| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530001200083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын модон эдлэл мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,
******* регистрийн дугаартай, *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Давхар энгэр” гэх газраас иргэн эзэмшлийн зүүн чих дундаасаа ганзага, баруун чих урдаасаа ганзага имтэй, 2 эвэр нь их богинохон, хар цоохор зүсмийн сүүлний үе цагаан, зоо болон цээжин хэсэг цагаан, эр шүдлэн үхрийг иргэн “өөрийн үхэр” гэж хэлж, хөөж туулгуулан өөрийн үхэртээ нийлүүлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,533,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ гэх хүний үхрийг өөрийнхөө үхэртээ андуураад нядалж хийсэн талаар мэдүүлсэн. Би өөрийнхөө гэм бурууг ухамсарлаж хийсэн хэргээ хүлээж байна. Би гэх нутгийнхаа таньдаг хүний үхрийг өөрийнхөө үхэртээ нийлсэн байсныг мэдэж байсан. Миний үхэртэй их адилхан байсан учраас би хүн амьтан анзаарахгүй, мэдэхгүй байх гэж бодоод тухайн үхрийг 2024 оны 12 дугаар сарын эхээр /12 дугаар сарын 05-ны өдөр шиг санаж байна/ Наран сумын 2 дугаар багт байх дүүгийнхээ гэрийн гадаа өөрийнхөө нэг бярууны хамт нядалж хийсэн. Аймаг руу оруулж зарах бодолтой байсан. Аймаг руу оруулж ирэхээс өмнө нь ах өөрийнхөө үхрийг таньж мэдчихээр нь би "андуурчихлаа, ёстой муу юм боллоо, та үхрийнхээ махыг манай дүүгийн хөдөө гэрийн гаднаас очоод аваарай, мах нь хучаатай бөөндөө байгаа" гэж хэлсэн. Би тухайн үхрийг зүүн чихэнд байх ганзага имийг нь анх хараад миний өөрийн үхэр биш гэдгээ мэдэж байсан” гэх мэдүүлэг (хэргийн 81-82 дугаар хуудас),
хохирогч “ 2024 оны 12 дугаар сарын эхээр Наран сумын 2 дугаар багийн нутаг Давхар энгэр гэх газар байсан миний мухар хар цоохор, зүүн чих дундаасаа ганзага, баруун чих урдаасаа ганзага имтэй, шүдлэн эр үхэр алга болсон. Би алдсан үхрээ хайгаад явж байхад миний үхрийг ******* хийсэн гэдгийг манай сумын залуу болох гэх залуу надад хэлсэн юм. *******ын гэрт очиход байгаагүй. Дараа нь над руу залгаад “ахаа би таны үхрийг андуураад хийсэн байна, дүүгээ уучлаарай, таны үхрийн мах манай гэрийн гадаа гялгар цаасаар хучаад орхичихсон байгаа, та махаа аваарай” гээд надтай утсаар ярьсан. Би хэд хоногоос өөрийн үхрийн махаа очиж авахад *******ын гэрийн гадаа миний алдсан үхрийн толгой чихгүй болчихсон байсан. Чихийг нь хайсан боловч олдоогүй болохоор яваад өгсөн юм. ******* нь миний хохирлыг барагдуулсан, надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг ( хэргийн 26-27,30, 33-34 дүгээр хуудас),
гэрч ын “ Тухайн үхрийг би хэний үхэр байсныг эхлээд сайн мэдээгүй байсан. Манай сумын гэх айлын үхэрт яг тийм зүсмийн зүүн чих дундаасаа ганзага, баруун чих урдаасаа ганзага имтэй үхэр байсныг манай сумын залуу болох ******* гэх залуу “ ахаа наад үхэр чинь миний үхэр юмаа та үхэрт явахдаа таарвал хөөгөөд ирээрэй” гээд надад захихаар нь би 2024 оны 12 дугаар сарын эхээр үхэрт явж байгаад таарахаар нь хөөгөөд аваачиж өгсөн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ах тухайн үхрийг хайгаад явж байгаад надтай таарсан юм. Би тухайн үхрийг чинь манай сумын залуу ******* миний үхэр гээд хийчихсэн байх. Намайг тухайн үхэр таарвал хөөгөөд ирээрэй гэхээр нь би хөөгөөд аваачиж өгсөн гэж хэлсэн. Би ахын үхэр гэдгийг нь мэдээд *******ын гэрт очиж үзэхэд тухайн үхрийн толгой гэрийнх нь гадаа байсан. Тэгээд тухайн үхрийн толгойны 2 чихийг нь тастаад гэрийнхээ орны доор хийчихсэн байсныг нь би харсан юм. Манай сумын гэх залуутай хамтарч хийсэн юм байна лээ. Хийснийхээ дараа миний бодлоор баригдахгүй гэж бодоод чихийг нь тайрсан юм болов уу гэж бодсон ” гэх мэдүүлэг ( хэргийн 41-42 дугаар хуудас),
гэрч ын “ 2024 оны 12 дугаар сарын эхээр ******* эхнэр бид хоёртой ирж уулзаад “ах эгч хоёроор хөдөө гэртээ очиж үхэр хийлгэх гэсэн юм хийгээд өгөөч” гээд гуйж ирсэн. Манай хамаатны дүү болохоор нь эхнэр бид хоёр явахаар болоод *******ын гэр байдаг “Талын модон” гэх газар очсон. ******* “үхэртээ явчхаад ирье” гэж яваад үдээс хойш хар зүсмийн шүдлэн үхэр хөөж ирээд надаар хийлгүүлсэн, манай эхнэр гэдсийг нь арилгаж өгсөн. *******ын надаар хийлгүүлдэг үхэр бол зоо болон цээжин хэсэг нь цагаан, 2 эвэр нь их богинохон хар цоохор зүсмийн шүдлэн эр үхэр байсан. Им нь зүүн чих дундаасаа ганзага, баруун чих урдаасаа ганзага имтэй үхэр байсан. Дараа нь сонсоход ахын үхэр байсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг ( хэргийн 45-46 дугаар хуудас),
гэрч “2024 оны 12 дугаар сарын эхээр сумын төв дээр байхад ******* ирээд “ах эгч хоёр хөдөө үхэр хийх гэж байгаа юм хамжаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь манай нөхөр , бид хоёр хамжиж өгөхөөр хөдөө явсан юм. ******* нэг хар цоохор үхэр хөөж ирээд, бид хэд хамжиж хийж өгчхөөд явсан юм. *******ын хөөж ирж хийдэг үхрийн им, тамгыг бол сайн анзаараагүй. Ямар ч байсан хар цоохор зүсмийн шүдлэн эр үхэр байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 49-50 дугаар хуудас),
гэрч “ ******* нь надтай 2024 оны намар хавьцаа нэгээс, хоёр тооны үхэр алдсан талаар утсаар ярьж мэдэгдэж байсан. Сар өдрүүдийг нь санахгүй байна. Тухайн үхрийн им зүсийг бол санахгүй байна. Би тухайн үед бүртгэж авч байсан тухайн тэмдэглэлээ олохгүй байгаа юм” гэх мэдүүлэг ( хэргийн 53 дугаар хуудас),
гэрч ын “ ахынх Наран сумын 2 дугаар багийн нутаг Бэрхийн гуу гэх газар нутагладаг юм. 2024 оны намар манай үхэрт ахын хар цоохор зүсмийн шүдлэн үхэр байж байгаад оны сүүлээр алга болсон байсан.. Сүүлний үе цагаан, зоо болон цээжин хэсэг нь цагаан, 2 эвэр нь их богинохон хар цоохор зүсмийн эр үхэр байсан, зүүн чих дундаасаа ганзага, баруун чих урдаасаа ганзага имтэй үхэр байсан. ах тухайн үед өөрийнхөө үхрийг хайгаад явж байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 38 дугаар хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Болор Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2502044 дугаартай “2024 оны 12 дугаар сарын байдлаар шүдлэн эр үхрийн зах зээлийн үнэ 1,533,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ( хэргийн 57-61дүгээр хуудас),
“ Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /нэг ширхэг хар зүсмийн үхрийн толгой, тухайн хар зүсмийн үхрийн толгойноос тасдаж авсан 2 ширхэг чих/ ( хэргийн 6 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хэргийн 7-9 дүгээр хуудас)
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025.02.17-ны өдрийн 2/93 дугаартай тодорхойлолт ( хэргийн 88 дугаар хуудас),
*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа ( хэргийн 89-94 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 99-102 дугаар хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хэргийн 104-106 дугаар хуудас),
*******ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт ( хэргийн 118 дугаар хуудас)
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.04.14-ний өдрийн 14 дугаартай тогтоол ( хэргийн 111-113 дугаар хуудас),
2025.04.14-ний өдрийн 14 дугаартай Прокурорын санал (хавтаст хэргийн 123-124-р хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь тухайн үхрийг бусдын мал болохыг мэдсээр байж “өөрийн үхэр” гэж иргэн аар бэлчээрээс нь хөөлгүүлэн өөрийн үхэртээ нийлүүлж, нядлан гэмт хэргийг төгс үйлджээ.
5. Шүүгдэгч *******ын мал хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
6. Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын малыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний үхрийг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч т 1,533,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Болор Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2502044 дугаартай “ 2024 оны 12 дугаар сарын байдлаар шүдлэн эр үхрийн зах зээлийн үнэ 1,533,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч т учруулсан 1,533,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид 1 тооны үхрийн махыг буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хохирогч “******* миний хохирлыг барагдуулсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ” гэх мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд мөрдөн шалгах ажиллагаанд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар аргаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч т учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН