Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2016/0298

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр                   Дугаар 221/МА2017/0298                          Улаанбаатар хот

        

Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, З.Амгалан, гуравдагч этгээд “Хийморь” ХХК-ийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ганбат, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтансүхийн Харилцааны холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “...Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын “Хийморь” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Хийморь кабель телевиз” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 1 дэх заалтаар “Хийморь кабель телевиз” ХХК-ийн 002 DTV 40 дугаартай “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг “Хийморь” ХХК-д шилжүүлсэн захиргааны актыг холбогдох хууль, журмыг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 , Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1.3, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 9 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх захиргааны үйл ажиллагаа нь “Хийморь кабель телевиз” ХХК -ийн Радио давтамжийн тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлэх үйлдэл нь бусдын хууль ёсны эрх хохирох эсэхийг шалгаагүй.

Маргаан бүхий 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захиргааны актаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигч Г.Алтансүхийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байдал хэрэгт цугларсан нотлох баримтанд анхан шатны эрх зүйн үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хийгээгүй болно. Тухайлбал, анхан шатны шүүх захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахад зайлшгүй баримталвал зохих Захиргааны ерөнхий хуульд маргаан бүхий захиргааны акт нийцсэн эсэхийг анхаараагүй болно.

Захиргааны байгууллагын захиргааны акт гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар нэгдүгээрт, хуульд үндэслэх зарчимтай байна. Маргаан бүхий эрхийн акт нь Радио долгионы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасны дагуу батлагдан Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан дээр дурдсан журмаар тогтоосон нөхцөлийг хангасан тохиолдолд радио долгион ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх захиргааны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн захиргааны акт байх байсан.

Гэтэл уг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1- 9.2.6-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн бол тухайн баримт нь захиргааны акт гаргах шаардлагыг хангасан эсэхийг анхан шатны шүүх шалгаагүй. Харин ч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Зохицуулах хорооноос шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд дээрх бичиг баримтын бүрдэл бүрэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

Шүүх зөвхөн журамд заасан баримт бичгийн бүрдэлд дүгнэлт хийснээс бус Зохицуулах хороод ирүүлсэн баримт нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэх, хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг шийдвэр гаргахдаа хэрэгжүүлээгүй.

Хоёрдугаарт, захиргааны үйл ажиллагаа нь ... ил тод, нээлттэй байх зарчим. “Хийморь кабель телевиз” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэх захиргааны үйл ажиллагаанд тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Алтансүхийг оролцуулаагүй. Энэ нь хэрэгт авагдсан “Хийморь” ХХК болон “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлээр тогтоогдоно.

Гуравдугаарт, захиргааны байгууллага зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим. Энэхүү зарчмыг Зохицуулах хороо илт хэрэгжүүлээгүй. Учир нь журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “Компанийг өөрчлөн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр” тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан. Гэтэл хүсэлт гаргагч талаас ирүүлсэн “Хийморь кабель телевиз” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар тус компанийг Компанийн тухай хуулийн 19, 20, 21, 22, 23 дугаар зүйлүүдэд заасан “компаниуд нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх” талаар хэлэлцээгүй болох нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол "Хамтран ажиллах тухай" асуудлаар гарсан.

Энэхүү тогтоол нь илт алдаатай болох нь харагдаж байгаа. Тогтоолын 1 дэх заалтанд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хэвийн явуулах үүднээс...” гэжээ. Энд журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1-д “Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ ирүүлсэн баримт бичиг нь компани өөрчлөн байгуулагдсаныг нотолж байгаа эсэх” гэсэн заалтыг шалгаж дүгнэлтийг Зохицуулах хорооны даргад танилцуулахаар байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани өөрчлөн байгуулагдсан нь нотлогдохгүй байна. Мөн тогтоолын 1 дэх заалтын “...”Хийморь” ХХК-ийн эзэмшдэг 002/DTV 40 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ болон Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн илт алдаатай байна. “Хийморь” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани биш юм. Өөрөөр хэлбэл, Зохицуулах хороо захиргааны акт гаргахдаа үндэслэл бүхий баримт бичгийн дагуу шийдвэр гаргаагүй болох нь нотлогдож байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар дүгнэхдээ “...”Хийморь” ХХК байгуулсан, “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль зөрчсөн эсэхийг шалгах эрхгүй байна” гэсэн нь илт алдаатай дүгнэлт болсон. Учир нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Хийморь” ХХК болон “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл авагдсан байгаа. Тэгэхээр “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийг “Хийморь” ХХК болгон өөрчлөх боломжгүй нь харагдана.

Дөрөвдүгээрт, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ... хангах зарчим алдагдсан. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “Хэдийгээр Д.Батчулуун гэх этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхдээ Компанийн тухай хуулийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн буюу нэхэмжлэгч Г.Алтансүхийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болох ч шүүх энэ үндэслэлүүдийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалгах боломжгүй бөгөөд энэ нь тус шүүхийн харьяаллын маргаан биш юм” гэж дүгнэжээ.

Шүүхэд нэхэмжлэгч хууль зөрчсөн баримтыг үндэслэн гарсан захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээр захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгохыг хүссэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн эрх ашиг захиргааны актын үр дагавраар зөрчигдөж байгааг мэдсэн атлаа түүний эрх ашгийг төрийн нэрийн өмнөөс хамгаалахаас татгалзсан дүгнэлт хийсэн байна.

Эндээс харахад анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь захиргааны байгууллага хууль зөрчсөн ямар ч баримтыг үндэслэн бусдын эрх ашгийг зөрчсөн захиргааны акт гаргах эрхтэй мэт ойлгогдож байна.

Эцэст нь хэлэхэд Радио долгионы тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно” гэсэн заалтаар “Хийморь кабель телевиз” ХХК-ийн радио давтамж ашиглах эрх дуусгавар болж, уг компанийг үүсгэн байгуулагч Г.Алтансүх үйл ажиллагаа явуулах боломжгүй компанитай үлдэж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Харин тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан “Хийморь” ХХК-д Г.Алтансүх хувь эзэмшдэггүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус компанийн мэдээллийн сангийн бүртгэлээр тогтоогдоно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалаар “Хийморь кабель телевиз” ХХК-ийн эзэмшлийн 002/DTV 40 дугаартай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Г.Алтансүх нь “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар надад мэдэгдээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглодог бөгөөд компани өөрчлөн байгуулагдаагүй байхад хариуцагч захиргааны байгууллага “Хийморь кабель телевиз” ХХК-ийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягталж шалгалгүй, холбогдох хууль, журмыг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн” гэх үндэслэлээр дээрх тушаалын “Хийморь” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гуравдагч этгээдүүдээс “...Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир маргаан бүхий акт мөн хүчин төгөлдөр юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хэн нэгэн өөр байр суурьтай байсны төлөө тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах боломжгүй. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан бол иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана” гэж маргажээ.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээр заасан тул компанийн хувьцаа эзэмшигч Г.Алтансүх нь Харилцаа холбооны зохицуулах хорооны А/172 дугаар актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах юм.

Маргаан бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын “Хийморь” ХХК-д холбогдох хэсэг нь дараах байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд нийцээгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно”, Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно”, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2-т “Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч болон хувь нийлүүлэгч нь Радио долгионы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Компанийн тухай хуулийн 19, 20, 21, 22, 23 дугаар зүйлийн дагуу өөрчлөн байгуулагдсан эсвэл тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч иргэн компани байгуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээ уг өөрчлөн байгуулагдсан компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн Зохицуулах хороонд ирүүлнэ”, 9.2.3-д “Компанийг өөрчлөн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр”, 9.2.4-д “Өөрчлөн байгуулагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хуульд зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох ба тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хувь нийлүүлэгч нь Компанийн тухай хуулийн 19 /компанийг нийлүүлэх/, 20 /компанийг нэгтгэх/, 21 /компанийг хуваах/, 22 /компанийг тусгаарлах/, 23 /компанийг өөрчлөх/ дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан бөгөөд тусгай зөвшөөрлөө уг өөрчлөн байгуулагдсан компанийн нэр дээр шилжүүлэх боломжтой юм.

Харин үүнээс бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглохоор зохицуулжээ. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хийморь кабель телевиз” ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, “Хийморь кабель телевиз” ХХК, “Хийморь” ХХК-иуд нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр телевизийн тоон системийн олон сувгийн өргөн нэвтрүүлгийг нийслэлийн гэр хороолол, алслагдсан цэгт хүргэх үйлчилгээнээс олох ашгийг хуваарилах, тус компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөө “Хийморь” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн “Хийморь” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ангар нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр 70 хувийн хувьцаагаа Д.Батчулуунд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгаарлагдах замаар өөрчлөн байгуулагдсан учраас тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн” гэж тайлбарлах боловч хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Хийморь кабель телевиз” ХХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулсан гэж үзэхээргүй байна.

Учир нь, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ” гэж заасан бөгөөд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр дахин шинэ хуулийн этгээд байгуулж, түүнд зарим эрх, үүргийг шилжүүлээгүй, тус хуулийн этгээдийг өөрчлөн байгуулаагүй атлаа тусдаа, бие даасан хуулийн этгээд болох “Хийморь” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд үндэслэн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гуравдагч этгээд гаргажээ.

Гэтэл хариуцагч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, иж бүрдлийг шалган, ирүүлсэн баримт бичиг нь компани өөрчлөн байгуулагдсаныг нотолж байгаа эсэх талаарх дүгнэлт гаргах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гуравдагч этгээд “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хүсэлтээр тусгай зөвшөөрлийг “Хийморь” ХХК-д шилжүүлсэн нь дээрх хууль болон холбогдох журмыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Иймд анхан шатны шүүх “...тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт болон бичиг баримтын бүрдэл бүрэн болох нь тогтоогдож байна, Зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн хурал хууль зөрчсөн эсэхийг шалгах эрхгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 /Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 /захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох/-т тус тус зааснаар захиргааны байгууллагын захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй хууль бус байсан болох нь тогтоогдсон тохиолдолд л шаардлагатай захиргааны акт гаргах, тодорхой үйлдэл хийхийг захиргааны байгууллагад даалгахаар шийдвэрлэх боломжтой юм.

Гэтэл дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Хийморь кабель телевиз” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын “Хийморь” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг “Хийморь кабель телевиз” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН