| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Г.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овгийн Г-ийн Б-д холбогдох 2528000480043 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр төв цэцэрлэгт хүрээлэнд иргэн Д.М-тэй хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн “Huawei Nova 90” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн “Ц” супермаркетын цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4800 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгөд 554,600 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Худалдааны төв”-ийн авто зогсоол дээр байрлуулсан “Hondo Fit” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Л.Мө-ын эзэмшлийн 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Ц.. дэлгүүр рүү ороод компьютерийг унагаад хагалсан. Арагшаа унахдаа архи хагалсан. Гарахдаа тамхи аваад гарсан. Төвд явж байгаад машины арын хаалга онгойж байхаар нь ороод 500,000 төгрөг байхаар нь авсан. Сааданд ууж байгаад хүн дуудсан. Тэр хүнээс утсыг нь аваад ярьсан. Эргүүлж өгөөд дахин аваад тэр чигтээ явчихсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08:30 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байх Ц дугаар супермаркетаа нээх гээд очиход гадна талын цонх хагарч хажууд нь байх хаалга нээлттэй байсан. Тэгээд супермаркет дотроо орж үзэхэд касс дээр байсан зүйлийг эмх замбараагүй болгоод компьютерийг газар унагаагаад, түүний хажууд байсан архинуудыг хагалж, бас цонхон доор байсан паар задарчихсан ус нь гоожчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас ирээд үзлэг хийгээд явсны дараа нь дэлгүүрт учирсан хохирлоо гаргахаар тооцоо хийхэд Шар Чингис 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, Цагаан гоёоны 0.5 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хагалчихсан, компьютер газарт унагаагаад эвдэлчихсэн, парламент тамхи бүдүүн нь 1 хайрцаг алга болчихсон, цонхны доор байсан паар задарчихсан, вакум цонх хагарчихсан байсан. Манай дэлгүүрт ингээд нийт 2,222,600 төгрөгийн хохирол учирсан байна. Би эвдүүлж гэмтээгдсэн эд зүйл болон бүдүүн парламент 1 хайрцаг тамхиа авмаар байна.” (хавтаст хэргийн 28 дахь тал)
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 23:00 цагийн үед Даланзадгад сумын төвийн саадны саравч доор нь архи ууж байгаад 22-ны өдрөөс 23-ны өдрийг шилжих 00:00 цаг өнгөрөөгөөд хамт архи уусан хоёр хүнээсээ салсан. Би тухайн хүмүүсийг харвал танина. Нэр болон хаана амьдардгийг мэдэхгүй. Тэгээд би сааднаасаа урагш худалдааны төв хэсэг рүү ороод архичид бөөгнөрч архи уудаг тойрог дээр суусан. Тэгээд би бэлэн мөнгө болон архитай болох гэж Ц супермаркетын цонхыг чулуугаар хагалж, лангууг нь түлхээд дотогш орсон. Тэгээд би дотогш ороод касс хэсэг дээр нь очоод бэлэн мөнгөний хайрцаг байхаар нь нээж үзэх гэтэл нээж чадаагүй. Тэгтэл би гэнэт татаж унаад юу болсныг мэдэхгүй. Гэнэт сэргэхэд шалан дээр нь хэвтэж байсан. Намайг хажуу тийш харахад хэдэн шил архи лангуунаасаа доош унаад хагарчихсан байсан. Тухайн үедээ би татаж унаад арагш унахдаа унагаагаад хагалчихсан юм байна гэж бодсон. Би гэртээ харих гээд уг дэлгүүрээс бүдүүн Parlament тамхийг аваад төмөр хаалгыг нь дотроос нь нээгээд гараад явчихсан. Өөр ямар нэг болсон зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 30 дахь тал)
“Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ӨмЦ-25-09 дугаартай дүгнэлтэд: “Хар чингис архи 0,75 литр, 1 ширхэг, нэгжийн үнэ 35,000 төгрөг, үнэ цэн 35,000 төгрөг, Цагаан гоёоны архи 0,5 литр, 2 ширхэг, нэгжийн үнэ 29,000 төгрөг, үнэ цэн 58,000 төгрөг, Dell загварын компьютерийн дэлгэц, 1 ширхэг, нэгжийн үнэ 80,000 төгрөг, үнэ цэн 80,000 төгрөг, Парламент бүдүүн тамхи, 1 ширхэг, нэгжийн үнэ 4800 төгрөг, үнэ цэн 4800 төгрөг, халаалтын хуучин паар, 1 ширхэг, нэгжийн үнэ 165,600 төгрөг, үнэ цэн 165,600 төгрөг, 120*150 хэмжээний цонхны шил /вакум цонх/, 1,8, нэгжийн үнэ 120,000 төгрөг, үнэ цэн 216,000 төгрөг, нийт дүн: 559,400 төгрөг” (хавтаст хэргийн 39-42 дахь тал)
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Б нь тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, Шинж тэмдгийн архисах эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Б-ы тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь 8 сартайд менингит өвчнөөр өвдөж шинж тэмдгийн уналт таталтаар өвчин эхэлсэн байх боломжтой байна. Г.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” (хавтаст хэргийн 51-55, 160-164 дэх тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15, 64, 126 дугаар тал)
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 65-67 дахь тал)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ” Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас аймгийн төв рүү орж ирээд 11 дүгээр цэцэрлэгийн хойд талын зогсоолд өөрийн эзэмшлийн “Hondo Fit” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ үлдээгээд эхнэрийн хамт худалдааны төв ороод 16 цагийн үед машин дээрээ ирэхэд машинд байсан бор өнгийн түрийвчинд байсан 500,000 төгрөг хулгайд алдагдсан. Би яг хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. Миний бор өнгийн түрийвч хар өнгийн куртикний халаасанд машины урд жолоочийн суудал дээр байсан юм. Би машинаасаа буухдаа машины цоожлоод явсан... Миний түрийвчинд ямар ч байсан боодолтой 500,000 төгрөг байсан, түрийвчинд 85,000 төгрөг үлдсэн байсан. Би тухайн хулгай хийсэн хүнийг олж хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна.” (хавтаст хэргийн 73 дахь тал)
Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад хүү Б-ын гэрээс гараад Даланзадгад сумын төвд байх худалдааны төв орсон. Тэгээд худалдааны төвөөс гар утсандаа батериа аваад куртикний цахилгааныг янзлуулах гээд явж байсан чинь нэг хар өнгийн малгайтай хар өнгийн куртиктэй залуу дуудсан. Би яваад очиход уг залуу бас нэг хүнтэй архи уугаад сууж байсан. Тухайн хоёр хүн надтай юм яриад байж байсан. Бид нар юм ярьж байхад уг хар өнгийн куртик малгайтай залуу биедээ боодолтой дан 5 мянган төгрөгийн дэвсгэр бүхий мөнгөтэй байсан бөгөөд уг мөнгөнөөсөө архи авсан бололтой байсан. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн бөгөөд уг хүний халаасанд байсан боодолтой мөнгө нь хулгайн мөнгө болох нь мэдэгдсэн.” (хавтаст хэргийн 76 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн гэрээсээ гараад аймгийн холбооны урд талд байх төв сааданд алхаж байгаад Б гэх хүнтэй таарсан. Тэгээд нэг шил архи хувааж уугаад байж байсан чинь Г, Ба гэх хоёр хүрээд ирсэн. Нийлээд нэг шил архи хувааж уугаад тарсан. Тэгээд миний утас алга болчихсон байсан. Миний гар утас “Huawei Y90” загварын гар утас байсан. Тухайн үед миний халаасанд байсан юм. Би миний гар утсыг Б авсан байх гэж бодож байна яг миний утас байсан талд хажууд суугаад байсан нөгөө хоёр нь надтай ойртоогүй. Б гэх хүнтэй нэг байранд хамт амьдардаг байсан юм. Бие муутай учир архи уухаараа татаад унчихдаг заримдаа би гэрт нь оруулж өгдөг байсан сайн танина өмнө нь бас хулгай хийгээд цагдаагийн газар шалгагдаж байсан. Нөгөө Ба гэх хүнтэй хамт ажиллаж байсан Га-ыг танихгүй. Би гар утсаа авчихвал гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 133 дахь тал)
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр Д.М гэрээсээ дэлгүүр ороод салхинд алхана гээд гараад явсан. Тэгээд манай нөхөр тухайн өдрийн 17-18 цагийн хооронд гар утсаа алга болгочихлоо гээд гэртээ хүрээд ирсэн. Манай нөхөр би аймгийн төвийн төв сааданд Ба, Г, Б гэх хүмүүстэй хамт архи хувааж ууж байгаад гар утсаа алга болгосон гэж хэлж байсан. Манай нөхөр тухайн өдөр нэлээн согтуу ирсэн байсан. Манай нөхөр гар утсаа хайж байгаад 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өвчтэй хүн харах гээд Баянхонгор аймгийн төв рүү явсан байгаа 06 дугаар сарын 09, 10-ны үед аймагт ирэх байх.” (хавтаст хэргийн 136 дахь тал)
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын төв ... худалдааны төвийн ур талд найз Ш, Ма нарын хамт сууж байхад 30 гаран насны хөл нь доголон, гар нь татчихсан юм шиг сонин болчихсон бага зэрэг архи үнэртүүлсэн ах ирээд гар утас худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад харсан чинь “Huawei nova y90” загварын гар утас байсан. Тэр ах уйлаад ах нь аавдаа хутгалуулсан ах нь гэртээ харих гэсэн замын зардалгүй болчихлоо ах нь наад гар утсыг чинь аваад сар ч болоогүй байгаа чи 150,000 төгрөгөөр авчих гээд байсан. Тухайн үед би гар утасгүй байсан болохоор худалдаж авахаар болоод 150,000 төгрөг бэлнээр өгөөд яваад өгсөн. Өөр зүйл болоогүй... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 139-140 дахь тал)
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Huawey nova Y90 загварын гар утас, 1 ширхэг, үнэ 700,000 төгрөг.” (хавтаст хэргийн 152-155 дахь тал)
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 185 дахь тал)
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 187-189 дэх тал)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 190 дэх тал)
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 191-195 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас хууль ёсны төлөөлөгч Э буюу “Ө” ХХК-д 4800 төгрөгийн бодит хохирол, 554,600 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Мөод 500,000 төгрөг, Д.М-д 700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Мөрдөн байцаалтын шатанд Мөод учруулсан хохирлоос 400,000 төгрөгийг бэлнээр, М-ийн гар утсыг биет байдлаар тус тус хүлээлгэн өгсөн. Одоо шүүгдэгч Г.Б нь “Ө” болон хууль ёсны төлөөлөгч Э-ын 554,600 төгрөгийн хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Мө-ын 100,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс дахин ийм зүйл хийхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Б нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр төв цэцэрлэгт хүрээлэнд иргэн Д.М-тэй хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн “Huawei Nova 90” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн “Ц” супермаркетын цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4800 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгөд 554,600 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Худалдааны төв”-ийн авто зогсоол дээр байрлуулсан “Hondo Fit” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Л.Мө-ын эзэмшлийн 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ӨмЦ-25-09 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дахь тал), шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-55, 160-164 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15, 64, 126 дугаар тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 65-67 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мө-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), гэрч У.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мийн мэдүүлэг (хавтаст хэргийн 133 дахь тал), гэрч Т.Хгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дахь тал), гэрч Б.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дахь тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1388 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 152-155 дахь тал), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 185 дахь тал), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 187-189 дэх тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 190 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 191-195 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Г.Б-ы бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр төв цэцэрлэгт хүрээлэнд иргэн Д.М-тэй хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн “Huawei Nova 90” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн “Ц” супермаркетын цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4800 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгөд 554,600 төгрөгийн хохирол,
мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Худалдааны төв”-ийн авто зогсоол дээр байрлуулсан “Hondo Fit” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Л.Мө-ын эзэмшлийн 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн “Ц” супермаркетын цонхыг хаглан орж эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг болон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би эвдүүлж гэмтээгдсэн эд зүйл болон бүдүүн парламент 1 хайрцаг тамхиа авмаар байна.” (хавтаст хэргийн 28 дахь тал) гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч Г.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөд 559,400 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ӨмЦ-25-09 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний түрийвчинд ямар ч байсан боодолтой 500,000 төгрөг байсан, түрийвчинд 85,000 төгрөг үлдсэн байсан. Би тухайн хулгай хийсэн хүнийг олж хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна.” (хавтаст хэргийн 73 дахь тал) гэж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Б-ы зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мө-од 400,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 68 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б-аас 559,400 төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарт, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мө-од тус тус олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-ийн эд хөрөнгөд 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1388 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 152-155 дахь тал)-ээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-д 700,000 төгрөгийн үнэ бүхий “Huawey nova Y90” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 190 дэх тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-д төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэд: “Г.Б нь Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, Шинж тэмдгийн архисах эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Б-ы Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь 8 сартайд менингит өвчнөөр өвдөж шинж тэмдгийн уналт таталтаар өвчин эхэлсэн байх боломжтой байна. Г.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” (хавтаст хэргийн 51-55 дахь тал) гэснээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овгийн Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-д 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн үнэ бүхий “Huawey nova Y90” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мө-од 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-аас 559,400 (таван зуун тавин есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарт, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мөод тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д шүүх хуралдааны танхимаас авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ