Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/284

 

В.Б-эд холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Насанжаргал,

шүүгдэгч В.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр В.Б-эд холбогдох эрүүгийн 2008021721510 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             В.Б-, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 6 сарын баривчлах ялаар  шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоосон ба Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 406 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            В.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ***  тоотод Д.Б-тай “мөнгө төлөх” асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа хэсэгт шилэн аягаар болон гараараа цохиж, мөн хөл хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 60 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Д.Отгонбаяр тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...В.Б- нь Ж.Г-тай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцэс орчимд Ц.Ц-гийн “Huawei 6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1451 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолд түүнийг уг ялаа эдэлж байгаа гэж дүгнэж, ял нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч В.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Г-тай бүлэглэн үйлдсэн гэх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдоогүй байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос В.Б-ийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ***  тоотод Д.Б-тай “мөнгө төлөх” асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа хэсэгт шилэн аягаар болон гараараа цохиж, хөл хэсэгт нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “зовхи, хацар, шанаа, хүзүү, уруулд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч В.Б-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан түүнд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн /480:8=60/ уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч В.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг Ж.Г-тай бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон байх ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 2008 0170 71019 дугаартай дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоол /хх 88-97/-оор шүүгдэгч Ж.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ДШМ/1451 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасан байна.

Өөрөөр хэлбэл, дээрх шийтгэх тогтоол хүчингүй болсон байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд түүнийг “...2020/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, одоо уг ялаа эдэлж байгаа...” гэж дүгнэн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь буруу болжээ. 

Одоогоор шүүгдэгч В.Б-, Ж.Г- нарт холбогдох эрүүгийн хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй хянагдаж байгаа болох нь шүүгдэгч В.Б-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс харагдаж байна.

Шүүгдэгч В.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн буюу “дээрэмдэх”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдэд холбогдсон ба эдгээр хэргүүдэд тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Гэвч шүүгдэгч В.Б- нь одоогоор дээрх гэмт хэргийнхээ алинд нь ч ял шийтгүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарагдахгүй байна.

Иймээс шүүгдэгч В.Б-эд холбогдуулан шалгаж буй хэргүүдийг нэгтгэн, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж, дээд шатны прокурорын бичсэн “...хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай...” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч В.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын газарт хэрэг очтол хэвээр үргэлжлүүллээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4ий өдрийн 2021/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б-эд холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай “...хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай...” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Прокурорын газарт хэрэг очтол В.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН