыг нөхөр нь ирчихсэн зодоод байна гэхээр нь би Анхбаярын уйлж байгаа манаач нарын өрөө рүү ортол Анхбаярын үс нь сэгсийчихсэн уйлаад, зодуулчихсан байдалтай зогсож байсан ба нөхөр Хишигбат нь Анхбаярыг Цэндсүрэн багш бид хоёрын нүдэн дээр юм угаадаг ванны хажуу талд газар унагаагаад гараараа толгой руу нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөөд байсан. Тэгтэл гаднаас багш Мөнхбат гүйж орж ирээд Хишигбатыг салгаж гадагшаа авч гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч П.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Намайг 2016 оны 12 дугаар сарын 20-д гарчихсан байх үед Анхбаяр ажил дээрээ ирэхдээ нүүр хацар нь нилэнхүйдээ хөхөрчихсөн ирэхээр нь би яасан талаар нь асуухад нөхөр зодсон гэж ярьж байсан. Тэрнээс хойш би чөлөөтэй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөө би эмнэлэг орж шинжилгээ өгөөд 11.00 цагийн үед өөрийн ажил болох 13 дугаар цэцэрлэг дээр ирээд хувцасаа солиод манаачийн өрөөнд ортол Анхбаярыг нөхөр Хишигбат нь буланд шахчихсан гараараа толгой руу нь цохиод уйлуулаад зогсож байхаар нь би арга зүйч Батцэцэгийг дуудаад эргээд ортол Анхбаярыг газар унагаачихсан толгойруу нь гараараа цохиод бие рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгтэл гаднаас манай багш Мөнхбат орж ирээд Хишигбатыг салгаад авч гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

Гэрч А.Баасаннямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Анхбаяр 2015 оны 09 дүгээр сарын 01-нд ажилд ороод удаагүй 2015 оны 09 дүгээр сарын 12, 13-ны үед байх яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Манай ажил орой 17.00 цагт тараад маргааш нь хагас сайн өдөр ажиллах болсон юм. Тэгээд Анхбаяр багш надруу 5 дахь өдрийн орой утсаар эгч нь маргааш ажилдаа очиж чадахгүй нь бие өвдөөд байна гэсэн мессеж явуулсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 14-нд хагас сайн өдөр байсан, үдээс хойш 15.00 цагийн үед Анхбаяр ажил дээрээ нүдний шил зүүчихсэн хүнд зодуулчихсан байдалтай нүүр нь нилэнхүйдээ хөхөрчихсөн баруун нүд нь хавдчихсан ирсэн. Би Анхбаяраас тэр үед хэнд зодуулсан, юу болсон талаар асуугаагүй, ямарч байсан хүнд зодуулчихсан байдалтай ирсэн. Тэрнээс хойш би Анхбаяраас нөхөртөө зодуулсан талаар нь асууж байгаагүй. Анхбаяр багш ярьдаггүй байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөө 11.00 цагийн үед Анхбаярын нөхөр Хишигбат нь ажил дээр ирээд Анхбаяр багшийг гэрийн түлхүүр аваад ир гэж хэлээд ангиас дагуулаад гарсан удаагүй цэцэрлэгийн манаачийн өрөөнд Анхбаяр багшийг зодоод байгаа бололтой Анхбаяр багш уйлаад байсан. Би ангиасаа тэр үед гараагүй. Удаагүй Анхбаяр багш ангидаа гаднаас уйлчихсан нүүр нь хөрөөд хүзүү нь халцарчихсан, дух нь хавдчихсан зүүн нүд нь хөхөрчихсөн байдалтай орж ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би Анхбаяртай 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс хойш хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг 13 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байна. Миний хувьд Анхбаяртай тийм ойр дотно байдаггүй учраас Анхбаяр нөхөр Хишигбатад урд өмнө нь хэзээ хаана яаж зодуулж байсан талаар мэдэхгүй байна. Харин нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11.00 цагийн үед байх ажил дээрээ байж байтал гадаа коридорт хүн Мөнхбатаа хурдан гараад ир энд бөөн юм болоод байна гэж дуудахаар нь гартал манаачийн өрөөнд эмэгтэй хүмүүс чи болиочээ хүн аллаа шүү дээ гээд орилоод байхаар нь манаачийн өрөөнд ортол Анхбаярын нөхөр Хишигбат Анхбаярыг газар унагаачихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Хишигбатыг араас нь тэвэрч аваад гадагшаа гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

Гэрч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний хувьд Ганзориг гадаг залууг танихгүй. Манай эхнэрийн хамаатан Анхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 25, 26-ны үед манай гэрт хүүхдээ дагуулаад нөхөр Хишигбаттайгаа асуудалтай гээд ирсэн. Тэгэхээр нь би Анхбаяраас ямар асуудал болсон талаар асуухад би нөхөр Хишигбаттай гэр бүлийн маргаантай байгаа гэж хэлсэн, өөр зүйл яриагүй. Тэгээд манай гэрт 3 хоночихоод байр түрээслэнэ гээд 2017 оны 01 дүгээр сарын 28-ны үеэр орой гэрт хэвтэж байтал гадаа машин ирээд Анхбаярыг аваад явсан. Анхбаяр явахдаа манай эхнэр Батзаяагаас хөнжил, гудас байвал өгөөч гэж хэлээд хөнжил, гудас аваад явсан. Тэрнээс хойш би Анхбаяртай дахин уулзаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Туяасайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Анхбаяр гэдэг эмэгтэй 2016 оны 08 дугаар сараас эхлэж манай нөхөр Ганзоригтой хувийн харьцаа тогтоож уулзаж, учирдаг байсан. Би нөхөр Ганзоригийг яг хэн гэдэг эмэгтэй хүнтэй яваад байгааг нь мэддэггүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 36 дугаар байрны ар талын 2 автомашины гражны гадна талд машин нь зогсож байхаар нь яваад очтол Анхбаяр гэдэг эмэгтэйтээ үнсэлцээд хэвтэж байсан. Тэгээд Анхбаяр гэдэг эмэгтэйтээ явалдаад байгааг нь мэдсэн. Тэрнээс хойш манай нөхөр Ганзориг 3 сар ажлаа хийгээгүй акт аваад Улаанбаатар хот явчихдаг. Сургийг нь сонсохоор Анхбаяртай эмнэлэгт хэвтэж байсан сураг гарсан. Мөн манай найз Баянбат гэдэг залуутай Улаанбаатар хотод Анхбаяртайгаа хамт явж байгаад таарсан байсан. Одоо манай нөхөр надаас салаад Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ 

 

Гэрч С.Наранболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний хувьд туслах багш Анхбаяртай 2015 оноос хойш хамт ажиллаж байгаа. 2017 онд хаяа нэг цагаан машинтай хүн ирээд Анхбаярыг аваад явдаг. Тэр нь такси юм уу, нөхөр нь юм уу мэддэггүй, нэг өдөр нөхөр нь гээд залуу надаас асуухаар нь би тэр зүйлийг нь хэлсэн. Тэрнээс хойш Анхбаярыг нөхөр Хишигбат нь зодож байсан талаар нь мэдэхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээр Анхбаярыг нөхөр нь ирж зодсон гэж манай ажилчид ярьж байсан. Би тэр үед байгаагүй амарч байсан гэх мэдүүлэг. /хх-ий 52-53 дугаар хуудас/

 

Яллагдагч Г.Хишигбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би эхнэр Анхбаяртай 2013 оноос хойш өөрийн эцэг Ганболдын гэрт хамт амьдарч байгаад 2014 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах 34-р байрны 203 тоотод байр авч эцэг, эхээсээ тусдаа амьдрах болсон. Анхбаяр 2015 оны 09 дүгээр сараас эхлэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 13 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлснээс хойш зан авир нь өөрчлөгдөж баяр ёслол, төрсөн өдөр, нийллэг цайллага алгасахгүй архи уудаг болсон. Энэ асуудлыг би эр нөхрийн хувьд хэлж ярьж жижиг маргаан болохоор Анхбаяр гэртээ ирж хонохгүй, гадуур хүүхдээ дагуулж худлаа ярьж айлаар хонох нэрийдлээр хүмүүстэй архидаж хонодог байсан. Анхбаярын гаргаж байсан энэ асуудал нь сүүлдээ намайг араар тавьж, өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож тухайн үед намайг хуурч байсан нь 2015 оноос хойш мэдрэгдэж сүүлдээ баригдаж, бид хоёр хоорондоо голдуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 34-р байрны 203 тоотод гэртээ хэрүүл маргаан олон удаа хийж байсан. Миний хувьд эхнэр Анхбаярыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой архи уугаад согтуу гэртээ ороод ирэхээр нь унтуулаад 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 09.00 цагт босоод ирэхэд нь Анхбаяртай архинаас болж маргалдаж байгаад Анхбаярын зүүн хацар эрүү орчим нь 1 удаа алгадаад авсан юм. Тэрнээс бол Анхбаярын биед ямар нэгэн байдлаар халдаж удаа дараа зодож цохиж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 77-79 дүгээр хуудас/  

 

Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 152 тоот “...Э.Анхбаярын биед тархи доргилт, цээжний хэнхэрцгийн зүүн талд зөөлөн эдийн няцралт, зүүн талын 6 дугаар хавирганы цуурал, зүүн хацарт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээрхи гэмтэл нь 2017 оны 01 дүгээр сарын 31-нд зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. 2013 онд өшиглүүлснээс болж гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 62 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Г.Хишигбат нь 2013 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-уулын 30-08 тоотод өөрийн эхнэр Э.Анхбаярыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний хэвлий хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тус аймаг дахь Барилга хот байгуулалт, газрын харилцааны газрын баруун талд байрлах гүүрэн дээр өөрийн эхнэр Э.Анхбаярыг ажлаасаа орой тарлаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиж, үснээс нь зулгаан газар унагааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсний улмаас Э.Анхбаярын баруун талын нүд, хацарыг тухайн үед гэмтээсэн, 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр 34-р байрны 203 тоотод өөрийн гэртээ эхнэр Э.Анхбаярыг архи уулаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиж, зүүн талын гуяа хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, хэвлийн тус газарт 2-3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр 34-р байрны 203 тоотод өөрийн гэртээ эхнэр Э.Анхбаярыг гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу гэртээ хоол хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж, улмаар уруулын дээд доод хэсгийг тухайн үед гэмтээсэн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн манаачийн өрөөнд өөрийн эхнэр Э.Анхбаяртай эр эмийн хардалтын улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, газар унагааж түүний зүүн талын хавирга болон толгойн хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Э.Анхбаярын “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 34-р байрны 203 тоот гэртээ Хишигбат намайг эрт ирж хоол ундаа хийж өгсөнгүй гэж хэрүүл хийж хацар хавдуулж, уруул дээд доод хэсэг дотор талдаа язартал 4-5 удаа цохиж зодож байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хишигбатаас салж тусдаа амьдарна гэж хэлээд гэрээсээ гараад 5 хоног хариагүй юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Амаржаргалын “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э.Анхбаяр Улаанбаатар хотод гэртээ дахиад нөхөр Хишигбатад зодуулчихсан гээд бие нь муу ирэхээр нь би эмнэлэгт үзүүлтэл хавирга нь цуурсан, зөөлөн эдийн гэмтэл ихтэй толгой нь хаван их гэсэн онош гарахаар нь Сижи-Эс хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлж эмчлүүлсэн. Э.Анхбаярыг зодсон тухайгаа хүргэн Хишигбат 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 12.00 цагийн үед надруу утсаар яриад хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Баярмаагийн “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө ажил дээрээ надад Э.Анхбаяр нөхөр Г.Хишигбат бас дахиад зодсон гээд нүүр нь хөхөрчихсөн толгой өвдөөд байна тархи хөдөлчихсөн байж магадгүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Мандухайгийн “...Э.Анхбаяр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөртөө зодуулсан гэж ирэхдээ баруун талын нүд хацар хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Гантөмөрийн “...Би хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу өөрийн хүү Г.Хишигбатын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэцэгмаагийн “...Э.Анхбаяр утсаар яриад Г.Хишигбат намайг зодчихлоо манай гэрт хүрч ирээд намайг аваадахаач гээд уйлаад байхаар нь Мандухай бид хоёр Э.Анхбаярын гэрт нь очтол Э.Анхбаяр уйлчихсан уруул нь хавдчихсан нүүр нь хавдаад хөхөрчихсөн толгойных нь зүүн хажуу талд нь овойгоод хавчихсан байсныг тухайн үед Мандухай бид хоёр Э.Анхбаярын үсийг ярж үзэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батцэцэгийн “...Анхбаяр ажил дээрээ ирэхдээ хацар, нүүр нь хөхөрчихсөн байдалтай ирэхээр нь би Анхбаяраас яагаад нүүр, хацар чинь хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад манай нөхөр Хишигбат зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Цэндсүрэнгийн “...Анхбаярыг нөхөр Хишигбат нь буланд шахчихсан гараараа толгой руу нь цохиод уйлуулаад зогсож байхаар нь би арга зүйч Батцэцэгийг дуудаад эргээд ортол Анхбаярыг газар унагаачихсан толгойруу нь гараараа цохиод бие рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Баасаннямын “...Анхбаяр багш ангидаа гаднаас уйлчихсан нүүр нь хөрөөд хүзүү нь халцарчихсан, дух нь хавдчихсан зүүн нүд нь хөхөрчихсөн байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Мөнхбатын “...манаачийн өрөөнд эмэгтэй хүмүүс чи болиочээ хүн аллаа шүү дээ гээд орилоод байхаар нь манаачийн өрөөнд ортол Анхбаярын нөхөр Хишигбат Анхбаярыг газар унагаачихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Гансүхийн “...Манай эхнэрийн хамаатан Анхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 25, 26-ны үед манай гэрт хүүхдээ дагуулаад нөхөр Хишигбаттайгаа асуудалтай гээд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Туяасайханы “...Би нөхөр Ганзоригийг яг хэн гэдэг эмэгтэй хүнтэй яваад байгааг нь мэддэггүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 36 дугаар байрны ар талын 2 автомашины гражны гадна талд машин нь зогсож байхаар нь яваад очтол Анхбаяр гэдэг эмэгтэйтээ үнсэлцээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Наранболдын “...Анхбаярыг нөхөр Хишигбат нь зодож байсан талаар нь мэдэхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээр Анхбаярыг нөхөр нь ирж зодсон гэж манай ажилчид ярьж байсан. Би тэр үед байгаагүй амарч байсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Отгонжаргалын 152 тоот “...Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, 2013 онд өшиглүүлснээс болж гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Г.Хишигбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Хишигбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Хишигбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 1 сарын хугацаагаар баривчлах ялыг 6 сарын хугацаагаар хорих ял болгон нэмэгдүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч Г.Хишигбатад баривчлах ял оногдуулж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ял хасагдсан тул Г.Хишигбатыг баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Э.Анхбаярын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангасан Гялс ангаах ухааны төвийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээний үнэ 16.100 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгийн үнэ 20.000 төгрөг, Люкс мед эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 06-нд компьютер томогарфын төлбөр 100.000 төгрөг, Амухүү ХХК-ний зүрх судасны эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгийн үнэ 10.000 төгрөг, Нест туяа ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хавирганы рентген зурагны үнэ 25.000 төгрөг, Си Жи Эй эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн үнэ 21.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн зардал 23.400 төгрөг нийт 215.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Хишигбатаас гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй, харин Улаанбаатар хотоос Архангай аймаг, Архангай аймгаас Улаанбаатар хотод зорчсон гэх 9 ширхэг тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Хишигбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Э.Анхбаярын амбулторын 6 хуудастай карт 1 ширхэг, гялс анагаах ухааны төв гэсэн 2 хуудас баримт, 1 ширхэг рентген зураг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Анхбаярт буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад-Боржигон овогт Ганболдын Хишигбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар шүүгдэгч Г.Хишигбатыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.Хишигбатад оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

4. Монгол улсын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хишигбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Г.Хишигбатаас 215.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 34 дүгээр байрны 203 тоотод оршин суух Зуутраг овогт Эрдэнэбаатарын Анхбаярт олгосугай. 

6. Шүүгдэгч Г.Хишигбат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Э.Анхбаяр нь бусад учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Э.Анхбаярын амбулаториор үйлчлүүлсэн 1 ширхэг, 6 хуудастай карт, Гялс анагаах төвийн онош шинжилгээний 2 хуудас баримт, хавирга нурууны рентген зураг 1 ширхэг зэргийг хохирогч Э.Анхбаярт буцаан олгосугай.      

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хишигбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ