| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/120 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ******* сумын 4 дүгээр багийн Баясгалант байшинт 5 дугаар гудамж байшинтай байр 2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, ******* регистрийн дугаартай,
*******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их наран” дэлгүүрээс ******* сумын 4 дүгээр баг Дэнжийн байрны 1604 тоот хүртэлх зайд “Toyota Aqua” маркийн 04-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,84 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүү минь хүргэж өгөөч гээд гуйсан болохоор машин барьсан. Би ар гэртээ ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодож ажлаа амжуулдаг. Би тэтгэвэрт байдаг. 700,000 төгрөг авдаг. Би ******* сумандаа оршин суудаг. Хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй. Би хөдөө гэртээ ганцаараа байгаа, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэв.
Эрүүгийн 2530000000077 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд ******* сумаас урагш 18 километрт байдаг шавь гэрт нь очихдоо өөрийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн 04-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. гэрт нь очиход надад “Хараа” нэртэй 0.5 литрийн архи гаргаж өгсөн. тухайн архийг хамт хувааж уугаад 14 цагийн үед архи авч өгөхөөр сумын төв рүү орж ирсэн. “Их наран” дэлгүүрээс ад архи авч өгчхөөд тоотод байх найзынх руугаа явж байгаад гэрийнх нь үүдэнд сумын цагдаа нарт баригдсан. Цагдаагийн хэсэг дээр ирж согтуурал шалгадаг багажаар үлээлгэхэд миний согтолт 2.84 хувьтай гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодож “B, C” ангилалтай байсан. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан...гэх мэдүүлэг ( хэргийн 30-31дүгээр хуудас),
- Гэрч : 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед олон нийтийн цагдаа хамт албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнт оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллахдаа сумын байрны гэр хороолол дунд улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг шалгахад иргэн нь жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ба тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, Цагдаагийн тасгийн мэдүүлэг авах өрөөнд согтуурал хэмжих драгерь багажаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 24 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.84 хувь гарч байсан. ******* нь ганцаараа замын хөдөлгөөнд оролцсон. Т. гэх айлд архи уусан гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 16-17 дугаар хуудас),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хэргийн 03 дугаар хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хэргийн 04-05 дугаар хуудас),
- Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн 08 дугаар хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-13 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/852 дугаартай шийтгэврийн хуулбар ( хэргийн 36-39 дүгээр хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 33 дугаар хуудас),
- *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа ( хэргийн 42-44 дүгээр хуудас) зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их наран” дэлгүүрээс байрны 1604 тоот хүртэлх зайд Тояота Аква загварын 04-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 2,84 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд ******* сумаас урагш 18 километрт байдаг шавь гэрт өөрийн “Toyota Aqua” маркийн 04-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон очсон. надад “Хараа” нэртэй 0.5 литрийн архи гаргаж өгсийг хамт хувааж уусан. 14 цагийн үед архи авч өгөхөөр сумын төв рүү ирсэн. “Их наран” дэлгүүрээс ад архи авч өгчхөөд айл руу тоотод байх найзынх руугаа явж байгаад гэрийнх нь үүдэнд сумын цагдаа нарт баригдсан. Миний согтолт 2.84 хувьтай гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан” гэх,
гэрч “ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед олон нийтийн цагдаа хамт багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллах үедээ сумын байрны гэр хороолол дунд улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад тус сумын 4 дүгээр багийн иргэн нь жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан. Цагдаагийн тасгийн мэдүүлэг авах өрөөнд согтуурал хэмжих драгерь багажаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 24 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.84 хувь гарч байсан.******* нь Т. гэх айлд архи уусан гэж надад хэлж байсан” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/852 дугаартай шийтгэврийн хуулбар,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2025.02.26-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/852 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр,
тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 2,84 промиль байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт заасан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 002239 дугаарын гэрчилгээтэй Alcotest-6820 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багт Тояота Аква загварын 04-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 2,84 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч Ж.Зоригтбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг учраагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад шууд, бодит хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний нас, хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 29 секундын бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 29 секундийн бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН